Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 1007

 

МАГАДЛАЛЫН ТӨСӨЛ

2017.4.24                                                          №1007

Ш.Цэвээний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00717 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Цэвээний

 1984 онд Цэргийн төв эмнэлгийн орлогч даргаар ажиллаж байхдаа 825 төгрөгийн цалин авч байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.Цэвээн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1971-1989 онд Цэргийн госпиталын орлогч даргаар ажиллаж байсан. Өвчтэй байж байгаад энгийнээр тэтгэвэр тогтоолгоход маш багаар тогтоогдсон. 1984 оны санхүүгийн баримтыг шүүж үзэхэд цалин огт байхгүй байна. 1998 онд тэтгэвэр тогтоолгохдоо тасралтгүй 5 жил ажилласан жил сонгохдоо сүүлийн 5 жилийг сонгосон. Иймд 1984 онд цэргийн госпиталын орлогч даргаар ажиллаж байхдаа 825 төгрөгийн цалин авч байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар 1984 онд Цэргийн госпиталын орлогч даргаар ажиллаж байхдаа 825 төгрөгийн цалин авч байсныг тогтоолгохыг хүссэн Шаравын Цэвээний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Шүүхийн шийдвэрт  " .., 1984 онд цэргийи госпиталын орлогч даргаар ажиллаж, цалин авч байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй байх ба 2017 оны 02 дугаар 03-ны өдрийн 00002686 тоот лавлагаагаар  1980-1988 онд ардын армийн  төв эмнэлэгт поликлиникийн даргаар ажиллаж байсан гэсэнтэй зөрүүтэй , өөрөөр хэлбэл 1984 онд ажил үүрэг гүйцэтгэж , цалин авч байсан нь тогтоогдоогүй ” гэжээ. Ардын армийн төв эмнэлгийн поликлиникийн дарга, Цэргийн госпиталын орлогч дарга хоёр нь нэг албан тушаал байсан юм. Госпиталын орлогч нь поликлиникийн даргаа хийдэг байсан.  Шүүх нэг албан тушаалыг хоёр өөрөөр нэрлэдгийг мэдэхгүй хоёр өөр албан тушаал гэж ойлгожээ.

Иймд  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нь онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх онцлогтой холбоотойгоор тухайн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулж, тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Хүсэлт гаргагч Ш.Цэвээн нь 1984 онд Цэргийн госпиталын орлогч даргаар ажиллаж байхдаа сард 825 төгрөгийн цалинтай  байсныг тогтоолгохыг хүсчээ.

 

Ш.Цэвээн нь хүсэлтэд дурдсан үйл баримтыг тогтоолгох гэж байгаа зорилгыг 1998 онд тасралтгүй ажилласан сүүлийн 5 жилийг сонгож тэтгэврээ тогтоолгосон бөгөөд  тухайн  сонгосон 5 жилээр тооцоход тэтгэвэр бага тогтоогдсон, 1984 онд  Цэргийн госпиталын орлогч даргаар ажиллаж  байх үед сар бүр  825 төгрөгийн цалин авч байсан бөгөөд тухайн үйл баримтыг шүүхээр тогтоолгосны дараа  тэтгэврээ нэмэгдүүлэх зорилготой  заажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-д зааснаар  хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдолтой  үйл явдлыг тогтоолгох гэж буй зорилгоо  “… тэтгэврээ нэмэгдүүлэх “ гэж  тодорхойлсон.  

 

Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 136 дугаар зүйлийн 136.3-д зааснаар тухайн үйл явдлыг батлах  баримт бичгийг олж авах, сэргээх , шүүхээс өөр журмаар тогтоох  боломжгүй болсон  тухайгаа “... архиваас олдохгүй байна”  гэж  тайлбарлаж энэ тухай 1984 оноос бусад хугацааны цалингийн тодорхойлолт, лавлагаа ирүүлсэн байна. /хх-4/

 

Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт  мэтгэлцэх зарчим үйлчлэхгүй бөгөөд  шүүх нь  баримтыг бүрдүүлэхэд хэргийн оролцогчид дэмжлэг үзүүлэх ёстой юм.

 

Анхан шатны шүүх Ш.Цэвээний 1984 онд Цэргийн  госпиталын орлогч даргаар ажиллаж, цалин авч байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй,  1980-1988 онд Ардын армийн  төв эмнэлэгт поликлиникийн даргаар ажиллаж байсан гэсэнтэй зөрүүтэй ,  1984 онд ажил үүрэг гүйцэтгэж , цалин авч байсан нь тогтоогдоогүй,   цалин хөлс авч байсныг шүүх тогтоохгүйгээс гадна ажил хөдөлмөр эрхэлж байсан нь цалин хөлс авах үндэслэл гэж  дүгнэсэн нь  дээрх зарчимд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэгэнт шүүхээс өөр журмаар тогтоох боломжгүй болсон үйл баримтын хувьд шүүх гэрч асуух, Үйлдвэрчний эвлэлийн батлах, цэргийн батлах, татвар хураамж төлж байсан баримт болон шууд бус байдлаар  тухайн он жилүүдэд авч байсан сар бүрийн цалингийн хэмжээг өөр байдлаар нотлох баримтуудыг дутуу бүрдүүлснээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Хүсэлт гаргагчийн авч байсан цалингийн хэмжээ түүний хувьд эрх зүйн ач холбогдолтой байж болох тул шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

 

Мөн нэхэмжлэгчийн цалинтай холбоотой 1984 оны баримт Батлан хамгаалахын төв архивт хадгалагдаагүй учир шалтгааныг тодруулаагүй, уг байдалд нэхэмжлэгч буруугүй атал нотлогдохгүй  байна гэж дүгнэх нь учир дутагдалтай болно.

 

Түүнчлэн хүсэлт гаргагч тухайн байгууллагад 1984 онд ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж байгаа эсэхийг тодруулбал зохино.

 

  Дээрх болон холбогдох бусад баримтыг бүрдүүлсний эцэст хүсэлт үндэслэлтэй   эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00717 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш.Цэвээний төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                         Ш.ОЮУНХАНД

                                                                   

                                                                                   Б.НАРМАНДАХ