Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 328

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Санроуд 7 давхарт байрлах, Эбердигм Монгол ХХК /РД:5578264/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шарын гол ХК /РД:2050374/-д холбогдох 

 

“0626, 0627, 0628 арлын дугаартай гурван ширхэг DA 40 маркийн нугасан холбоост буулгагч болон тэдгээрийн түрээсийн төлбөр 2,540,998,358 төгрөгийг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн “зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 1,245,375,940 төгрөгийг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс, О.Отгон-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч А.Жавхлантөгс, М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...Шарын гол” ХК-д DA 40 маркийн 3 ширхэг нугасан холбоост буулгагчийн нэг ширхэгийг 830,214,000 төгрөгөөр буюу нийт 2,490,642,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож 2013 оны 10 дугаар сарын 09-ны өдөр  056  дугаартай “Тоног төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулсан байдаг. Үүний дагуу 2013 оны 10 дугаар сарын 24-ны өдөр тус тоног төхөөрөмжийг “Шарын гол” ХК-нд хүлээлгэж өгсөн байдаг. Төлбөрийн тодорхой хуваарь гаргаад хуваарийг гэрээнд хавсаргасан байдаг. Хариуцагч компани төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүй байсан учир төлбөрийн хуваарийг удаа дараа өөрчилсөн, нэмэлт өөрчлөлт хийсэн байдаг. 

Хариуцагч Шарын гол ХК нь тоног төхөөрөмжийн үнэд нийт 1,245,375,940 төгрөгийг төлсөн.

...Иймд хариуцагч талаас 0626, 0627, 0628 арлын дугаартай гурван ширхэг DA40 маркийн нугасан холбоост буулгагчийг гаргуулж,  Эбердигм Монгол ХХК-д олгох, 0626, 0627, 0628 арлын дугаартай гурван ширхэг DA40 маркийн нугасан холбоост буулгагчийн түрээсийн төлбөр 2,540,998,358 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Шарын гол ХК нь  шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр  056/2013  дугаартай “Зэлээр тоног төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулсан.  Гэрээний төлбөрийг гурван жилийн хугацаанд графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байсан. Манай компани чулуун нүүрс олборолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүрсний үнийн хэлбэлзлээс шууд хамааралтай байдаг юм.  Сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ огцом буурсан нь 2,490,642,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг тоног төхөөрөмжийн үнийг төлөх явцад багагүй хүндрэл гарсан юм.

Гэтэл худалдагч дээрх нөхцөл байдлыг үл харгалзан талуудын хооронд байгуулагдсан 2013 оны Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах 056/2013 дугаартай гэрээний 3.6-д “Худалдан авагч нь уг гэрээний хуваарьт төлбөрийг төлөлгүй 2 сарын хугацаанаас хэтэрсэн тохиолдолд Худалдагч тал гэрээг цуцлан гэрээний зүйл болох техникийг буцаан татах эрхтэй”, 6.1.7-д “2 удаа гэрээний хуваарьт төлбөрийг хоцроосон” гэсэн үндэслэлээр 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тоног төхөөрөмжийг ашиглуулахаас бүрэн татгалзан унтрааж, худалдан авагч талыг ямар нэгэн байдлаар ашиглах боломжгүй болгон гэрээний хэрэгжилтийг зогсоож гэрээг шууд цуцалсан.

Тиймээс 0626, 0627, 0628 арлын дугаартай гурван ширхэг DA40 маркийн нугасан холбоост буулгагчийг худалдагч тал 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр унтрааснаас хойш худалдан авагч тал огт ашиглаагүй бөгөөд дээрх тоног төхөөрөмжийг худалдагч буцаан татахад Шарын гол ХК-ий зүгээс ямар нэгэн байдлаар саад болсон зүйл байхгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Хариуцагч Шарын гол ХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“...Эбердигм Монгол ХХК болон Шарын гол ХК-ий хооронд 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах 056/2013 дугаар гэрээний төлбөрт төлсөн нийт 1,245,372,940 төгрөгийг Эбердигм Монгол ХХК-с гаргуулж өгнө үү.”гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа

“... Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Эбердигм Монгол ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба ямар үндэслэлээр төлсөн төлбөрийг буцаан шаардаж байгаагаа тайлбарлаагүй байна.”гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь хариуцагч Шарын гол ХК-д холбогдуулан 0626, 0627, 0628 арлын дугаартай 3-н ширхэг DA 40 маркийн нугасан холбоост буулгагч, түрээсийн төлбөр 2,450,644,403 төгрөг, сэлбэгийн үнэ 90,353,955 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилөн хариуцагчаас 0626, 0627, 0628 арлын дугаартай 3-н ширхэг DA 40 маркийн нугасан холбоост буулгагч, түрээсийн төлбөр 2,450,644,403 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Шарын гол ХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 0626, 0627, 0628 арлын дугаартай 3-н ширхэг DA 40 маркийн нугасан холбоост буулгагчийг нэхэмжлэгчид буцаан өгөхөд татгалзах зүйл байхгүй гэсэн ба түрээсийн төлбөр 2,450,644,403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч Шарын гол ХК нь нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-нд холбогдуулан  зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 1,245,375,940 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

 

Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлээр тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Эбердигм Монгол ХХК-иас DOOSAN DA40 маркын нугасан холбоост буулгагч 3 ширхэгийг 2,490,642,000 төгрөгөөр Шарын гол ХК нь худалдаж авахаар тохиролцжээ.

 

2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлээр тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээний 2.1-т “Худалдан авагч урьдчилгаа төлбөрийг худалдагч талд бүрэн төлж, тоног төхөөрөмж хүлээн авах актанд талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болж, худалдан авагч гэрээний үнийг бүрэн төлж, тоног төхөөрөмжийг шилжүүлэн авснаар гэрээ дуусгавар болно”, 2.2-т “Тоног төхөөрөмжийг худалдан авагчид хүлээлгэн өгснөөс хойшхи тээвэрлэлт, хулгай бусад гэмт хэрэг, гал түймэр, байгалийн гамшиг, гэнэтийн осол, тоног төхөөрөмжийг ашиглах болон хадгалах үеийн бүх эрсдлийг худалдан авагч тал хариуцна”, 3.1-3.3-т “Тоног  төхөөрөмжийн нийт үнэ 2,490,642,000 төгрөг ба үлдэгдэл төлбөр болон хүү төлөх хуваарийг талууд гэрээний хавсралт №1-ээр тохиролцож, урьдчилгаа төлбөрт 249,064,200  төгрөгийг тоног төхөөрөмж хүлээлцэхийн өмнө 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 4 хэсэгчлэн төлөх үүрэг худалдан авагч талд ногджээ”, 3.4-т “Худалдан авагч нь энэ гэрээний хавсралт №1-д заасан хуваарьт хугацаанд буюу төлбөр төлөх хугацаанаас хойш хуанлийн 7 хоногийн дотор зохих төлбөрөө хийж гүйцэтгээгүй бол төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алдангийг худалдагчид төлнө”, 3.6-д “Худалдан авагч нь уг гэрээний хуваарьт төлбөрийг төлөлгүй 2 сарын хугацаанаас хэтэрсэн тохиолдолд Худалдагч тал гэрээг цуцлан гэрээний зүйл болох техникийг буцаан татах эрхтэй”, 4.1-т “Гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох буюу нэг сарын түрээсийн үнэлгээг тоног төхөөрөмж тутамд 77,154,000 төгрөгөөр тооцно. /НӨАТ орсон болно/. Ашигласан хугацаа гэдэгт тоног төхөөрөмжийг худалдан авагчид хүлээлгэн өгснөөс эхлээд худалдагчид буцаан өгөх хүртэлх хугацааг ойлгоно” гэж тус  тус заасан байна.

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба дээрх гэрээгээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасны дагуу худалдан авч байгаа хөрөнгийн үнийг хариуцагч Шарын гол ХК нь бүрэн төлснөөр түүний өмчлөлд бүрэн шилжихээр талууд тохиролцсон байна.

Дээрх зээлээр худалдах худалдан авах гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээний зүйл болох 3 ширхэг DOOSAN DA40 маркын нугасан холбоост буулгагчийг хариуцагч Шарын гол ХК-ний эзэмшил ашиглалтад шилжүүлсэн ба хариуцагч Шарын гол ХК нь тоног төхөөрөмжийн үнэд  1,245,375,940 төгрөгийг төлсөн, Шарын гол ХК нь гэрээгээр тохирсон хугацаанд тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тоног төхөөрөмжийг унтрааж ашиглуулахаас татгалзсан зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба талууд энэ талаар маргаагүй болно.

Талуудын 2013 оны 10 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан 056/2013 тоот зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний №1 хавсралтад хариуцагч Шарын гол ХК нь тоног төхөөрөмжийн үнийг 24 сарын хугацаатай 1,5 хувийн хүүтэйгээр 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч талууд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-19-22/, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-22-24/ зэрэг гэрээгээр тус тус үндсэн гэрээний төлбөр төлөх хугацааг сунгаж, Шарын гол ХК нь төлбөрийн үүргээ 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ “... хариуцагч Шарын гол ХК нь гэрээнд заасан хугацаанд тоног төхөөрөмжийн үнийг төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тоног төхөөрөмжийг унтрааж ашиглуулахаас татгалзсан. Энэ өдөр нэхэмжлэгч тал гэрээг цуцлаагүй, хариуцагч төлбөрөө төлсөн тохиолдолд гэрээний харилцаа цаашид үргэлжлэх боломжтой байсан. Гэвч хариуцагч Шарын гол ХК нь нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-нд холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд 2016 оны 07 дугаар сард гаргасан тул нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь дээрх зээлээр худалдах худалдан авах гэрээг цуцлаж, байгуулсан гэрээний 3.6-д заасны дагуу тоног төхөөрөмжийг хариуцагч талын эзэмшлээс гаргуулахаар шаардаж байна.

Гэрээний 4.1-т заасны дагуу хариуцагч Шарын гол ХК –ны дээрх тоног төхөөрөмж ашигласан хугацаа нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 700 хоног буюу 23,33 сар байгаа бөгөөд уг ашигласан хугацааг 3 ширхэг тоног төхөөрөмжийн сарын түрээсийн төлбөр нийт 231,462,000 төгрөг /77,154,000 төгрөг х 3 ширхэг тоног төхөөрөмж /-өөр тооцоход 5,400,780,000 төгрөг гарч байна. Үүнээс Шарын гол ХК-ний төлсөн 1,245,372,940 төгрөгийг хасаад үлдсэн төлбөр нь 4,155,407,060 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөх үүрэгтэй боловч түрээсийн төлбөрийг багасгаж, хариуцагчаас түрээсийн төлбөрт 2,450,644,403 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2-т зааснаар зээлээр худалдах худалдан худалдан авах гэрээний худалдан авагчийн үүргийг түрээслэгчийн үүргээр сольсон. Түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу шаардаж байна, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг нэхэмжлээгүй ” гэсэн тайлбарыг гаргасан.

Хариуцагч Шарын гол ХК нь “...0626, 0627, 0628 арлын дугаартай 3-н ширхэг DA 40 маркийн нугасан холбоост буулгагчийг нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-ний эзэмшилд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд тэрээр нэхэмжлэгч тал зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцласан учир Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т заасны дагуу тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 1,245,375,940 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон үүрэг дуусгавар болно”, 236.2-т “Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1 дэх зохицуулалт нь худалдагчийн үүргийг түрээслүүлэгчийн үүргээр, худалдан авагчийн үүргийг түрээслэгчийн үүргээр солих агуулагатай гэж үзэхээр байна.

Гэвч нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь 2015 оны 11 дүгээр 23-ны өдөр тоног төхөөрөмжийг унтрааж, Шарын гол ХК –нд уг тоног төхөөрөмжийг ашиглуулаагүй учир талуудын зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийг түрээсийн гэрээний үүргээр сольсон гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал “...хариуцагч Шарын гол ХК нь шүүхэд хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг 2016 оны 07 дугаар сард гаргасан учир энэ үеэс нэхэмжлэгч тал Зээлээр худалдах худалдан авах гэрээг цуцлаж, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан” гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан  бөгөөд нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь тоног төхөөрөмжийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойших хугацаанд Шарын гол ХК –ны эзэмшил ашиглалтанд шижлүүлээгүй тул талуудын хооронд бодитоор түрээсийн гэрээ  байгуулагдаагүй ба Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүрэг солигдсон гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-ний түрээсийн төлбөр 2,450,644,403 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-ний “хариуцагчийн эзэмшлээс тоног төхөөрөмж гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэл болон хариуцагч Шарын гол ХК-ний “нэхэмжлэгчээс  тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 1,245,375,940 төгрөгийг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” заасны дагуу нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь удаа дараа хариуцагч талд төлбөр төлөх хугацааг сунгасан боловч хариуцагч уг хуваарьт хугацаанд төлбөрөө зохих ёсоор төлөөгүй учир тэрээр Шарын гол ХК-ний эзэмшил ашиглалтанд шилжүүлсэн тоног төхөөрөмжийг унтраан ашиглах боломжгүй болгож, гэрээнээс татгалзсан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь гэрээнээс татгалзсан хугацааг 2016 оны 07 дугаар сар гэж тодорхойлж байх боловч хариуцагч Шарын гол ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр   зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн тоног төхөөрөмжийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс  хариуцагч талд ашиглуулахаас татгалзсан нэхэмжлэгчийн үйлдэл нь гэрээнээсээ татгалзаж буй илрэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Талуудын байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээний 3.6-д “Худалдан авагч нь уг гэрээний хуваарьт төлбөрийг төлөлгүй 2 сарын хугацаанаас хэтэрсэн тохиолдолд Худалдагч тал гэрээг цуцлан гэрээний зүйл болох техникийг буцаан татах эрхтэй”, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, 264 дүгээр зүйлийн 264.1-т “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-ний гаргасан “хариуцагчаас 0626, 0627, 0628 арлын дугаартай 3-н ширхэг DA 40 маркийн нугасан холбоост буулгагчийг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Шарын гол ХК-ний гаргасан  “зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 1,245,375,940 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний  хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т заасныг баримтлан хариуцагч Шарын гол ХК-ний эзэмшлээс 0626, 0627, 0628 арлын дугаартай 3-н ширхэг DA 40 маркийн нугасан холбоост буулгагчийг гаргуулан нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-нд, нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-иас 1,245,372,940 төгрөгийг гаргуулан хариуцагч Шарын гол ХК-нд тус тус олгосугай.

 

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-ний  гаргасан хариуцагч Шарын гол ХК-иас түрээсийн төлбөр 2,540,752,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,136,152 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,384,814 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шарын гол ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 12,611,160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 6,384,814 төгрөгийг гаргуулан хариуцагч Шарын гол ХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ТУНГАЛАГМАА