Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 00986

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О  ХХК-д холбогдох

13,045, 268 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, CXG06121C0D1D0368 арлын дугаартай, 9689 УН дугаартай техникийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, техникийг М  ХХК-аас гаргуулж, О  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг М  ХХК-д даалгуулах, илүү төлсөн төлбөр 39,428,532 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Иманмагзам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагчийн төлөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2016 оны 8 сарын 3-ны өдөр О  ХХК-тай сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож 16/09 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан XG6201Р маркийн СХG06201Р0Р1D0283 арлын дугаартай 155,746,800 төгрөгийн үнэ бүхий зам индүүдэгч, XG6121D маркийн СХG06121С0D1D0368 арлын дугаартай 196,732,800 төгрөгийн үнэ бүхий асфальтны индүү зэргийг “Техник хүлээлцэх акт”-ийг техник тус бүрт нь үйлдэж шинэ техник болохыг нотолсон баримттай О  ХХК-д хүлээлгэн өгсөн. Зам индүүдэгч, асфальтны индүү зэргийг О  ХХК нь худалдан авах сонголтыг сайн дураар чөлөөтэй хийсэн бөгөөд манай компани тулган шаардаагүй. Уг Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслэгч тал О  ХХК нь 2 техникийн нийт үнэ 352,479,600 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 176,239,800 төгрөгийг төлж 176,239,800 төгрөгийн түрээсийн төлбөрийг 3 сарын хугацаатайгаар бүрэн төлж дуусгаснаар түрээсийн зүйлийг өмчлөлдөө шилжүүлэх эрхтэй болохоор харилцан тохиролцсон. 2016 оны 9 сарын 5-ны өдөр О  ХХК нь түрээсийн төлбөр төлөх хуваарийн дагуу 59,921,532 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш 16/09 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээгээр О  ХХК хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан бөгөөд манай компанийн зүгээс түрээсийн төлбөр төлөх хугацааг 2016 оны 10 сарын 3-ны өдрөөс 2017 оны 4 сарын 12-ны өдөр хүртэл олгосон боловч О  ХХК түрээсийн төлбөр төлөх санаачилга гаргаагүй. М  ХХК-ийн зүгээс арга буюу 2 техникийг буцааж авсан. О  ХХК нь Зам индүүдэгч, асфальтны индүү зэргийг санхүүгийн түрээсийн нөхцлөөр авахаар тохиролцчихоод төлбөрийг гүйцэтгэх боломжгүй болохоороо хуучин техник байсан гэх үндэслэлгүй шалтгаанаар М  ХХК-ийг хохироож байна. Манай компани нь уг техникүүдийг БНХАУ-ын үйлдвэрээс валютын зээлээр авч нийлүүлдэг учир валютын ханшийн зөрүү, зээлийн хүү цаашлаад бизнесийн нэр хүндэд хүртэл сөргөөр нөлөөлж байна. О  ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээний 9.3-т зааснаар түрээсийн төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тул техник хүлээж авсан 2016 оны 8 сарын 6-ны өдрөөс техник буцааж өгсөн 2017 оны 4 сарын 12-ны өдөр хүртэл 8 сар 6 хоногийн 2 техникийн түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн. 16/09 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний 9.3-т зааснаар түрээсийн техникийг ашигласан сар тутамд түрээсийн нөхцлөөр 1 техник сарын 15,000,000 төгрөг болно. Иймд О  ХХК-аас 8 сар 6 хоногийн 2 техникийн түрээсийн төлбөр 246,000,000 төгрөгөөс түрээсийн төлбөрт төлсөн 236,161,332 төгрөгийг хасаж, 16/09 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний 9.11-т зааснаар нотариатын зардал 6,600 төгрөг, техник хурааж авсан зардал 1,600,000 төгрөгийг нэмж 13,045,268 төгрөгийг гаргуулж М  ХХК-д олгож өгөх нэхэмжлэл гаргасан. Тооцооллын хувьд алдаа гаргасан байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг санхүүгийн түрээсийн гэрээний дагуу техникийг ашигласан хугацааны төлбөр 9,838,668 төгрөг, техник хураан авахад гарсан зардал 1,600,000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 6,600 төгрөг, нийт 11,445,268 төгрөг болгон багасгаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О  ХХК болон М  ХХК-ийн хооронд 2016 оны 8 сарын 3-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээ ёсоор түрээслүүлэгч нь түрээслэгчийн шаардлагад нийцсэн биет болон эрхийн зөрчилгүй техникүүд нийлүүлэх байсан боловч уг техникүүд нь 20 мото/цаг ажиллаад үйл ажиллагаа нь доголдсон, мөн бидний шаардлагад нийцэхгүй хуучин техникүүд байсан бөгөөд тухайн үед түрээслүүлэгч талд цахим шуудан болон утсаар холбогдож мэдэгдэж байсан. Гэрээндээ талуудын хооронд маргаан үүсвэл тухайн маргааныг талууд юуны өмнө эвийн журмаар шийдвэрлэхийг хичээн эрмэлзэнэ гэсэн 11.1 заалтыг удирдлага болгон биечлэн хэд хэдэн удаа уулзсан, мөн 11.2-т зааснаар “Маргаан үүсгэсэн тал уул маргааны шалтгаан нөхцлийн талаарх тайлбар, мэдэгдлээ нөгөө талдаа албан ёсоор бичгээр хандаж мэдэгдэнэ” гэсэн заалтын дагуу техникүүдийг буцааж гэрээг цуцлах саналыг хүргүүлж ажлын хэсэг гаргах, хөрөнгийн үнэлгээний байгууллагаас шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах зэрэг санал гаргаж, 2016 оны 9 сарын 13-ны өдрийн 151 тоот, 2016 оны 10 сарын 4-ний өдрийн 160 тоот, 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 16/186 тоот дугаартай албан тоотуудаар асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байсан. М  ХХК-ийн захирал Н.Уранчимэгийн 2017 оны 4 сарын 12-ны өдрийн 017/150-7 дугаартай албан тоотод уг техникүүдийг О  ХХК-ийн Өмнөговь аймаг Цагаан хаданд байрлах кемпээс авч ирж үзлэг оношилгоо хийлгэх, эвдрэл гэмтлийг тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байсан тул О  ХХК-ийн захирал Б.Цэгмэд 2017 оны 4 сарын 12-нд 17/12 тоот албан бичгээр зөвшөөрснөөр М  ХХК-ийн хашаанд авч ирсэн болно. М  ХХК-ийн захирал Н.Уранчимэг нь гэрээний харилцааг ашиглан залилан мэхлэх замаар техникүүдийг буцаан татаж авсан гэж үзэж байна. Манай компанийн зүгээс М  ХХК-д одоогийн байдлаар 236,161,332 төгрөг төлөөд байгаа бөгөөд уг техникүүд нь манай ажлын шаардлагыг хангаж чадахгүйн улмаас бид удаа дараа гэрээг цуцлах санал хүргүүлж мөн талууд уулзаж эвийн журмаар шийдэхийг эрмэлзэж байсан. Бид М  ХХК-д шилжүүлсэн үнийн дүнгээр аль нэг техникийг нь О  ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгч, үлдэгдэл төлбөрийг график гарган бүрэн төлж үлдсэн нэг техникээ авах эсвэл мөнгөө буцааж гэрээг цуцлах зэрэг саналууд хүргүүлж байсан. М  ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хоёр тал зам, барилгын салбарт олон жил хамтарч ажиллаж байсан компаниуд бөгөөд цаашид ч хамтран ажиллах байх гэдэг үүднээс асуудлыг эвийн журмаар шийдэж эвлэрэх саналтай байгаа болно.” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О  ХХК нь М  ХХК-тай 2016 оны 8 сарын 3-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу М  ХХК нь БНХАУ-д үйлдвэрлэсэн 2 ширхэг замын индүүг О  ХХК-д хүлээлгэн өгөх, О  ХХК нь төлбөрийг төлж худалдан авах нөхцлийг зохицуулж харилцан үүрэг хүлээсэн болно. Гэрээний дагуу 2 техникийг 2016 оны 8 сарын 6-ны өдөр О  ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд хүлээн авахад 9689 УН улсын дугаартай техник нь нийт 23 мото цаг ажилласан, 9685 УН улсын дугаартай техник нь 25 мото цаг ажилласан байсан. Гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу 9685 УН индүү нь 155,746,800 төгрөг, 9689 УН индүү нь 196,732,800 төгрөгийн тус тус үнэтэй-бөгөөд нийт гэрээний үнийн дүн нь 352,479,600 төгрөг болно. О  ХХК нь гэрээний 7.5-д заасны дагуу нийт төлбөрийн 50 хувь болох 176,239,800 төгрөгийг төлсөн бөгөөд уг төлбөр дээр гэрээний 7.7-д заасны дагуу 59,921,532 төгрөгийг мөн төлсөн. Өөрөөр хэлбэл О  ХХК нь гэрээнд заасны дагуу хүлээсэн үүргээ тохиролцсон хугацаанд нь гүйцэтгэж нийт 236,161,332 төгрөг буюу гэрээний нийт үнийн дүнгийн 67 хувийг төлөөд байгаа билээ. О  ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.9-д заасны дагуу түрээслэн авсан эд зүйлд доголдол гарсан талаар М  ХХК-д 2016 оны 9 сарын 13-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн. Гэвч М  ХХК нь техникт үүссэн доголдлын талаар мэдэгдсээр байтал гэрээний 8 дугаар зүйлд зааснаар үүргээ биелүүлж зохих арга хэмжээ авч хариу өгөөгүй болно. Үүнээс хойш М  ХХК нь техникийн доголдлын талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй учраас О  ХХК нь 2016 оны 10 сарын 4-ний өдрөөр тасалбар болгон техникүүдийг ажилд гаргалгүй зогсоосон бөгөөд энэ талаараа мэдэгдсэн болно. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7-д зааснаар М  ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж техникийн доголдолтой байдалд ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул түрээсийн төлбөрийг О  ХХК-ийн зүгээс зогсоосон болно. Өөрөөр хэлбэл М  ХХК-ийн нэхэмжлэлд дурдаад байгаа шиг төлбөр төлөх хугацааг зөрчсөн үйлдэл огт байхгүй болно. Нөгөө талаар М  ХХК нь нэхэмжлэлдээ О  ХХК-д төлбөр төлөх хугацааг 2016 оны 10 сарын 3-ны өдрөөс 2017 оны 4 сарын 12-ны өдөр хүртэл сунган олгосноо тайлбарласан байна. Үүний дараа төлбөр төлөөгүй учир 2 техникийг хураан авсан гэжээ. Гэтэл М  ХХК нь 2017 оны 4 сарын 12-ны өдөр О  ХХК-д 017/150-7 тоот албан бичгээр 2 техникийг Өмнөговь аймагт байрлах О  ХХК-ийн кемпээс УБ хотод авч ирж үзлэг, оношилгоо хийлгэх, эвдрэл гэмтлийг тогтоолгох хүсэлтээ илэрхийлснийг зөвшөөрсөн болно. Үүнийг М  ХХК-аас Мастер үнэлгээ ХХК-д хандан 2017 оны 4 сарын 28-ны өдөр хүргүүлсэн албан тоотоос маш тодорхой харж болно. Энэ бүх нөхцөл байдлаас харвал О  ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг огт зөрчөөгүй бөгөөд М  ХХК нь үүнийг мөн хүлээн зөвшөөрсөн, О  ХХК-аас 2016 оны 9 сард мэдэгдэж байсны дагуу М  ХХК нь 2 техникийг үзлэг оношилгоонд хамруулах зорилгоор шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байгаа юм. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д Түрээслүүлэгч, түрээслэгчийн аль нэг нь гэрээнээс татгалзах, эсхүл түрээсийн зүйлийг буцаан авах үед түрээслэгч түрээсийн гэрээний нийт үнийн 50 буюу түүнээс дээш хувийг төлсөн нөхцөлд түрээсийн зүйлийн өмчлөлтэй холбогдсон маргаан гарвал гэрээнд өөрөөр заагаагүй бол шүүх буюу арбитрын журмаар шийдвэрлүүлнэ гэж зохицуулсан байна. О  ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнийн дүнгийн 67 хувь буюу нийт 236,161,332 төгрөгийг төлсөн. Гэрээний 2.1-д заасныг баримтлан үзвэл нэг техникийн үнийн бүрэн төлж нөгөө техникийн үнээс багагүй хувийг төлсөн болох нь тогтоогдоно. Иймд О  ХХК нь дээрх 2 техникийн хувьд өмчлөх эрхтэй гэж маргах хууль зүйн үндэслэл нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д зааснаар үүсэж байгаа юм. Иймд О  ХХК-ийг 196,732,800 төгрөгийн үнэ бүхий СХG06121С0D1D0368 арлын дугаартай, 9689 УН улсын дугаартай зам индүүдэгч техникийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, М  ХХК-аас гаргуулж манай өмчлөлд шилжүүлж өгөхийг М  ХХК-д даалгаж, төлсөн төлбөрийн зөрүү үнийн дүн болох 39,428,532 төгрөгийг М  ХХК-аас гаргуулж өгөхийг хүсье.” гэв.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: “М  ХХК нь 2016 оны 8 сарын 3-ны өдөр сайн дурын үндсэн дээр О  ХХК-ийн өөрсдийн сонгосон техникийг үндэслэн санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж итгэлцлийн үндсэн дээр барьцааны гэрээ гэх зүйл шаардахгүйгээр БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг замын индүү, 1 ширхэг асфальтын замын индүү гэх 2 онцгой үйлдэлт техникийг хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу харилцан тохиролцсон үнэ нийт 352,479,600 төгрөг. О  ХХК нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 176,239,800 төлөөд 2 техникийг авч явсан. Гэрээний хугацаанд хуваарийн дагуу 59,921,532 төгрөгийг төлсөн. М  ХХК-ийн зүгээс 2016 оны 10 сарын 3-ны өдрөөс 2017 оны 4 сарын 12-ны өдөр хүртэл төлбөрөө төлөх боломж олгосон боловч төлбөрөө төлөх талаар санаачилга гаргаагүйн дээр техникүүдийг хуучин байсан гэх үндэслэлгүй шалтгаан хэлж төлбөр төлөхөөс зайлсхийж манай компанийг хохироосоор байна. Манай компани нь Хятад улсын “Шамен Шагун” ХХК-тай албан ёсны гэрээтэй ажилладаг бөгөөд уг асуудлын улмаас бидний нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаагаас гадна, валютын ханшийн зөрүү, зээлийн хүүнд алдагдалд ороод байгаа билээ. Техникийг хүлээж авахад 23 мото цаг ажилласан байсан гэжээ. Энэ бол Хятадын болон Монголын гаалийн хяналтын талбайд байрлуулах болон шалгаж үзэж нааш цааш явахад л гарах цаг юм. Техникийг хүлээж авснаас 50-аад хоног өнгөрсний дараа кабинд дуу орсон, зэвэрсэн, зузаан замасктай байсан гэх мэт шалтгаанаар хуучин техник байна буцаана гэж албан бичиг ирүүлсэн байдаг. Гэвч бид анх биет байдлын доголдолтой техник хүлээлгэж өгөөгүй бөгөөд техникийн сонголтыг тэд өөрсдөө хийж, шалгаж үзэж хүлээж авсан байдаг ба дараа нь өөрсдийн Оюу толгойтой хийсэн гэрээ цуцлагдаж төлбөрөө төлөх чадваргүй болохоороо хуучин техник гэсэн худал шалтаг хэлж гэрээг цуцлахыг шаардаж өөрсдийн эрх ашгийг бодож байгаа нь  тоогүй байна. Мөн 2017 оны 7 сарын 28-ны өдрийн О  ХХК-ийн ирүүлсэн албан бичигт уг техникүүд нь зам барилгын ажилд зориулагдсан бөгөөд улирлын чанартай ажил гүйцэтгэдэг учир зам барилгын ажил гүйцэтгэх боломжит хугацаанд техникийг бусад зам барилгын компанид түрээслүүлэн төлбөрийн үлдэгдлийг төлөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байдаг ба улмаар өөрийн нэр дээр шилжүүлж авахыг хүссэн байдаг нь техникүүд нь хэвийн ажиллагаатай эвдрэл гэмтэлгүй хэвийн үүрэг гүйцэтгэх боломжтой болохыг харуулж байна. Бид давхар Хятадын компанитай гэрээтэй ажилладаг ба эдгээр техникүүдийг Хятад талаас ирж үзэж биет байдлын доголдолгүй гэж дүгнээд явсан билээ. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч М  ХХК нь хариуцагч О  ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу техникийг ашигласан хугацааны төлбөр, техник хураан авахтай холбогдон гарсан зардал, нотариатын үйлчилгээний зардалд нийт 13,045, 268 төгрөг тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргасан тул санхүүгийн түрээсийн гэрээний дагуу техникийг ашигласан хугацааны төлбөр 9,838,668 төгрөг, техник хураан авахад гарсан зардал 1,600,000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 6,600 төгрөг, нийт 11,445,268 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа гэж багасгасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд гэрээний дагуу шилжүүлэн авахаар тохиролцсон 2 техникийн 1 болох CXG06121C0D1D0368 арлын дугаартай, 9689 УН дугаартай техникийн үнийг бүрэн төлсөн тул уг техникийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, техникийг М  ХХК-аас гаргуулж, О  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг М  ХХК-д даалгуулах, илүү төлсөн төлбөр 39,428,532 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2016 оны 8 сарын 3-ны өдөр М  ХХК болон О  ХХК нарын хооронд “Санхүүгийн түрээсийн гэрээ” нэртэй гэрээ /хх-6-11 тал/ байгуулагдаж, М  ХХК нь 155,746,800 төгрөгийн үнэ бүхий XG6201P маркын CXG06201P0P1D0283 арлын дугаартай техник, 196,732,800 төгрөгийн үнэ бүхий XG6121D маркын CXG06121C0D1D0368 арлын дугаартай техник, нийт 352,479,600 төгрөгийн үнэ бүхий техникийг О  ХХК-ийн эзэмшил, ашиглалтад 2016 оны 8 сарын 3-ний өдрөөс 2016 оны 11 сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөртэйгөөр шилжүүлэх, О  ХХК нь техникийг ашигласны төлөө тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх, түрээсийн хугацаа дуусахад  О  ХХК нь түрээсийн төлбөр, шаардлагатай бусад зардлыг бүрэн төлсөн бол техник О  ХХК-ийн өмчлөлд шилжихээр, О  ХХК нь урьдчилгаа төлбөрт техникийн үнэ болох 352,479,600 төгрөгийн 50 хувь буюу 176,239,800 төгрөгийг төлөх, үлдэх 176,239,800 төгрөгийг 2016 оны 9 сарын 3-ны өдөр 58,746,600 төгрөгийг, тухайн сарын хүү болох 2 хувийн хүү 1,174,932 төгрөгийн хамт, 2016 оны 10 сарын 3-ны өдөр 58,746,600 төгрөгийг, тухайн сарын хүү болох 2 хувийн хүү 1,174,932 төгрөгийн хамт, 2016 оны 11 сарын 3-ны өдөр 58,746,600 төгрөгийг, тухайн сарын хүү болох 2 хувийн хүү 1,174,932 төгрөгийн хамт төлөхөөр, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй 14 хоног өнгөрсөн тохиолдолд гэрээг цуцалж, техникийн хураан авч, техникийг ашигласан сар тутам түрээсийн нөхцлөөр 1 сарын 15,000,000 төгрөгийн төлбөр тооцохоор харилцан тохиролцсон байна.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагчийг санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөр төлөх үүргээ зөрчсөний улмаас гэрээнд заасны дагуу техникийн хурааж авсан тул техникийг ашигласан хугацаа буюу 8 сар 6 хоногийн түрээсийн төлбөрийг гэрээнд заасан 15,000,000 төгрөгөөр нэг техникийн түрээсийн төлбөрийг тооцож, нийт 246,000,000 төгрөгийн төлбөрийг /15,000,000 * 2 * 8 сар 6 хоног/ хариуцагчаас авах ёстойгоос хариуцагчаас төлсөн 236,161,332 төгрөгийг хасаж тооцон, түрээсийн төлбөрт 9,838,668 төгрөг, техник хураан авахад гарсан зардал 1,600,000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 6,600 төгрөг, нийт 11,445,268 төгрөг гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан.

Шүү талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа бус харин Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа байна гэж үзсэн.

Учир нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дахь заалтад “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь заалтад зааснаар санхүүгийн түрээс нь “гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байх”, “гэрээний хугацааг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байхаар тогтоосон байх”, “гэрээний нийт үнийг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн үнийн дүнгийн 90 болон түүнээс дээш хувьтай тэнцүү байхаар тогтоосон байх” шаардлагуудыг хангасан байх ёстой.

Гэтэл 2016 оны 8 сарын 3-ны өдөр М  ХХК болон О  ХХК нарын хооронд байгуулагдсан “Санхүүгийн түрээсийн гэрээ” нэртэй гэрээ нь талууд анхнаасаа түрээсийн зүйлийн төлбөр төлөгдөж дуусмагц түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэх агуулгаар харилцан тохиролцсон байгаа нь санхүүгийн түрээсийн гэрээний шинжийг бус худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтад “Машин, механизм, техник, тоног төхөөрөмжийн ашиглах хугацаа 10 жил байна” гэж заасан байхад гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад түрээсийн хугацааг 3 сар байхаар тохирсон нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад заасан гэрээний хугацааг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байхаар тогтоосон байх шаардлагад нийцээгүй, гэрээний 7 дугаар зүйлийн 7.5 дахь заалтад гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь болох 176,239,800 төгрөгийг урьдчилан төлөхөөр тохирсон нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад заасан гэрээний нийт үнийг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн үнийн дүнгийн 90 болон түүнээс дээш хувьтай тэнцүү байхаар тогтоосон байх шаардлагад нийцээгүй байна.

Талуудын хооронд үүссэн харилцаа нь зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дахь заалтад “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагчаас техникийн төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч нь төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч О  ХХК-ийг зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч М  ХХК-д нийт 352,479,600 төгрөг төлөхөөс 2016 оны 8 сарын 16-ны өдөр төлсөн 176,239,800 төгрөг /хх-216 тал/, 2016 оны 9 сарын 5-ны өдөр төлсөн 59,921,532 төгрөг /хх-215 тал/, нийт 236,161,332 төгрөгийг хасаж тооцон 116,318,268 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэж үзнэ.

Гэсэн хэдий ч О  ХХК нь 2016 оны 9 сарын 13-ны өдөр М  ХХК-д 151 дугаартай албан бичиг /хх-61 тал/-ээр хандан  гэрээний дагуу шилжүүлэн авсан техникийн үйл ажиллагаа доголдсон, техникийн шаардлага хангахгүй байгаа тул техникийг буцааж, гэрээг цуцлах санал хүргүүлсэн, улмаар 2016 оны 9 сарын 28-ны өдөр талуудын төлөөлөл уулзаж, техникийн эвдрэл гэмтлийн талаар харилцан ярилцаж, хурлын протокол /хх-69 тал/ үйлдсэн, 2017 оны 4 сарын 12-ны өдөр “Техник хүлээлцэх акт” нэртэй баримт үйлдэж, техникийн М  ХХК-ийн худалдааны төлөөлөгч хүлээн авсан, түүнээс хойш М  ХХК нь талуудын хооронд 2016 оны 8 сарын 6-ны хооронд үйлдсэн “Техникийн баталгаа”-ны дагуу эвдрэлийн шалтгааныг судлан үзэж, акт тогтоох үүргээ биелүүлээгүй, техникийг өөрийн эзэмшилд буцаан авсан байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дахь заалтад заасан худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ тохиолдолд хариуцагч нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дахь заалтад “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 256.2 дахь заалтад “Хэд хэдэн эд хөрөнгийг худалдсан тохиолдолд тэдгээрийн зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр, хэрэв доголдолтой хэсэг нь бусад хэсэгтэйгээ нэгдмэл зориулалттай ашиглагдах бол гэрээг бүхэлд нь цуцалж болно.” гэж тус тус заасны дагуу гэрээг цуцлах эрхтэй бөгөөд хариуцагч гэрээний дагуу шилжүүлэн авахаар тохиролцсон 2 техникийн 1 болох 196,732,800 төгрөгийн үнэ бүхий CXG06121C0D1D0368 арлын дугаартай, 9689 УН дугаартай техникийн үнийг бүрэн төлсөн тул уг техникийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах хүсэлтэй, 155,746,800 төгрөгийн үнэ бүхий XG6201P маркын CXG06201P0P1D0283 арлын дугаартай техникийг буцаан авахгүй, гэрээг тухайн хэсгээр хэсэгчлэн цуцалсан гэж тайлбарлаж байна.

Гэрээг бүрэн болон хэсэгчлэн цуцлах талаар хариуцагч нь нэхэмжлэгчид бичгээр удаа дараа саналаа хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд /хх-61-68 тал/-аар тогтоогдож байх тул хариуцагчийг гэрээнээс хэсэгчлэн буюу 155,746,800 төгрөгийн үнэ бүхий XG6201P маркын CXG06201P0P1D0283 арлын дугаартай техниктэй холбоотой хэсгээр цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь 196,732,800 төгрөгийн үнэ бүхий CXG06121C0D1D0368 арлын дугаартай, 9689 УН дугаартай техникийн үнийг бүрэн төлсөн, 155,746,800 төгрөгийн үнэ бүхий XG6201P маркын CXG06201P0P1D0283 арлын дугаартай техниктэй холбоотой хэсгээр гэрээг хэсэгчлэн цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байх боловч талууд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтаар  гэрээний зүйлийг ашигласан үеийн хохирлын хэмжээг хэрхэн тооцох тухай урьдчилан тохиролцсон байх тул  нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтад “Гэрээний төлбөр төлөх хуваарийн дагуу төлөөгүй 14 хоног өнгөрсөн тохиолдолд гэрээг цуцалж, техникээ хураан авч, түрээсийн техникийг ашигласан сар тутамд түрээсийн нөхцөлөөр 1 сарын 15,000,000 төгрөгөөр тооцож, ашигласан сар бүрээр үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ” гэж талууд тохиролцсон байдлыг харгалзан нэхэмжлэгчид энэ төлбөрийг шаардах эрх хариуцагч сүүлийн төлбөр төлсөн буюу 2016 оны 9 сарын 5-ны өдөр 59,921,532 төгрөг төлсөн өдрөөс хойш 14 хоногийн дараа буюу 2016 оны 9 сарын 19-ний өдөр үүссэн, түүнээс хойш техникийг буцаан авсан 2017 оны 4 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч XG6201P маркын CXG06201P0P1D0283 арлын дугаартай техникийг ашигласны төлбөрийн хэмжээг тооцож үзэхэд 7 сар 7 хоног болж байна.

Техник ашигласны төлбөрт тооцон төлөхөөр тохиролцсон 15,000,000 төгрөгийг гэрээнд техник тус бүрд 15,000,000 төгрөг гэж тухайлан заагаагүй байх тул 15,000,000 төгрөгийг 2 техник ашигласны төлбөрийн хэмжээ гэж үзэх ба XG6201P маркын CXG06201P0P1D0283 арлын дугаартай техникийг ашигласны төлбөрийн хэмжээг 7,500,000 төгрөгөөр тооцож, уг дүнг 7 сар 7 хоногоор тооцоход /7 сар*7,500,000=52,500,000 + 7 хоног * 348,837=2,441,859. Нийт 54,941,859/ 54,941,859 төгрөг болж байх боловч хариуцагч нэхэмжлэгчид CXG06121C0D1D0368 арлын дугаартай, 9689 УН дугаартай техникийн үнээс гадна 39,428,532 төгрөгийг төлсөн, уг төлбөрийг гэрээг хэсэгчлэн цуцалсантай холбоотойгоор Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дахь заалтад “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж заасны дагуу харилцан тооцоход төлөгдөөгүй төлөгдөөгүй төлбөрийн хэмжээ нь 15,513,327 төгрөг байх боловч нэхэмжлэгч техникийг ашигласан хугацааны төлбөр 9,838,668 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 9,838,668 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь техник хурааж авсан зардалд 1,600,000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд 6,600 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байх боловч уг зардал хариуцагчийн буруугаас болж нэхэмжлэгчид учирсан хохирол болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний дагуу шилжүүлэн авахаар тохиролцсон 2 техникийн 1 болох CXG06121C0D1D0368 арлын дугаартай, 9689 УН дугаартай техникийн үнийг бүрэн төлсөн тул уг техникийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, техникийг М  ХХК-аас гаргуулж, О  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг М  ХХК-д даалгуулах, илүү төлсөн төлбөр 39,428,532 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дахь заалтад “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтад “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь үнийг төлсөн техникийг нэхэмжлэгчээс шаардах, доголдолтой холбогдуулан гэрээг цуцалж, нэхэмжлэгчид буцаан өгсөн техникийн үнэтэй холбоотойгоор нэхэмжлэгчид төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй  байна.

Хариуцагч нь CXG06121C0D1D0368 арлын дугаартай, 9689 УН дугаартай зам индүүдэгчийн хувьд тодорхой доголдол байсан хэдий ч зам барилгын ажил эхэлж байгаа, уг техникийг үйл ажиллагаандаа ашиглах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал байгаа гэх шалтгаанаар доголдлоос үл хамааран, эрсдлийг өөрөө хариуцан уг техникийн өмчлөгчөөр тогтоолгож, нэхэмжлэгчээс техникийг гаргуулах хүсэлтэй гэж тайлбарласан, хариуцагч уг техник өөр бусдын өмчлөлд шилжээгүй нэхэмжлэгчийн эзэмшилд бодитоор байгаа гэж шүүх хуралдаанд тайлбарласан, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дахь заалтад “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан, хариуцагч нь  CXG06121C0D1D0368 арлын дугаартай, 9689 УН дугаартай техникийн үнийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул  хариуцагч О  ХХК-ийг CXG06121C0D1D0368 арлын дугаартай, 9689 УН дугаартай техникийн өмчлөгчөөр тогтоож, техникийг М  ХХК-аас гаргуулж, О  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг М  ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь илүү төлсөн төлбөр 39,428,532 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч гэрээг хэсэгчлэн цуцалсан болон техник ашигласны төлбөртэй холбоотойгоор талуудын хооронд үүсэх үүргийг харилцан тооцож дуусгавар болгох үндэслэлтэй байх тул хариуцагчийн гаргасан илүү төлсөн төлбөр 39,428,532 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан техникийг нэхэмжлэгч нь БНХАУ-ын компаниас “Санхүүгийн түрээсийн гэрээ” нэртэй гэрээний дагуу өөртөө шилжүүлэн авсан, уг гэрээнд түрээсийн зүйлийг бусдад түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн шилжүүлэхийг хориглох талаар заасан үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 7 сарын 30-ны өдрийн огноо бүхий Олон Улсын худалдааны XGMA ХХК болон М  ХХК нарын хооронд байгуулагдсан “Санхүүгийн түрээсийн гэрээ” нэртэй гэрээгээр тогтоогдож байх боловч уг техникүүд нь гэрээний огнооноос өмнө буюу 2016 оны 7 сарын 29-ний өдөр М  ХХК-ийн нэр дээр бүртгэгдэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгогдсон байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-111,112 тал/-гаар тогтоогдсон тул шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дахь заалтад заасны дагуу өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзсэн бөгөөд Олон Улсын худалдааны XGMA ХХК болон М  ХХК нарын хооронд байгуулагдсан “Санхүүгийн түрээсийн гэрээ” нэртэй гэрээний талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч О  ХХК-аас 9,838,668 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М  ХХК-д олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 3,206,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 9689 УН улсын дугаартай, CXG06121C0D1D0368 арлын дугаартай, XGMA маркын зам индүүдэгч техникийн өмчлөгчөөр О  ХХК-ийг тогтоож, зам индүүдэгч техникийг М  ХХК-аас гаргуулж, зам индүүдэгч техникийг О  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг М  ХХК-д даалгаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 39,428,532 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч М  ХХК-аас 2017 оны 8 сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,180 төгрөгийн 223,176 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч О  ХХК-аас 172,368 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М  ХХК-д олгож, хариуцагч О  ХХК-аас 2018 оны 1 сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,338,800 төгрөгийн 1,338,756 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 44 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэгч М  ХХК-аас 1,141,614 төгрөгийг гаргуулан хариуцагч О  ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.УУГАНБАЯР