Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01458

 

 М.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 353 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч М.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Ц, Т.Д нарт холбогдох,

15 372 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Т.Ц, Т.Д нарт Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 7 дугаар байр, 47 тоот 39 мкв 3 өрөө байрыг 50 000 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон.

15 000 000 төгрөгийг урьдаж өгөөд хүүхдийнхээ Голомт банк дахь 17 800 000 төгрөг, Төрийн банк дахь 11 600 000 төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламжийн дэвтрийг үзүүлж бэлэн мөнгөөр худалдаж авах байдлаа итгүүлж үнэмшүүлсэн. Үлдэгдэл 5 000 000 төгрөгөө цалингийн зээлээ өдөрт нь аваад өгөхөөр ярьсан.

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар байрандаа оруулж, мөнгөө авчирсан уу? гэхэд хадгаламжийн дэвтрээ үзүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хадгаламжийн хугацаа дуусна, хугацаанаас нь өмнө авахаар бүтэн жилийн хүү бодогдохгүй болчих гээд байна 10 хоног хүлээгээч гэж гуйсан. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үлдэгдэл мөнгө болох 35 000 000 төгрөгөө гүйцэт авахаар ярилцаж тохирсон. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр данс руу 4 500 000 төгрөг хийсэн. Мөнгө бэлэн гэж байрны үнийг минь 50 000 000 төгрөг хүртэл буулгачхаад ингэж увуулж, цувуулж өгөх гэж байгаа юм биш биз дээ гэхэд Т.Ц  үгүй ээ, одоо үлдсэн мөнгөө гүйцэт өгнө гэсэн, ингээд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цалингийн зээл нэмж аваад мөнгийг чинь гүйцээн өгөх гэсэн юм. Миний 2 өрөө брак байрны барьцаан дээр үл хөдлөх нэмэрлэхгүй бол зээл гаргах боломжгүй гэнэ, чи итгэхгүй бол ХААН банкны эдийн засагчтай ярих уу, үл хөдлөхөө миний нэр дээр шилжүүлчих, би яаралтайгаар гаргуулж аваад маргааш 16 цаг гэхэд зээл гарч чи бид 2-ын тооцоо дуусна гэж ярихаар нь мөнгөө хурдан авахын тулд бас л итгэж үл хөдлөхөө нэр дээр нь худалдах, худалдан авахаар шилжүүлсэн боловч миний мөнгийг гүйцэт өгөлгүй 2017 оны 1 дүгээр сард Солонгос явж ажиллахаар гарсан байсан.

Энэ хүмүүсээс удаа дараа мөнгөө авахаар шаардсан боловч өдийг болтол өгөлгүй арга саам хийн хугацаа идэж, хүний үл хөдлөхөөр хөрөнгөжин завшсаар явна.

Иймд байрны үлдэгдэл 12 200 000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөөгүйд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар тохирсон хүү болох 3 172 000 төгрөгийг нэмэн нийт 15 372 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 

...2016 оны 8 сард нэхэмжлэгч М.М, хариуцагч Т.Ц  нар М.М-ынөмчлөлийн Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 7 дугаар байрны 47 тоот 39 мкв 3 өрөө байрыг 48 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож нэхэмжлэгч М.М-ын5119003081 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2 600 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 1 400 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 14 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 4 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500 000 төгрөг, нийт 26 000 000 төгрөгийг гэрээ хийхээс өмнө төлжээ. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийж, гэрээний 2.1-р заалтад “Үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 15 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцов” гэж, мөн гэрээний 2.2-р зүйлд “Төлбөр төлөх нөхцөл нь бэлнээр” гэж заажээ. Гэрээний 2.3-д төлбөр төлөх хугацаа гэх заалтад ямар нэг хугацаа заагаагүй байна. Түүнчлэн гэрээний 3.5-д “Гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлийн нөлөөлөлд автаагүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн” хэмээн зааснаас гадна 3.6-д “нэмэлт нөхцлөөр ямар нэг зүйл тохиролцоогүй” байна. Гэрээний дээрх заалтуудаас харахад байрны худалдах, худалдан авах үнийг 50 000 000 төгрөг гэж тохирсон гэх асуудал нотлогдохгүй байна.

М.М, Т.Ц  нар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулснаас хойш Т.Ц  2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг мөн М.М-ын5119003081 тоот дансанд, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 7 800 000 төгрөгийг мөн дансанд төлснөөс гадна худалдагч тал нь төлөх ёстой татварын 1 000 000 төгрөгийг мөн М.М-ындансанд тушаасан, бэлэн 5 000 000 төгрөгийг өгсөн байдаг. Эдгээрийг өмнөх шүүх хуралдаан дээр М.М хүлээн зөвшөөрч ярьдаг. Дүгнэж үзвэл М.Мд Т.Ц-гээс  байрны үнэд өгсөн мөнгө нийтдээ 44 800 000 төгрөг болж байна. Т.Ц  нь дээрх байрыг авахын тулд зээл авах гэж мөнгө банканд байршуулах хэрэг гарч 3 000 000 төгрөгийг М.М-аасбуцаан шилжүүлж авсан нь үнэн гэдэг. Үүнийг хасаж тооцвол нийт 41 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн бөгөөд 48.000.000 төгрөгөөс өгсөн мөнгийг хасахад 6 200 000 төгрөг өгөх бодит байдал тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч М.М-ыннэхэмжилсэн 15 372 000 төгрөгөөс 6 200 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бусад шаардлага болон 9 172 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 353 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Т.Ц, Т.Д нараас 4 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мд олгож, 11 172 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингис хаан банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 234 810 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 4 700 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц, Т.Д нараас 82 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мд олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар М.М-аасулсын тэмдэгтийн хураамжид 162 150 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хариуцагч Т.Ц  “2017 оны 3 дугаар сард Мөнхзул надтай уүлзаад үлдэгдэл мөнгийг өгөхгүй удлаа байраа 50 000 000 төгрөгөөр тооцож 13 сая төгрөг төлүүлнэ гэж бичүүлж авсан ...” гэж 13 000 000 төгрөгийн баримт үйлдэгдсэн огноог тодорхойлсон тайлбарыг өгч байсан нь шүүхийн шийдвэр дээр бичигдэж үлдсэн байх ба уг баримт үйлдэгдэх үед байрны төлбөрийн үлдэгдэл 12 200 000 төгрөг байсан нь дээрх ...хүснэгтээс тодорхой харагдаж байна. Ц  50 000 000 төгрөгөөр худалдаж авснаасаа 37 800 000 төгрөгийг өгсөн үлдэгдэл 12 200 000 төгрөг байгаа гэдгийг бүрэн мэдсэн болоод “шүүхэд өгөлгүй түр хүлээгээч, би 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр буюу 5 хоногийн дараа мөнгийг чинь 13 000 000 төгрөг болгож өгье, аргагүй бараг хагас жил болсон байна” гэж яриад баримт бичиж үлдээсэн гэж тайбарладаг нь үндэслэлтэй болох нь тооцооллын хүснэгт болон 13 000 000 төгрөгийн баримтыг харьцуулж үзэхэд нотлогдож байна.

Хариуцагч дээрх 13 000 000 төгрөгийн баримтыг өөрөө бичиж гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар 13 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг хүлээн зөвшөөрсөн байх ба ийнхүү хүлээн зөвшөөрснөөсөө хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд төлбөр төлөөгүй бөгөөд энэ талаар талууд маргадаггүй.

Т.Ц  нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 8 000 000 төгрөг бэлнээр буцааж авсан болон 2017 оны 01 дүгээр сарын 03-нд 5 000 000 төгрөг бэлнээр надад өгч байсныгаа санадаггүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 02 дугаар 09-ний өдөр нэхэмжлэгч М.М нь хариуцагч Т.Ц-гийн  8 000 000 төгрөгийг бэлнээр авсан үйл явдлыг мэдэх Ү.Норов, Д.Баяндалай нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байх боловч анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 852 дугаар захирамжаар гомдол гаргах эрхгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзсан байхад энэ талаар давж заалдах шатны шүүх захирамжинд гомдол гаргаагүй тул дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж дүгнэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн. Гэтэл анхан шатны шүүх гэрч оруулах тухай хүсэлийг хангахаас татгалзсан шийдвэр гаргасан мөртлөө “...хариуцагч Т.Ц, Т.Д нарт 8 000 000 төгрөгийг буцаан төлсөн талаархи нотлох баримтыг нэхэмжлэгч М.М Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй, нотлоогүй тул 11 172 000 төгрөг гаргуулах түхай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 164 дугаартай магадлалаар маргаан бүхий байрыг 50 000 000 төгрөгөөр худалдсан болон 13 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тухай үйл баримт нэгэнт тогтоогдсон байх ба уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа ба уг магадлал хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх байрны үнэ болон байрны үлдэгдэл төлбөрийн хэмжээг дахин нотолсон нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Ийнхүү Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, энэ хуулийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлэх нөхцлийг хязгаарласан анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх залруулсангүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын маргаан бүхий орон сууцны үнийн үлдэгдэл 8 000 000 төгрөгийн төлбөрийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тул анхан болон давж заалдах шатны шийдвэрт өөрчлөлт оруүлж, 8 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг авагдсан зарим нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээг алдаатай тодорхойлжээ. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Т.Ц, Т.Д нараас орон сууц худалдсан үнийн үлдэгдлийг хүүгийн хамт нийт 15 372 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч нар нь хүүгийн талаар тохиролцоогүй, орон сууцны үнэ өөр гэж  нэхэмжлэлийг татгалзсан боловч шаардлагаас 6 200 000 төгрөгийг зөвшөөрчээ.

Зохигч нь 2016 оны 08 дугаар сард Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 7 дугаар байр, 47 тоот 39 мкв 3 өрөө байрыг худалдах-худалдан авахаар тохиролцсон ба хариуцагч нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч, Т.Ц   өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Зохигч нь гэрээндээ орон сууцны үнийг 15 000 000 төгрөг гэж тусгасан боловч нэхэмжлэгч М.М нь худалдсан орон сууцны үнийг 50 000 000 төгрөг гэж, хариуцагчийг 12 200 000 төгрөгийг дутуу төлсөн гэж нэхэмжлэлдээ заасан бол хариуцагч Т.Ц  орон сууцны үнийг 48 000 000 төгрөг гэж маргаж, төлбөрт 41 800 000 төгрөг төлсөн тул 6 200 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж тайлбарласан байна.

Хэрэгт М.М-ыннэхэмжлэлтэй, Т.Ц, Т.Д нарт холбогдох худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 931 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 164 дүгээр магадлал авагдсан байна. Хоёр шатны шүүх М.М-ыннэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Дээрх шийдвэр, магадлалд орон сууцыг худалдсан үнэ, хариуцагчийн төлсөн төлбөрийн хэмжээний талаар тодорхой тусгасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүйг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Орон сууцыг худалдах-худалдан авах үнийг “50 000 000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбарыг үнэн зөвд тооцох үндэслэлтэй”, хариуцагч “орон сууцны үнэд 41 800 000 төгрөг төлсөн” болох нь баримтаар тогтоогдсон гэж хоёр шатны шүүх шийдвэр, магадлалдаа дүгнэсэн байх тул ийнхүү дүгнэснийг нэхэмжлэгчийн одоогийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэл болгох боломжтой гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, худалдах-худалдан авах гэрээний үнэ 50 000 000 төгрөгөөс 41 800 000 төгрөг төлөгдсөн гэж үзэж, үлдэх 8 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Хоёр шатны шүүх хариуцагчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хэмжээг  анхаараагүй, энэ үнийн дүнгээс доогуур хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь ойлгомжгүй болжээ.

Төлбөрийг хугацаандаа төлөөгүйн хариуцлагад хүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ. Үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй гэж хүү тооцохын тулд үүрэг гүйцэтгэх хугацаа өөрөө, улмаар хүүг хэдий хэмжээнд тооцох нөхцөл тодорхой байх шаардлагатай болно. Талуудын худалдах-худалдан авах гэрээний тохиролцооноос энэ байдлыг тодорхойлох боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр магадлал, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 353 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “4 200 000 төгрөгийг” гэснийг “8 200 000 төгрөг” гэж, 2 дахь заалтын “82 150 төгрөг” гэснийг “146 150 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 142 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

         

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН