Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/01395

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00468 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1053 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.О-д холбогдох,

Зуучлалын үйлчилгээний хөлс 42 478 070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Амгалангийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайдын яамны төлөөлөгчийн газраас “элчин сайдаа Улаанбаатар хотод байрлуулах байр шаардлагатай байна, олоод өгөөч” гэж манай компанид хүсэлт тавьж, тус газрын ажилчидтай зуучлагч компани мэйлээр харилцаж байсан. Уг баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Ц.О элчин сайдын яамны хүмүүстэй уулзсан, гэхдээ байр түрээслэх асуудлаар яриагүй гэж хэлдэг. Харин Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайдын яамны төлөөлөгчийн газрын ажилчид энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө “манайх энэ байрыг “Б” ХХК-ийн захирал Т.Амгалангаар дамжуулан олсон” гэсэн мэдүүлэг өгсөн. Гэрээ байгуулсан эсэх дээр анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.Энхтөр тухайн үед гэрээ байгуулах гэхээр Ж.Ариунаа гарын үсэг зурдаггүй байсан талаар тодорхой мэдүүлсэн. Талуудын хооронд аман хэлцэл хийгдсэн, зуучлалын хөлс нь Монгол Улсад нэгдсэн жишиг үнэтэй. Энэ нь тухайн байрыг зарахаар тохирсон бол үнийн дүнгийн 10 хувийг, түрээслэхээр тохирсон бол түрээсийн төлбөрийн нэг сарын хөлстэй тэнцэх хэмжээний төгрөгийг авахаар тохирсон.

Иймд Ц.О ийн эзэмшлийн амины орон сууцыг Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайд сарын 17 000 ам.доллараар хөлсөлж байгаа тул уг жишгийг баримтлан нэг сарын түрээсийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш 2 498.71 төгрөгөөр тооцож, 42 478 070 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монголын гудамж, 506 тоот амины орон сууц нь 2015 оны сүүлээр баригдаж дуусаагүй байсан. Хариуцагч уг орон сууцаа анхнаасаа түрээслэх зорилго байгаагүй, барьж дуусаад зарж борлуулахаар ажиллаж байсан. 

2016 оны 06 дугаар сарын эхээр “Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайд байна, байрыг тань очиж үзэх гэсэн юм” гэж Ц.О тэй яриад цаг тохирч, өөрөө ирж үзээд, албан ёсоор гэрээ хийсэн байсан.

Ц.О ийн эхнэрийн дүү н.Энхболдын найз нь Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайдын яамнаас байр хайж байгаа талаар хэлж, тэд ирж уулзсан. Тиймээс “Б” ХХК-иар зуучлуулсан зүйл байхгүй. Тус компаниар зуучлуулахаар санал тавьж, гэрээ огт хийгээгүй.  “Б” ХХК-ийн ажилтан С.Энхтөр гэж хүн сонгуулийн ажиглагчаар европоос ажиглагчид ирж, байр түрээслүүлэхээр болоод байна. Танайх байраа түрээслээч гэж ганц л удаа ирж уулзсан. Тухайн үед нь бид байраа түрээслээгүй. Үнэхээр бидэнтэй зуучлалын гэрээ хийсэн бол зуучлалын хөлсөө ч мэдэхгүй байх ёсгүй. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00468 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагч Ц.О-дхолбогдуулан зуучлалын үйлчилгээний хөлс 42 478 070 төгрөг гаргуулах тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370 350  төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1053 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370 350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Тодруулбал Иргэний хуулийн 42 дугаар зүйлд хэлцлийг аман болон бичгийн хэлбэрээр байгуулж болохыг хуульчилсан ба Иргэний хуулийн 410 дугаар зүйлд зуучлалын гэрээг заавал бичгээр хийх хэлбэрийн шаардлага хуулиар тогтоогоогүй тул талуудын хооронд аман хэлбэрээр зуучлалын гэрээ байгуулагдсан. Зуучлуулагч нь орон сууц түрээслэх гэрээг өөрийн хамаарал бүхий иргэнээр дамжуулан өөрөө хийсэн гэдэг ч энэхүү тайлбараа баримтаар огт нотлоогүй. Магдалалаар зуучлалын гэрээний дагуу бидний хийсэн ажлыг хэрхэн үгүйсгэсэн тодорхойгүй, хариуцагч нь эд хөрөнгөө худалдан авах, түрээслэх иргэнтэй холбуулах ажлыг зуучлуулахаар эд хөрөнгө түүнийг дагалдах бичиг баримтын хамт манай байгууллагын зуучлалын ажилтанд анх өгсөн үйл баримт, түүний өгсөн баримтуудыг АНЭУ-н иргэнд имэйлээр үзүүлж байсан, мөн Арабын Нэгдсэн эмират улсын элчин сайдын яамны холбогдох албан тушаалтан нь нэхэмжлэгч байгууллагад эд хөрөнгөө зуучлуулахаар хандсан байсан иргэн Ц.О ийн эд хөрөнгийг түрээслэсэн гэх мэдүүлэг өгсөн зэргээр хангалттай нотлогдсон байхад тухайн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, тал бүрээс харьцуулан судлаж шийдвэрээ гаргаагүй. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэхэд зуучлалын үйлчилгээ үзүүлсэн болох нь имэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Реда Сайид Ибрахим, Ц.Долгор, С.Энхтөр нарын мэдүүлгээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн орон сууцыг түрээслэх гадаадын иргэнийг холбож өгснөөр Ц.О  нь 2016 оны 06 дугаар сарын 01-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан байдаг тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлд зааснаар зуучлалын хөлсийг шаардах эрхтэй юм. Нөгөө талаар эд хөрөнгөө зуучлуулахаар хариуцагчийн зүгээс холбогдох баримт тухайлбал амины орон сууцны план зураг, холбогдох бусад баримт нэхэмжлэгч буюу зуучлагч тал гаргаж өгсөн нь талуудын хооронд аман хэлцэл байгуулагдсан болохыг нотлосон үйл баримт юм. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон тухайн орон сууц өмчлөгчийн өгсөн даалгаврын дагуу зуучлах ажлыг гардан хийсэн гэрч Ц.Долгор, С.Энхтөр нарын мэдүүлгээр Ц.О ийн ашиг сонирхлыг төлөөлөн орон сууцыг түрээслэх этгээдийг олж өгсөн нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Ц.О ээс зуучлалын гэрээний хөлсөд, 42 478 070 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, зуучлалын гэрээ байгуулагдаагүй, хөлс төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээгээгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д заасан зуучлалын гэрээ байгуулагдсан тохиолдолд зуучлагч нь зуучлуулагчаас хөлс төлөхийг шаардах эрхтэй болно. Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Зуучлалын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй тул талууд амаар гэрээний нөхцлийг тохирох боломжтой. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцлийг амаар хийсэн гэж үздэг. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3.-т зааснаар хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцлийг гэрээний гол нөхцөл гэдэг.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчийг зуучлалын гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учир зуучлалын хөлс гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх хангах боломжгүй гэж үзсэн байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.2.-т “хөлс, шагналын хэмжээг харилцан тохиролцоогүй бол тогтсон нийтлэг жишиг хэмжээгээр тохиролцсон гэж үзнэ” гэх зохицуулалт нь талууд хөлсийн талаар тохиролцсон боловч хэмжээг нь тодорхой бус орхигдуулсан тохиолдолд хамааралтай. Харин эрх зүйн тухайн хэм хэмжээг зуучлалын хөлсийн талаар буюу гэрээний гол нөхцлийн талаар огт тохиролцсон болох нь тогтоогдоогүй тохиолдолд хамааруулан хэрэглэх боломжгүй юм.  

Нэхэмжлэгчийн зүгээс нотлох хэрэгсэл болгон шүүхэд ирүүлсэн баримтууд нь хариуцагч Ц.О тэй гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлийг бус харин Арабын Нэгдсэн Эмират Улсын гэх гадаадын иргэд, албан тушаалтнуудтай харьцсан үйл баримтыг тогтоосон байна. Энэхүү харилцааны үр дүнд Ц.О ийн үл хөдлөх хөрөнгийг гадаадын иргэд түрээслэн авсан байх нь Ц.О ийг зуучлалын гэрээний оролцогч гэж, түүнийг зуучлалын хөлс төлөх үүрэгтэй гэж тус тус үзэх эрх зүйн үндэслэл болохгүй юм.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00468 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1053 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.          

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                       Ц.АМАРСАЙХАН