Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1439

 

“М Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00986 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “М Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “О Т З” ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 13 045 268 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, CXG06121C0D1D0368 арлын дугаартай, 9689УН дугаартай техникийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, техникийг М Г ХХК-аас гаргуулж, О Т З ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг М Г ХХК-д даалгуулах, илүү төлсөн төлбөр 39 428 532 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “О Т З” ХХК-тай 16/09 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж XG6201Р маркийн СХG06201Р0Р1D0283 арлын дугаартай 155 746 800 төгрөгийн үнэ бүхий зам индүүдэгч, XG6121D маркийн СХG06121С0D1D0368 арлын дугаартай 196 732 800 төгрөгийн үнэ бүхий асфальтны индүү зэргийг “техник хүлээлцэх акт” үйлдэж шинээр нь хүлээлгэн өгсөн. Уг гэрээгээр түрээслэгч “О Т З” ХХК нь 2 техникийн нийт үнэ 352 479 600 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 176 239 800 төгрөгийг төлж 176 239 800 төгрөгийн түрээсийн төлбөрийг 3 сарын хугацаагаар төлж дуусгаснаар түрээсийн зүйлийг өмчлөлдөө шилжүүлэхээр тохиролцсон. “О Т З” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 59 921 532 төгрөгийг төлсөнөөс өөр төлбөр төлөөгүй бөгөөд манай компани 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаа олгосон боловч санаачилга гаргаагүй тул арга буюу 2 техникийг буцааж авсан. “О Т З” ХХК нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг гүйцэтгэх боломжгүй болохоороо хуучин техник байсан гэх үндэслэлгүй шалтаг хэлж байна. “М Г” ХХК нь уг техникүүдийг БНХАУ-ын үйлдвэрээс валютын зээлээр авч нийлүүлдэг учир валютын ханшийн зөрүү, зээлийн хүү, бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. “О Т З” ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээний 9.3-т зааснаар түрээсийн төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тул техник хүлээж авсан 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс техник буцааж өгсөн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 8 сар 6 хоногийн 2 техникийн түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний 9.3-т зааснаар түрээсийн техникийг ашигласан сар тутамд түрээсийн нөхцлөөр 1 техник сарын 15 000 000 төгрөг болно. Иймд О Т З ХХК-аас 8 сар 6 хоногийн 2 техникийн түрээсийн төлбөр 246 000 000 төгрөгөөс түрээсийн төлбөрт төлсөн 236 161 332 төгрөгийг хасаж, гэрээний 9.11-т зааснаар нотариатын зардал 6 600 төгрөг, техник хурааж авсан зардал 1 600 000 төгрөг, нийт 11 445 268 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “О Т З” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “О Т З” ХХК, “М Г” ХХК-ийн хооронд 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн шаардлагад нийцсэн биет болон эрхийн зөрчилгүй техникүүд нийлүүлэх байсан боловч уг техникүүд нь 20 мото/цаг ажиллаад үйл ажиллагаа нь доголдсон, шаардлагад нийцэхгүй хуучин техникүүд байсан тул тухайн үед түрээслүүлэгч талд цахим шуудан болон утсаар мэдэгдэж, маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг хичээн биечлэн хэд хэдэн удаа уулзсан, мөн 11.2-т зааснаар техникүүдийг буцааж гэрээг цуцлах санал хүргүүлэн, хөрөнгийн үнэлгээний байгууллагаас шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах зэрэг санал гаргаж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 151 тоот, 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 160 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16/186 тоот дугаартай албан тоотуудаар асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзсэн. “М Г” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 017/150-7 дугаар албан тоотод уг техникүүдийг “О Т З” ХХК-ийн Өмнөговь аймаг Цагаан хаданд байрлах кемпээс авч ирж үзлэг оношилгоо хийлгэх, эвдрэл гэмтлийг тогтоолгох хүсэлтэйгээ илэрхийлсэн тул “О Т З” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны 17/12 тоот албан бичгээр зөвшөөрснөөр “М Г” ХХК-ийн хашаанд авч ирсэн. М Г ХХК-ийн захирал Н.Уранчимэг нь гэрээний харилцааг ашиглан залилан мэхлэх замаар техникүүдийг буцаан татаж авсан. Манай компани одоогийн байдлаар 236 161 332 төгрөг төлөөд байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 2 техникийг 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр “О Т З” ХХК-д хүлээн авахад 9689 УН улсын дугаартай техник нь нийт 23 мото цаг ажилласан, 9685 УН улсын дугаартай техник нь 25 мото цаг ажилласан байсан. Гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу 9685 УН индүү нь 155 746 800 төгрөг, 9689 УН индүү нь 196 732 800 төгрөгийн үнэтэй. “О Т З” ХХК нь гэрээний 7.5-д заасны дагуу нийт төлбөрийн 50 хувь болох 176 239 800 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний 7.7-д заасны дагуу 59 921 532 төгрөг төлсөн. О Т З ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.9-д заасны дагуу түрээслэн авсан эд зүйлд доголдлын талаар “М Г” ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн боловч “М Г” ХХК нь гэрээний 8 дугаар зүйлд зааснаар үүргээ биелүүлэлгүй, арга хэмжээ аваагүй учраас “О Т З” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөр тасалбар болгон техникүүдийг ажилд гаргалгүй зогсоож, энэ талаараа мэдэгдсэн. Мөн Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7-д зааснаар түрээсийн төлбөрийг зогсоосон. “М Г” ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “О Т З” ХХК-д 017/150-7 тоот албан бичгээр 2 техникийг Өмнөговь аймагт байрлах “О Т З” ХХК-ийн кемпээс Улаанбаатар хотод авч ирж үзлэг, оношилгоо хийлгэх, эвдрэл гэмтлийг тогтоолгох хүсэлтээ илэрхийлснийг зөвшөөрсөн. “О Т З” ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг огт зөрчөөгүй бөгөөд “М Г” ХХК нь 2 техникийг үзлэг оношилгоонд хамруулах зорилгоор шилжүүлэн авсан. “О Т З” ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнийн дүнгийн 67 хувь буюу нийт 236 161 332 төгрөгийг төлсөн нь гэрээний 2.1-д заасны дагуу нэг техникийн үнийн бүрэн төлж нөгөө техникийн үнээс багагүй хувийг төлсөн. Иймд “О Т З” ХХК-ийг 196 732 800 төгрөгийн үнэ бүхий СХG06121С0D1D0368 арлын дугаартай, 9689 УН улсын дугаартай зам индүүдэгч техникийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, “М Г” ХХК-аас гаргуулж манай өмчлөлд шилжүүлж өгөхийг “М Г” ХХК-д даалгаж, төлсөн төлбөрийн зөрүү үнийн дүн болох 39 428 532 төгрөгийг М Г ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “М Г” ХХК, түүний төлөөлөгч сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбартаа: “М Г” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр сайн дурын үндсэн дээр “О Т З” ХХК-ийн өөрсдийн сонгосон техникийг үндэслэн санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж итгэлцлийн үндсэн дээр барьцааны гэрээ гэх зүйл шаардахгүйгээр БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг замын индүү, 1 ширхэг асфальтын замын индүү гэх 2 техникийг хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу харилцан тохиролцсон үнэ нийт 352 479 600 төгрөг. “О Т З” ХХК нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 176 239 800 төлөөд 2 техникийг авч явсан. Гэрээний хугацаанд хуваарийн дагуу 59 921 532 төгрөгийг төлсөн. “М Г” ХХК-ийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл төлбөрөө төлөх боломж олгосон боловч төлбөрөө төлөх талаар санаачилга гаргаагүйн дээр техникүүдийг хуучин байсан гэх үндэслэлгүй шалтгаан хэлж төлбөр төлөхөөс зайлсхийж манай компанийг хохироосоор байна. Манай компани нь Хятад улсын Шамен Шагун ХХК-тай албан ёсны гэрээтэй ажилладаг бөгөөд уг асуудлын улмаас бидний нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаагаас гадна, валютын ханшийн зөрүү, зээлийн хүүд алдагдалд ороод байгаа билээ. Техникийг хүлээж авахад 23 мото цаг ажилласан байсан гэжээ. Энэ бол Хятадын болон Монголын гаалийн хяналтын талбайд байрлуулах болон шалгаж үзэж нааш цааш явахад л гарах цаг юм. Техникийг хүлээж авснаас 50-аад хоног өнгөрсний дараа кабинд дуу орсон, зэвэрсэн, зузаан замасктай байсан гэх мэт шалтгаанаар хуучин техник байна буцаана гэж албан бичиг ирүүлсэн байдаг. Гэвч бид анх биет байдлын доголдолтой техник хүлээлгэж өгөөгүй бөгөөд техникийн сонголтыг тэд өөрсдөө хийж, шалгаж үзэж хүлээж авсан байдаг ба дараа нь өөрсдийн Оюу толгойтой хийсэн гэрээ цуцлагдаж төлбөрөө төлөх чадваргүй болохоороо хуучин техник гэсэн худал шалтаг хэлж гэрээг цуцлахыг шаардаж байгаа ойлгомжгүй байна. Мөн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “О Т З” ХХК-ийн ирүүлсэн албан бичигт уг техникүүд нь зам барилгын ажилд зориулагдсан бөгөөд улирлын чанартай ажил гүйцэтгэдэг учир зам барилгын ажил гүйцэтгэх боломжит хугацаанд техникийг бусад зам барилгын компанид түрээслүүлэн төлбөрийн үлдэгдлийг төлөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Улмаар өөрийн нэр дээр шилжүүлж авахыг хүссэн байдаг нь техникүүд нь хэвийн ажиллагаатай эвдрэл, гэмтэлгүй хэвийн үүрэг гүйцэтгэх боломжтой болохыг харуулж байна. Бид давхар Хятадын компанитай гэрээтэй ажилладаг ба эдгээр техникүүдийг Хятадын талаас ирж үзэж биет байдлын доголдолгүй гэж дүгнээд явсан билээ. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О Т З ХХК-аас 9 838 668 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М Г” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 206 600 төгрөгт холбогдох хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 9689 УН улсын дугаартай, CXG06121C0D1D0368 арлын дугаартай, XGMA маркийн зам индүүдэгч техникийн өмчлөгчөөр О Т З ХХК-ийг тогтоож, зам индүүдэгч техникийг М Г ХХК-иас гаргуулж, зам индүүдэгч техникийг “О Т З” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг М Г ХХК-д даалгаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 39 428 532 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М Г” ХХК-иас 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223 180 төгрөгийн 223 176 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч “О Т З” ХХК-иас 172 368 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Г ХХК-д олгож, хариуцагч О Т З ХХК-иас 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 338 800 төгрөгийн 1 338 756 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 44 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэгч М Г ХХК-иас 1 141 614 төгрөгийг гаргуулан хариуцагч О Т З ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхээс Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад зааснаар санхүүгийн түрээс нь "гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байх", "гэрээний хугацааг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байхаар тоггоосон байх", "гэрээний нийт үнийг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн үнийн дунгийн 90 болон түүнээс дээш хувьтай тэнцүү байхаар тогтоосон байх" шаардлагуудыг хангасан байх ёстой. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь дээрх шаардлагуудыг хангаагүй тул санхүүгийн түрээсийн гэрээ биш, зээлээр худалдах, худаддан авах гэрээ гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дах хэсэгг талууд өмнөх үүргийг солихоор тохиролцож болохыг зохицуулсан ба гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт төлбөр төлөх үүргийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулнйв 318 дугаар  зүйлд заасан түрээсийн гэрээний үүргийн эрх зүйн харилцаа үүсэх агуулгатай тохиролцоог талууд гэрээндээ бичгээр хийсэн. Иймээс зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

“О Т З“ ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 151 тоот албан бичгээр уг техникүүд 20 мото/цаг ажиллаад үйл ажиллагаа доголдсон бөгөөд цаашид бидний шаардлагад нийцэхгүй хуучин техникүүд байна гэсэн тул 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “М Г” ХХК-ийн 017/150-7 тоот албан бичгээр техник хүлээлцэх акт үйлдэн хоёр техникийг хүлээн авч, Хятадын компаниас ирсэн төлөөлөгч болон бусад шинжээчээр доголдолтой эсэх талаарх үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэе гэсэн. Талууд зөвшөөрч 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “М Г” ХХК-ийн ажлын комисс ажиллуулах тухай захирлын тушаал гарсан. Тус тушаалын дагуу хоёр машинд "Мастер үнэлгээ" ХХК-ийн төлөөлөгч инженерүүд, "О Т З" ХХК-ийн төлөөлөгч инженерүүд, “М Г” ХХК-ийн төлөөлөгч инженерүүд, БНХАУ-н "XGMA" компанийн үйлчилгээ, борлуулалтын төлөөлөгч нар үзлэг, оношилгоог хийж, ажлын комиссын протокол үйлдсэн байдаг. Тус протоколоос үзэхэд тухайн хоёр машинд эвдрэл, гэмтэл байхгүй бөгөөд элэгдэлүүд нь машин ажиллуулахад гардаг хэвийн үзэгдэл гэдгийг тодорхойлсон байдаг. Тухайн 2 техник нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой байсан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу хийсэн үзлэгээр хэвийн ажиллагаатай, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой техникүүд гэдэг нь давхар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх ямар нотлох баримтыг үндэслэн тухайн 2 техникийг эд хөрөнгийн доголдолтой байна гэж дүгнэсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй байх бөгөөд эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах эрх хариуцагчид байхгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 9689 УН улсын дугаартай, CXG06121C0D1D038 арлын дугаартай, XGMA маркын зам индүүдэгч техникийн өмчлөгчөөр "О Т З" ХХК-ийг тогтоож, зам индүүдэгч техникийг М Г ХХК-иас гаргуулж, зам индүүдэгч техникийг "О Т З" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг "М Г" ХХК-д даалгасныг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч М Г ХХК нь хариуцагч О Т З ХХК-д холбогдуулж түрээсийн төлбөр 9 838 668 төгрөг, техник хураан авахад гарсан зардал 1 600 000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 6 600 төгрөг, нийт 11 445 268 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 9689 УН дугаартай техникийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, техникийг М Г ХХК-аас гаргуулж, О Т З ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг М Г ХХК-д даалгуулах, илүү төлсөн төлбөр 39 428 532 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

1.Үндсэн нэхэмжлэлийн талаар

Зохигчдын хооронд 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээ  гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр М Г ХХК нь 155 746 800 төгрөгийн үнэ бүхий XG6201P маркын CXG06201P0P1D0283 арлын дугаартай техник, 196 732 800 төгрөгийн үнэ бүхий XG6121D маркын CXG06121C0D1D0368 арлын дугаартай техник, нийт 352 479 600 төгрөгийн үнэ бүхий техникийг О Т З ХХК-ийн эзэмшил, ашиглалтад 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлэх, О Т З ХХК нь техникийг ашигласны төлөө тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх, түрээсийн хугацаа дуусахад О Т З ХХК нь түрээсийн төлбөр, шаардлагатай бусад зардлыг бүрэн төлсөн бол 2 ш техник О Т З ХХК-ийн өмчлөлд шилжихээр, О Т З ХХК нь урьдчилгаа төлбөрт 176 239 800 төгрөгийг төлөх, үлдэх 176 239 800 төгрөгийн 2016 оны 9 сарын 3-ны өдөр 58 746 600 төгрөгийг, тухайн сарын хүү болох 2 хувийн хүү 1 174 932 төгрөгийн хамт, 2016 оны 10 сарын 3-ны өдөр 58 746 600 төгрөгийг, тухайн сарын хүү болох 2 хувийн хүү 1 174 932 төгрөгийн хамт, 2016 оны 11 сарын 3-ны өдөр 58 746 600 төгрөгийг, тухайн сарын хүү болох 2 хувийн хүү 1 174 932 төгрөгийн хамт  тус тус төлөхөөр, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй 14 хоног өнгөрсөн тохиолдолд гэрээг цуцалж, техникийн хураан авч, техникийг ашигласан сар тутам түрээсийн нөхцлөөр 1 сарын 15 000 000 төгрөгийн төлбөр тооцохоор харилцан тохиролцсон байна. /хх-ийн 6-11/

Зохигчдын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ  нь Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1, 313.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 313 дугаар зүйлийн 313.3 дах хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байхад Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хууль хэрэглээний алдаатай болжээ.

Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд түрээсийн зүйлийн төлбөр төлөгдөж дуусмагц түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэх агуулгаар харилцан тохиролцсон нь санхүүгийн түрээсийн гэрээний шинжийг агуулсан байхад худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж үндэслэлгүй дүгнэснээс гадна Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад “гэрээний нийт үнийг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн үнийн дүнгийн 90 болон түүнээс дээш хувьтай тэнцүү байхаар тогтоосон байх” гэж заасныг уг гэрээний агуулга хангаагүй гэж үзсэн нь буруу байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1. дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Хариуцагч О Т З ХХК нь  гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч М Г ХХК-д нийт 356 004 396 төгрөг төлөхөөс 2016 оны 8 сарын 16-ны өдөр төлсөн 176 239 800 төгрөг 2016 оны 9 сарын 5-ны өдөр 59 921 532 төгрөг нийт 236 161 332 төгрөгийг төлсөн,  /хх-ийн 215, 216/ боловч  2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч 2017 оны 4 сарын 12-ны өдөр түрээсийн 2 ширхэг техникийг  буцаан авснаар санхүүгийн түрээсийн гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдсон байна.  /хх-ийн 18/

Хариуцагч санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу техникийн хурааж авсан, техникийг ашигласан хугацаа буюу 8 сар 6 хоногийн түрээсийн төлбөрийг гэрээнд заасан 15 000 000 төгрөгөөр нэг техникийн түрээсийн төлбөрийг тооцож, нийт 246 000 000 төгрөгийн төлбөрийг /15 000 000 * 2 * 8 сар 6 хоног/ хариуцагчаас авах ёстойгоос хариуцагчаас төлсөн 236 161 332 төгрөгийг хасч тооцсон гэж  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Гэвч гэрээний 9.3-т “гэрээний төлбөр төлөх хуваарийн дагуу төлөөгүй 14 хоног өнгөрсөн тохиолдолд гэрээг цуцалж, техникээ хураан авч, түрээсийн техникийг ашигласан сар тутамд түрээсийн нөхцөлөөр 1 сарын 15 000 000 төгрөгөөр тооцож, ашигласан сар бүрээр үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасантай нийцсэн байхаас гадна түрээсийн зүйл нь  XG6201P маркын асфальтны индүү,  XG6121D маркын зам индүүдэгч гэж гэрээний 2.1-д тодорхойлсон, техник тус бүрт 15 000 000 төгрөгийн төлбөр тооцохоор тохиролцоогүй байна.

Иймд хариуцагч  нь гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээнийн 9.3-т зааснаар 8 сар, 6 хоногийн түрээсийн төлбөрт 123 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх бөгөөд тэрээр 236 161 332 төгрөгийг төлсөн,  113 318 268 төгрөг илүү төлсөн  тул төлөх төлбөргүй байна.

Зохигчдын хоорондох гэрээний харилцаа дуусгавар болсон тул хариуцагч нь эд хөрөнгийн урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцаан авах үндэслэлтэй боловч тэрээр сөрөг нэхэмжлэлээр 39 428 532 төгрөг шаардсан тул энэ хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийг хангах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан шаардлагад нийцнэ.

Нэхэмжлэгч нь техник хурааж авсан зардалд 1 600 000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд 6 600 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн боловч уг зардал нэхэмжлэгчид учирсан хохирол болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

2.Сөрөг нэхэмжлэлийн талаар

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний дагуу шилжүүлэн авахаар тохиролцсон 2 техникийн 1 болох CXG06121C0D1D0368 арлын дугаартай, 9689 УН дугаартай техникийн үнийг бүрэн төлсөн тул уг техникийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, техникийг М Г ХХК-аас гаргуулж, О Т З ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг М Г ХХК-д даалгуулах, илүү төлсөн төлбөр 39 428 532 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан, ийнхүү цуцлагдсан тохиолдолд гэрээний 9.3-т зааснаар санхүүгийн түрээсийн төлбөрийг түрээсийн нөхцөлөөр 1 сарын 15 000 000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон тул төлөгдсөн 236 161 332  төгрөгөөс түрээсийн төлбөрт тооцогдсон 123 000 000 төгрөгийг хасч зөрүү 113 318 268 төгрөгийг  нэхэмжлэгчээс шаардах эрхтэй боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжилсэн  39 428 532 төгрөгийг нэхэмжлэгч  М Г ХХК-иас  гаргуулж хариуцагч “О Т З” ХХК-д олгож, 9689 УН улсын дугаартай, CXG06121C0D1D0368 арлын дугаартай, XGMA маркийн зам индүүдэгч техникийн өмчлөгчөөр О Т З ХХК-ийг тогтоох, уг техникийг М Г ХХК-иас гаргуулж, “О Т З” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.