Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 221/MA2022/0516

 

Э М Д” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.З, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Ж.У

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 109/2022/0002/З

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э М Д” ХХК-иас Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг даргад тус тус холбогдуулан “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Архангай аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсгийн 18.1.3. ж/, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4/, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсгийн 28.1.1, 56 дугаар зүйлийн 56.3. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Төвлөрсөн халаалтад шилжүүлэх тухай” 15 дугаар тогтоол хүчингүй болоогүй мөн талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ цуцлагдаагүй, аль аль нь хүчинтэй хэвээр үргэлжилж байгаа. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Э М Д ХХК ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломж нөхцөлөөр хангадаж, ажил үүргээ цааш үргэлжлүүлэн явуулах боломжтой байх ёстой.

3.2. Гэтэл Эрдэнэмандал сумын Засаг дарга гэрээг цааш үргэлжлүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 05 дугаар тогтоол гаргаж Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит,аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулан “Э М Д” ХХК-ийн явуулж байсан үйл ажиллагааг тус газарт шилжүүлж нэхэмжлэгч компанийг цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

3.3. Гэвч анхан шатны шүүх “... маргаан бүхий 05 дугаар тогтоолын улмаас “Э М Д” ХХК-ийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж, мөн “...Дээрх үйл баримтаас үзвэл маргаан бүхий гэрээг үргэлжлүүлэхгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн Эрдэнэмандал сумын Засаг даргын энэхүү эс үйлдэхүй нь ямар хууль,тогтоомжийг зөрчсөн болох, улмаар ямар үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа талаар нэхэмжлэгчээс үндэслэл бүхий тайлбар гаргаагүй болно” гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.4. Гэрээг үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож,гэрээг үргэлжлүүлэх шаардлагын тухайд: гэрээгээр хүлээсэн гэрээ цуцлах зөрчлийг нэхэмжлэгч “Э М Д” ХХК гараагүй байхад Эрдэнэмандал сумын Засаг дарга үндэслэлгүйгээр гэрээ цуцлах мэдэгдэл өгч, “Э М Д” ХХК-ийг цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон.

Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга болон “Э М Д” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалын гэрээ”-ний 6.1.1-д “Б тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй бол А тал гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Б талд бичгээр хүргэнэ”, 6.1.2-т “Хэрэв Б тал гэрээг цуцлах тухай мэдэгдэлд заасан хугацаанд гэрээг зөрчсөн нөхцөл байдлаа залруулан эсвэл залруулах хөтөлбөрийг хийж хэрэгжүүлэхээр болсон бол заагдсан нөхцөл болзлын дагуу мэдэгдлийг хүчингүй болгож гэрээг үргэлжлүүлнэ” гэж заасан.

Гэтэл нэгдүгээрт Б тал буюу “Э М Д” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй асуудал огт байхгүй.

Хоёрдугаарт, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/57 дугаар, 2021 оны 08 дугаар сарын 20-ны 1/400 дугаар албан бичгүүдээр гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байдаг. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/57 дугаар албан бичгийн хариуг нэхэмжлэгч компанийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 021/008 дугаар албан бичгээр, 2021 оны 08 дугаар сарын 20-ны 1/400 дугаар албан бичгийн хариуг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 34 дугаар албан бичгээр “гэрээг цуцлах үндэслэл байхгүй, цаашдаа эвлэрч хамтарч ажиллая” гэсэн хариуг хүргүүлж байсан. Харин Эрдэнэмандал сумын Засаг даргаас “танай компанийн хүсэлтийг хүлээн авч гэрээгээ үргэлжлүүлэн хамтарч ажиллая эсхүл хүсэлтийг хүлээн авах боломжгүй хамтарч ажиллахгүй” талаар ямар ч хариу өгдөггүй. Энэ тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Эрдэнэмандал сумын Засаг даргаас ирүүлсэн гэрээ цуцлах мэдэгдлийг хүчингүй болсон гэж үзэх үндэслэлтэй.

3.5. Хариуцагч Эрдэнэмандал сумын Засаг даргаас “Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс “Э М Д” ХХК-д 8 заалт бүхий ажил сайжруулах үүрэг чиглэл өгсөн. Үүнээс 1 заалтыг биелүүлээд бусдыг нь биелүүлээгүй” гэж тайлбарладаг. Гэтэл “Э М Д” ХХК нь Эрчим хүчний зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийн хариуд холбогдох ажлуудаа гүйцэтгэж хийсэн ажлынхаа талаар 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3 дугаар албан бичгээр Эрчим хүчний зөвлөлд хариу хүргүүлсэн. Энэ баримт хэрэгт авагдсан.

Харин ч “Э М Д” ХХК нь ажиллаж байх хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ, тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагуудаа зохих ёсоор хангалттай сайн биелүүлсэн учир Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Э М Д” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2020 оны зорилтын биелэлтийг “Сайн” үнэлгээгээр дүгнэсэн. Нөгөөтээгүүр Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн албан шаардлагыг нэхэмжлэгч компани бүрэн биелүүлээгүй байсан бол сайн үнэлгээгээр дүгнэгдэхгүй байсан.

Үүнээс гадна хэрэгт сургуулийн халаалт доголдсон талаар Эрдэнэмандал сумын ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 141,142 дугаар албан бичгүүд авагдсан.

Гэтэл гэрч н.Ц-ийн “... “Эрдэнэмандал хөгжлийн дэд бүтэц” ОНӨААТҮГ үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш энэ газартай хамтраад дотуур байрны төгсгөл болон бусад болохгүй байсан газруудаа төсөв зардал гаргаад шийдвэрлэсэн. Үүнд дотуур байрны халахгүй байсан шугамуудыг сольсон, мөн мэргэжлийн хүн Эрдэнэтээс ирүүлж зөвлөгөө авсан. Хүүхдийн хоолны заал, 2 давхрын шугамыг сольсон” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан шугам хоолой авсан санхүүгийн баримтууд, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Р.Е-ийн “...сургууль, хүүхдийн дотуур байрны халаалт муу байсан.Тэр үед шугам нь хуучирсан байна гэж хэлж байсан. ...Тухайн байгууллагын халаалт авч байгаа тоног төхөөрөмж халаалт авахад нөлөөлнө. Шугам нь зэв ихтэй бол ус бага очоод халаалт муу байх талтай” гэх мэдүүлэг зэргээр тухайн сургуулийн олон жил болсон халаалтын шугам, хоолойноос болж халаалт хэвийн хэмжээнд авч чадахгүй байсан нөхцөл байдал тогтоогддог.

Мөн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 1.6-д зааснаар гэрээний хугацаа 50 жил байх ба энэ хугацаанд аль нэг тал гэрээнээс татгалзахгүй зарчмыг баримтална, 1.7-д Гэрээний хугацаанд төр засгийн байгууллагын бүтэц, орон тоо шинэчлэгдсэн татан буугдсан нэр солигдсон хоёр талын албан тушаалтан солигдсон нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах гэрээний хугацааг өөрчлөх үндэслэл болохгүй бөгөөд хуулийн эрх залгамжлалын хүрээнд гэрээний тогтвортой байдлыг хадгалж ажиллахаар заасан.

Гэтэл тухайн орон нутгийн удирдлага солигдохоор өмнөх Засаг даргынх нь хийсэн ажил хууль бус болчихдог, өмнөх ажил нь ажил биш болчихдог ийм байж болохгүй. Хариуцагч талаас гэрээг хэт нэг талын барьсан “Э М Д” ХХК-д давуу байдал олгосон гэж тайлбарладаг. Үнэндээ энэхүү заалт нь талуудын хэн хэнийхэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөхөөс сэргийлж, мөн “Э М Д” ХХК-ийг оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж тууштай хэвийн ажиллах боломжоор хангасан заалт.

Өөрөөр хэлбэл, гэрээний уг заалтаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалагдах зарчмын агуулга харагдаж байгаа. Хөрөнгө хүч бүхий л зүйлээ зарцуулж, цаашид тууштай ажиллана гэж итгэсэн учир “Э М Д” ХХК хөрөнгө оруулалт хийсэн, захиргааны байгууллага ч аж ахуйн нэгжийн эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй. Гэтэл Засаг дарга хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг биелүүлэхгүй байхын зэрэгцээ энэхүү зарчмын эсрэг үйлдэл гаргаж байгаа нь хууль бус байна. Мөн нэхэмжлэгч “Э М Д” ХХК-иас халаалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 2 мвт-ын тогоо нэмж суурилуулахаар авчирсан ч хариуцагч Эрдэнэмандал сумын Засаг дарга суурилуулдаггүй. Гэрч Р.Е “... “Э М Д” ХХК-ийн 2 мвт-ын хүчин чадалтай тогоо үүн дээр сургуулийн 1.6 мвт-ын хүчин чадалтай тогоо нэмж 2020 оны өвөл халаалтаа өгсөн. ... Нэмж тогоо угсрах труба ирсэн. Бэлдэц гээд байгаа трубагаар тогоо угсардаг. Тэгээд өвөл нь ирээд 2 жил зуссан. Яагаад угсраагүй талаар мэдэхгүй” гэж, гэрч Т.Б “... Тухайн үед халаах ёстой квадратуудын талбай ихэссэн. Асуудлыг шийдэхийн тулд зуух авчирсан. Тогоог 7 хоногийн дотор угсрах ёстой байсан ч угсраагүй” гэж тус тус мэдүүлдэг. Мөн хэрэгт авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр албан бичгээс Засаг даргын зүгээс тогоо нэмж суурилуулах сонирхолгүй байгаа нөхцөл байдал харагддаг.

Энэ мэтээр 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг үргэлжлүүлэхгүй байгаа хариуцагч Засаг даргын үйлдэл хууль бус болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүхээс “гэрээг үргэлжлүүлэхгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүхээс “...маргаан бүхий 05 дугаар тогтоол нь нэхэмжлэгч “Э М Д” ХХК-ийн хувьд эрх зүйн шууд үр дагаврыг үүсгээгүй, ... Түүнчлэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоолоор " Э М Д” ХХК-тай гэрээ байгуулах саналыг дэмжсэн бөгөөд энэхүү акт хүчин төгөлдөр байна. Тиймээс маргаан бүхий 05 дугаар тогтоолын улмаас “Э М Д” ХХК-ийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэжээ. Хэдийгээр маргаан бүхий 05 дугаартай тогтоолд “Э М Д” ХХК-ийн нэр дурдагдаагүй боловч “Э М Д” ХХК-ийн гүйцэтгэж байсан үйл ажиллагааг 05 дугаартай тогтоолоор байгуулагдсан “Эрдэнэмандал хөгжлийн Дэд бүтэц” ОНӨААТҮГ үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа. Маргаан бүхий 05 дугаартай тогтоол хүчин төгөлдөр хэвээр үед “Э М Д” ХХК нь өөрийн эрхэлж байсан үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн явуулах боломжгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Үүнээс гадна Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр байхад адил төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр дахин өөр байгууллагыг давхардуулан томилж болохгүй. 1 ажлын байранд 2 хүнийг давхардуулан томилж болохгүйтэй адил маргаан бүхий 05 дугаартай тогтоолоор “Эрдэнэмандал хөгжлийн дэд бүтэц” ОНӨААТҮГ байгуулсан нь Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн асуудлыг цаашид аль байгууллага хариуцах нь тодорхойгүй ойлгомжгүй байдлыг бий болгосон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудсанд “... Дээрх 8 заалт бүхий шаардлагаас “Э М Д” ХХК нь насос сольсон бөгөөд бусад шаардлагыг биелүүлээгүй гэх бөгөөд уг асуудлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд маргаагүй болно” гэж дүгнэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон холбогдох нотлох баримтад бодитойгоор үнэлэлт дүгнэлт өгөөгүй, бүр эсрэгээр нь тайлбарлан дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б миний бие 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шуух хуралдаанд “Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийн хариуд нэхэмжлэгч компани холбогдох ажлуудаа гүйцэтгэж 03 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн. Магадгүй хариуцагч талаас тайлбарлаж байгаа шиг 8 чиглэл бүхий үүрэг даалгавраас зөвхөн нэгийг нь биелүүлсэн бол Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс бидний өгсөн албан бичиг чиглэл даалгавраас энийг нь биелүүлээгүй байна гэдгээр дахин хугацаатай үүрэг даалгавар өгөх юм уу, албан шаардлага хүргүүлэх, хариуцлага тооцох асуудал байх ёстой.

Тэгэхэд Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дахин ийм албан бичиг ирсэн асуудал байхгүй. Мөн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Э М Д” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагуудын зорилтын биелэлтийг сайн үнэлгээгээр дүгнэсэн. Эрчим хүчний зохицуулах зөвлөл бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ажил үүргийг дүгнэх эрх бүхий байгууллага Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс “Э М Д” ХХК нь ажил үүргээ сайн явуулж байна, цаашид ажиллах боломжтой гэж тогтоол шийдвэр гаргачхаад байхад хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Э М Д” ХХК-ийг цаашид ажиллах боломжгүй гэдэг тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Цаг хугацааны хувьд аваад үзсэн ч нэхэмжлэгч “Э М Д” ХХК-д 8 чиглэл бүхий үүрэг даалгаврыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сард хүргүүлсэн. Харин тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагуудыг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дүгнэсэн нөхцөл байдал харагдаж байгаа. Магадгүй өмнө нь өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй байсан бол сайн үнэлгээгээр дүгнэхгүй байсан, мөн дахин өөр албан шаардлага өгөх байсан. Гэтэл одоог хүртэл ямар нэгэн байдлаар 8 шаардлагыг биелүүлээгүй байна, хангалтгүй ажиллаж байна гэж Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс гаргасан зүйл байхгүй байна” гэж тайлбарлаж, үүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байтал “... уг асуудлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд маргаагүй болно” гэж эсрэг дүгнэлт хийсэн нь хууль бус байна.

Мөн шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудсанд “Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6 дугаар тогтоолоор “Э М Д” ХХК-ийн дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалтай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлагын 2020 оны зорилтын биелэлтийг “Сайн” үнэлгээтэй дүгнэсэн байна. Гэвч уг хэргийн маргааны үйл баримт, маргаан бүхий тогтоол нь 2021 оны 12 дугаар сар, түүнээс хойшхи хугацаанд хамаарч байгаа болохыг дурдах нь зүйтэй” гэж утга агуулгын хувьд авцалдаагүй, ойлгомжгүй дүгнэлт хийжээ.

Учир нь Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс “Э М Д” ХХК-д 8 заалт бүхий чиглэлийг 2020 онд хүргүүлсэн, мөн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургуулиас ирүүлсэн албан бичиг болон 8 галчаас ирсэн өргөдөл мөн 2020 онд хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл, уг хэргийн маргааны үйл баримт нь бүгд 2020 оны асуудалтай холбогддог. Үүнээс гадна Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 05 дугаар тогтоол 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гарсан. Гэвч анхан шатны шүүх “уг хэргийн маргааны үйл баримт, маргаан бүхий тогтоол нь 2021 оны 12 дугаар сар, түүнээс хойшхи хугацаанд хамаарч байгаа” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүхийн шийдвэрийн 11 дүгээр хуудсанд “Эрдэнэмандал сумын Засаг даргын энэхүү эс үйлдэхүй нь ямар хууль, тогтоомжийг зөрчсөн болох, улмаар ямар үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа талаар нэхэмжлэгчээс үндэслэл бүхий тайлбар гаргаагүй болно” гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүй яагаад хууль бус болохыг шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан, энэхүү тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол мөн л үндэслэлээ тайлбарлах үүрэгтэй боловч тайлбарлаагүй.

Мөн шүүхээс Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар албан бичгийг үндэслэн “Э М Д” ХХК ийн халаалтын үйл ажиллагаанд доголдол үүссэн гэж дүгнэсэн атлаа үүнээс цаг хугацааны хувьд сүүлд гарсан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн “Э М Д” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2020 оны зорилтын биелэлтийг “Сайн” үнэлгээгээр дүгнэсэн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолд бодитой үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Энэ мэтээр анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзээгүй учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч “Э М Д” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдаж, Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус компанид дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатайгаар олгожээ.

2.2. Архангай аймгийн Эрдэнэмандал дулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоолоор “сумын төвийг төвлөрсөн халаалттай болгох тухай сумын Засаг даргын оруулсан саналыг хэлэлцээд “Э М Д” ХХК-тай гэрээ байгуулах саналыг дэмжсэн байна.

2.3. Улмаар Эрдэнэмандал сумын сумын Засаг дарга болон “Э М Д” ХХК-ийн захирал нар нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г байгуулжээ.

2.4. Маргаан бүхий Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “...Эрдэнэмандал сумын төсөвт байгууллагууд, аж ахуйн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, айл өрхүүдийг стандарт хангасан үйлчилгээгээр хангах, шугам сүлжээ, халаалт, цэвэр, бохир, тохижилт үйлчилгээний асуудлыг бүрэн хариуцах үүрэг бүхий дэд бүтцийг хариуцсан “Эрдэнэмандал хөгжлийн дэд бүтэц” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан байна.

2.5. Нэхэмжлэгч “Э М Д” ХХК-иас Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг даргад тус тус холбогдуулан “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нөхцөл байдал тус бүрт бүрэн дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заажээ.

2.8. Нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулах саналыг дэмжсэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр эсэх талаар зайлшгүй тодруулах шаардлагатай байх ба энэ нь хариуцагч нэг үйл ажиллагааг явуулахаар хоёр өөр шийдвэр гаргасан байж болзошгүй байх төдийгүй уг 2 шийдвэр аль аль нь хүчин төгөлдөр мэт эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн байхад тодруулаагүй нь буруу байна.

2.9. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Эрдэнэмандал сумын Засаг даргаас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/447 дугаар албан бичгээр Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд тус сумын халаалтын үйл ажиллагаанд доголдол үүссэн талаар мэдэгдэж, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар албан бичгээр “Э М Д” ХХК-д 8 заалт бүхий зөрчил арилгуулах мэдэгдлийг хүргүүлжээ.

2.10. Нэхэмжлэгч компанийн зүгээс маргааны үндэслэлдээ “...Эрчим хүчний зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийн хариуд холбогдох ажлуудаа гүйцэтгэж 03 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн. Магадгүй хариуцагч талаас тайлбарлаж байгаа шиг 8 чиглэл бүхий үүрэг даалгавраас зөвхөн нэгийг нь биелүүлсэн байвал Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс бидний өгсөн албан бичиг чиглэл даалгавраас биелүүлээгүй байна гэдгээр дахин хугацаатай үүрэг даалгавар өгч, албан шаардлага хүргүүлэх, хариуцлага тооцох асуудал байх байсан. Тэгэхэд Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ийм албан тоот ирсэн асуудал байхгүй” гэж маргаж байгаа энэ тохиолдолд анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ “... 8 заалт бүхий шаардлагаас “Э М Д” ХХК нь насос сольсон бөгөөд бусад шаардлагыг биелүүлээгүй гэх бөгөөд уг асуудлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд маргаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

2.11. Мөн сумын төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг дулаанаар хангах ажил нь 2020 оны намраас 2021 оны хаврыг дуустал үргэлжилдэг нь нийтэд илэрхий бөгөөд Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Э М Д” ХХК-ийн дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2020 оны зорилтын биелэлтийг “Сайн” үнэлгээтэй дүгнэсэн байна.

2.12. Гэтэл анхан шатны шүүхээс “...маргааны үйл баримт, маргаан бүхий тогтоол нь 2021 оны 12 дугаар сар, түүнээс хойшхи хугацаанд хамаарч байгаа болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байгаагаас гадна маргаан бүхий нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт өгсөн гэж үзэхээргүй байна.

2.13. Түүнчлэн Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нэхэмжлэгч компанийн 2021 оны үйл ажиллагааг дүгнэсэн эсэх, дүгнэсэн бол ямар үнэлгээ авсан болон аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар албан бичгээр “Э М Д” ХХК-д 8 заалт бүхий зөрчил арилгуулах шаардлагын биелэлтийг хэрхэн хангуулсан, нэхэмжлэгч компани ямар хэмжээнд биелүүлсэн болохыг зайлшгүй тодруулах шаардлагатай байжээ.

2.14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...Шугам нь зэв ихтэй бол ус бага очоод халаалт муу байх талтай” байдаг талаар гэрчүүд мэдүүлсэн зэргээр тухайн сургуулийн олон жил болсон халаалтын шугам, хоолойноос болж халаалт хэвийн хэмжээнд авч чадахгүй байсан нөхцөл байдал тогтоогддог...” гэжээ.

2.15. Энэ тохиолдолд халаалтын доголдол үүссэн шалтгаан нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай холбоотой эсэх, барилгын шугам, хоолойн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг нэхэмжлэгч компани хангах үүрэгтэй эсэхийг мөн тодруулж, дүгнэлт өгөх шаардлагатай.

2.16. Нэхэмжлэгч “Э М Д” ХХК-иас халаалтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 2 мвт-ын тогоо нэмж суурилуулахаар авчирсан ч хариуцагч Эрдэнэмандал сумын Засаг дарга суурилуулдаггүй талаар гэрч Р.Е, Т.Б нарын мэдүүлэг болон нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд мөн дурдсан байх бөгөөд энэ нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                              О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН