Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 338

 

       Г.Б-д холбогдох эрүүгийн

                                                                                хэргийн тухай             

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Отгонтөгс,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Т.Отгонтөгсийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 08 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Б-д холбогдох эрүүгийн 201726010394 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овогт Г-н Б-, 1964 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,

            Г.Б- нь 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 17-283б тоотод дүү Г.Бодьгэрэлийг “архи уулаа” гэж загнасан шалтгаанаар хоорондоо маргалдан газар унахдаа Г.Бодьгэрэлийн хэвлийн тус газар хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийг нэвтэрсэн нарийн гэдэсний зүсэгдэж хатгагдсан шарх бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Г.Б-г цагаатгаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор Т.Отгонтөгс тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

            1. Хохирогч Г.Б-гийн “...гэртээ байж байсан чинь дүү Бодьгэрэл орж ирэхдээ 1 шил архи, пиво авчирсан. Би авчирсан архинаас нь амсчихаад хоолоо хийгээд сууж байсан. Би тэгээд дүү Бодьгэрэлийг "архи уулаа" гээд загнасан чинь Бодьгэрэл миний зүүн шанаа руу цохисон би тухайн үед орон дээр сууж байсан болохоор орноос унасан. Бодьгэрэл намайг дээрээс дараад би доор нь орсон байсан. Тэгээд зууралдаад би босохдоо Бодьгэрэлийн гэдэс рүү хатгасан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,

- Г.Бодьгэрэлийн  яллагдагчаар  өгсөн  “...ах  Б-  гэрт архи  уусан байдалтай халамцуу сууж байсан... Намайг “архи уулаа” гэж загнаад бид хоёр хэрэлдэж байгаад би зүүн шанаа руу нь нэг цохиод дээрээс нь дараад зууралдсан байж байсан чинь Б- ах хутгаар миний хэвлийн доод хэсэгт хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/

- Г.Б-гийн яллагдагчаар өгсөн “...бид хоёр архи хувааж уугаад суусан би дүүгээ “архи уулаа” гэж загнасан чинь миний шанаа руу гараараа цохиод намайг орны урд тал руу унагаачихаад дээрээс дараад босохгүй зууралдаад байсан, тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Би хоол хийж байсан, миний гарт хутга байсан тэгээд зууралдаж ноцолдож байгаад боссон чинь Бодьгэрэл гэдэс рүү хутгаар хатгачихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,

- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2435 дугаартай “Г.Бодьгэрэлийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний зүсэгдэж хатгагдсан гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт,

- Г.Бодьгэрэлийн өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “хохирогч Г.Бодьгэрэл нь гэртээ ирэхдээ 1 шил “Ерөөл” архи 1 пивотой орж ирсэн, Г.Б- ах нь “архи уулаа” гэх зүй ёсны шаардлага тавихад Г.Бодьгэрэл нь ах Г.Б-г шанаан тус газар нь цохьсон, Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2410 дугаартай дүгнэлтээр Г.Б-н биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, хохирогч Г.Бодьгэрэл, Г.Б- нарын “зууралдаж ноцолдсон, дээрээс дарсан” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан.

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтээр шүүгдэгч Г.Б- нь дүү Г.Бодьгэрэлийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэхэд эргэлзээ бүхий байдал үүссэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагч гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг удирдлага болгон Г.Б- нь болгоомжгүй үйлдлийн улмаас өөрийн төрсөн дүү Г.Бодьгэрэлд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэж дүгнэсэн.

2. Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт: “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусад этгээдийн эрүүл мэндэд гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлсэн ямар нэг дүрэм журмыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь хоорондоо шалтгаант холбоо заавал байхыг шаарддаг” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй уйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлон заажээ.

Дээрх заалтаас дүгнэж үзэхэд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүнд хохирол учруулахаас гадна “бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй”-н улмаас хүний эрүүл мэндэд  хүнд хохирол учруулах үйлдлийг хууль тогтоогч гэмт хэрэгт тооцсон байх тул шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаартай яллах дүгнэлтийн “тэмдэглэх” хэсэгт: “Яллагдагч Г.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны оройн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 17-2836 тоотод дүү Г.Бодьгэрэлийг “архи уулаа” гэж загнасан шалтгаанаар хоорондоо маргалдан газар унахдаа Г.Бодьгэрэлийн хэвлийн тус газар хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийг нэвтэрсэн нарийн гэдэсний зүсэгдэж хатгагдсан шарх бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан”, “тогтоох” хэсэгт: “Яллагдагч Г.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэж тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүхээс хийсэн дүгнэлт нь хуульд нийцээгүй байна.

3. Цагаатгах тогтоолын “тодорхойлох” хэсэгт “...Гэтэл хэрэгт цугларсан баримтаас шүүгдэгч Г.Б- нь дүү Бодьгэрэлтэй архидан согтуурч улмаар Г.Б- нь дүүгээ “архи уулаа” гэх шалтгаанаар загнахад хохирогч Г.Бодьгэрэл нь ах Г.Б-г цохиж улмаар шүүгдэгч нь хутгаар хохирогчийн гэдсэн тус газар хутгалагдсан үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Бодьгэрэл нь хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэх нь.....үгүйсгэгдэж байна” гэжээ.

Дээрх дүгнэлтэд “улмаар шүүгдэгч нь хутгаар хохирогчийн гэдсэн тус газар хутгалагдсан үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Бодьгэрэл нь хуний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан” гэсэн нь ойлгомжгүй, ямар үйл баримт тогтоогдсон гэж үзэж байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч хутгалагдсан гэж ойлгогдохоор байна.

Мөн Г.Бодьгэрэл нь энэ хэргийн шүүгдэгч биш хохирогч байхад түүнийг хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан мэтээр дүгнэж бичсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой ... бичигдсэн байна” гэж заасантай нийцэхгүй, хууль зөрчсөн дүгнэлт байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд ..хуульд заасан бүх арга хэмжээг авч....шүүгдэгчийг яллах...байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан ба мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд хэрэг үйлдэгдэх үед Г.Бодьгэрэл, Г.Б- хоёроос өөр хүн байгаагүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Бодьгэрэлийн бие махбодид хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч Г.Б- нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “дүү Г.Бодьгэрэлийг хутгаар хатгах ямар нэгэн шалтгаан байгаагүй,  болгоомжгүйгээр  Г.Бодьгэрэлийн  биед  нь  хүнд  гэмтэл  учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн”, хохирогч Г.Бодьгэрэл нь хутгаар хатгагдсан талаар мөрдөн байцаалтанд мэдүүлсэн баримтууд хэрэгт цугларсан байхад түүнд холбогдох хэргийг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх баримтуудаар шүүхийн цагаатгах тогтоол нь тодорхой бус, ойлгомжгүй, үндэслэлгүй болохыг нотолсон болно.

Харин дараах баримтуудаар шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны болж чадаагүй болохыг давхар нотлож байна. Үүнд:

1. Цагаатгах тогтоолын “тогтоох” хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг хчүингүй болгож хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцаасугай” гэжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана гэж заасан байхад прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснээр холбогдох шийдвэрийг хүчингүй болгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Өмнө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаагч нь Г.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан байцаалтын ажиллагаа явуулсан.

Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчилж сонсгосон тогтоолыг хүчингүй болгосноор өмнөх мөрдөн байцаагчийн яллагдагчаар татсан тогтоол хүчин төгөлдөр үлдэх болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Түүнчлэн прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “яллах дүгнэлт” юм.

Энэхүү зөрчил нь мөн цагаатгах тогтоол хууль ёсны болж чадаагүй болохыг нотлож байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “шүүгдэгч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тусгана” гэж заасан бөгөөд шүүх Г.Б-г гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзэж цагаатгаж байгаа бол эрхийг нь тусгах шаардлагатай энэ нь тогтоол хууль ёсны болоогүй болохыг давхар нотлож байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч ... өмгөөлөгчид гардуулж өгнө гэж заасан” байна. Гэтэл энэ хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцсэн байхад цагаатгах тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргаж улсын яллагчид гардуулж өгсөн нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос Г.Б-г 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 17-283б тоотод дүү Г.Бодьгэрэлийг “Архи уулаа” гэж загнасан шалтгаанаар хоорондоо маргалдан газар унахдаа Г.Бодьгэрэлийн хэвлийн тус газар хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийг нэвтэрсэн нарийн гэдэсний зүсэгдэж, хатгагдсан шарх бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсанд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд, Г.Б-гийн үйлдэлд гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нотлогдон тогтоогдохгүй байна.

Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд хохирогч Г.Бодьгэрэл, шүүгдэгч Г.Б- нараас өөр хүн тэдэнтэй хамт байгаагүй бөгөөд нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд “хамтдаа архи, пивыг хувааж ууцгаасан, Г.Б- нь хоол хийх гээд хутгаар мах хөшиглөөд зогсож байхдаа Г.Бодьгэрэлийг “Архи уулаа” гэж загнасан, энэ үед Г.Бодьгэрэл хэлсэн үгэнд нь уурлаж түүний шанаа руу 1 удаа цохиж, улмаар хамтдаа зууралдан унах үедээ хутгалагдсан” талаар тодорхой, тогтвортой мэдүүлжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол...” гэж тухайн гэмт хэргийн нөхцлийн бүрдлийг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцлийг тус тус тодорхойлон хуульчилсан байна.

Ухамсарт зан үйлийн тусгал болж буй аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь эхлээд гадаад орчин, тухайн үеийн нөхцөл байдлуудыг оюун ухаандаа үнэлж цэгнэж тунгаасны үр дүнд үйл ажиллагааныхаа илрэл болгож улмаар өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой хэрэгцээгээр нөхцөлдөн түүнийгээ шийдвэртэйгээр хэрэгжүүлдэг.

Хэрэгт авагдсан хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 151-152/ зэргээс үзвэл шүүгдэгч доош харан хэвтээ байрлалд байхдаа баруун гартаа барьсан хутгаараа хохирогчийн хэвлийн тус газарт хатгасан байх бөгөөд байрлал, хөдөлгөөний чиглэл, хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харьцаа, болсон үйл явдал, хохирогчид учирсан гэмтлийн шинж зэргээс дүгнэхэд, шүүгдэгч нь тухайн үед бүрэлдсэн нөхцөл байдлыг буруу ойлгож, учирч болох үр дагаврын бодит шинжийг ухамсарлалгүйгээр хайхрамжгүй хандсан, эсхүл учрах хор уршгийг мэдэж байсан боловч тухайн хор уршигт хүргэлгүйгээр зайлуулж чадна хэмээн өөрийнхөө боломжийг үндэслэлгүй үнэлж хөнгөмсгөөр найдсан шинж түүний үйлдэлд агуулагдаагүй байна.

Анхан шатны шүүх Г.Б-д холбогдох хэргийн нотлох баримт болон болсон үйл баримтад тал бүрээс нь бодитой, хуулийн үндэслэлтэй, тодорхой бөгөөд ойлгомжтой үнэлэлт дүгнэлт өгсний гадна, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Т.Отгонтөгсийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Т.Отгонтөгсийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ   

                 

                          ШҮҮГЧИД                                                     Ц.ОЧ

 

                                                                                                Н.БАТСАЙХАН