Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01454

 

Б.Б-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00520 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1137 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Б-ын  нэхэмжлэлтэй

Хариуцагч “Л” ХХК-д холбогдох,

2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, учирсан хохиролд нийт 330 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэл 1 153 ам.доллар буюу 2 360 387 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган, хариуцагчийн өмгөөлөгч П.Баярмагнай, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Б нь “Л” ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулан уг гэрээгээр Ховд аймгийн Цэцэг суманд байрлах Барлагийн гол нэртэй 9061A тоот Ашигт малтмалын газраас 2007 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд алт, төмрийн олборлолтыг явуулах, нэмэлт хайгуулын ажлыг гүйцэтгэх чиглэлээр бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу “Л” ХХК нь 9061A тоот тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хамгаалсан Нөөцийн тайлан, хурлын шийдвэр, хурлын протокол, ТЭЗҮ-г баталсан хурлын шийдвэр, Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны ерөнхий үнэлгээ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, Тусгай зөвшөөрөл бүхий талбайн шав тэмдэг тавьсан тайлан, Технологийн туршилтын тайланг бүрэн эх хувиар нь гаргах үүргийг хүлээж нэхэмжлэгч миний зүгээс алт болон төмөр олборлолтын үйл ажиллагаа явуулахтай холбоотой зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, шаардлагатай бэлэн мөнгө үйл ажиллагааны зардлыг болон олборлолтын зардлыг хариуцан гаргах үүрэгтэй байсан. Техникүүдээ зөөвөрлөж очсон даруйдаа “Л” ХХК-ийн захирал З.Ундрамаас гэрээнд заасны дагуу баримт бичгийг шаардсан боловч манай ТЭЗҮ-ийн хугацаа дууссан байна сунгуулахад мөнгө шаардлагатай гэсэн тул түүнд 30 000 000 төгрөг өгсөн. Бичиг баримт гартал биднийг үйл ажиллагааг явуулж бай гэсний дагуу би олборлолтын ажлыг эхлүүлсэн боловч анх үзүүлж байсан баримт бичиг, дүгнэлт тайланд заасан нөөц байхгүй нь тогтоогдсон байдаг.

Б.Б 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр уг гэрээг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон тухайгаа мэдэгдэж өөрийн оруулсан хөрөнгө энэ хугацаанд гаргасан зардлаа нөхөн төлүүлэхийг мэдэгдсэн. Иймд анхны хөрөнгө оруулалт хэлбэрээр өгсөн 100 000 000 төгрөг, ТЭЗҮ сунгуулах нэрийдлээр зээлсэн 30 000 000 төгрөг, Ховд аймгийн Цэцэг сум руу, Ховд аймгийн Цэцэг сумаас буцааж техник хэрэгсэл зөөвөрлөсний зардал 100 000 000 төгрөг, уг уурхайд ажиллах хугацаанд ашигласан түлшний зардал 40 000 000 төгрөг, тухайн хугацаанд ажилчдын цалингийн зардал 50 000 000 төгрөг, хоол хүнс болон холбогдох бусад зардал 10 000 000 төгрөг, нийт 330 000 000 төгрөгийн хохирол учирсан. “Л” ХХК нь ашигт малтмалын нөөц байхгүй газарт Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөр хуурамч дүгнэлт гаргуулж, ашигт малтмалын газрын тайлан дүгнэлт, нөөцийн зураг зэргийг хуурамчаар бүрдүүлэн, ашиглалтын лицензтэй холбоотой зайлшгүй бүрдүүлбэл зохих баримт бичгүүд дутуу тухайлбал 2010 оны Техник эдийн засгийн үндэслэл байхгүй, мөн уулын ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай дээр нийт 31 төрлийн баримт бичгийг бүрдүүлсэн байх атал эдгээр баримт бичгүүд байхгүй, Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн аваагүй, уг уурхайг ажиллуулах зөвшөөрөл олгоогүй байхад олборлолтын үйл ажиллагаа явуулахаар гэрээ хийсэн нь Иргэний хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөн байна.

Иймд Б.Б, “Л” ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл байх тул мөн хуулийн 57 дугаар зүйлд зааснаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу “Л” ХХК-иас учирсан хохирол 330 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Манай компанийн эзэмшдэг 9061А лицензийн талбайд хамтран ажиллахаар тохиролцсон Б.Болдбаатар, н.Даваацогт, Б.Б нартай хамтран ажиллах гэрээ хийсэн ба эхний ээлжинд тэд бидэнд 100 000 ам.доллар төлөх дараа нь үйл ажиллагаа жигдэрсэн үедээ дахин 100 000 ам.доллар өгөх, мөн үүний дараа олсон цэвэр ашгаа тодорхой харьцаагаар хуваах гэрээ байсан. “Л” ХХК нь өөрийн эзэмшлийн 9061А лицензийг худалдаагүй бөгөөд зөвхөн хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш тэд 100 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн ба удахгүй үлдэгдлийг нь өгнө гээд өгөхгүй байсан. Гэрээний дагуу талуудын хариуцаж ажиллах үүргүүдийн нэг бол Б.Б-ын  талаас үйл ажиллагаатай холбоотой бүхий л зардлыг гаргах, үүнийгээ компанийн 70 хувийг шилжүүлж авах хүртлээ надаар дамжуулж хийхээр тохиролцсоны үндсэн дээр техник тоног төхөөрөмж, ажиллах хүчин зэргээ түүний талаас Даваацогт хариуцах, төрийн байгууллагуудтай харилцах ажлыг З.Ундрам би хариуцахаар болсон. Хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т А тал нь 9061A тоот тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой Эрдэс баялагийн зөвлөлийн хурлаар хамгаалсан Нөөцийн тайлан, хурлын шийдвэр, хурлын протокол, ТЭЗҮ-г баталсан хурлын шийдвэр, ТЭЗҮ, Байгаль орчны ерөнхий үнэлгээ, Байгаль орчны нарийвчилсан тайлан, Тусгай зөвшөөрөл бүхий талбайн шав тэмдэг тавьсан тайлан, Технологийн туршилтын талбайг бүрэн эх хувиар нь гаргах гэсний дагуу бүгдийг нь гаргаж гэрээний үүргээ биелүүлсэн.

Хамтарч ажилласнаас хойшхи үйл ажиллагааны зардлыг Б тал хариуцах гэсний дагуу Б.Бтой хамтарч ажиллахаар болсон цаг үеийн өөрчлөлттэй холбоотой ТЭЗҮ-д орсон нэмэлт өөрчлөлтийг Б тал хариуцах ёстой. ТЭЗҮ-ний өөрчлөлтийг уул уурхай зураг төсөл, судалгааны “Сенот консалтинг” ХХК ажил гүйцэтгэх гэрээгээр хийж гүйцэтгэсэн, мөн БОНБҮ-ний өөрчлөлт тодотголыг Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний эрх бүхий мэргэжлийн байгууллага “И Эйч Эс Эм” ХХК хийсэн. Эдгээр ажлуудыг гэрээгээр хийж гүйцэтгэсэн зардал нь 30 000 000 төгрөг болсон. Гэрээнд заасан баримт бичгүүдтэй бүгдтэй нь танилцсан ба Б.Б-ын  зүгээс нөөц тогтоох геологийн хайгуул хийсэн ажлын үр дүнгийн тайланг эх хувиар нь аваад өөрөө хадгалж байгаа. Бусад бичиг баримтуудыг хувилж авсан. Нөөцийн тайлан талбай дээр эх хувиараа байх ёстой гэсэн АМХ-ийн дагуу н.Даваацогтод хүлээлгэж өгсөн. Баримт бичгүүд нь АМГ, ЭБЭХ яам, БОАЖ яам зэрэг Монгол Улсын эрх бүхий байгууллагуудаас гаргаж өгсөн. “Л” ХХК-ийн хувь эзэмшигч геологич Руслан Горбунов нь мэргэжлийн нэг ч хүн байхгүй, алт угаах тоног төхөөрөмж нь технологийн зааврын дагуу бус манай талбайн онцлогт тохирохгүй маш энгийн техник байна гэж дүгнээд яаж өөрчлөх талаар юу хийх хэрэгтэйг зөвлөж ярьсныг Б.Б-ын  талаас эсэргүүцсэн.

Газарзүйн байрлал болоод геологийн бүтцийн хувьд газар нутгууд бүгд өөр өөрийн онцлогтой тул ижилгүй байдаг. Уг талбайд хамаарах материалуудыг Эрдэс баялагийн яам болоод Ашигт малтмалын газрын Эрдэс баялагийн зөвлөлөөр тухайн талбайн хайгуулын тайланг хийж гүйцэтгэсэн геологийн мэргэжлийн инженерүүд батлуулсан. Талбайд агуулагдах металл нь геологийн хувьд онцлог бүтэцтэй бөгөөд уг онцлогийг тусгаж нийцүүлсэн тоног төхөөрөмж ашиглах ёстойг 2011 онд уул уурхайн төсөл судалгааны “Конрес” ХХК-иар хийлгэсэн тухайн шороон ордыг ашиглах Технологийн туршилтын тайланд заасан. Энэхүү туршилтын тайлангийн хувийг Б.Бод өгсөн боловч тэрээр тоног төхөөрөмж захиалахдаа тэрхүү тайланд тусгагдсан зөвлөгөө, зааврыг дагаж мөрдөлгүй, манай компанитай зөвшилцөлгүй дур мэдэн захиалж хийлгэсэн байдаг. Энэхүү талбай нь технологийн нарийн шийдэлтэй, онцлогтой талбай тул нэн түрүүнд технологи болоод тоног төхөөрөмжөө зөв сонгож тохируулах нь чухал гэдгийг олон удаа давтаж ойлгуулсан. Манай талбай дээр мэргэжлийн бус хандаж 100000 м.куб шороог ухаж ил гаргасан. Байгаль орчны нөхөн сэргээлт хийх зардал нь манай компанийн үүрэг болоод байгаагаар тогтохгүй нөхөн сэргээлтийн зардал төгрөг болсон байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Гэрээний 3.2-д төлбөрийн 100 000 ам.долларыг энэхүү гэрээг байгуулах үед Б тал нь А талд төлөх... гэж заасан бөгөөд Б.Б гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилгаа төлбөрт 100 000 000 төгрөг шилжүүлснээс өөрөө урьдчилгаа төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Энэхүү төлсөн урьдчилгаа төлбөр нь Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар 48 847 ам.доллартай тэнцэж байна. Мөн гэрээний 6.3-т Энэ гэрээний 3.2-т заасан төлбөрийг Б тал нь А талд хугацаандаа төлөөгүйгээс энэхүү гэрээ цуцлагдахад хүртэл А тал нь гэрээ байгуулах үед төлсөн 100 000 ам.долларын 50 хувь буюу 50 000 ам.долларыг Б талд буцаан өгөхгүй гэж заасны дагуу суутган үлдэх 50 000 ам.долларын зөрүү нь 1 153 ам.доллар буюу 2 360 387 төгрөг болж байх тул хамтран ажиллах гэрээг цуцалж, хариуцагчаас 2 360 387 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн зохицуулалтаар гэрээнээс татгалзаж байгаа буюу гэрээ цуцалж байгаа тохиолдолд талууд өгсөн авснаа буцаадаг ерөнхий зохицуулалт байдаг. Гэтэл энэхүү гэрээнд гэрээг цуцалснаар талууд урьдчилгаа төлбөрийн 50 хувийг буцаан олгохгүй гэсэн зохицуулалт нь хуулийн ямар зүйл заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй. Мөн нэг талын эрх ашгийг ихээхэн сөрөг нөлөөтэйгээр хөндсөн гэж үзэж байна. Гэрээний 3.2-т заасан төлбөрийг Б тал нь А талдаа хугацаандаа төлөөгүйгээс А тал нь гэрээ байгуулах үед төлсөн 100 000 ам.долларын 50 хувийг буцаан өгөхгүй гэж заасан нь яг үүргийн гүйцэтгэл үү, гэм хор уу гэдэг нь тодорхойгүй. Гэрээ цуцлах үед үүсдэг хууль эрх зүйд нийцэхгүй байна. Б тал үүргээ зөрчсөнөөс гэж байгаа нь Б талын талаар А талд мэдэгдсэн мэдэгдэл байхгүй. А тал өөрөө гэрээнээс татгалзаад гэм хор шаардаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00520 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6-д заасныг баримтлан Б.Б, “Л” ХХК нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, “Л” ХХК-иас 145 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 184 400 000 төгрөгийг, мөн хариуцагч “Л” ХХК-ийн гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэл 1 153 ам.доллар буюу 2 360 387 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 807 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52 720 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, хариуцагч “Л” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 884 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 02430 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг давах, хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч “Л” ХХК-иас гарах мөнгөн дүнг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1137 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00520 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, учирсан хохиролд нийт 330 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ын  нэхэмжлэлийн шаардлагыг, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэл 1 153 ам.доллар буюу 2 360 387 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Л” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Л” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 886 000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурджээ.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.10, 202.2.11-д заасны дагуу хүчин төгөлдөр бус заалтуудыг тусгасан тухай нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт ямар нэг дүгнэлт хийгээгүй. Мөн гэрээ нь Иргэний хуулийн 478.11 дэх заалтад заасан хамтран ажиллагаанаас үүссэн алдагдлыг талууд хамтран хариуцах ёстой гэсэн заалтыг зөрчиж алдагдлыг зөвхөн Б тал хариуцахаар зохицуулсан хууль зөрчиж буй талаар дурдсан энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдаагүй буюу шүүх энэ тайлбарт бас дүгнэлт өгөөгүй. Мөн уг гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасныг зөрчиж буй талаар нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлд шүүх дүгнэлт хийгээгүй. Мөн нэхэмжлэгч талаас удаа дараа дурдаж энэ гэрээ нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчиж байгаа гэрээ болох тухай хавтас хэрэгт авагдсан “Л” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож буй тал дээр давж заалдах шатны шүүх мөн л дүгнэлт хийгээгүй байдаг.

...Газрын хэвлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллага батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөө, техник ашиглалтын журмын дагуу газрын хэвлийг ашиглана” гэж заасан атал “Л” ХХК нь 2010 оноос хойш уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүйн дээр 2016 онд энэхүү гэрээ байгуулж олборлолт явуулахтай холбогдуулан Техник эдийн засгийн үндэслэлээ гаргалгүй гэрээ байгуулсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх бичиг баримтын бүрдэл бүрэн гэсэн дүгнэлт гаргахдаа 2010 оны бичиг баримтуудыг дурдсан байх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ашигт малтмалыг олборлох үйл ажиллагаа өөрөө онцлогтой байдаг. Учир нь уг үйл ажиллагааг эрхлэн явуулахад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч уурхайг нээж ажиллуулах зөвшөөрөл авахаас эхлээд маш олон баримт бичиг бүрдүүлж тооцоо судалгааны үндсэн дээр олборлолтын үйл ажиллагаа явуулах хуулийн шаардлага байгаа.

Гэтэл “Л” ХХК нь хуульд заасан тэдгээр шаардлагуудаа аваагүй, баримт бичгийн бүрдэл дутуу байхад бусадтай ашигт малтмал олборлож бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан нь Иргэний хуульд заасан хууль зөрчсөн хэлцэл болсон.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот тогтоолд Иргэний хуулийн 56.1.1 дэх заалтыг ““хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ” гэж тайлбарласан байдаг. “Л” ХХК болон иргэн Б.Б нарын байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ нь дээр дурдсан хэд хэдэн хуулийн зохицуулалтыг илэрхий зөрчсөн байтал давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийг бүх талаас бүрэн дүрэн хянан хэлэлцэх зарчмыг зөрчиж мөн хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Зохигч нь 2007 онд Ашигт малтмалын газраас олгосон Ховд аймгийн Цэцэг сумын Барлагийн гол нэртэй газар байрлах хариуцагчийн эзэмшлийн ашиглалтын 9061А дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд алт, төмрийн олборлолт явуулах, нэмэлт хайгуулын ажлыг гүйцэтгэх чиглэлээр бүтээгдэхүүн хуваах зарчмаар харилцан тохиролцож, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч тал олборлолт болон бусад зардлыг бүрэн гаргаж, үйл ажиллагааг явуулах, хариуцагч тал үйл ажиллагаа явуулахтай холбоотой техник эдийн засгийн үзүүлэлт болон бусад баримтыг бэлэн болгох үүргийг тус тус хүлээжээ.

Дээрх гэрээг шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан хамтран ажиллах гэрээ үзсэн байна. Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

Нэхэмжлэгч Б.Б анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүйгээс гэрээ цуцлагдсан гэж, учирсан хохиролд 330 000 000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа хоёр удаа өөрчилж, эхлээд гэрээг хуурч мэхлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлээ тодорхойлсноо эцсийн байдлаар дээрх гэрээг хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, учирсан хохирлыг арилгуулахаар шаардлагаа тогтоосон байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, тохиролцоо нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1., 189.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Хариуцагч “Л” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй татгалзсанаас гадна хамтран ажиллах гэрээг цуцалж, гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөө нэхэмжлэгч төлөөгүй гэж 2 360 387 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон ба энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт илүү үндэслэлтэй болсон байна. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, зохигчийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн учир хариуцагчийг уг гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл шаардах үндэслэлгүй гэж үзжээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлбөрөө бүрэн төлөөгүй нөхцөлд урьд төлсөн мөнгийг буцаан өгөхгүй гэх гэрээний заалтын агуулга тодорхой бус, улмаар нэхэмжлэгчид буцаан олгогдохгүйгээр хариуцагчид үлдэх мөнгөний үнийн дүн дутуу байсан ч гэрээ цуцлагдсан тохиолдолд энэ талаарх шаардлага хангагдах боломжгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Ашигт малтмал олборлох, ашиглах үйл ажиллагаа эрхлэх гэж буй аливаа этгээд энэ төрлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай баримт бичиг, зөвшөөрөл бүрдсэн тохиолдолд ажлаа эхлүүлэх учиртай ба ийнхүү үйл ажиллагаагаа хууль дүрмийн дагуу явуулаагүйгээс гаргасан зардлыг хэн нэгнээс шаардах, хэлцлийг хожим хүчин төгөлдөр бус гэж маргах эрхгүй болно.

Гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх нь хуулиар зөвшөөрөгдсөн агуулгатай хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмын дагуу үнэлсэн, маргааны үйл баримтын талаар магадлалдаа тодорхой дүгнэлт хийснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1137 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 807 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН