Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01622

 

"М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00986 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1439 дүгээр магадлалтай,

            “М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             “О ” ХХК-д холбогдох

             Түрээсийн гэрээний үүрэгт 11,445,268.00 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  

         CXG06121C0D1D0368 арлын дугаартай, 9689УН дугаартай техникийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, техникийг “М ” ХХК-аас гаргуулж, “О ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг “М ” ХХК-д даалгуулах, илүү төлсөн төлбөр 39,428,532.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзамын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани 2016 оны 08 сарын 03-ны өдөр “О ” ХХК-тай 16/09 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж XG6201Р маркийн СХG06201Р0Р1D0283 арлын дугаартай 155,746,800 төгрөгийн үнэ бүхий зам индүүдэгч, XG6121D маркийн СХG06121С0D1D0368 арлын дугаартай 196,732,800 төгрөгийн үнэ бүхий асфальтны индүү зэргийг техник хүлээлцэх акт үйлдэж шинээр нь хүлээлгэн өгсөн. Уг гэрээгээр түрээслэгч “О ” ХХК нь 2 техникийн нийт үнэ 352,479,600 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 176,239,800 төгрөгийг төлж 176,239,800 төгрөгийн түрээсийн төлбөрийг 3 сарын хугацаагаар төлж дуусгаснаар түрээсийн зүйлийг өмчлөлдөө шилжүүлэхээр тохиролцсон. “О ” ХХК нь 2016 оны 09 сарын 05-ны өдөр 59,921,532 төгрөгийг төлснөөс өөр төлбөр төлөөгүй бөгөөд манай компани 2016 оны 10 сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 сарын 12-ны өдөр хүртэл хугацаа олгосон боловч санаачилга гаргаагүй тул арга буюу 2 техникийг буцааж авсан. “О ” ХХК нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг гүйцэтгэх боломжгүй болохоороо хуучин техник байсан гэх үндэслэлгүй шалтаг хэлж байна. “М ” ХХК нь уг техникүүдийг БНХАУ-ын үйлдвэрээс валютын зээлээр авч нийлүүлдэг учир валютын ханшийн зөрүү, зээлийн хүү, бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. ”О ” ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээний 9.3-т зааснаар түрээсийн төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тул техник хүлээж авсан 2016 оны 08 сарын 06-ны өдрөөс техник буцааж өгсөн 2017 оны 04 сарын 12-ны өдөр хүртэл 8 сар 6 хоногийн 2 техникийн түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний 9.3-т зааснаар түрээсийн техникийг ашигласан сар тутамд түрээсийн нөхцөлөөр 1 техник сарын 15,000,000 төгрөг болно. Иймд “О ” ХХК-аас 8 сар 6 хоногийн 2 техникийн түрээсийн төлбөр 246,000,000 төгрөгөөс түрээсийн төлбөрт төлсөн 236,161,332 төгрөгийг хасаж, гэрээний 9.11-т зааснаар нотариатын зардал 6600 төгрөг, техник хурааж авсан зардал 1,600,000 төгрөг, нийт 11,445,268 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “О ” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: “О ” ХХК, “М ” ХХК-ийн хооронд 2016 оны 08 сарын 03-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн шаардлагад нийцсэн биет болон эрхийн зөрчилгүй техникүүд нийлүүлэх байсан боловч уг техникүүд нь 20 мото/цаг ажиллаад үйл ажиллагаа нь доголдсон, шаардлагад нийцэхгүй хуучин техникүүд байсан тул тухайн үед түрээслүүлэгч талд цахим шуудан болон утсаар мэдэгдэж, маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг хичээн биечлэн хэд хэдэн удаа уулзсан, мөн 11.2-т зааснаар техникүүдийг буцааж гэрээг цуцлах санал хүргүүлэн, хөрөнгийн үнэлгээний байгууллагаас шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах зэрэг санал гаргаж, 2016 оны 09 сарын 13-ны өдрийн 151 тоот, 2016 оны 10 сарын 04-ний өдрийн 160 тоот, 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 16/186 тоот дугаартай албан тоотуудаар асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзсэн. “М ” ХХК-ийн 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 017/150-7 дугаар албан тоотод уг техникүүдийг “О ” ХХК-ийн Өмнөговь аймаг Цагаан хаданд байрлах кемпээс авч ирж үзлэг оношилгоо хийлгэх, эвдрэл гэмтлийг тогтоолгох хүсэлтэйгээ илэрхийлсэн тул “О ” ХХК-ийн 2017 оны 04 сарын 12-ны 17/12 тоот албан бичгээр зөвшөөрснөөр “М ” ХХК-ийн хашаанд авч ирсэн. “М ” ХХК-ийн захирал Н.Уранчимэг нь гэрээний харилцааг ашиглан залилан мэхлэх замаар техникүүдийг буцаан татаж авсан. Манай компани одоогийн байдлаар 236,161,332 төгрөг төлөөд байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 2 техникийг 2016 оны 08 сарын 06-ны өдөр “О ” ХХК-д хүлээн авахад 9689 УН улсын дугаартай техник нь нийт 23 мото цаг ажилласан, 9685 УН улсын дугаартай техник нь 25 мото цаг ажилласан байсан. Гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу 9685 УН индүү нь 155,746,800 төгрөг, 9689 УН индүү нь 196,732,800 төгрөгийн үнэтэй. “О ” ХХК нь гэрээний 7.5-д заасны дагуу нийт төлбөрийн 50 хувь болох 176,239,800 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний 7.7-д заасны дагуу 59,921,532 төгрөг төлсөн. “О ” ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээний 3.2.9-д заасны дагуу түрээслэн авсан эд зүйлд доголдлын талаар “М ” ХХК-д 2016 оны 09 сарын 13-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн боловч “М ” ХХК нь гэрээний 8 дугаар зүйлд зааснаар үүргээ биелүүлэлгүй, арга хэмжээ аваагүй учраас “О ” ХХК нь 2016 оны 10 сарын 04-ний өдрөөр тасалбар болгон техникүүдийг ажилд гаргалгүй зогсоож, энэ талаараа мэдэгдсэн. Мөн Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.1.7-д зааснаар түрээсийн төлбөрийг зогсоосон. “М ” ХХК нь 2017 оны 04 сарын 12-ны өдөр “О ” ХХК-д 017/150-7 тоот албан бичгээр 2 техникийг Өмнөговь аймагт байрлах “О ” ХХК-ийн кемпээс Улаанбаатар хотод авч ирж үзлэг, оношилгоо хийлгэх, эвдрэл гэмтлийг тогтоолгох хүсэлтээ илэрхийлснийг зөвшөөрсөн. “О ” ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг огт зөрчөөгүй бөгөөд “М ” ХХК нь 2 техникийг үзлэг оношилгоонд хамруулах зорилгоор шилжүүлэн авсан. “О ” ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнийн дүнгийн 67 хувь буюу нийт 236,161,332 төгрөгийг төлсөн нь гэрээний 2.1-д заасны дагуу нэг техникийн үнийн бүрэн төлж нөгөө техникийн үнээс багагүй хувийг төлсөн. Иймд “О ” ХХК-ийг 196,732,800 төгрөгийн үнэ бүхий СХG06121С0D1D0368 арлын дугаартай, 9689 УН улсын дугаартай зам индүүдэгч техникийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, “М ” ХХК-аас гаргуулж манай өмчлөлд шилжүүлж өгөхийг “М ” ХХК-д даалгаж, төлсөн төлбөрийн зөрүү үнийн дүн болох 39,428,532 төгрөгийг “М ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарт: “М ” ХХК нь 2016 оны 08 сарын 03-ны өдөр сайн дурын үндсэн дээр “О ” ХХК-ийн өөрсдийн сонгосон техникийг үндэслэн санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж итгэлцлийн үндсэн дээр барьцааны гэрээ гэх зүйл шаардахгүйгээр БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг замын индүү, 1 ширхэг асфальтын замын индүү гэх 2 техникийг хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу харилцан тохиролцсон үнэ нийт 352,479,600 төгрөг. “О ” ХХК нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 176,239,800 төлөөд 2 техникийг авч явсан. Гэрээний хугацаанд хуваарийн дагуу 59,921,532 төгрөгийг төлсөн. “М ” ХХК-ийн зүгээс 2016 оны 10 сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 сарын 12-ны өдөр хүртэл төлбөрөө төлөх боломж олгосон боловч төлбөрөө төлөх талаар санаачилга гаргаагүйн дээр техникүүдийг хуучин байсан гэх үндэслэлгүй шалтгаан хэлж төлбөр төлөхөөс зайлсхийж манай компанийг хохироосоор байна. Манай компани нь Хятад улсын “Шамен Шагун” ХХК-тай албан ёсны гэрээтэй ажилладаг бөгөөд уг асуудлын улмаас бидний нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаагаас гадна, валютын ханшийн зөрүү, зээлийн хүүд алдагдалд ороод байгаа билээ. Техникийг хүлээж авахад 23 мото цаг ажилласан байсан гэжээ. Энэ бол Хятадын болон Монголын гаалийн хяналтын талбайд байрлуулах болон шалгаж үзэж нааш цааш явахад л гарах цаг юм. Техникийг хүлээж авснаас 50-аад хоног өнгөрсний дараа кабинд дуу орсон, зэвэрсэн, зузаан замасктай байсан гэх мэт шалтгаанаар хуучин техник байна буцаана гэж албан бичиг ирүүлсэн байдаг. Гэвч бид анх биет байдлын доголдолтой техник хүлээлгэж өгөөгүй бөгөөд техникийн сонголтыг тэд өөрсдөө хийж, шалгаж үзэж хүлээж авсан байдаг ба дараа нь өөрсдийн Оюу толгойтой хийсэн гэрээ цуцлагдаж төлбөрөө төлөх чадваргүй болохоороо хуучин техник гэсэн худал шалтаг хэлж гэрээг цуцлахыг шаардаж байгаа ойлгомжгүй байна. Мөн 2017 оны 07 сарын 28-ны өдрийн “О ” ХХК-ийн ирүүлсэн албан бичигт уг техникүүд нь зам барилгын ажилд зориулагдсан бөгөөд улирлын чанартай ажил гүйцэтгэдэг учир зам барилгын ажил гүйцэтгэх боломжит хугацаанд техникийг бусад зам барилгын компанид түрээслүүлэн төлбөрийн үлдэгдлийг төлөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Улмаар өөрийн нэр дээр шилжүүлж авахыг хүссэн байдаг нь техникүүд нь хэвийн ажиллагаатай эвдрэл, гэмтэлгүй хэвийн үүрэг гүйцэтгэх боломжтой болохыг харуулж байна. Бид давхар Хятадын компанитай гэрээтэй ажилладаг ба эдгээр техникүүдийг Хятадын талаас ирж үзэж биет байдлын доголдолгүй гэж дүгнээд явсан билээ. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                               

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00986 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “О ” ХХК-аас 9,838,668 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,206,600 төгрөгт холбогдох хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 9689 УН улсын дугаартай, CXG06121C0D1D0368 арлын дугаартай, XGMA маркийн зам индүүдэгч техникийн өмчлөгчөөр “О ” ХХК-ийг тогтоож, зам индүүдэгч техникийг “М ” ХХК-иас гаргуулж, зам индүүдэгч техникийг “О ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг “М ” ХХК-д даалгаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 39,428,532 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М ” ХХК-иас 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,180 төгрөгийн 223,176 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч “О ” ХХК-иас 172,368 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ” ХХК-д олгож, хариуцагч “О ” ХХК-иас 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,338,800 төгрөгийн 1,338,756 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 44 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэгч “М ” ХХК-иас 1,141,614 төгрөгийг гаргуулан хариуцагч “О ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1439 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00986 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “О ” ХХК-иас 11,445,268 төгрөг гаргуулах тухай “М ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь,  9689 УН улсын дугаартай,  CXG06121C0D1D0368 арлын дугаартай, XGMA маркийн зам индүүдэгч техникийн өмчлөгчөөр “О ” ХХК-ийг тогтоох, зам индүүдэгч техникийг “О ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг “М ” ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “М ” ХХК-иас 39,428,532 төгрөг гаргуулж хариуцагч “О ” ХХК-д олгосугай” гэж, 2 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,180 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,338,800 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М ” ХХК-иас 355,092 төгрөгийг гаргуулан хариуцагч “О ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 1439 тоот магадлалын зарим хэсгийг үл зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь хэргийг хэлэлцэхдээ Санхүүгийн түрээсийн тухай хууль болон Иргэний хуулийн 312, 313 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулийн холбогдох заалтыг “М ” ХХК-д ашигтай байдлаар хууль зөрчин тайлбарлаж хэрэглэсэн болно. Талуудын хооронд 2016 оны 08 сарын 03-ны өдөр ХД/1608-03 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ гэх нэртэй хэлцэл байгуулагдсан байдаг. “О ” ХХК нь гэрээний зүйл болох 2 ширхэг зам индүүдэгч машиныг анхнаасаа худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж хийсэн бөгөөд төлбөрийн нөхцөлийг зээлээр худалдах-худалдан авах гэрээний нөхцөлөөр байгуулсан. Ийнхүү гэрээ байгуулах үед “М ” ХХК нь гэрээний зүйл болох 2 ширхэг техникийг БНХАУ-ын ХОМА компанийн эд хөрөнгө гэж тайлбарлаж өөрсдийгөө тус компанийн албан ёсны дистрибьютор гэж танилцуулсан. Ингээд 2 ширхэг индүүг хүлээлгэн өгөх үед “М ” ХХК нь тухайн техникүүдийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг цуг хүлээлгэн өгсөн. Уг тээврийн хэрэгслийн гэрчилгээнд “М ” ХХК нь 2016 оны 07 сарын 29-ний өдөр буюу манай компанитай гэрээ байгуулахаас 5 хоногийн өмнө өөрийн нэр дээр өмчлөх эрхээ баталгаажуулан авсан байсан. Гэтэл шүүхэд маргаан үүссэний дараагаар “М ” ХХК нь тухайн 2 ширхэг индүүг БНХАУ-ын ХСМА компанитай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж хүлээн авсан тухайгаа тайлбарлан тус гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. “М ” ХХК болон БНХАУ-ын ХСМА компанийн хооронд байгуулсан гэрээний 3.2.14-д 2 ширхэг техникийг бусдад шилжүүлэхийг хориглосон заалттай гэрээ байсан. Ийнхүү “М ” ХХК нь манай компанийг илтэд хууран мэхэлж техник худалдан авах хүсэл зоригийг маань ашиглан гэрээ байгуулсан. Энэ нь нөгөө талаар Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан нөхцөл шаардлагыг илтэд зөрчсөн хууран мэхэлсэн, хууль зөрчиж хийсэн хэлцэл болоод байгааг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх огт анхаарч дүгнэж үзээгүй болно. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хуульд нийцүүлэн үнэлж гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцсэн хэргийг шударгаар шийдвэрлэсэн дүгнэлт гаргасан болно. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээний урьдчилсан нөхцөлүүдийг анхан шатны шүүхээс зөв тайлбарлан хэрэглэсэн гэж манай компанийн зүгээс үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан талуудын хооронд хийгдсэн гэрээ нотлох баримтаар авагдсаар байтал Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтыг илтэд мушгин хуулийг буруу тайлбарласан болох нь магадлалын Хянавал хэсгээс тодорхой харагдана. Шүүхээс хуулийг тайлбарлан хэрэглэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, талуудын мэтгэлцэж буй тайлбар үндэслэлд тулгуурлан хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоон дүгнэлт хийх ёстой шударга ёсны зарчмыг зөрчин шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн. Магадлалын хянавал хэсэгт Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2-т заасан Санхүүгийн түрээсийн гэрээнд заавал байх ёстой буюу хуулиар тогтоож өгсөн шаардлагыг хангасан гэж дүгнэж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан талуудын хооронд хийгдсэн гэрээг нотлох баримтаар огт үнэлээгүйг тодорхой харуулж байна. Мөн магадлалын хянавал хэсэгт “... 2016.10.3-2017.04.12-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч 2017.04.12-ны өдөр 2 ширхэг техникийг буцаан авсан гэсэн хэт өрөөсгөл нэг талыг барьсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийсэн. Учир нь “О ” ХХК-ийн зүгээс 2016.09.13 өдрийн 151 дугаартай албан бичгээр техникийн доголдлын талаар мэдэгдэж, 2016.09.28-ны өдөр талуудын төлөөллийг байлцуулан протокол үйлдэж “Монтрак” ХХК-д доголдлын талаар мэдэгдсэн. Гэвч “М ” ХХК-ийн зүгээс ямар ч арга хэмжээ авалгүй 2017 оны 4 сар хүргэсэн байдаг. 2017.04.12-ны өдөр “М ” ХХК нь техникүүдийн доголдлыг оношилж шаардлагатай засвар үйлчилгээг хийх зорилгоор авах хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг нь хэрэгт авагдсан байгаа болно. Хавтаст хэрэгт “М ” ХХК-аас техникийг хүлээн авч засвар үйлчилгээ, оношлогоо хийлгэхээр 2 ширхэг техникийг буцаан авсан үйлдлийг Давж заалдах шатны шүүх илтэд гуйвуулан төлбөр төлөөгүй үндэслэлээр хураан авсан гэж дүгнэж байгаа нь илт нэг талыг барьсан нотлох баримтыг ИХШХШТХ-д зааснаар үнэлээгүй, хууль зөрчсөн магадлал гарах үндэслэл нь болоод байгаа билээ. Мөн магадлалаас харвал давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ “О ” ХХК-ийг 8 сар 6 хоног түрээсийн техникийг ашигласан гэж буруу дүгнэлт хийж “М ” ХХК-д ашигтайгаар тайлбарлаж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий магадлал гарах хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Учир нь “О ” ХХК-ийн зүгээс техникийн талаар 2016.09.13 болон 2016.09.28-ны өдрүүдэд “М ” ХХК-д мэдэгдэж, 2016.10.04-ний өдрийн 160 тоот албан бичгээр 2016.10.04-ний өдрөөс эхлэн техникүүдийг ажилд гаргалгүй зогсоож байгаагаа мэдэгдсэн. Нэгэнт худалдан авагч тал Иргэний хуульд заасны дагуу гэрээний зүйлийн доголдлын талаар худалдагчид мэдэгдсэн байтал огт арга хэмжээ аваагүй болохыг шүүхээс огт дүгнэн үзээгүй юм. Харин ийнхүү мэдэгдсэнээр төлбөрийг зогсоосон бөгөөд үүнийг ч “М ” ХХК нь маш тодорхой мэдэж байгаа болно. Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтаар “О ” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хангалттай нотлогдож байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж, хууль зөрчиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж буй явдал юм. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1439 тоот магадлалын тогтоох хэсгийн 1-д заасан “9689 УН улсын дугаартай, ХСМА маркийн зам индүүдэгч техникийн өмчлөгчөөр “О ” ХХК-ийг тогтоож, зам индүүдэгч техникийг “О ” ХХК-д шилжүүлэхийг “М ” ХХК-д даалгах сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон” хэсгийг хүчингүй болгож, “9689 УН улсын дугаартай, ХСМА маркийн зам индүүдэгч техникийн өмчлөгчөөр “О ” ХХК-ийг тогтоож, зам индүүдэгч техникийг “О ” ХХК-д шилжүүлэхийг “М ” ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлсноос хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч “О ” ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу техникийг ашигласан хугацааны төлбөр, техник хураан авахтай холбогдон гарсан зардал болон нотариатын үйлчилгээний төлбөр нийт  11,445,268.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...9689УН дугаартай техникийн үнийг бүрэн төлсөн тул хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, уг техникийг “М ” ХХК-аас гаргуулж, “О ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг  даалгуулах, илүү төлсөн төлбөр 39,428,532.00 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрчээ.

2016 оны 08 сарын 03-ны өдөр “М ” ХХК болон “О ” ХХК-ийн хооронд “Санхүүгийн түрээсийн гэрээ” нэртэй хэлцэл хийгдэж, “М ” ХХК нь 155,746,800.00 төгрөгийн үнэ бүхий XG6201P маркийн CXG06201P0P1D0283 арлын дугаартай техник, 196,732,800.00 төгрөгийн үнэ бүхий XG6121D маркийн CXG06121C0D1D0368 арлын дугаартай техник, нийт 352,479,600.00 төгрөгийн үнэ бүхий техникийг “О ” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад 2016 оны 08 сарын 03-ны өдрөөс 2016 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэл шилжүүлэх, “О ” ХХК нь техникийг ашиглаж, тогтмол гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөр төлөх, түрээсийн хугацаа дуусахад “О ” ХХК нь түрээсийн төлбөр, шаардлагатай бусад зардлыг бүрэн төлсөн тохиолдолд дээрх техникүүд “О ” ХХК-ийн өмчлөлд шилжихээр тохиролцсон байна.

Түүнчлэн “О ” ХХК нь урьдчилгаа төлбөрт дээрх хоёр техникийн үнийн  50 хувийг төлөх, үлдэх төлбөрийг 2016 оны 09 сарын 03, 10 сарын 03, 11 сарын 03-ны өдөр тухайн сарын 2 хувийн хүүгийн хамт төлөх, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй 14 хоног өнгөрсөн тохиолдолд гэрээг цуцалж, техникийн хураан авч, техникийг ашигласан сар тутмын хөлсийг түрээсийн нөхцөлөөр тооцож, 15,000,000.00 төгрөгийг төлөхөөр гэрээнд заажээ.

Хариуцагчийг санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар техникийг хурааж авсан, техникийг ашигласан 8 сар 6 хоногийн түрээсийн төлбөр нийт 246,000,000.00 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 236,161,332.00 төгрөгийг хасч тооцон, түрээсийн төлбөрт 9,838,668.00 төгрөг, техник хураан авахад гарсан зардалд 1,600,000.00 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд 6,600.00 төгрөг, нийт 11,445,268.00 төгрөг гаргуулна гэж  нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний нөхцөл нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан шинжүүдийг агуулаагүй гэж дүгнэснийг  Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д нийцсэн гэж үзнэ.

“О ” ХХК нь “М ” ХХК-д нийт 352,479,600.00 төгрөг төлөхөөс хариуцагчийн 2016 оны 08 сарын 16-ны өдөр төлсөн 176,239,800.00 төгрөг, 09 сарын 05-ны өдөр төлсөн 59,921,532.00 төгрөг, нийт 236,161,332.00 төгрөгийг хасч тооцон 116,318,268.00 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2016 оны 09 сарын 13-ны өдөр “О ” ХХК нь “М ” ХХК-д гэрээний зүйл болох техникийн үйл ажиллагаа доголдсон, шаардлага хангахгүй байгаа тул техникийг буцааж, гэрээг цуцлах санал хүргүүлсэн, түүнчлэн 2016 оны 09 сарын 28-ны өдөр хийгдсэн талуудын уулзалтаар техникийн эвдрэл гэмтлийн талаар ярилцаж, протокол үйлдсэн, 2017 оны 04 сарын 12-ны өдөр “Техник хүлээлцэх акт”-аар техникийг “М ” ХХК-ийн худалдааны төлөөлөгч хүлээн авсан үйл баримт тогтоогджээ.

“М ” ХХК нь “Техникийн баталгаа”-ны дагуу хариуцагчид шилжүүлсэн техникүүдийн эвдрэлийн шалтгааныг судлан үзэж, акт тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүйгээр тухайн техникүүдийг өөрийн эзэмшилд буцаан авсан байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах  үндэслэлгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээг бүрэн болон хэсэгчлэн цуцлах талаар бичгээр саналаа хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд түүнийг CXG06121C0D1D0368 арлын дугаартай техникийн үнэ 196,732,800.00 төгрөгийг бүрэн төлсөн, харин 155,746,800.00 төгрөгийн үнэ бүхий CXG06201P0P1D0283 арлын дугаартай техниктэй холбоотой хэсгээр гэрээг хэсэгчлэн цуцалсан гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 9.3-т “...төлбөр төлөх хуваарийн дагуу төлөөгүй 14 хоног өнгөрсөн тохиолдолд гэрээг цуцалж, техникээ хураан авч, түрээсийн техникийг ашигласан сар тутамд түрээсийн нөхцөлөөр 1 сарын 15,000,000.00 төгрөгөөр тооцож, ашигласан сар бүрээр үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ” гэснийг талууд техникийг ашигласан үеийн хохирлын хэмжээг хэрхэн тооцохоо урьдчилан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

Дээрх 15,000,000.00 төгрөгийг 2 техник ашигласны төлбөрийн хэмжээ гэж үзэхэд  CXG06201P0P1D0283 арлын дугаартай техникийг ашигласан хугацааг гэрээний нөхцөлөөр тооцоход 7 сар 7 хоногт нийт 54,941,859.00 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хариуцагчид үүсчээ. Хариуцагч нь CXG06121C0D1D0368 арлын дугаартай техникийн үнэ 196,732,800.00 төгрөгийг бүрэн төлсөн, харин CXG06201P0P1D0283 арлын дугаартай техникийн тухайд тэрээр 39,428,532.00 төгрөгийг төлсөн боловч гэрээг хэсэгчлэн цуцалсантай холбоотойгоор төлөгдөөгүй төлбөрийн хэмжээ нь 15,513,327.00 төгрөг байна. Гэвч нэхэмжлэгч нь техникийг ашигласан хугацааны төлбөрт 9,838,668.00 төгрөг нэхэмжилсэн тул шаардлагынх нь хүрээнд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-т нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас техник хурааж авсан зардалд 1,600,000.00 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд 6,600.00 төгрөгийг гаргуулахаар шаардсан хэдий ч энэ хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Гэрээний дагуу шилжүүлэн авахаар тохиролцсон 2 техникийн 1 болох CXG06121C0D1D0368 арлын дугаартай, 9689 УН дугаартай техникийн үнийг бүрэн төлсөн тул уг техникийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, техникийг “М ” ХХК-аас гаргуулж, “О ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг “М ” ХХК-д даалгуулах, илүү төлсөн төлбөр 39,428,532.00  төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хариуцагч гаргасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагчийг  CXG06121C0D1D0368 арлын дугаартай, 9689УН дугаартай техникийн үнийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн гэж дүгнэж, “О ” ХХК-ийг дээрх техникийн өмчлөгчөөр тогтоож, уг техникийг “М ” ХХК-аас гаргуулж, хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн  гэж үзнэ.

Хариуцагч нь илүү төлсөн төлбөр 39,428,532.00 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн, гэрээг хэсэгчлэн цуцалсан болон техник ашигласны төлбөртэй холбоотойгоор талуудын хооронд үүсэх үүргийг харилцан тооцож дуусгавар болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв юм.

Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээг Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1, 313.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан санхүүгийн түрээсийн гэрээ гэж дүгнэхдээ хэлцлийн нэрэнд хөтлөгдөж, гэрээний нөхцөлүүд гэрээний  үүргийн аль төрлийн шинжийг илүү агуулж байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг давж заалдах шатны шүүхийн магадлал хангаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1439 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00986 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.   

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “О ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 1,145,000.00 /нэг сая нэг зуун дөчин таван мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УНДРАХ

 ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН