Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/00181

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 18 өдөр

         Дугаар 181/ШШ2018/00181

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

   Нэхэмжлэгч:, Х овогт Б Г /рд: /, Б овогт Бн А /рд: / нарын нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч:, Б овогт О Б /рд:ХН73072375/-д холбогдох,

 

   Хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Г нь 1994 онд О.Бтэй гэр бүл болж 1995 онд охин Б.А төрсөн. 1994 оноос О.Г, О.Б нар гэр барьж Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Зүүн сэлбэ 10 гудамж, 50 тоотод амьдарч байгаад 1996-1997 онд энэ газар дээрээ 4 х 5 хэмжээтэй байшин барьж амьдарч байгаад 2008 оны 08 сараас О.Б байшиндаа үлдэж охин Б.А, Б.Г нар тусдаа амьдрах болсон.

2004 оны 197 дугаар захирамжаар хамтран өмчлөх дундын өмчийн дээрх газраа хувьчилж авсан.

Гэтэл 2008 оны 05 сарын 27-ны өдрийн 254 дүгээр захирамжаар дээрх 547 м.кв газраас охин Б.А, Б.Г нарт мэдэгдэлгүй, гэрээ хэлцэл хийгээгүй байхад тэр үед Засаг дарга байсан Т.Билэгт, Газрын албаны дарга Ц.Сандуй нар Газрын тухай, Газар өмчлүүлэх тухай, Иргэний хуулийг зөрчиж Б.А, Б.Г нарын нэрийг хувьчлах захирамжаас шууд хасч хураан авч ганцхан О.Бн нэр дээр гэрчилгээ олгосон байсныг 2012 оны 12 сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрээр шалган тогтоож, энэхүү 547 м.кв газар бол О.Б, Б.Г, Б.А нарын хамтран өмчлөх дундын өмч мөн гэж шийдвэрлэсэн.

Энэхүү шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч О.Б нь гэрээ хэлцэл хийхгүй, оногдох газрыг өгөхгүй, амьдрах, захиран зарцуулах боломжгүй болгосоор өнөөдрийг хүрлээ.

Улсын бүртгэлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Газрын албаар явж газраа хуваалгаж авах гэхээр нэмэлт шүүхийн шийдвэр гаргуулж ир гээд газрыг хувааж, хувиарлан өгөхгүй байсаар 2013 оны 7 сараас иргэний болон захиргааны шүүхээр тасралтгүй явж нэхэмжилж ирлээ.

Ийнхүү шүүх шийдвэрлэж чадахгүй удаж байгаа нь О.Бгийн буруутай үйл ажиллагаанаас болж байгаа юм.

Иймд Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Зүүн сэлбэ 10 гудамж, 50 тоот хаягт байршилтай 547 м.кв газрын ертөнцийн зүгээр хойд талаас 364.7 м.кв газрыг салгаж охин Б.А, эх Б.Г нарт олгож, өмчлүүлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г, Б.А нар хариуцагч О.Бд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Зүүн сэлбэ 10 гудамж, 50 тоот хаягт байршилтай 547 м.кв газраас өөрт ногдох хэсэг 364.7 м.кв газрыг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагчийг шүүхэд албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг 2017 оны 12 сарын 13-ны өдөр гардуулсан боловч О.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно.

 

Шүүх дараах үндэслэлээр Б.Г, Б.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газар /хуучнаар/-ын 2012 оны 11 сарын 02-ны өдрийн 5/9698 тоот болон 2013 оны 06 сарын 25-ны өдрийн 1/1287 тоот албан бичгүүд зэргээс үзэхэд Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Зүүн сэлбэ 10 гудамжны 50 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр О.Б бүртгэлтэй бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-наас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн болох нь тогтоогдож байна.  

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 сарын 11-ний өдрийн 2065 дугаар шийдвэрээр О.Б, Б.Г нарын гэрлэлтийг цуцалж, Б.Аыг эх Б.Гийн асрамжид үлдээж, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Зүүн сэлбэ 10 гудамж, 50 тоот хаягт байршилтай 547 м.кв газар нь гэр бүлийн гишүүн Б.Г, Б.А нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй учир дээр дурьдсан газрын хамтран өмчлөгч Б.Г, Б.А нар нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар ... гэрлэлт цуцалсны дараа ... нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно” гэж заасны дагуу шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж заасны дагуу Б.Г, Б.А нарт ногдох хэсэг нь (547 : 3) х 2 = 364.7 м.кв талбай бүхий газар болж байна.

 

Нэхэмжлэгч тал өөрийн шаардлага, түүний үндэслэлийг нотолж, “Иргэн Оюун овогтой Бн өмчлөж байгаа газрын байршлын кадастрын зураг”, “Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг” зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байдаг.

 

Хариуцагч тал эдгээр нотлох баримтыг няцаах, эсхүл үгүйсгэх аливаа тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

 

Кадастрын зураг, нэгж талбарын зураг зэргээс үзэхэд иргэн Р.Бн нэр дээр бүртгэлтэй 547 м.кв газраас Б.Г, Б.А нарт ногдох 364.7 м.кв талбай газрыг 1/.X5313155.670 Y644028.840 Өндөр 1311.980 Урт 16.23 цэгүүд 1-2, 2/.X5313171.860 Y644027.670 Өндөр 1312.306 Урт 16.23 цэгүүд 2-3, 3/.X5313173.290 Y644049.508 Өндөр 1312.357 Урт 4.55 цэгүүд 3-4, 4/.X5313168.865 Y644050.549 Өндөр 1312.152 Урт 11.16 цэгүүд 4-5, 5/.X5313157.887 Y644052.529 Өндөр 1311.842 Урт 23.79 цэгүүд 5-1 координатаар хуваах боломжтой нөхцөл байдал тогтоогдож байна.   

Дээр дурьдсан координатаар газрыг хуваах нь бусад оршин суугчдын газар эзэмших, өмчлөх эрхэд саад болохгүй, орц гарцыг хаахгүй буюу хариуцагч О.Бд үлдэх 182.3 м.кв талбай бүхий газар нь ертөнцийн зүгээр баруун гар талаас орц, гарц нээх боломжтой, нэхэмжлэгч Б.Г, Б.А нарт ногдох газар нь ертөнцийн зүгээр баруун, эсхүл хойд зүгээс орц, гарц нээх боломжтой болох нь харагдаж байна.

 

Кадастрын зураг болон нэгж талбарын зургийг уншихад тусгай мэдлэг шаардлагагүй, ойлгомжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шинжээч томилох шаардлагагүй гэж шүүх үзсэнээс гадна зохигчоос шинжээч томи6луулах хүсэлт бий эсэх талаар тодруулахад “Шинжээч томилуулах шаардлагагүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар шийдвэрлэх бүрэн боломжтой” гэсэн хариултыг өгсөн.

 

Хэдийгээр шүүх Б.Г, Б.А нарын нэхэмжлэлээр 2017 оны 09 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар энэхүү маргаан нь 2012 оны 10 сараас эхтэй бөгөөд нэхэмжлэгч буюу хамтран өмчлөгч нар өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар удаа дараа шүүхэд хандаж байсан, шүүх хэд хэдэн удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, мөн хариуцагчийн эрэн сурвалжилж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч О.Б нь 2012 оны 10 сараас хойш хамтран өмчлөгч Б.Г, Б.А нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, шүүхэд дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, оршин суугаа газраа үнэн зөвөөр мэдэгдэхгүй, эрэн сурвалжлагдах, албадуулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулж байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүх 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 181/ШЗ2017/14796 дугаар захирамжаар хариуцагч О.Бг албадан ирүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 12 сарын 13-ны өдөр эрх, үүргийг тайлбарлаж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариуцагч О.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн хувийг гардан авах үедээ хариуцагч өөрийн оршин суугаа хаягийг “Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Зүүн сэлбэ, 10-50 тоот” хэмээн тодорхойлсон байх ба шүүх түүний тодорхойлсон хаягаар шүүх хуралдааны товыг хүргүүлж, дүү н.Ягаанцэцэгт мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа ... байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн ...-д хүлээлгэн өгч...”, 77.7-д “Зохигч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж шүүхэд буцаана. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн, хариуцагч О.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах, 77 дугаар зүлийн 77.8-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийг оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгч Б.Г, Б.А нарын хариуцагч О.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэлэх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Зүүн сэлбэ 10 гудамж, 50 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18644313041159 дугаарт бүртгэлтэй 547 м.кв талбай бүхий газрыг 364.7 м.кв болон 182.3 м.кв-аар хувааж, ертөнцийн зүгээр хойд талаас нь 364.7 м.кв газар буюу 1/.X5313155.670 Y644028.840 Өндөр 1311.980 Урт 16.23 цэгүүд 1-2, 2/.X5313171.860 Y644027.670 Өндөр 1312.306 Урт 16.23 цэгүүд 2-3, 3/.X5313173.290 Y644049.508 Өндөр 1312.357 Урт 4.55 цэгүүд 3-4, 4/.X5313168.865 Y644050.549 Өндөр 1312.152 Урт 11.16 цэгүүд 4-5, 5/.X5313157.887 Y644052.529 Өндөр 1311.842 Урт 23.79 цэгүүд 5-1 координат бүхий газрыг хариуцагч О.Бгөөс гаргуулан нэхэмжлэгч Б.Г, Б.А нарт олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Бгөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г, Б.А нарт буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч О.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Д.НЯМБАЗАР