Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 919

 

Ц.Батхуягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00297 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Батхуягийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Баянгол фүүд” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн талбай чөлөөлөх тухай 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах, түрээслэгчид шахалт үзүүлж бусдад түрээсийн талбайг шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, түрээслэгчийг түрээсийн зүйлийг гэрээний дагуу эзэмших нөхцлөөр хангахыг даалгуулах, хариуцагчийн буруутай үйлдлээс учирсан хохиролд 25 249 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Батхуяг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би тус компанийн “Корал Центр” их дэлгүүрт тавилга зарах талбай түрээслэх гэрээ байгуулж ажиллаад 3 жил болж байгаа бөгөөд анх түрээслэж авсан талбайдаа тогтмол үйл ажиллагаа явуулсан. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тус дэлгүүрийн зүгээс түрээсийн талбайг 3 хоногийн дотор чөлөөлж өгөх, гэрээнд заагдаагүй хууль бус шаардлага гэнэт тавьж мэдэгдэл өгсөн.

Бид уг талбайг тохижуулахад 1 000 000 орчим төгрөгийн зардал гаргаж, паркетан шал хийлгэсэн. Би түрээслүүлэгч болон бусад худалдагч нарт ямар ч саад учруулаагүй, түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлж байсан.

Хариуцагч “Баянголфүүд” ХХК нь түрээсийн гэрээгээ зөрчиж 2016 оны 7-10 дугаар саруудад түрээслэгчийн эрхэнд дур мэдэн халдаж, үйл ажиллагааг зогсоосноос их хэмжээний хохирол учраад байна. Учир нь уг сарууд нь тавилгын бизнес эрхэлдэг хүмүүсийн худалдан борлуулалтын оргил үе байдаг ба бусад саруудад алдагдалтай ажилладаг байсан. Дэлгүүртэй хийсэн гэрээний үндсэн дээр 2016 оны 6 дугаар сард Голомт банкнаас 2 хувийн хүүтэй 30 000 000 төгрөгийн зээлийг нэмж авч 80 000 000 орчим төгрөгийн тавилгыг Хятад улсаас оруулж ирсэн. Дээрх саруудад ойролцоогоор 100 000 000 төгрөгийн борлуулалт хийж 20 хувийн ашиг буюу 20 000 000 төгрөгийн ашигтай ажиллах боломжоо бүрэн алдаж банкны хүү торгуульд орж өвлийн улирал эхэлснээр тавилгууд хөлдөж, чанар нь муудах эрсдэлд орж эхлээд байна. Иймд 20 000 000 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилж байна. Түүнчлэн банкны зээлийн хүү 8, 9, 10, 11, 12 дугаар сарын нийт 2 349 588 төгрөгийг гаргуулна.

Дэлгүүрт ус алдсан асуудал дээр хариуцагч тал маргадаггүй боловч тавилга чийг авч норсноос шалтгаалж ашиглах боломжгүй болж хохирол учирсныг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнээс болж 4 хаалгатай шкаф 750 000 төгрөг, өлгүүр 2 ш 150 000 төгрөг нийт 1 860 000 төгрөгийн хохирол учирсан тул гаргуулж өгнө үү. Түрээсийн 52 м.кв талбайн паркетан шалыг 800 000 төгрөгөөр үнэлж өмнөх түрээслэгч О.Ууганбаяраас авсан. Гэтэл хариуцагч өөрийн өмч, та нарт хамаагүй гэх тайлбар өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч талаас өгсөн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн түрээсийн талбайг чөлөөлөх хууль бус мэдэгдлийг хүчингүй болгуулах, хариуцагч талыг 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж түрээслэгчид дарамт шахалт үзүүлэн талбайг чөлөөлж, гуравдагч этгээдэд түрээсийн талбайг шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, түрээслэгчийн түрээсийн зүйлээ эзэмших хэвийн нөхцлийг хангахыг хариуцагчид даалгах, мөн хууль зүйн туслалцаа авсны хөлс 2 000 000 төгрөг нийт 25 249 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүрэг зөрчөөгүй, түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа. 2016 оны 7, 8, 9 дүгээр сард түрээслүүлэгч өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй, худалдаа хийлгүүлээгүй, үйл ажиллагаа явуулаагүй. Түрээсийн төлбөр хэт өндөр байсан тул нийт түрээслэгчийн түрээсийн төлбөрийг тодорхой хэмжээгээр багасгасан байдаг. Үүнийг санхүүгийн ажилтан баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байгаа тул алданги, зөрүү 2 306 650 төгрөгийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй.

Сул талбай ашигласан гэж 8 379 000 төгрөг нэхэмжилсэн. Энэ талбайг түрээслүүлэгчийн зөвшөөрснөөр реклам, сурталчилгаа хийж ашигласан. Сул талбай их байсан, өөр хүн түрээслэхэд нь бид саад болоогүй. Бид энэ сул талбайг ашиглахдаа гэрээ байгуулаагүй тул сул талбай ашигласны түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

Хариуцагч “Баянголфүүд” ХХК шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Ц.Батхуяг нь манай дэлгүүртэй 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс зоорийн В1 давхарт 52 м.кв талбайд 988 000 төгрөгийн түрээсийн барьцаа байршуулан түрээсийн гэрээ байгуулж төрөл бүрийн тавилга худалдаалж байсан. Улс орон даяар хямрал нүүрлэж худалдан авах чадвар буурснаар зарим түрээслэгч нар гэрээгээ цуцлан зоорийн давхарт сул талбай гарсан тэр үед Ц.Батхуягийн хүсэлтээр 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарыг хүртэл 49 м.кв талбайг сарын 931 000 төгрөг бүхий үнэтэй нийт 8 379 000 төгрөгийн талбайг төлбөрийн нөхцөлгүйгээр эзэмшүүлж байсан.

2016 оны 6 дугаар сараас “Шилмэл Буйдан” ХХК манай дэлгүүртэй 237 м.кв талбайг үргэлжээр нь эзэмшихээр гэрээ байгуулан орох хүсэлт гаргасан тул бид энэ хүсэлтийн дагуу дотоод зохион байгуулалтын өөрчлөлт оруулсан. Одоо түрээсэлж байгаа 6 түрээслэгчийг 1 эгнээнд байрлалыг өөрчлөн, “Шилмэл Буйдан” ХХК-ийн талбайг бэлэн болгохоор болсон. Бидний зохион байгуулалтын өөрчлөлтийг бүх түрээслэгч нар хүлээн авч өөрийн байрлалаа сонгосон. Түрээслэгч Ц.Батхуягийн худалдагчид бид хүсэлтээ уламжилсан бөгөөд өөр талбайд шилжсэнээс гарсан нь дээр юм байна гэсэн хариу өгсөн. Одоог хүртэл “Шилмэл Буйдан” ХХК-тай хийсэн талбайг суллаж өгөхгүй, чөлөөлөхгүй тавилгаа хөдөлгөхгүйгээр шаардлага тавьсан зохион байгуулагч, хамгаалагч, нярав нарыг хэл амаар доромжлон өдийг хүрч байна.

Манай дэлгүүрийн удирдлагаас 7 дугаар сарын 26, 8 дугаар сарын 06-ны өдөр албан бичгээр талбай чөлөөлөх тухай удаа дараа мэдэгдэл өгөхөд гарын үсэг зурж хүлээж авахгүй байсан. Жижиг тавилгыг зөөж эхэлтэл бид шүүхэд хандсан байгаа шийдвэрийн дараа болно гээд худалдагч нь явсан тул битүүмжилж тууз татаад орхисон.

Иргэн Ц.Батхуягийн нэхэмжилж байгаа 1 000 000 төгрөгийн талбайн тохижилтыг бид мэдэхгүй байна. Өмнө нь түрээсэлж байсан О.Ууганбаяраас 2 талын хүсэлтээ бичгээр гарган нэр шилжүүлж авсан, тэр гарах үедээ манай санхүүтэй бүх тооцоогоо дуусгасан болно.

2016 оны 5 дугаар сарын 21-ний шөнө манай дэлгүүрийн 4 давхрын үсчингийн угаалтуураас ус алдсан. Иргэн Ц.Батхуягийн зөвшөөрөлгүй нийтийн эзэмшил болох шатны доор талбайд тавьсан 2 ширхэг шкафны дээд тавцан норсон бөгөөд 1 шкафыг нь зарсан, нөгөөг нь өөрсдөө аваад явсан тул ямар гэмтэл учирч сэвсэнийг мэдэхгүй. Манай бүх түрээслэгчид гэрээнд заагдсаны дагуу бүх бараандаа даатгал хийлгэсэн байх үүрэгтэй бөгөөд Ц.Батхуяг бараагаа даатгуулаагүй тул хохирлоо нэхэмжилж чадаагүй болно.

Манай компани иргэн Ц.Батхуягт 8 379 000 төгрөгийн түрээсийн төлбөргүй талбай үнэгүй эзэмшүүлж, 2 670 600 төгрөгийн түрээсийн хөнгөлөлт үзүүлсэн, түрээсийн хугацаандаа төлөөгүйн алданги 1 336 000 төгрөгийг бид нар тооцолгүйгээр талбай дүүргэлт, борлуулалтыг сайжруулах зорилгоор хийсэн зохион байгуулалтын өөрчлөлтийг үл хүндэтгэн хэл амаар доромжлон, улмаар шүүхэд хандаж байгаа тул дахин хамтран ажиллахгүй.

Ц.Батхуяг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээсийн талбайг чөлөөлж өгсөн байдаг. Бид 11 дүгээр сарын түрээсийн төлбөр нэхэмжлэхгүй байгаа. Ц.Батхуяг түрээсийн гэрээний үүргээ удаа дараа зөрчдөг байсан. Иймд бид 2016 оны 7, 8, 9 дүгээр сарын төлбөр дээр 2016 оны 1-9 сарын төлбөрийн алданги болон зөрүүг нэхэмжилж байгаа. Алданги бол хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас нэхэмжилж байгаа. Хугацаандаа төлбөр төлдөг хүмүүст хөнгөлөлт үзүүлдэг байсан боловч Ц.Батхуяг түрээсийн төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг байсан. Үүний дагуу алданги 3 695 950 төгрөг 2015 оны түрээсийн төлбөрийн алданги, зөрүү 2 306 650 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр реклам хийх шаардлагатай гээд 49 метр квадрат талбайг ашигласан байдаг. Энэ талбайн түрээсийн төлбөр 8 379 000 төгрөг, 52 метр квадрат түрээсийн талбайг чөлөөлж авах, нийт 14 381 306 төгрөгийг нэхэмжилж байна.

Ганц “Шилмэл буйдан” ХХК-ийг оруулахын тулд маргаагүй. Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлд заасан хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, дотоод зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрөөгүй, татвар төлдөггүй. Өөрсдийнх нь гаргаж өгсөн тооцоо нийлсэн актаар ашиггүй байсан гэснээ 7, 8, 9 дүгээр саруудыг ашиг олох борлуулалттай үе гэж тайлбарладаг. Гэтэл 2015 оны 7, 8, 9 дүгээр саруудыг харахаар түрээсийн төлбөрөө төлөөгүй байдаг. Татварын тухай хуульд заасан татвар төлөгчийнхөө үүргийг биелүүлдэггүй, үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байна. Түрээсийн гэрээний үүргээ биелүүлдэггүй, түрээсийн төлбөр хэрхэн төлдөг тухай баримтыг анхаарч үзэх хэрэгтэй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Баянголфүүд” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгож, түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, нэхэмжлэгч Ц.Батхуягт түрээсийн талбайг буцаан олгож, түрээслэгчийг хэвийн ажиллах нөхцлөөр хангахыг “Баянголфүүд” ХХК-д даалган, хариуцагчаас 2 349 588 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Батхуягт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22 899 412 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Батхуягаас 1 001 000 төгрөг гаргуулан хариуцагч “Баянголфүүд” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 380 600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354 600 төгрөгийг, хариуцагчаас сөрөг шаардлага гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52 543 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 28 574 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэн би хуульд зааснаар эрхээ хамгаалуулахаар хуульчаас хууль зүйн туслалцаа авсан бөгөөд хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 2 000 000 төгрөг төлсөн. Гэтэл шүүгч энэ асуудлыг зайлшгүй гаргах зардал биш гэж дүгнэн, хохирсон иргэн намайг дахин нэмж хохироох шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Би энэ хэргийн улмаас 13 000 000 төгрөгийн төлбөрт орж болзошгүй байсан тул арга буюу хууль зүйн туслалцаа авсан. Хууль зүйн туслалцаа авсны хөлс 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Батхуяг нь хариуцагч “Баянгол фүүд” ХХК-д холбогдуулан түрээсийн талбай чөлөөлөх мэдэгдлийг хүчингүй болгуулах, түрээслэгчид шахалт үзүүлж бусдад түрээсийн талбайг шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоох, түрээслэгчийн хэвийн ажиллах нөхцөлөөр хангахыг даалгах, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол болон олох байсан орлогод нийт 25 249 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Ц.Батхуягийн эзэмшлээс түрээсийн талбайг чөлөөлж авах, түрээсийн төлбөр болон түрээсийн төлбөрийн зөрүү, алдангид нийт 14 381 600 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаанаас гадна Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-т заасан гэм хор учруулснаар үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд уг маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00297 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

 

                         ШҮҮГЧИД                                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА