Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 153/2018/00035/И |
Дугаар | 001/ХТ2018/01453 |
Огноо | 2018-10-19 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2018/01453
“Б М И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2018/00160 дугаар шийдвэр,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Б М И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ховд аймгийн ЗГ-д холбогдох,
Ховд аймгийн ЗГ болон “Б М И” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Г-2016-Ажил-01 дугаартай Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээний дагуу гүйцэтгэсэн барилга угсралтын ажлыг хүлээн авахыг даалгах, уг үүргээ биелүүлээгүйгээс учирсан 7 116 800 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагчийн Ховд аймгийн ЗГ болон “Б М И” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Г-2016-Ажил-01 дугаартай Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 105, 117 дугаартай тогтоолын дагуу 350 сая төгрөгийн зээлийг халил аргаар нядлах махны үйлдвэр барих зориулалтаар, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 5 жилийн хугацаатай 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулан авсан. Улмаар Ховд аймгийн ЗДТГ-аас 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхэд 350 сая төгрөгийн зээлийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж талууд эвлэрлийн гэрээ байгуулан зээлийг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 389 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан.
“Б М И” ХХК нь дээрх зээлийн эргэн төлөлтөд тооцож 123 720 000 төгрөгийн өртөг бүхий 2 орон сууцыг 2015 онд Ховд аймгийн ЗДТГ-т хүлээлгэн өгсөн. Мөн үлдэгдэл 226 280 000 төгрөгийг аймгийн ИТХ-н Тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 115 дугаартай тогтоолын дагуу аймгийн ЗГ-тай 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Г-2016-Ажил-01 дугаартай Ховд аймгийн Хан Алтайн дуулал цогцолборын ажлын суурь цутгах, 1-р давхрын барилгын ажлын гэрээг байгуулан гэрээний нийт санхүүжилт 226 280 000 төгрөгийг “Б М И” ХХК бүрэн хариуцан барьж, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. “Б М И ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд хангалттай бүрэн биелүүлсэн ба нийт 232 075 498 төгрөгийн санхүүжилт гаргаж гэрээнд зааснаас 5 сая гаруй төгрөгийн илүү санхүүжилт гарган бохирын шугам, цахилгааны шугам татах, худаг гаргах зэрэг ажлуудыг нэмэлт барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь “Б М И” ХХК-ийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл, аудитын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлт, аймгийн ЗГ-ын 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Хан Алтайн Дуулал цогцолборын нээлтэд оролцохдоо орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн үгэндээ Ховд аймгийн ЗДТГ-аас 235 сая төгрөгийн санхүүжилт гарган хөрөнгө оруулалт хийн барьсан гэж албан ёсоор мэдэгдсэн зэргээр нотлогдоно.
Улмаар Ховд аймгийн Аудитын газарт 350 сая төгрөгийн зээл барагдуулалтын талаар дүгнэлт гаргуулахыг хүссэн хүсэлтийг гаргасан ба аудитын дүгнэлтээр гүйцэтгэгч компани нь гэрээний үүргээ гүйцэтгэсэн тул 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор багтаан улсын комисс шалгаж хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг. Мөн Ховд аймгийн ЗГ-д зээлийн эргэн төлөлтийг тооцуулах, ажил гүйцэтгэх гэрээг дүгнэх ажлын хэсгийг байгуулж өгөхийг хүссэн хүсэлтийг удаа дараа гаргасан боловч Ховд аймгийн ЗГ Д.Галсандондог нь ямар ч үндэслэлгүйгээр гэрээг дүгнэж ажлыг хүлээж авах боломжгүй, мөнгийг нь авна, комисс томилох шаардлагагүй гэж амаар хэлдэг ба бичгээр албан ёсны хариу өгөлгүй байсаар өдий хүрлээ. Ингээд аймгийн ЗГ Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 153/Ш32017/01186 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гаргуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж манай компанийн данс болон захирлын хувийн харилцах дансуудыг хаасны улмаас компанийг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож хохироож байна. Үүний улмаас манай компани болон миний бие арилжааны банкнаас бизнесийн 1,8-2,0 хувийн хүүтэй зээл авах боломжгүй болж Улаанбаатар хотын Марико банк бус санхүүгийн байгууллагаас сарын 3.5 хувийн хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хүүний зөрүүд 7 116 000 төгрөгийн алдагдал хүлээж хохирч байна. Энэхүү хохирол нь Ховд аймгийн ЗГ-ын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж үзэн нөхөн төлүүлэхээр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгыг ашиглалтад оруулах, түүнд хяналт тавихтай холбоотой харилцаа Барилгын тухай хуулиар зохицуулна. Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар аймгийн ЗГ барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах эрх хэмжээтэй. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм байгаа. Барилгыг яаж ашиглалтад хүлээж авдаг талаар Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйл, ашиглалтад оруулах дүрэмд заасан байгаа. Зохих баримт бичгийн шаардлагыг хангасан үндсэн дээр барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг аймгийн ЗГ шийдвэрлэдэг. Барилгын тухай хуулийн 48.5 дугаар зүйлд зааснаар захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, барилгын ажлын ил, далд ажлын акт, зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт, барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл, барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл, тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт зэргийг хавсаргадаг. Энэ 7 төрлийн баримтыг улсын комисс хүлээж авах бөгөөд хүсэлтээ бичиж өгдөг. Хуульд заасан энэ 7 төрлийн бичиг баримт байхгүй тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулах асуудал шийдэгдэхгүй. Эдгээр баримт бичиггүйгээр улсын комисс хүлээж авах нь хууль зүйн үндэслэлгүй. Хан Алтайн цогцолбор барилгыг хүлээж авах талаарх хүсэлтийг гаргаагүй. Улсын комисс байгуулагдаж үзэж, шалгасан зүйл байхгүй.
“Б М И” ХХК Хан Алтайн дуулал цогцолбор барилгын ажлыг барихдаа барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, захиалагчийн хяналтын гэрээ байгуулаагүй, магадлалаар батлагдсан зураг, төсөв байхгүй. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих, барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглодог. Аймаг, орон нутгийн төсвөөс “Б М И” ХХК-ийн авсан зээлийн үлдэгдэл 226 сая төгрөг бий. Хэрэв улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ямар нэгэн засвар үйлчилгээ явсан тохиолдолд заавал зураг, төсөв дээр Барилгын хөгжлийн төвөөс заавал хянан магадлал хийгдэж, баталгаажсан байх ёстой. Барилга байгууламжийг Ховд аймгийн ЗГ шууд хүлээж авах эрх зүйн үндэслэл байхгүй. “Б М И” ХХК-ийн гаргаж өгсөн зураг бол схез зураг байгаа. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д зааснаар барилга байгууламжийн зураг төслийн магадлал гэж байдаг.
Засгийн газрын 2014 оны 93 дугаар тогтоолоор төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа барилга байгууламжийн чиг үүргийг хэрэгжүүлэх, Барилгын хөгжлийн төв ОНААТГ байгуулсан. Барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалаар улсын төсвөөр хийгдэж байгаа барилга байгууламжийн зураг, төсөв, магадлал хийх эрхийг Барилгын хөгжлийн төв ОНААТҮГ-т шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга байгууламж, зураг, төсөвт магадлал хийгддэг. Магадлал хийгдсэн төсвөөр энэ ажил хийгддэг. Улсын төсвөөр хийгдэж байгаа бол манай барилгын хөгжлийн төвөөр магадлал хийгдэх ёстой гэж хэлсэн бөгөөд тодруулж үзсэн. “Б М И” ХХК-ийн схез зургийг Барилгын хөгжлийн төвөөр батлагдаагүй. Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 389 дугаартай шүүгчийн захирамжаар “Б М И” ХХК 350 сая төгрөг авснаа төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэж эвлэрлийг баталсан. Энэ захирамжид зааснаар 127 сая төгрөгт нь орон сууц өгсөн, үлдэгдэл төлбөр 226 280 000 төгрөгийг “Б М И” ХХК одоо хүртэл төлөөгүй байна. Аймагт буцааж төлөх татвар төлөгчийн мөнгө, энэ 226 280 000 төгрөгийн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дууссан учраас дахиж хэлэлцэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан зохицуулалт байгаа. Энэ төлбөр шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх ёстой. Ховд аймгийн Аудитын газраас 2016 оны төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайланд “Б М И” ХХК-тай холбоотой 226 280 000 төгрөгийг төлөөгүй зөрчил илэрлээ. Зөрчлөө арилгахыг ЗГ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, ЗГ-ын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст хугацаатай албан шаардлага өгсөн байсан. Нэгэнт аудиторын газраас албан шаардлага өгсөн учраас түүний биелэлтийг хангуулах талаар Аудиторын байгууллагын өмнө хариуцдаг үүрэгтэй. Төрийн аудитын тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 15.1.12-д зааснаар аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих эрхтэй. Хэрвээ хариу мэдэгдээгүй тохиолдолд аудитын байгууллагаас хариуцлага тооцох асуудлыг тавьдаг. Хуулиар тогтоосон процесс ажиллагааны журамтай. Тийм учраас аудитын байгууллагын шаардлага, Төсвийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 6.4.8-д зааснаар төсвийг зохистой удирдаж, ямар нэгэн өр авлага үүсгэхгүй ажиллана. Хэрэв өр авлага байгаа бол түүнийгээ барагдуулна. Шүүгчийн захирамжид дурдсан өр авлагыг барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн. ...Аудиторын дүгнэлт бол хууль зүйн үндэслэлтэй баримт биш. Энэ барилгыг бид нар шууд 226 280 000 төгрөгт тооцож авах боломж байхгүй. 226 280 000 төгрөгөөр ямар бүтээн байгуулалт хийхийг эцсийн шийдвэрийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал гаргадаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 төлөөлөгч шийдвэр гаргадаг, хурлаас сонгогдсон 7-9 тэргүүлэгч шийдвэр гаргадаг. Гэхдээ энэ хоёр хурлын эрх хэмжээ хоорондоо ялгаатай. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1-д зааснаар хурлын төлөөлөгчийн чөлөөт цагт хурлын тэргүүлэгч байдаг. Хурлын төлөөлөгч нарын шийдэх асуудлыг хурлын тэргүүлэгчид шийдвэрлэдэггүй. Хурлын 41 төлөөлөгч төсвийн асуудлыг шийддэг бол тэргүүлэгчид шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэгч нь хохирол гэж нэхэмжилж байгаа асуудал бол энэ нь үндэслэл муутай байна. ЗГ-ын гэрээ байгуулсан асуудалтай энэ хохирол ямар ч хамаагүй. Барилгын ажлыг барилгын тухай хуульд заасан журмаар явуулна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Ховд аймгийн ЗГ-аас “Б М И” ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын ажлын гэрээ нь Иргэний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл. Төсвийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.7-д аймаг, орон нутгийн төсөв гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч бүрдүүлэн хуваарилан зарцуулахыг хэлнэ гэж, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-д зааснаар тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээнд хамаардаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2б-д зааснаар ЗГ-ын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах эрх Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хамаардаг. “Б М И” ХХК-иас авах 226 280 000 төгрөг аймгийн төсөвт суугаад дараагийн ямар зүйлд хэдий хэмжээний төгрөгийг зарцуулагдах вэ гэдэг нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлэгддэг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 226 280 000 төгрөгийг юунд зарцуулагдах талаар одоогийн байдлаар эцсийн шийдвэр гараагүй байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гараагүй байхад ЗГ Хан Алтайн дуулал цогцолбор барилгыг өрөндөө бариулах нь Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна.
...ЗГ-ын Тамгын газар нэг талдаа төсвийн орлогыг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэж өгнө үү. Төсвийн тухай хуулиар ЗГ-д энэ гэрээг байгуулах эрх байхгүй байсан. Яагаад гэхээр Иргэдийн төлөөлөгчдийн хурал зөвшөөрөөгүй байхад ЗГ-д тийм эрх хэмжээ байхгүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус байгаа учраас хүчин төгөлдөр бусд тооцуулах байр суурьтай байна гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Гэрээнд 226 800 000 төгрөгийн гэх үг, өгүүлбэр оруулаагүй гэдэг асуудал яриад байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд байгаа. Үүний дагуу төсвийг захиран зарцуулагч өр барагдуулж хийсэн ажил юм. Мөнгөгүй зүйл дээр тендер зарлахгүй. Хуулийн цоорхойг ашиглаад хүлээж авахгүй гэж байна. Энэ ажлыг гүйцэтгэж байхад төр, засаг солигдсон бөгөөд төрийн үйлчилгээг үзүүлээгүй, хүлээлгэж өгөх гэхээр хүлээж аваагүй. Би хууль зөрчөөгүй бөгөөд гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн. Би хийсэн зүйл дээр ял үүрмээргүй байна. Буруутай эзэн нь хэн байгааг би ойлгохгүй байна гэжээ.
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2018/00160 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.2-д заасныг баримтлан Ховд аймгийн ЗГ, “Б М И” ХХК-ийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын ажлын гэрээний дагуу гүйцэтгэсэн барилга угсралтын ажлыг хүлээн авахыг Ховд аймгийн ЗГ-д даалгаж, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1, 224 дүгээр зүйлийн 224.1-д зааснаар Ховд аймгийн ЗГ Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол 7 116 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар Ховд аймгийн ЗГ, “Б М И” ХХК нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Хан Алтайн дуулал цогцолбор ажлын суурь, карказ цутгах, нэг давхрын барилгын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ЗГ-аас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б М И” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Ховд аймгийн ЗГ нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2018/00160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хуулийг буруу хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, түүнд хяналт тавих, ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг Барилгын тухай хуулиар зохицуулдаг. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар Ховд аймгийн ЗГ нь барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах эрх хэмжээтэй. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах харилцааг Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлээр зохицуулагддаг бөгөөд зохих баримт бичгийг хавсаргасан хүсэлтийн үндсэн дээр барилга, байгууламжийг ашиглалтад оруулах асуудлыг аймгийн ЗГ шийдвэрлэдэг. Гэтэл нэхэмжлэгч “Б М И” ХХК нь Хан Алтайн Дуулал Цогцолборын барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх, ашиглалтад оруулах талаар Ховд аймгийн ЗГ-д ямар нэг хүсэлт гаргаагүй, улсын комисс ажиллаагүй.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт ...эскиз зургийг аймгийн ерөнхий архитектор З.Өмиртэй баталсан байна... гэж дүгнэхдээ Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-т заасныг буруу тайлбарлан хэрэглэлээ. Аймгийн ерөнхий архитекторын баталсан эскиз зурагт захиалагчийг “Торгуудын Өв Соёл” төрийн бус байгууллага гэж заасан байгааг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. ...Нэхэмжлэгч “Б М И” ХХК-ийн шүүхэд гарган өгсөн Хан Алтайн Дуулал Цогцолборын зураг төсөл гэх баримт нь зөвхөн эскиз зураг байх бөгөөд Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-т заасан “барилга байгууламжийн зураг төслийн магадлал”-аар батлагдаагүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 93 дугаар тогтоолоор төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга, байгууламжид захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ийг байгуулсан. Улмаар Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар зураг төсөл, төсөвт магадлал хийх эрхийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т шилжүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч “Б М И” ХХК-ийн шүүхэд гарган өгсөн Хан Алтайн Дуулал Цогцолборын эскиз нь “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ийн магадлалаар батлагдаагүй тул батлагдсан зураг төсөл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 389 дүгээр шүүгчийн захирамжаар “Б М И” ХХК нь 350 сая төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн ЗГ-ын Тамгын газарт төлөх эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ. Шүүгчийн захирамжид тусгагдсан өр төлбөрөөс 226 280 000 төгрөгийг “Б М И” ХХК барагдуулаагүй, шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, орон нутгийн төсөвт учирсан хохирол барагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Иймээс нэхэмжлэгч “Б М И” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн өр төлбөр 226 280 000 төгрөгийг дээрх шүүгчийн захирамжид заасны дагуу төлөх бөгөөд уг өрөнд тооцож, орон нутгийн өмчлөлд бүртгэгдэхгүй хувийн компанийн эзэмшлийн Хан Алтайн Дуулал Цогцолборын барилгын ажлыг хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй.
...Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-т зааснаар “орон нутгийн төсөв” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг хэлдэг. Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар “тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх” нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээнд хамаардаг. Хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Төсвийн тухай хуулийн дээрх зохицуулалтын “Б М И” ХХК-ийн хариуцах 226 280 000 төгрөгийн авлага нь аймгийн төсвийн орлогод төвлөрч, дараагийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд зарцуулах эсэхийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар шийдвэрлэгддэг. Одоогийн байдлаар “Б М И” ХХК нь 226 280 000 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээгүй, насжилт өндөртэй уг авлага барагдаагүй, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас 226 280 000 төгрөгийг хэрхэн, юунд зарцуулах талаар шийдвэр гараагүй байна. Ийм байхад тухайн үеийн Ховд аймгийн ЗГ нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвшөөрөлгүйгээр, Төсвийн тухай хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчин “Б М И” ХХК-иас орон нутгийн төсөвт төвлөрөх 226 280 000 төгрөгийн өрөнд Хан Алтайн Дуулал цогцолборын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний тэргүүлэгчдийн эрх хэмжээг ялгавартайгаар хуульчилсан байдаг. Аймгийн төсөв батлах, төсвийн орлогыг хэрхэн юунд зарцуулах шийдвэрийг хурлын тэргүүлэгчид бус хурлын нийт төлөөлөгчдийн хуралдаанаар шийдвэрлэгддэг. Өөрөөр хэлбэл хурлын хуралдаанаар шийдвэрлэх асуудлыг тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэхгүй. Иймээс Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 115 дугаар “Төсөл дэмжих тухай” тогтоолоор “Б М И” ХХК-иас орон нутгийн төсөвт төвлөрөх 226 280 000 төгрөгийг Хан Алтайн Дуулал цогцолборын ажил гүйцэтгэхэд зарцуулахыг аймгийн ЗГ-д зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 115 дугаар “Төсөл дэмжих тухай” тогтоолд Хан Алтайн Дуулал Цогцолборын суурь болох барилгын хэсгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэхийг аймгийн ЗГ-д даалгаснаас бус “Б М И” ХХК-иас төлөгдөх 226 280 000 төгрөгийн авлагыг цогцолборын барилгын ажпын санхүүжилтэд суутган тооцохыг аймгийн ЗГ-д зөвшөөрөөгүй байна. Энэ нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн 115 дугаар тогтоол зэргээр нотлогддог.
...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэжээ. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнийн жагсаалтаар 80 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй барилга байгууламжийн ажлын гүйцэтгэгчийг нээлттэй тендер шалгаруултаар тодруулна. Нээлттэй тендер сонгон шалгаруулалтаар шалгарсан аж ахуйн нэгжтэй барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаар байхад Ховд аймгийн ЗГ-аас “Б М И” ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Хан Алтайн Дуулал цогцолборын ажлын суурь карказ цутгах, 1-р давхарын барилгын ажлын гэрээг шууд байгуулсан нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн. Ийм байхад анхан, давж заалдах шатны шүүхүүд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг дээрх заалтыг зөрчиж байна.
Дээрх нөхцөл байдал, үндэслэлийг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэргийн 1, 3 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б М И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ховд аймгийн ЗГ-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Б М И” ХХК нь Ховд аймгийн ЗГ-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээн авах, ийнхүү хүлээн аваагүйгээс учирсан хохиролд 7 116 800 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч тал шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч “Б М И” ХХК нь 2010 онд Ховд аймаг хөгжүүлэх сангаас халил аргаар мах нядлах үйлдвэр барих зорилгоор 5 жилийн хугацаатай 350 000 000 төгрөгийн зээл авчээ.
Зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар Ховд аймгийн ЗГ-ын Тамгын газар “Б М И” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан ба зохигчид төлбөрийн талаар эвлэрсэн тул Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүх шүүгчийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 389 дүгээр захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүгчийн уг захирамжийн дагуу төлбөл зохих 350 000 000 төгрөгийг талууд мөнгөөр, эсхүл эд хөрөнгөөр, ажил гүйцэтгэх хэлбэрээр төлж барагдуулах боломжтой юм.
“Б М И” ХХК нь 2015 онд 123 700 000 төгрөгийн өртөг бүхий 2 айлын орон сууцыг зээлдүүлэгчид хүлээлгэн өгсөн, харин үлдэгдэл 226 280 000 төгрөгийн төлбөрт Ховд аймгийн “Хан алтайн дуулал цогцолбор”-ын суурь карказ цутгах, 1-р давхарын барилгын ажлыг гүйцэтгэхээр 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн ЗГ-ын Тамгын газартай гэрээ байгуулжээ.
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид “Хан алтайн дуулал цогцолбор”-ыг барьж байгуулан орон нутгийн өмчлөлд шилжүүлэх төслийг дэмжих тухай 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 115 дугаар тогтоол гаргаж, аймгийн ЗГ-д төслийг хэрэгжүүлэх үүрэг өгсөн байна.
Нэхэмжлэгч “Б М И” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж, барилгыг аймгийн ерөнхий архитекторын эскиз зургаар гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд хүлээх захиалагчийн болон ажил гүйцэтгэгчийн үүргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний болон Барилгын тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна.
Хоёр шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс хохирол гаргуулах хэсгийг, мөн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.
Хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн аваагүйгээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 351 дүгээр зүйлийн 351.1.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Ажил гүйцэтгэх гэрээг байгуулахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтын дагуу сонгон шалгаруулалт зарлаагүй, холбогдох журмыг зөрчсөн гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүйгээс гадна төрийн байгууллагын гаргасан гэх зөрчил нь тухайн этгээдийн бусадтай байгуулсан гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2018/00160 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН