Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 353

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Бурхант 2-1 тоотод оршин суух, Мөнх овгийн Мягмарын Мөнхзул /РД:ТГ66121061, утас:9904-8908 /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 30 дугаар брак, 7 тоотод оршин суух Монгол овгийн Төмөрбаатарын Цэцгээ /РД: ТГ67122923, утас:9981-4273/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 7 дугаар байр, 47 тоотод оршин суух Монгол овгийн Төмөрбаатарын Дарханцэцэг /РД:ТД75020963, утас:9994-4515 / нарт холбогдох

 

“15,372,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Мөнхзул, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Мөнхзул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           “...2016 оны 11 сарын 09-нд Т.Цэцэгээ, Т.Дарханцэцэг нарт Дархан сум, 5-р баг, 20-р хороолол, 7-р байр, 47 тоот 39мкв 3 өрөө байрыг 50,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон. 15,000,000 төгрөгийг урьдаж өгөөд хүүхдийнхээ Голомт банк дахь 17,800,000 төгрөг, Төрийн банк дахь 11,600,000 төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламжийн дэвтэрийг үзүүлж бэлэн мөнгөөр худалдаж авах байдлаа итгүүлж үнэмшүүлсэн. Үлдэгдэл 5,000,000 төгрөгөө цалингийн зээлээ өдөрт нь аваад өгөхөөр ярьсан. 2016 оны 11 сарын 10-нд байрандаа оруулж мөнгөө аваад ирсэн үү гэхэд хадгаламжийн дэвтэрээ үзүүлж 2016 оны 11 сарын 10-нд хадгаламжийн хугацаа нь дуусна, хугацаанаас нь өмнө авахаар бүтэн жилийн хүү бодогдохооргүй болчих гээд байна 10 хоног хүлээгээч гэж гуйсан. 2016 оны 11 сарын 20-нд үлдэгдэл мөнгө болох 35,000,000 төгрөгөө гүйцэт авахаар ярилцаж тохирсон. 2016 оны 11 сарын 21-нд данс руу 4,500,000 төгрөг хийсэн. Мөнгө бэлэн гэж байрны үнийг минь 50,000,000 төгрөг хүртэл буулгачихаад ингэж увуулж, цувуулж өгөх гэж байгаа юм биш биз дээ гэхэд Т.Цэцэгээ үгүй ээ, одоо үлдсэн мөнгөө гүйцэт өгнө гэсэн, ингээд 2016 оны 12 дугаар сарын 15-нд цалингийн зээл нэмж аваад мөнгийг чинь гүйцээн өгөх гэсэн юм. Миний 2 өрөө брак байрны барьцаан дээр үл хөдлөх нэмэрлэхгүй бол зээл гаргах боломжгүй гэнэ, чи итгэхгүй бол ХААН банкны эдийн засагчтай ярих уу, үл хөдлөхөө миний нэр дээр шилжүүлчих, би яаралтайгаар гаргуулж аваад маргааш 16 цаг гэхэд зээл гарч чи бид 2-ын тооцоо дуусна гэж ярихаар нь мөнгөө хурдан авахын тулд бас л итгэж үл хөдлөхөө нэр дээр нь худалдах худалдан авахаар шилжүүлсэн боловч миний мөнгийг гүйцэт өгөлгүй 2017 оны 1 сард Солонгос явж ажиллахаар гарсан байсан. 2017 оны 3 сарын 28-нд ирээд надтай уулзаад хэдийг өгөх билээ гэж мэдэн будилсан. Тэгэхээр нь шүүхэд хандъя гэдгээ хэлсэн, тэгэхэд Т.Цэцэгээ 50,000,000 төгрөгөөр худалдаж авснаасаа би 37,800,000 төгрөгийг өгсөн үлдэгдэл 12,200,000 төгрөг байгаа гэдгийг бүрэн мэдсэн болоод шүүхэд өгөлгүй түр хүлээгээч, би 2017 оны 4 сарын 3-нд буюу 5 хоногийн дараа мөнгийг чинь 13,000,000 төгрөг болгож өгье, аргагүй бараг хагас жил болсон байна гэж яриад баримт бичиж үлдээсэн /үүнийг тодруулах баримтад хавсаргасан байгаа/. Үүнийг үзэхэд байраа 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон нь нотлогдож байгаа юм. Энэ хүмүүсээс удаа дараа мөнгөө авахаар шаардсан боловч өдийг болтол өгөлгүй арга саам хийн хугацаа идэж, хүний үл хөдлөхөөр хөрөнгөжин завшсаар явна. Иймд байрны үлдэгдэл 12,200,000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөөгүйд Иргэний хуулийн 222-р зүйлийн 222.5-д зааснаар тохирсон хүү болох 3,172,000 төгрөгийг нэмэн 15,372,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...2016 оны 8 сард нэхэмжлэгч М.Мөнхзул, хариуцагч Т.Цэцгээ нар Мөнхзулын өмч болох Дархан сум, 5-р баг, 20-р хороолол, 7-р байрны 47 тоот 39 мкв 3 өрөө байрыг 48 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, дараах мөнгийг төлжээ.Үүнд: нэхэмжлэгч М.Мөнхзулын 5119003081 тоот дансанд

-2016 оны 8 сарын 09-нд 3,000,000 төгрөг,

-2016 оны 8 сарын 15-нд 2,600,000 төгрөг,

-2016.08.18-нд 1,400,000 төгрөг,

-2016.09.11-нд 14,000,000 төгрөг,

-2016.11.22-нд 4,500,000 төгрөг,

-2016.12.15-нд 500,000 төгрөг.

Нийт 26,000,000 төгрөгийг гэрээ хийхээс өмнө төлжээ. Ингээд 2016.12.15-нд Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийж, гэрээний 2.1-р заалтад “Үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 15,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов.” гэж, мөн гэрээний 2.2-р зүйлд “Төлбөр төлөх нөхцөл нь бэлнээр” гэж заажээ. Гэрээний 2.3-д төлбөр төлөх хугацаа гэх заалтад ямар нэг хугацаа заагаагүй байна. Түүнчлэн гэрээний 3.5-д “Гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлийн нөлөөлөлд автаагүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн хэмээн зааснаас гадна 3.6-д нэмэлт нөхцөлөөр ямар нэг зүйл тохиролцоогүй байна. Гэрээний дээрх заалтуудаас харахад байрны худалдах, худалдан авах үнийг 50,000,000 төгрөг гэж тохирсон гэх асуудал нотлогдохгүй байна. М.Мөнхзул, Т.Цэцгээ нар 2016.12.15-нд гэрээ байгуулснаас хойш Т.Цэцгээ 2016.12.23-нд 5,000,000 төгрөг мөн Мөнхзулын 5119003081 тоот дансанд, 2016.12.28-нд 7,800,000 төгрөгийг мөн дансанд төлснөөс гадна худалдагч тал нь төлөх ёстой татварын 1,000,000 төгрөгийг мөн Мөнхзулын дансанд тушаасан, бэлэн 5,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Эдгээрийг өмнөх шүүх хуралдаан дээр Мөнхзул хүлээн зөвшөөрч ярьдаг. Дүгнэж үзвэл М.Мөнхзулд Цэцгээгээс байрны үнэд өгсөн мөнгө нийтдээ 44,800,000 төгрөг болж байна. Т.Цэцгээ нь дээрх байрыг авахын тулд зээл авах гэж мөнгө банкинд байршуулах хэрэг гарч 3 сая төгрөгийг Мөнхзулаас буцаан шилжүүлж авсан нь үнэн гэдэг. Үүнийг хасч тооцвол нийт 41,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн бөгөөд 48,000,000 төгрөгөөс өгсөн мөнгийг хасахад 6,200,000 төгрөг өгөх бодит байдал тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч М.Мөнхзулын нэхэмжилсэн 15,372,000 төгрөгөөс 6,200,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бусад шаардлага болон 9,172,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мягмар овогтой Мөнхзул миний бие нь 2016.11.09-ний өдөр Т.Цэцгээ, Т.Дарханцэцэг нарт Дархан сум, 5-р баг, 20-р хороолол, 7-р байр 47 тоот 39 мкв 3 өрөө байрыг 50 сая төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон. Т.Цэцгээ нь 2016.08.08-ны өдрөөс эхлэн 8 сая төгрөгийг над руу өөрийн дүү Т.Дарханцэцэгийн данснаас миний данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2016.08.09-ний өдөр Т.Цэцгээ миний утас руу залгаад “Хаан банкнаас зээл хөөцөлдөхөд мөнгө байршуулах ёстой гээд байна, над руу 3 сая төгрөг шилжүүлээч” гэж хэлсэн. Би тухайн үед хөдөө ажлаар явж байсан учраас өөрийн дансанд байсан 3 сая төгрөгөө Т.Цэцгээ рүү шилжүүлсэн. Т.Цэцгээ 15 сая төгрөгийг надад урьдчилгаанд өгөөд хүүхдийнхээ Голомт банк дахь 17,800,000 төгрөг, Төрийн банк дахь 11,600,000 төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламжийн дэвтрийг үзүүлж бэлэн мөнгөөр байрыг худалдаж авах байдлаа итгүүлж үнэмшүүлсэн. Үлдэгдэл 5 сая төгрөгөө цалингийн зээлээ өдөрт нь аваад өгөхөөр Т.Цэцгээ бид хоёр тохирсон. Т.Цэцгээ нь банкны ажилтан Энхмаа гэж хүний нэр барьж над руу утсаар ярихдаа “үл хөдлөхөө миний нэр дээр шилжүүлчих, миний 2 өрөө брак байрны барьцаанд үл хөдлөх нэмэхгүй бол зээл гаргах боломжгүй гэнэ, чи итгэхгүй бол Хаан банкны эдийн засагч Э-тэй ярих уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөө хурдан авахын тулд Т.Цэцгээд бас л итгэж үл хөдлөхөө нэр дээр нь худалдах-худалдан авахаар шилжүүлсэн. Т.Цэцгээ  нь надад итгэл үнэмшил төрүүлж миний байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авчхаад утас руу нь залгахаар утсаа авахгүй байсан. Тэгсэн БНАСолонгос улс руу явсан байсан. Т.Цэцгээгээс нэхэмжилж байгаа 15,372,000 төгрөгөөс 12,200,000 төгрөг нь би Т.Цэцгээд байраа зарсан 50 сая төгрөгийн үлдэгдэл. Харин 3,372,000 төгрөг нь би банкинд 2 хувийн бизнесийн зээлтэй. Т.Цэцгээгээс үлдэгдэл төлбөрөө аваагүйгээс болж би банкны зээлээ төлж чадахаа больсон. Хэрэв би Т.Цэцгээгээс үлдэгдэл мөнгөө авсан байсан бол зээлээ хаах боломж байсан. Гэтэл зээлээ хааж чадаагүй. Ийм учраас банкны хүүнд 3,372,000 төгрөгийг Т.Цэцгээгээс нэхэмжилсэн. Т.Цэцгээ   нь 2017.04.03-ны өдөр 13 сая төгрөгийг надад өгнө гэж бичиг үйлдэхдээ “би чиний мөнгийг маш их удаасан тийм учраас заавал 13 сая төгрөг өгнө” гэж хэлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд Т.Цэцгээгийн 13 сая төгрөг төлнө гэсэн бичгийн хэлцэлд үндэслэн уг мөнгөн дүнд эвлэрэх саналтай байна. Би Т.Цэцгээгээс нийт 37,800,000 төгрөг авсан. Гэхдээ 2016.08.08-ны өдөр Т.Цэцгээ миний данс руу дүү Т.Дарханцэцэгийн дансаар дамжуулан 8 сая төгрөг шилжүүлсэн. 2016.08.09-ний өдөр буюу маргааш нь буцаагаад 3 сая төгрөгийг Т.Цэцгээ рүү би мобайлаар шилжүүлсэн. Дараа нь Т.Цэцгээгээс надад 1,400,000 төгрөг, 2,600,000 төгрөг нийт 4 сая төгрөгийг өгсөн. Ингээд миний дансанд 9 сая төгрөг орж ирсэн. Би данснаасаа 8 сая төгрөг авчхаад байж байтал Т.Цэцгээ миний ажил дээр ирээд надаас 8 сая төгрөг бэлнээр авсан. Тэгээд би дансандаа 1 сая төгрөгтэй үлдсэн. Т.Цэцгээд байраа 50 сая төгрөгөөр зараад үлдэгдэл 35 сая төгрөг төлөөгүй байхад би Т.Цэцгээд байрны түлхүүрээ өгсөн. Би Т.Цэцгээд 50 сая төгрөгөөр байраа зарсан байхад Т.Цэцгээ нь 48 сая төгрөгөөр зарсан гэж гуйвуулсан. Т.Цэцгээ нь 2017.04.03-ны өдрийн өөрийн гараар бичсэн бичвэрийг намайг Цагдаад хэлнэ гэж дарамталж байгаад бичүүлсэн мэт худал ярьсан байна. Т.Цэцгээ ямар ч дарамт, шахалтад орж тэр бичвэрийг бичсэн зүйл байхгүй. Харин ч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж надад 13 сая төгрөг төлнө гэж бичсэн. Би Т.Цэцгээг анх байрандаа оруулахдаа польш тавилгаа Т.Цэцгээд 1 сая төгрөгт бодож үлдээсэн. Мөн татварын 1 сая төгрөгийг авах талаар түүнд хэлсэн. Тэгтэл миний хэлснийг гуйвуулж, 50 сая төгрөгөөс бодож 48 сая төгрөгөөр байраа зарсан мэтээр худал ярьсан байсан. Тиймээс 13 сая төгрөгт  эвлэрэх санал хэвээр байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. 2016.08.08-ны өдөр 8 сая төгрөг Т.Дарханцэцэгийн данснаас миний данс руу орсон. 2016.08.09-ний өдөр 3 сая төгрөгийг би буцааж Т.Цэцгээгийн данс руу шилжүүлсэн. Тэгээд 2016.08.15-ны өдөр 2,600,000 төгрөг, 2016.12.23-ны өдөр 5 сая төгрөг, 2017.01.03-ны өдөр 5 сая төгрөг, 2016.08.15-ны өдөр 1,400,000 төгрөг, 14 сая төгрөг дансаар, 4,500,000 төгрөг, 500,000 төгрөг, 5 сая төгрөг, 7,800,000 төгрөг нийт 45,800,000 төгрөг өгсөн. Харин т.Цэцгээ нь бэлнээр 5 сая төгрөг надад бэлнээр өгчхөөд өөрөө тэрийг мэдэхгүй байсан. Тэгээд би Т.Цэцгээтэй тооцоо нийлэхдээ бэлнээр 5 сая төгрөг надад өгсөн талаар хэлсэн. Би Т.Цэцгээгээс нийт 37,800,000 төгрөг авсан. Татварын 1 сая төгрөг, тавилгын 1 сая төгрөгийг би 50 сая төгрөгөөс хасч тооцсон асуудал байхгүй. Хэрэв би хасахаар тохирсон бо 50 сая төгрөг гэж тохирохгүй байх байсан.” гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай талаас М.Мөнхзулыг Т.Цэцгээд 48 сая төгрөгөөр байраа зарсан гэж үзэж байна. М.Мөнхзул нь гал тогооны польш тавилгыг 1 сая төгрөгт тооцож, харин татварын 1 сая төгрөгийг би өөрөө төлнө гээд Т.Цэцгээгээс авсан байдаг. Ингээд байрыг 48 сая төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон. Үл хөдлөх хөрөнгө худалдаж байгаа тохиолдолд худалдан авагч тал татварыг төлөх ёстой учраас нэхэмжлэгч Т.Цэцгээ төлнө гэж тохиролцсон. М.Мөнхзул 50 төгрөгөөр, Т.Цэцгээ 48 сая төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон гэж ярьж байгаа боловч үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй. Т.Цэцгээ нь М.Мөнхзулд 2016.08.08-ны өдөр 8 сая төгрөгийг дүү Т.Дарханцэцэгийн дансаар шилжүүлсэн боловч 3 сая төгрөгөө Т.Цэцгээ буцаан авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээд 2016.08.15-ны өдөр 2,600,000 төгрөг, 2017.08.14-ний өдөр 1,400,000 төгрөг, 2016.11.09-ний өдөр 14 сая төгрөг, 2016.11.22-ны өдөр 4,500,000 төгрөг, 2016.11.15-ны өдөр 500,000 төгрөг, М.Мөнхзулд бэлнээр 5 сая төгрөг, мөн дансаар 2016 оны 12 сарын сүүлээр 7,800,000 сая төгрөг нийт 40,800,000 төгрөг өгсөн. 5 сая төгрөг бэлнээр М.Мөнхзулд Т.Цэцгээ өгсөн гэдгийг нэхэмжлэгч М.Мөнхзул өөрөө нотолдог. М.Мөнхзул, Т.Цэцгээ нар нь үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах 15 сая төгрөгийн гэрээг 2016.12.15-ны өдөр хийсэн. Өөрөөр хэлбэл М.Мөнхзул байраа 48 сая төгрөгөөр худалдахаар тохирохдоо үлдэх 15 сая төгрөгт гэрээ хийсэн гэж Т.Цэцгээ хэлдэг. Т.Цэцгээ нь 15 сая төгрөгийг М.Мөнхзулд төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаас тодорхой харагдаж байгаа. Талууд төлбөр төлөх нөхцөлийг бэлнээр гэж тохиролцсон боловч хэзээ төлөх хугацаа нь тодорхойгүй байдаг. Харин 13 сая төгрөгийг Цэцгээ бичиж өгөхдөө М.Мөнхзулын дарамт шахалтаар бичсэн байдаг. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлээгүй нь нэг талын дарамт шахалтаар хийсэн нь тодорхой байна. М.Мөнхзулын өмнөх шүүх хуралдаан гаргасан тайлбарыг уншиж сонсгов. Нэхэмжлэгч М.Мөнхзулын нэхэмжлэлийн шаардлага байнга өөрчлөгддөг. Гэрээнд хүү төлөх талаар дурдаагүй. М.Мөнхзулын авсан банкны зээлийн хүү Т.Цэцгээд ямар ч хамраалгүй. Иргэний хуульд зааснаар худалдан авагч тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд

худалдагч тал үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Гэтэл Т.Цэцгээ нь хуульд заасан ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй гэдэг нь тодорхой бус байдаг учраас Т.Цэцгээ нь М.Мөнхзулд 48 сая төгрөгийн үлдэгдэл 8,500,000 төгрөг төлөх үндэслэлтэй гэж үзэж байгаа. М.Мөнхзулын дансанд 9 сая төгрөг Т.Цэцгээгээс орж ирсэн байхад Т.Цэцгээ 8 сая төгрөг бэлнээр М.Мөнхзулаас авч, 1 сая төгрөг үлдсэн гэж үндэслэлгүй зүйл яриад байна. 2016.08.08-ны өдөр 8 сая төгрөгийг өөрийн төрсөн дүү Т.Дарханцэцэгийн дансаар шилжүүлээд маргааш нь буцааж 3 сая төгрөг Т.Цэцгээ М.Мөнхзулаас авснаа хүлээн зөвшөөрсөн. Хэрэв М.Мөнхзул Т.Цэцгээд 50 сая төгрөгөөр байраа зарсан гэж үзэх тохиолдолд Т.Цэцгээгийн М.Мөнхзулд бэлнээр болон дансаар шилжүүлсэн мөнгөн дүнг нэмэхэд М.Мөнхзулд одоогийн байдлаар 4,500,000 төгрөг төлөх үндэслэл байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Мөнхзулын хариуцагч Т.Цэцгээ, Т.Дарханцэцэг нарт холбогдуулан гаргасан 15 372 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчдын хооронд  Дархан сум 5 дугаар баг 7 дугаар байр 47 тоот 49 м.кв 3 өрөө орон сууцыг худалдсан үйл явдал тогтоогдсон энэ талаар маргаангүй байна.

Нэхэмжлэгч М.Мөнхзул орон сууцыг 50 000  000 төгрөгөөр худалдсан үлдэгдэл төлбөр 12 200 000 төгрөг гэж, хариуцагч нар 48 000 000 төгрөгөөр худалдсан үлдэгдэл төлбөр 6 200 000 төгрөг гэж маргаж байгаа болно.

            Нэхэмжлэгч М.Мөнхзулын нэхэмжлэлийн шаардлагад хавсаргаж ирүүлсэн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 8 000 000 төгрөг үүнээс 3 000 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр буцааж шилжүүлсэн, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2 600 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 1 400 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 14 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 22-ны өдөр 4 500 000 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 500 000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг, 12 дугаар сарын 28-ны өдөр 7 800 000 төгрөгийг хариуцагч Т.Цэцгээ тус нэхэмжлэгч М.Мөнхзулын дансанд тус тус шилжүүлсэн энэ талаар маргаангүй, мөн 5 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэж шүүх хуралдаанд М.Мөнхзул тайлбарлаж байна.     

            Дээрхи тооцоогоор байрны үнэнд нийт 45 800 000 төгрөг төлөгдсөн гэж хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж үлдэгдэл төлбөрийг төлнө гэж, нэхэмжлэгч  2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 8 000 000 төгрөг шилжүүлгээр аваад  үүнээс 3 000 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 09–ний өдөр буцааж шилжүүлсэн, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2 600 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 1 400 000 төгрөг тус тус шилжүүлэн авсны дараа буюу нийт 9 000 000 төгрөг төлөгдсөний дараа 8 000 000 төгрөгийг хариуцагч нар бэлнээр буцаан авсан тул төлөгдсөн дүн 37 800 000 төгрөг үлдэгдэл төлбөр 12 200 000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг удаасан учраас 2017 оны 04 дүгээр сарын 03-ны дотор 13 000 000 төгрөг болгож төлнө гэж бичиж өгч байсан гэж тайлбарлаж байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэцгээгийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны дотор байрны үлдэгдэл  13 000 000 төгрөгийг өгч барагдуулна гэсэн бичвэрийг ...цагдаад өгнө гэхэд өөрийн гараар бичиж өгсөн... гэдгийг нэхэмжлэгч 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болсон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан, энэ бол айлган сүрдүүлж бичүүлсэн зөвшөөрөхгүй гэжээ.

            Орон сууцны үнэнд 45 800 000 төгрөг төлөгдсөн нь талуудын тайлбар, ХААН банкны депозит дансны хуулгаар нотлогдож байгаа тул  орон сууцны тохиролцсон үнэ  50 000 000 төгрөгөөс төлөгдсөн үнэ 45 800 000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 4 200 000 төгрөгийг хариуцагч Т.Цэцгээ,Т.Дарханцэцэг нараас гаргуулан нэхэмжлэгч М.Мөнхзулд олгох нь үндэслэлтэй байна.

Талууд Дархан сум 5 дугаар баг 7 дугаар байр 47 тоот 49 м.кв 3 өрөө орон сууцыг  худалдах, худалдан авах үедээ гэрээ байгуулаагүй, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг 15 000 000 төгрөг гэсэн байна.

Дээрхи гэрээнд тогтоосон үнийг нэхэмжлэгч орон сууцны төлөгдөөгүй үнийн дүнгээр  гэрээний үнэ тодорхойлсон гэж байгаа бол гэрээ хийсний дараа 12 дугаар сарын 15-ны өдөр 500 000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг, 12 дугаар сарын 28-ны өдөр 7 800 000 төгрөг төлөгдсөн  байна.

Талууд гэрээгээр үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагын талаар тухайлбал хүүний талаар тохиролцоогүй тул хүү шаардах эрхгүй тул хүү 3 172 000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй ч гэрээгээр төлбөр төлөх хугацаа тогтоогоогүй, нэхэмжлэгч тохирсон хүү 3 172 000 төгрөгийг өөрийн ХАС банкны зээлд төлж буй хүүний хэмжээгээр шаардах эрхгүй мөн хариуцагч Т.Цэцгээ,Т.Дарханцэцэг нарт 8 000 000 төгрөгийг буцаан төлсөн талаархи нотлох баримтыг нэхэмжлэгч М.Мөнхзул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй, нотлоогүй тул 11 172 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Т.Цэцгээ, Т.Дарханцэцэг нараас 4 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мөнхзулд олгож, 11,172,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингис хаан банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 234,810 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 4,700 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Цэцгээ, Т.Дарханцэцэг нараас 82,150 төгрөг гаргуулан нэхэмжлэг М.Мөнхзулд олгосугай.

 3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ