Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/434

 

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0434

Улаанбаатар хот

 

 

Ө.Г нарын нэр бүхий

11 иргэдийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г

Нэхэмжлэгч: Ө.Г нарын нэр бүхий 11 иргэд

Хариуцагч: БОАЖС

Гуравдагч этгээд: БОНХС-ын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн сайдын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429 дүгээр тушаалуудын хавсралтын нэр бүхий иргэд

Нэхэмжлэлийн шаардлага: “БОНХС-ын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн сайдын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах” тухай;

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2022/0236 дугаар шийдвэртэй 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж, Г.Э, гуравдагч этгээд Д.Ш, Д.Э, П.Э, Б.Б, Ч.Э, А.Х, С.Т, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, А.Д, А.С нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул          

Хэргийн индекс: 128/2015/0919/3

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Ө.Г нарын нэр бүхий 11 иргэдээс БОАЖС-д холбогдуулан “БОНХС-ын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн сайдын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

  2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2022/0236 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 9, 30 дугаар зүйлийн 10, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Г нарын нэр бүхий 11 иргэдийн нэхэмжлэлтэй хариуцагч БОАЖС-д холбогдох БОНХС-ын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн сайдын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

  3. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г-аас давж заалдах гомдолдоо:

       3.1. “...Налайх дүүргийн * дүгээр хорооны нутаг тусгай хамгаалалттай газар нутгийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бус "ӨӨ” гэдэг газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т "Уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх" гэж заасны дагуу 12 айл өрх олон жил уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэн 17-47 жил амьдарч байна.

       3.2. Гэтэл БОНХС С.О албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр А-230, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр А-429 тоот тушаалуудыг гаргаж Газрын тухай хуулийн 4 заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 заалт, Амьтны тухай хуулийн 1 заалт, бугд 13 заалтыг зөрчиж, өөрийн яам, харьяа газрын 163 ажилтанд "ӨӨ” гэдэг газарт “ЭНХЗ" нэрээр 23.1 га газар эзэмших эрхийн зөвшөөрөл олгосон.

        3.3. Энэ хууль бус шийдвэрээс болж уг нутагт уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа нэр бүхий 11 иргэн малынхаа бэлчээрийг тэдэнд булаалгаж, мал бэлчээх газаргүй болж эрхээ зөрчүүлж, хууль ёсны ашиг сонирхолоо ноцтой хохирооход хургэсэн тул уг 2 тушаалыг хүчингүй болгуулахаар 2015 онд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэхгүй 7 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр анхан шатны шүүхээр уг асуудлын хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргалаа...

        3.4. ...С.О-ы дээрх 2 тушаал нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Амьтны тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн Иргэнд газар эзэмшүүлэх асуудал дээрх хуулиудад зааснаар дараах 3 үе шаттайгаар явагдах ёстой:

           3.4.1. Иргэн эхлээд газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг дарга буюу хамгаалалтын захиргаанд гаргана.

           3.4.2. Иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн газар эзэмшүүлэх шийдвэрийг сум, дүүргийн засаг даргын саналыг үндэслэн Төрийн захиргааны Төв байгууллага гаргана.

           3.4.3  Газар ашиглах эрх авсан иргэнтэй хамгаалалтын захиргаа болон дүүргийн Засаг дарга гурвалсан гэрээ байгуулна. Гэтэл С.О-ы дээрх 2 тушаал нь энэ 3 үе шатыг гурвууланг нь зөрчсөн...

        3.5. ... БОНХС С.О-ы хууль бус шийдвэрээс болж “ӨӨ” гэдэг газарт уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа малчин 11 айл өрхийн иргэдийн эрх зөрчигдөж, хууль ёсны ашиг сонирхол ноцтой хохирч байхад анхан шатны шүүхээс тэдний эрх зөрчигдөөгүй, ашиг сонирхол нь хохироогүй гэсэн шийдвэрийн талаар малчин иргэдийн эрх зөрчигдөөгүй, ашиг сонирхол нь хохироогүй гэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. ...

        3.6. .... Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар тогтоолыг анхан шатны шүүх авч үзэж хэрэгжүүлээгүй Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар тогтоолоор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 221/MA2017/0371 дүгээр магадлалд “Анхан шатны шүүх, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж дүгнэсэн...

 

       3.7. ... Анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0236 тоот шийдвэрийг гаргахдаа хэрэглэх ёсгүй заалтуудыг хэрэглэснийг дараах бодит үндэслэлүүдээр нотолж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд уг хуулийн зорилтыг тодорхойлсон: "Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байна.

Гэтэл тушаал нь хуулийн зорилтдоо нийцээгүй Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулагдсан байна гэж ойлгогдож байна. ...

     3.8. ... Шүүхээс дээрх үндэслэлдээ тулгуурлан гаргасан шийдвэрийг нэг өгүүлбэрт багтаан дүгнэж үзвэл Байгаль орчин, ногоон хөгжлийн айд С.О-ы 2014 оны А-230, А-429 тоот тушаалууд нь:

1. Малчин иргэдийн эрхийг зөрчигөөгүй, ашиг сонирхолыг хохироогоогүй.

2. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хуулиудыг зөрчөөгүй, сайдын зөв гэжээ.

Нэхэмжлэгчид уг 2 тушаалыг хуулиас давсан хууль бус шийдвэр гэж үзэж байна.

3.9. Эцэст нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг дараах асуудалд анхаарлаа зориуд хандуулахыг хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэдэг журамтай. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бол БОНХС С.О-ы 2014 оны А-230, А-429 тоот 2 тушаалыг л хүчингүй болгуулах асуудал байгаа.

Өнөөдөр маргаан бүхий актын хууль зүйн  үндэслэл, нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн үү, үгүй юү гэдгийг хянаж байгаа. Тийм болохоор шүүхээс уг 2 тушаалыг гарах үед энэ нь хуульд нийцэж байсан эсэхийг хянаж шийдвэрлэнэ гэж ойлгож байгаа. Гэтэл бодит байдал дээр маргаан бүхий 2 тушаал нь хууль зүйн талаасаа шаардлага хангахгүй байгаа нь харагдаж байна.

3.9.1. БОНХС С.О Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Налайх иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад хамааралгүй гэж анхнаасаа үзэж байсан учраас албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, дураараа авирлаж 2 тушаалаа гаргасан байна. Энэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдүүдийн дээр хэлсэн үг, тайлбараар нотлогдож байна.

3.9.2. Яамнаас 163 хүндээ 23.1 га газар ашиглуулахын тулд эхлээд "ЭНХЗ” хийж баталсан байх ёстой. Харин 2016 онд нөхөж хийсэн. (3-р хавтас, 147-208 хуудас)

3.9.3. Яамны 163 хүнд олгох 23.1 га газар Налайх дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий болон 2014 оны төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг нягталж, Засаг даргатай ярьж тохиролцсон байх ёстой. Гэтэл энэ газар Налайх дүүргийн газар зохион байгуулалтын тусгагдаагүй, энэ талаар Найлайхын Засаг даргатай ярилцаагүй.

3.9.4. Яамны 163 хүн газар эзэмших хүсэлтээ өөрсдөө Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу хамгаалалттай захиргаа буюу Налайх дүүргийн Засаг даргад гаргасан байх ёстой, гэтэл тэд хүсэлтээ хаана ч гараагүй.

3.9.5. Яамны 163 хүнд 23.1 га газар эзэмшүүлэх талаар Налайх дүүргийн Засаг даргын саналыг авах ёстой байтал Засаг даргад огт мэдэгдээгүй, саналыг нь авалгүйгээр яам дангаараа шийдвэр гаргасан.

 3.10. "ӨӨ" гэдэг газарт яамны 163 хүнд 23.1 га газар олгосноор тэнд уламжлалт аргаар он удаан жил суурьшин амьдарч байгаа мал бүхий иргэдийн эрх зөрчигдөж, хууль ёсны ашиг сонирхол нь хохирход хүрэх эсэх асуудлыг судалж үзээгүйгээр газар олгосон. Энэ бүхэн нь уг хоёр тушаалыг гаргах хууль зүйн үндэслэл үгүй болохыг баталж байна. Гэтэл анхан шатны шүүх 2014 онд уг хоёр тушаал гарах үеийн дээрх асуудлыг авч үзэж шийдвэрлээгүй, харин түүнээс хойш 2022 оны 03 дугаарын 29-ны едрийн шүүх хурал болох хүртэлх хугацааны нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн үйл явдлыг авч үзэж шийдвэрээ гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заажээ.

3.11. ... Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 236 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье.” гэжээ.

 

4. Хариуцагч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

 

ХЯНАВАЛ:

 

      1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

        2. Нэхэмжлэгч Ө.Г нарын нэр бүхий иргэдээс БОАЖС-д холбогдуулан “БОНХС-ын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн сайдын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ.

 

      Маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийг хянан үзэхэд;

     

        3. БОНХС “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429 дугаар тушаалын 

        1 дэх заалтаар  Яамны болон Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны  албан хаагчдын хүсэлтийг судлан үзэж Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 23.1 га талбайд амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх  “ЭНХ”   зуслан байгуулах төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж;

        2 дахь заалтаар   хавсралтад дурдсан нийт 163 төрийн албан хаагчдад зураг төслийн дагуу байрлах эрхийн гэрчилгээ олгохыг Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд зөвшөөрсөн байна.

 

         4. Дээрх тушаалуудын агуулгаас үзвэл  БОНХС нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д “ Төрийн захиргааны төв байгууллага нь ...байгалийн цогцолборт газрын  хязгаарлалтын бүс... ... газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа ...саналыг үндэслэн гаргана” гэж зааснаар  тусгай хамгаалалттай газар нутагт газар  ашиглуулах тухай шийдвэр гаргаагүй,

       мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж зааснаар  163 төрийн албан хаагчидтай  “газар ашиглах тухай гэрээ”-г байгуулаагүй байх бөгөөд харин  “Эко ногоон хөгжил”  зуслан байгуулах төсөл  хэрэгжүүлэхийг дэмжиж зураг төслийн дагуу байрлах эрхийн гэрчилгээ олгохыг   зөвшөөрсөн байна.

 

       5. Үүнээс үзвэл, уг тушаалууд нь тусгай хамгаалалттай газар нутагт “шийдвэр болон гэрээний үндсэн дээр”  газар ашиглуулах талаар зохицуулсан; 

 

       -Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “...байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 

 

       -мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн  33 дугаар үйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна”,

 

       -мөн хуулийн 36 дугаар зүйлийн 4-д “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрт ашиглуулах газрын зориулалт, орших бүс, байршил, зааг, хэмжээ, дангаар буюу дундаа ашиглах талаар  тодорхой заана”, 

 

       -мөн хуулийн 37 дугаар зүйлийн 2-д “Газар ашиглах гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна ...тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар арга хэмжээ түүнд зарцуулах хөрөнгө, газрын төлбөртэй төлөхтэй холбоотой үүрэг, газрыг ашиглах, хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага, гэрээ дуусгавар болсон тохиолдолд газрыг эргүүлж авах нөхцөл, журам, уг газрыг нөхөн сэргээх, засаж тохижуулах, хүлээлгэн өгөх журам” зэргийг тусгана гэснийг тус тус зөрчсөн байна. 

 

         6. Нөгөөтэйгүүр маргааны бүхий тушаалын хавсралтад дурьдсан нэр бүхий төрийн албан хаагчдад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2014, 2015 онуудад Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газарт “байрлах эрхийн гэрчилгээ”-г бичиж олгосон болохоос бус  Төрийн  захиргааны төв байгууллагаас газар ашиглуулах тухай шийдвэр хуульд заасны дагуу гараагүй, газар ашиглах тухай гэрээ байгуулагдаагүй байгаа нь дээрх хуулийн заалтууд зөрчигдсөн байна.

       7. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай /1994 оны/ хуулийн 3, 13-18 дугаар зүйлүүдэд улсын тусгай хамгаалалтын газар нутгийн байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал, аялал жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан Байгалийн цогцолборт газрыг “онцгой бүс, аялал жуулчлалын бүс, хязгаарлалтын бүс”-д тус тус хуваасан байх бөгөөд тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулах, хэрэгжүүлэх, хориглох үйл ажиллагааг тодорхой тусгажээ.

 

       8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар  зүйлд Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд ямар төрлийн үйл ажиллагааг явуулж болохыг зохицуулсан, тухайлбал хязгаарлалтын бүсэд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 3/-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих “үйл ажиллагаа явуулах боломжтой, харин байгалийн цогцолборт газар хориглох үйл ажиллагааны талаар мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1/-д “энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулах”-ыг, 12 дугаар зүйлийн 5-д зааснаар “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”-ыг хориглодог байна.

 

        9. Гэтэл дээрх хуулийн зохицуулалтаар байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулахыг хориглосон байхад БОНХС “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429 дугаар тушаалуудаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 4, 5, 6 дахь хэсэгт заасан заалтыг баримтлан “ЭНХ” зуслан байгуулах төсөл  хэрэгжүүлэхийг дэмжиж, зураг төслийн дагуу байрлах эрхийн гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн нь хууль бус бөгөөд уг зуслан байгуулах төсөл, газар ашиглах гэж буй зориулалт нь хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж болох хуулийн зохицуулалтад хамаарахгүй. 

 

     10. Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.5-д  “төрийн албан хаагчийг төрөөс орон байраар хангагдах” гэсэн заалтыг баримтлан хариуцагчаас төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор  байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд  “эко зуслан” /үл хөдлөх хөрөнгө/ барьж байгуулах төслийг дэмжсэн нь Тусгай хамгаалалтын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хуулийн үндсэн зорилт болох байгалийн үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, түүний унаган төрхийг хамгаалах гэсэн хуулиар хамгаалагдсан дэглэмийг хөндсөн байна.

 

     11. Мөн маргааны бүхий актад “ЭНХ” зуслан байгуулах төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж гэсэн байх боловч суурин газрын ерөнхий төлөвлөгөөг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран хянан батлах ажиллагааг хэрэгжүүлээгүй нь Тусгай хамгаалалттай  газар нутгийн тухай хуулийн  27 дугаар зүйлийн 8/-д “ тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран хянан батлах” гэснийг зөрчсөн, улсын тусгай хамгаалалттай газар нутаг, байгалийн цогцолбор газрын  хязгаарлалтын бүс   нутагт суурин бий болгон, нэмж тэлэх нөхцөлийг бүрдүүлжээ. 

 

     12. Анхан шатны шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийхдээ Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

 

     13. Дээрх хууль бус захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байна. Тодруулбал,

            13.1. Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар  зүйлийн 2-д зааснаар “уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх” үйл ажиллагаа явуулж болно гэж заажээ. 

            13.2. БОАЖС  Л.Г-ийн “Гэрчилгээжүүлэлт хийх тухай” 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А-466 тушаалаар[1] Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт өвөлжөө, хаваржаа, хашаа бүхий байнга оршин суудаг, иргэдийн ашиглаж байгаа газарт хэмжилт хийж, координатыг тогтоон, гэрчилгээжүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас мал бүхий иргэд болох  Д.Ц-д /нэхэмжлэгч Ө.Г-ийн эхнэр/ 2012 оны 07 дугаар сарын 5,   Д.Ц-д 2012 оны 06 дугаар сарын 26, Ү.Ү-д 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах эрхийн гэрчилгээ олгосон, уг гэрчилгээнд[2] нутаглах газрын нэр, малын тоо, талбайн хэмжээ, солбилцолыг тодорхой тусгагдсан байна.

         13.3.Уг гэрчилгээнүүдийг төрийн албан хаагчдад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2014, 2015 онуудад “Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах эрхийн гэрчилгээ”-г бичиж өгөхөөс  өмнө олгогдсон байна.

 

   14. Түүнчлэн Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд байрлах “ӨӨ”-д БОНХС-ын 2014 оны А-230, А-429 дүгээр тушаалуудаар гуравдагч этгээдүүдэд гэрчилгээ олгохыг  зөвшөөрсөн 23.1 га газар нь нэхэмжлэгч нарын уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж байгаа мал бүхий эрхийн гэрчилгээтэй иргэдийн малын бэлчээрийн талбайтай давхацсан болох нь Бэлчээрийн даац, багтаамжийг тооцсон тухай  2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт[3]-ээр тогтоогдсон, шинжээч дүгнэлтээ гаргахдаа Бэлчээрийн даац багтаамж, талбайг тооцдог уламжлалт аргаар тооцож мал бүхий иргэдийн 2017 оны жилийн эцсийн байдлаар гаргасан малын тоо, мал бэлчээхэд хүрэлцэх бэлчээрийн талбай зэргийг тогтоожээ.

 

   15. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, БОНХС нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан газар ашиглах шийдвэр гаргах ёстой байтал төсөл дэмжсэн шийдвэр гаргаснаар хууль буруу хэрэглэсэн, газар ашиглах зөвшөөрөл олгоогүй, мөн газар ашиглах гэрээг заавал байгуулахаар хуульчилсан атал гэрээ байгуулалгүй[4] зөвшөөрөл олгосон нь хууль бус байна.

 

    16. Иймд маргаан бүхий актын улмаас уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж байгаа,  эрхийн гэрчилгээний дагуу газар ашиглаж буй  Ө.Г, Д.Ц, Ү.Ү нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул БОНХС-ын 2014 оны А-230, А-429 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, харин бусад нэхэмжлэгч нар болох С.М, М.А, М.М, М.Р, М.К, М.Д, Б.А /Б.Б  нас барсан/, Д.Б нар нь мал бүхий иргэд мөн боловч гэрээ байгуулаагүй, байрлах эрхийн гэрчилгээ аваагүй тул тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0236 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5, 17 дугаар зүйлийн 3, 18 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 8, 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 4, 37 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Г, Д.Ц, Ү.Ү нараас БОАЖС-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “БОНХС-ын “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.М, М.М, М.А, М.Р, М.К, М.Д, Б.А, Д.Б нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

  

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

 

 

                           ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

 

 

                           ШҮҮГЧ                                                             Т.ЭНХМАА

 

 

 

 

 

 

 

[1] 2 дугаар хавтаст хэргийн 77 дахь тал

[2] 2 дугаар хавтаст хэргийн 29-35 дахь тал

[3] 6 дугаар хавтаст хэргийн 172-178 дахь тал

[4] байрлах эрхийн гэрчилгээ олгох