Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 01280

 

       Б.Г, Б.А нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00181 дүгээр шийдвэртэй, Б.Г, Б.А нарын нэхэмжлэлтэй, О.Б-д холбогдох

Хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Г 1994 онд О.Б-тэй гэр бүл болж, 1995 онд охин Б.А төрсөн. 1994 оноос О.Г, О.Б нар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 10 дугаар гудамжны 50 тоотод гэр барьж, 1996-1997 онд энэ газар дээрээ 4х5 хэмжээтэй байшин барьж амьдарсан. 2008 оны 08 дугаар сараас О.Бат-Өлзий хашаа, байшиндаа үлдэж, охин Б.А, Б.Г нар тусдаа амьдрах болсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2004 оны 197 дугаар захирамжаар хамтран өмчлөх дундын өмчийн дээрх газраа хувьчилж авсан бөгөөд 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 254 дүгээр захирамжаар дээрх 547 м.кв газраас охин Б.А, Б.Г нарт мэдэгдэлгүй, гэрээ хэлцэл хийгээгүй байхад тэр үед Засаг дарга байсан Т.Б, газрын албаны дарга Ц.С нар Газрын тухай болон Газар өмчлүүлэх тухай, Иргэний хуулийг зөрчиж Б.А, Б.Г нарын нэрийг хувьчлах захирамжаас хасч хураан авч ганцхан О.Б-гийн нэр дээр гэрчилгээ олгосныг 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрээр тогтоож, 547 м.кв газар О.Б, Б.Г, Б.А нарын хамтран өмчлөх дундын өмч гэж шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч О.Б нь захиран зарцуулах боломжгүй болгосоор байна. Ийнхүү шүүх шийдвэрлэж чадахгүй удаж байгаа нь О.Б-гийн буруутай үйл ажиллагаанаас болж байгаа юм. Иймд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 10 гудамжны 50 тоот хаягт байршилтай, 547 м.кв газрын ертөнцийн зүгээр хойд талаас 364.7 м.кв газрыг салгаж, охин Б.А, эх Б.Г нарт олгож, өмчлүүлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн, 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 10 гудамж, 50 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18644313041159 дугаарт бүртгэлтэй 547 м.кв талбай бүхий газрыг 364.7 м.кв болон 182.3 м.кв-аар хувааж, ертөнцийн зүгээр хойд талаас нь 364.7 м.кв газар буюу 1/.X5313155.670 Y644028.840 Өндөр 1311.980 Урт 16.23 цэгүүд 1-2, 2/.X5313171.860 Y644027.670 Өндөр 1312.306 Урт 16.23 цэгүүд 2-3, 3/.X5313173.290 Y644049.508 Өндөр 1312.357 Урт 4.55 цэгүүд 3-4, 4/.X5313168.865 Y644050.549 Өндөр 1312.152 Урт 11.16 цэгүүд 4-5, 5/.X5313157.887 Y644052.529 Өндөр 1311.842 Урт 23.79 цэгүүд 5-1 координат бүхий газрыг хариуцагч О.Б-гөөс гаргуулан нэхэмжлэгч Б.Г, Б.А нарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Б-гөөс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г, Б.А нарт буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэнии хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/01538 дугаар шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 381 дүгээр магадлалаар хүчингүй болгосон буюу Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/00515 дугаар тогтоолоор 381 дүгээр магадлалыг хэвээр үлдээсэн байна. Нэхэмжлэгч нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэсэнд гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн маргаж буй газарт хариуцагч О.Б 1993 оноос одоог хүртэл ээж, дүү нарын хамт амьдарч байна. Сүхбаатар дүүргийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1996 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаар шийдвэрээр 400 ам.метр буюу 0.04 га газрыг Сүхбаатарын районы 11 дүгээр хороонд амины орон сууцанд зориулж газар эзэмших 96763 тоот эрхийн үнэмлэхээр О.Б-д уг газрыг олгосон байна. О.Б нь гэр бул болохоос өмнө ээж, аавынхаа эзэмшиж байсан газрыг дундуур нь хуваан авч, эзэмшиж байсан. Б.Г, Б.А нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг авна гэж маргаж байгааг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Г.О би хүү О.Б-гийн нэрийн өмнөөс хууль бусаар бичиг баримт бүрдүүлэн хүү О.Б-гийн газар эзэмших гэрчилгээн дээр түүний эхнэр Б.Г, ач охин Б.А нарын нэрийг нэмж бичилт хийлгэсэн /2004.04.30-нд/. Манай бэр Б.Г, нөхрөө гадаадад ажиллахаар явсны дараа тусдаа амьдарч байсан. Үүний дараа Б.Г эргэн ирээгүй учраас 5 жилийн дараа газрын гэрчилгээнд нэмж бүртгүүлсэн бүртгэлээс Б.Г, Б.А нарын нэрийг хасуулж, хүү О.Б-гийн нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг гарган авсан болно. Нэхэмжлэгчийн маргаж буй газар нь 1993 онд Г.О-д барилга засварын нэгдсэн трестээс олгосон газар учраас нэхэмжлэгч Б.Г, Б.А нарт олгогдох газар биш. Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албан тоотыг шинжээчийн дүгнэлт гэх үндэслэлгүй гэж үзэж байна.

"Ш" ХХК-ийн үйлдсэн тус кададстрын зургийг хэний хүсэлтээр хэзээ хийсэн тухай баримт байхгүй, шинжээчийн эх сурвалж нь тодорхой бус мөн нэхэмжлэгч нарын өөрсдийн өмчлөлд шилжүүлэхийг хүссэн газарт хариуцагч болон гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө болох байшин байгаа талаар хариуцагч, гуравдагч этгээд маргаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Г, Б.А нар нь хариуцагч О.Б-д холбогдуулан хамтран өмчлөх дундын үл хөдлөх хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 563,66 м.кв газрын хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Г, Б.А нарыг бүртгэж 547 м.кв талбайтай газрыг О.Б-д өмчлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд О.Б, Б.Г нарын гэрлэлтийг цуцалж, Б.А-ыг эх Б.Г-гийн асрамжид үлдээж, дээрх 547 м.кв газар нь гэр бүлийн гишүүн Б.Г, Б.А нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоосон болох нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2065 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 209 дүгээр магадлал, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 197 дугаар, 2008 оны 254 дүгээр захирамжууд, 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн О.Б-гийн өмчилж байгаа газрын кадастрын зургаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. /хх-11-13, 18-21/

Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 10 дугаар гудамж, 50 тоот хаягт байршилтай 547 м.кв газрыг гэр бүлийн гишүүдэд болох нэхэмжлэгч Б.Г, Б.А нарт ногдох хэсэг болох 364.7 м.кв талбай буюу 182.3 м.кв-аар хувааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг дуудан ирүүлэх ажиллагаа хийсэн боловч шүүхийн дуудсан цагт хариуцагч О.Б ирээгүй тул түүнийг албадан ирүүлэх ажиллагааг хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэргийг шийдвэрлэх боломжгүй байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгасан байна.

Хариуцагч О.Б-д 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч улмаар Тахарын ерөнхий газрын шүүхэд өгсөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүнсэлбэ 10-50 тоот хаягаар шүүх хуралдааны товыг хүргүүлсэн байна. Иймд шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, нотлох баримтыг хүлээж аваагүй гэж үзэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тайлбар гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс шүүх хуралдааны товыг лавлаж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байхад анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасны дагуу Ж.Д-т нэхэмжлэгчийн эдэлбэл зохих бүрэн эрхийг олгосныг /хх-10/ өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

                                                                                                           Д.БАЙГАЛМАА