Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 51

 

М.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00072/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, шүүгч С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 353 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Ц-, Т.Д- нарт холбогдох

“15.372.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч М.М-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.М-,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч М.М-аас:

            ...2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Т.Ц-, Т.Д- нарт Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 7 дугаар байр, 47 тоот 39 м.кв 3 өрөө байрыг 50.000.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон. 15.000.000 төгрөгийг урьдаж өгөөд хүүхдийнхээ Голомт банк дахь 17.800.000 төгрөг, Төрийн банк дахь 11.600.000 төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламжийн дэвтрийг үзүүлж бэлэн мөнгөөр худалдаж авах байдлаа итгүүлж үнэмшүүлсэн. Үлдэгдэл 5.000.000 төгрөгөө цалингийн зээлээ өдөрт нь аваад өгөхөөр ярьсан. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар байрандаа оруулж, мөнгөө авчирсан уу? гэхэд хадгаламжийн дэвтрээ үзүүлж 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хадгаламжийн хугацаа  дуусна, хугацаанаас нь өмнө авахаар бүтэн жилийн хүү бодогдохгүй болчих гээд байна 10 хоног хүлээгээч гэж гуйсан. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үлдэгдэл мөнгө болох 35.000.000 төгрөгөө гүйцэт авахаар ярилцаж тохирсон. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр данс руу 4.500.000 төгрөг хийсэн. Мөнгө бэлэн гэж байрны үнийг минь 50.000.000 төгрөг хүртэл буулгачхаад ингэж увуулж, цувуулж өгөх гэж байгаа юм биш биз дээ гэхэд Т.Ц- үгүй ээ, одоо үлдсэн мөнгөө гүйцэт өгнө гэсэн, ингээд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цалингийн зээл нэмж аваад мөнгийг чинь гүйцээн өгөх гэсэн юм. Миний 2 өрөө брак байрны барьцаан дээр үл хөдлөх нэмэрлэхгүй бол зээл гаргах боломжгүй гэнэ, чи итгэхгүй бол ХААН банкны эдийн засагчтай ярих уу, үл хөдлөхөө миний нэр дээр шилжүүлчих, би яаралтайгаар гаргуулж аваад маргааш 16 цаг гэхэд зээл гарч чи бид 2-ын тооцоо дуусна гэж ярихаар нь мөнгөө хурдан авахын тулд бас л итгэж үл хөдлөхөө нэр дээр нь худалдах, худалдан авахаар шилжүүлсэн боловч миний мөнгийг гүйцэт өгөлгүй 2017 оны 1 дүгээр сард Солонгос явж ажиллахаар гарсан байсан. 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ирээд надтай уулзаад хэдийг өгөх билээ гэж мэдэн будилсан. Тэгэхээр нь шүүхэд хандъя гэдгээ хэлсэн, тэгэхэд Т.Ц- 50.000.000 төгрөгөөр худалдаж авснаасаа би 37.800,000 төгрөгийг өгсөн үлдэгдэл 12.200.000 төгрөг байгаа гэдгийг бүрэн мэдсэн болоод шүүхэд өгөлгүй түр хүлээгээч, би 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр буюу 5 хоногийн дараа мөнгийг чинь 13.000.000 төгрөг болгож өгье, аргагүй бараг хагас жил болсон байна гэж яриад баримт бичиж үлдээсэн /үүнийг тодруулах баримтад хавсаргасан байгаа/. Үүнийг үзэхэд байраа 50.000.000 төгрөгөөр худалдахаар тохирсон нь нотлогдож байгаа юм. Энэ хүмүүсээс удаа дараа мөнгөө авахаар шаардсан боловч өдийг болтол өгөлгүй арга саам хийн хугацаа идэж, хүний үл хөдлөхөөр хөрөнгөжин завшсаар явна. Иймд байрны үлдэгдэл 12.200.000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөөгүйд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар тохирсон хүү болох 3.172.000 төгрөгийг нэмэн 15.372.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурайгаас:

...2016 оны 8 сард нэхэмжлэгч М.М-, хариуцагч Т.Ц- нар М.М-ын өмчлөлийн Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 7 дугар байрны 47 тоот 39 м.кв 3 өрөө байрыг 48.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, дараах мөнгийг төлжээ. Үүнд: нэхэмжлэгч М.М-ын 5119003081 тоот дансанд 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2.600.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 1.400.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдө 14.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 4.500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, нийт 26.000.000 төгрөгийг гэрээ хийхээс өмнө төлжээ. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийж, гэрээний 2.1-р заалтад Үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 15.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцов гэж, мөн гэрээний 2.2-р зүйлд Төлбөр төлөх нөхцөл нь бэлнээр гэж заажээ. Гэрээний 2.3-д төлбөр төлөх хугацаа гэх заалтад ямар нэг хугацаа заагаагүй байна. Түүнчлэн гэрээний 3.5-д Гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлийн нөлөөлөлд автаагүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн хэмээн зааснаас гадна 3.6-д нэмэлт нөхцөлөөр ямар нэг зүйл тохиролцоогүй байна. Гэрээний дээрх заалтуудаас харахад байрны худалдах, худалдан авах үнийг 50.000.000 төгрөг гэж тохирсон гэх асуудал нотлогдохгүй байна. М.М-, Т.Ц- нар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулснаас хойш Т.Ц- 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөг мөн М.М-ын 5119003081 тоот дансанд, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 7.800.000 төгрөгийг мөн дансанд төлснөөс гадна худалдагч тал нь төлөх ёстой татварын 1.000.000 төгрөгийг мөн М.М-ын дансанд тушаасан, бэлэн 5.000.000 төгрөгийг өгсөн байдаг. Эдгээрийг өмнөх шүүх хуралдаан дээр М.М- хүлээн зөвшөөрч ярьдаг. Дүгнэж үзвэл М.М-д Т.Ц-гээс байрны үнэд өгсөн мөнгө нийтдээ 44.800.000 төгрөг болж байна. Т.Ц- нь дээрх байрыг авахын тулд зээл авах гэж мөнгө банканд байршуулах хэрэг гарч 3.000.000 төгрөгийг М.М-аас буцаан шилжүүлж авсан нь үнэн гэдэг. Үүнийг хасаж тооцвол нийт 41.800.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн бөгөөд 48.000.000 төгрөгөөс өгсөн мөнгийг хасахад 6.200.000 төгрөг өгөх бодит байдал тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч М.М-ын нэхэмжилсэн 15.372.000 төгрөгөөс 6.200.000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бусад шаардлага болон 9.172.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.М-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас:

М.М- миний бие нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Т.Ц-, Т.Д- нарт Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 7 дугаар байр 47 тоот 39 м.кв 3 өрөө байрыг 50.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Т.Ц- нь 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 8.000.000 төгрөгийг над руу өөрийн дүү Т.Д-ийн данснаас миний данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Т.Ц- миний утас руу залгаад Хаан банкнаас зээл хөөцөлдөхөд мөнгө байршуулах ёстой гээд байна, над руу 3.000.000 төгрөг шилжүүлээч гэж хэлсэн. Би тухайн үед хөдөө ажлаар явж байсан учраас өөрийн дансанд байсан 3.000.000 төгрөгөө Т.Ц- рүү шилжүүлсэн. Т.Ц- 15.000.000 төгрөгийг надад урьдчилгаанд өгөөд хүүхдийнхээ Голомт банк дахь 17.800.000 төгрөг, Төрийн банк дахь 11.600.000 төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламжийн дэвтрийг үзүүлж бэлэн мөнгөөр байрыг худалдаж авах байдлаа итгүүлж үнэмшүүлсэн. Үлдэгдэл 5.000.000 төгрөгөө цалингийн зээлээ өдөрт нь аваад өгөхөөр Т.Ц- бид хоёр тохирсон. Т.Ц- нь банкны ажилтан Энхмаа гэж хүний нэр барьж над руу утсаар ярихдаа үл хөдлөхөө миний нэр дээр шилжүүлчих, миний 2 өрөө брак байрны барьцаанд үл хөдлөх нэмэхгүй бол зээл гаргах боломжгүй гэнэ, чи итгэхгүй бол Хаан банкны эдийн засагч Э-тэй ярих уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөө хурдан авахын тулд Т.Ц-д бас л итгэж үл хөдлөхөө нэр дээр нь худалдах, худалдан авахаар шилжүүлсэн. Т.Ц- нь надад итгэл үнэмшил төрүүлж миний байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авчхаад утас руу нь залгахаар утсаа авахгүй байсан. Тэгсэн Бүгд найрамдах Солонгос улс руу явсан байсан. Т.Ц-гээс нэхэмжилж байгаа 15.372.000 төгрөгөөс 12.200.000 төгрөг нь би Т.Ц-д байраа зарсан 50.000.000 төгрөгийн үлдэгдэл. Харин 3.372.000 төгрөг нь би банканд 2 хувийн бизнесийн зээлтэй. Т.Ц-гээс үлдэгдэл төлбөрөө аваагүйгээс болж би банкны зээлээ төлж чадахаа больсон. Хэрэв би Т.Ц-гээс үлдэгдэл мөнгөө авсан байсан бол зээлээ хаах боломж байсан. Гэтэл зээлээ хааж чадаагүй. Ийм учраас банкны хүүд 3.372.000 төгрөгийг Т.Ц-гээс нэхэмжилсэн. Т.Ц- нь 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 13.000.000 төгрөгийг надад өгнө гэж бичиг үйлдэхдээ би чиний мөнгийг маш их удаасан тийм учраас заавал 13.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд Т.Ц-гийн 13.000.000 төгрөг төлнө гэсэн бичгийн хэлцэлд үндэслэн уг мөнгөн дүнд эвлэрэх саналтай байна. Би Т.Ц-гээс нийт 37.800.000 төгрөг авсан. Гэхдээ 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Т.Ц- миний данс руу дүү Т.Д-ийн дансаар дамжуулан 8.000.000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр буюу маргааш нь буцаагаад 3.000.000 төгрөгийг Т.Ц- рүү би мобайлаар шилжүүлсэн. Дараа нь Т.Ц-гээс надад 1.400.000 төгрөг, 2.600.000 төгрөг нийт 4.000.000 төгрөгийг өгсөн. Ингээд миний дансанд 9.000.000 төгрөг орж ирсэн. Би данснаасаа 8.000.000 төгрөг авчхаад байж байтал Т.Ц- миний ажил дээр ирээд надаас 8.000.000 төгрөг бэлнээр авсан. Тэгээд би дансандаа 1.000.000 төгрөгтэй үлдсэн. Т.Ц-д байраа 50.000.000 төгрөгөөр зараад үлдэгдэл 35.000.000 төгрөг төлөөгүй байхад би Т.Ц-д байрны түлхүүрээ өгсөн. Би Т.Ц-д 50.000.000 төгрөгөөр байраа зарсан байхад Т.Ц- нь 48.000.000 төгрөгөөр зарсан гэж гуйвуулсан. Т.Ц- нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн өөрийн гараар бичсэн бичвэрийг намайг Цагдаад хэлнэ гэж дарамталж байгаад бичүүлсэн мэт худал ярьсан байна. Т.Ц- ямар ч дарамт, шахалтад орж тэр бичвэрийг бичсэн зүйл байхгүй. Харин ч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж надад 13.000.000 төгрөг төлнө гэж бичсэн. Би Т.Ц-г анх байрандаа оруулахдаа польш тавилгаа Т.Ц-д 1.000.000 төгрөгт бодож үлдээсэн. Мөн татварын 1.000.000 төгрөгийг авах талаар түүнд хэлсэн. Тэгтэл миний хэлснийг гуйвуулж, 50.000.000 төгрөгөөс бодож 48.000.000 төгрөгөөр байраа зарсан мэтээр худал ярьсан байсан. Тиймээс 13.000.000 төгрөгт эвлэрэх санал хэвээр байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Т.Ц-гээс нийт 37.800.000 төгрөг авсан. Татварын 1.000.000 төгрөг, тавилгын 1.000.000 төгрөгийг би 50.000.000 төгрөгөөс хасаж тооцсон асуудал байхгүй. Хэрэв би хасахаар тохирсон бол 50.000.000 төгрөг гэж тохирохгүй байх байсан гэжээ.

 Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 353 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Т.Ц-, Т.Д- нараас 4.200.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М-д олгож, 11.172.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингис хаан банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 234.810 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 4.700 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц-, Т.Д- нараас 82.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.М-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.М- давж заалдсан гомдолдоо:

...Нэхэмжлэгч нь хариуцагчийн 37.8000.000 төгрөгийг төлсөн гэж тайлбарыг хариуцагч үгүйсгэдэггүй бөгөөд хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан байрны үлдэгдэл 13.000.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн дотор гаргаж өгөхөөр болов гэсэн гарын үсэг бүхий баримтыг маргаангүй байгаа тул нэхэмжлэгчийн орон сууцны үнэ 50.000.000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбар үнэн зөвд тооцогдох үндэслэл байна гэж гаргасан шийдвэрийг анхан шатны шүүхийн шийдвэртэй ач холбогдол болгон авч үзсэнгүй. Хариуцагч Т.Ц- 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 37.800.000 төгрөгийг төлснөө нотолж 12.200.000 төгрөгийн үлдэгдэл дээр 800.000 төгрөг нэмж 13.000.000 төгрөг болгож барагдуулъя. Учир нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгөхөөр ярьж тохирсон хугацаандаа өгч чадаагүй чирэгдүүлсэн учраас гэж ярьж байгаад өөрийн санал сэтгэгдлийг цаасан дээр буулган бичгээр үйлдсэн байдаг. М.М- би хариуцагч талын яриад байгаа шиг Т.Ц-д ямар ч дарамт шахалт үзүүлж бичүүлээгүй. Хариуцагч тал дарамт шахалтаар бичсэн гэх талаараа нотолгоо гаргаж ирдэггүй. Өгөхөөр тооцож байсан 12.200,000 төгрөгөөс 8.000.000 төгрөг хасаж тооцох нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхэд шийдвэрт хэрэг хянаж байх явцад 8.000.000 төг буцааж бэлнээр авсан болон үлдэгдэл мөнгө тооцож байхыг гэрчлэх Ү.Норвоог гэрчээр асуух хүсэлтийг гаргасан боловч давж заалдах шатны шүүхийн шийдвэрт 37.800.000 төг авсан өгсөн дээр маргахгүй байгаа юм чинь энэ 8.000.000 төгрөг энэ дүндээ орчихсон яваа учраас нотлох баримт нэмэлтээр авах шаардлагагүй гэсэн боловч өгөх ёстой 12.200.000 төг хасаж тооцсон нь буруу шийдвэр гаргасан байна. Гэх мэт шийдвэр гаргах явц удаашралтай нотлох баримтгүй байхад дарамталсан 8.000.000 төгрөгийг хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 22-ны надаас бэлэн мөнгөөр авч явснаа өмгөөлөгчдөө хэлсээр байтал аваагүй мэтээр ярьж хурлын шийдвэрт буруугаар нөлөөлсөн зэрэг нь гүжир гүтгэлийн шинжтэй байгаа тул гомдолтой байна. Хариуцагч мөнгөө төлөөгүй үл хөдлөх хөрөнгийг худалдаж худалдан авч барьцаанд тавьж үндэслэлгүйгээр хөрөнгөжин завшиж байгааг таслан зогсоож байрны үлдэгдэл 9.200.000 төгрөгийг яаралтай гаргуулан миний хохирлыг барагдуулах зөв шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.                          

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч М.М- хариуцагч Т.Ц-, Т.Д- нарт холбогдуулан  Дархан сумын  5 дугаар  баг, 20 дугаар хороолол, 7 дугаар байр 47 тоот  39м.кв талбай  бүхий 3 өрөө  орон сууц худалдсан үнийн үлдэгдэл 12.200.000 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргээ  хугацаанд нь биелүүлээгүй  учир тохирсон хүү болох 3.172.000 төгрөг нийт  15.372.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэл гаргасан байна.

            Хариуцагч Т.Ц-, Т.Д- нар  “... байрыг  48.000.000 төгрөгөөр  тохирч авсан...,  ... 2016 оны 8 дугаар сарын 08-аас  12 сар хүртэл хугацаанд  40.800.000 төгрөг  өгсөн, 5.000.000 төгрөг бэлнээр  тус тус өгсөн...,  ... одоогийн байдлаар  4.500.000 төгрөг төлөх үндэслэл байна” гэж маргасан.

            Шүүх  хэрэгт авагдсан  нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн зарим буюу 4.200.000 төгрөгийн шаардлагыг хангаж,  11.172.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Зохигчид нь 2016 оны 8 сард дээрх орон сууцыг худалдах худалдан авах,  үнийг  хэсэгчилж төлөхөөр амаар  тохиролцсон ба  2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  уг гэрээг бичгээр хийж \хх-114 дүгээр тал\ Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1-дэх хэсэгт заасан  худалдах, худалдан авах гэрээний харилцаа  үүссэн.

            Худалдах,  худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь  худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө  хүлээн  авах үүргийг  тус тус хүлээдэг.

            Худалдагч М.М- нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу орон сууцыг  Т.Ц-гийн өмчлөлд шилжүүлснээр 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Т.Ц-г улсын бүртгэлийн 2003000461 дугаарт бүртгэж, 000536566 тоот гэрчилгээ олгогдсон \хх-116 дугаар тал\  Т.Ц-гээс  бэлэглэлийн гэрээгээр  Т.Д-т өмчлөл шилжиж  2016 оны 12 дугаар сарын 27-нд 000128897 тоот гэрчилгээ \хх-121 дүгээр тал\ олгогдсон, худалдан авагч  Т.Ц-, Т.Д- нар гэрээний зүйлийн  үнийг  бүрэн төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбаруудаар   тогтоогдсон байна.

            Гэрээний үнийг  нэхэмжлэгч 50.000.000 төгрөг гэж хариуцагч нар 48.000.000 төгрөгөөр тохирсон гэж  мөн  төлсөн  төлбөрийн хэмжээг нэхэмжлэгч 37.800.00 төгрөг авсан, хариуцагч  45.800.000 төгрөг  төлсөн гэж  тус тус  маргасан.

            Талууд  амаар хийсэн гэрээг бичгээр  хийхдээ   гэрээний үнийн  хэмжээг  15.000.000 төгрөг гэж   заасан нь бодит байдалд  бүрэн нийцээгүй  болох нь  2016 оны 8 дугаар сараас хойш төлсөн төлбөрийн баримтаар тус тус үгүйсгэгдсэн, харин  хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан “гэрээний үнийг 50.000.000 төгрөгөөр  тохиролцсон”  гэсэн  тайлбарыг баримтаар үгүйсгэж чадаагүй  ба  шүүхийн  энэ талаарх дүгнэлт, шийдвэрт гомдол гаргаагүй  байна.

            М.М-, Т.Ц- нарын эзэмшлийн ХААН банк дахь дансны хуулга бүхий баримтын орлого, зарлагын дүнгээр 2016 оны 8 дугаар сарын 08-аас 2016 оны 12 дугаар сарын 28 хүртэл  хугацаанд  40.800.000 төгрөг,  зохигчдын тайлбараар  бэлнээр 5.000.000 төгрөг нийт 45.800.000 төгрөгийн төлбөр төлсөн  нь  тогтоогдсон учир хариуцагчаас гэрээний үүргийн дагуу 4.200.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг  үндэслэлтэй гэж үзнэ.

            Нэхэмжлэгч  нь  гэрээний үнийн  үлдэгдэл төлбөр 12.200.000 төгрөг нэхэмжлэх болсон үндэслэлийг  нотолж,  “2017 оны 04 дүгээр сарын 03-ны дотор байрны үлдэгдэл  13.000.000 төгрөгийг  өгч барагдуулна. Төмөрбаатар Ц-”  гэсэн  бичгийг  ирүүлсэн  байна. \хх-157 дугаар тал\

            Гэвч  энэ баримтад дурдсан  мөнгөний зориулалтыг  “байрны  үлдэгдэл” гэж  тусгасан учир  өгсөн, авсныг нийт үнийн  дүнгээс тооцон  зөрүү  буюу үлдэх хэсгийг  гаргуулах нь  худалдах, худалдан авах гэрээний  зорилготой нийцэх юм.

            Нэхэмжлэгч М.М- давж заалдах гомдлын  үндэслэлдээ 13.000.000 төгрөг төлнө гэснийг  ач холбогдол болгон авч үзсэнгүй гэснээс гадна 8.000.000 төгрөгийг Т.Ц- буцааж авсныг нотолж  Ү.Норвоог  гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан боловч  давж заалдах шатны шүүхийн шийдвэрт  37.800.000 төгрөг авсан өгсөн дээр маргахгүй байгаа юм чинь нотлох баримт нэмэлтээр авах шаардлагагүй  гэсэн  боловч  12.200.000 төгрөгийг хасаж  тооцсон нь буруу, хариуцагч мөнгөө төлөөгүй  үл хөдлөх хөрөнгийг худалдан авч барьцаанд тавьж үндэслэлгүйгээр хөрөнгөжин завшиж байгааг таслан зогсоож байрны үлдэгдэл 9.200.000 төгрөгийг гаргуулан хохирлыг барагдуулж өгнө үү гэснийг  судалж үзвэл,

            8.000.000 төгрөг буцааж өгсөн гэж  2018 оны  3 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны явцад  тайлбартаа дурдсан болохоос  өмнө нь Т.Ц-д 8.000.000 төгрөг өгсөн талаар дурдаж  байгаагүй, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр  гаргасан хүсэлтэд \хх-61 дүгээр тал\ “...Хариуцагч Т.Ц- нь өгсөн, авснаа мэдэхгүй  байгаа  учир доорх 2 хүнийг  гэрчээр  татан оролцуулах  хүсэлтэй байна ....”  \хх-61 дүгээр тал\ , гэсэн хүсэлтийг,  шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 852 дугаар захирамжаар хангахаас татгалзсан \хх-65 дугаар тал\ ба  захирамжид гомдол гаргаагүй  байх тул дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох  үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 353 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар М.М-аас  улсын тэмдэгтийн хураамжид  162.150 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                                            

                                         

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ       

                                                                 ШҮҮГЧИД                                   Л.АМАРСАНАА               

                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ