Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 183/2018/00150/И |
Дугаар | 001/ХТ2018/01457 |
Огноо | 2018-10-19 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2018/01457
Д.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00480 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1073 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “ЭХХТ” ТӨААТҮГ-т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 19 292 836 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргалын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч нь “ЭХХТ” ТӨААТҮГ-т 2011 онд нягтлан бодогчоор ажилд орж, алдаа дутагдал гаргалгүй ажлаа хийж гүйцэтгэж байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажил албан тушаалын жагсаалт шинээр батлагдаж байгаа болохоор хөдөлмөрийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулна гээд гарын үсэг зуруулсан. Ингээд ажлаа хэвийн хийж байтал 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж 1 өдөр гарсан мэдэгдэл болон ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/01369 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1478 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 183/ШШ2017/00895 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үе буюу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх цалин 14 669 023 төгрөг бөгөөд энэ цалинг бодож гаргахдаа өмнө нь шүүхийн шийдвэрт нэг өдрийн дундаж цалинг 74 462 төгрөг гэж тогтоосны дагуу ажилгүй байсан 274 хоногийн цалин гэж гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ажилтанд үр дүнгийн урамшуулалт цалинг захирлын тушаалаар олгоно гэж заасан. 2017-2018 оны хамтын гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа бөгөөд энэ хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт үр дүнгийн шагналт цалинг жилд 5 хүртэлх сараар олгоно гэж заасан. Нийт 2 800 813 төгрөгийг нэхэмжилсэн. Ажлаа хийж байсан бол ээлжийн амралтын олговрыг авах ёстой байсан.
Иймд 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон бусад нэмэгдэл 14 669 023 төгрөг, мөн 2017 оны үр дүнгийн урамшуулалт цалин 2 823 000 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын цалин 1 800 813, нийт 19 292 836 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Д.А нь ЭХХТ-ийн захирлын тушаалаар цалин хөлс, үндсэн хөрөнгө хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Нэхэмжлэгч нь ямар ч үндэслэл шалтгаангүйгээр цалин хөлсийг нэмж авах талаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 2017 онд манай байгууллагад ажиллаагүй байхад ажлын үр дүн гэдэг зүйл гарах үндэслэл байхгүй. Шагналт цалинг олгохдоо ажилчдын бүтээлч, идэвхи санаачлага, ажлын үр дүнг харгалзан үзэж дүгнэж олгодог. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00480 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЭХХТ” ТӨААТҮГ-аас 18 673 403 /арван найман сая зургаан зуун далан гурван мянга дөрвөн зуун гурван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 619 430 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.А-гийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч “ЭХХТ” ТӨААТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 251 317 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1073 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00480 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЭХХТ” ТӨААТҮГ-аас 14 445 628 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 847 208 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “251 317” гэснийг “230 178” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар хариуцагч “ЭХХТ” ТӨААТҮГ-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Энэ маргаан нь 3 шатны шүүхээр дамжин хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ явагдаж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тодорхойлж, мөн ажилгүй байсан хугацааны олговрыг шийдвэрлэсэн билээ. Нэгэнт хийгдэж дууссан ажиллагаанд дахин нэхэмжлэл гаргах нь эрх зүйн үндэслэлгүй.
...Нэхэмжлэгч Д.Аптанцэцэгийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцсон нь хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв үнэлээгүй гэж үзэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан шаардлагад нийцсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын засвар оруулсан нь үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч “ЭХХТ” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 19 292 836 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183\ШШ2017\00895 дугаар шийдвэрээр Д.А-ийг“ЭХХТ” ТӨААТҮГ-ын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 5 733 578 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1478 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол хяналтын шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001\ХТ2017\01369 дүгээр тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Ажил олгогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Д.А--ийгажилд эгүүлэн авах Б\17 дугаар тушаал гаргаж, биелүүлсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох ёстой учир шүүх ажил олгогчоос шүүхийн шийдвэр биелүүлсэн өдөр хүртэлх ажилтны ажилгүй байсан 194 хоногт ногдох нөхөх олговрыг тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүх нэхэмжлэгчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлохдоо шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон нэг өдрийн цалингийн хэмжээг баримталсныг, мөн урамшуулалт цалин олгох боломжгүй гэж үзсэнийг тус тус буруутгах үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1073 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН