Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2022/0474

 

“И” ХХК-ийн гомдолтой

     захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

   Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

   Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

   Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн төлөөлөгчийн

 

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч “И” ХХК

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Х,

 

Гомдлын шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Х-ийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0069152 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 324 дүгээр,

Шүүх хуралдааны оролцогчид:

   Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Б,

   Хариуцагч Я.Х,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул,

 

Хэргийн индекс: 124/2021/0440/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт, Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-д заасныг тус тус баримтлан “И” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Х-д холбогдох “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Х-ийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0069152 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

Гомдол гаргагчийн төлөөлөгч төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 2.1. 1. Манай компани 2019 оноос эхлэн 2021 он хүртэл ОХУ-ын Т компаниас Хүнсний баяжуулсан ундаа импортлох, Монгол Улсад худалдаалах албан ёсны дистрибютерийн эрх авч худалдааны гэрээ байгуулан оруулж ирж зах зээлд нийлүүлэх нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг.

Дэлхий нийтэд үүссэн цар тахал Ковид-19 өвчин дэгдсэний улмаас цаг хугацаа алдагдаж тогтоосон хугацаандаа импортолж чадаагүй тохиолдол гарч барааныхаа худалдан авалтын тоо хайрцгийг цөөрүүлж, хилээр оруулж ирсэн. Манай бүтээгдэхүүн нь Бүгд Найрамдах Казахстан Улсаас гараад Москва хотоор дамжин Улаан-Үдэд ирж, Улаан Үдээс манай борлуулагч И гэдэг хүн Монгол Улс руу явуулдаг. Борлуулагч нь ковид өвчнөөр өвдөж хөл хорионд орж хягаарлагдсан, ингээд 2 сар гаруй хугацаа өнгөрсөн.

ОХУ-аас авсан бараа бүтээгдэхүүнийг цар тахлын дэглэмийн улмаас Монгол Улсын хилээр хугацаанд нь нэвтрүүлэх боломжгүй байдал болсон. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д зааснаар Засгийн газраас цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээсэн.

Гэтэл эдгээр холбогдох дүрэм журам, түүгээр зохицуулагдаж байгаа зүйлийн талаар эрх бүхий албан тушаалтан болох мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зүгээс буруу тайлбарлан дээрх байдлыг манай компанийн буруугаар бий болсон мэтээр торгуулийн арга хэмжээ авсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Мөн хуулийн тухайн зүйлийн 7.1.27,-д "хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй болсон нь холбогдох баримтаар тогтоогдсон, гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн барааны гаалийн бүрдүүлэлтийн горимд байрших хугацааг дэглэм цуцлах хүртэлх хугацаагаар сунгах, хугацаа хэтрүүлсний торгуулиас чөлөөлөх нь төрийн захиргааны бүхий л байгууллага, түүний ажилтны хуулиар хүлээлгэсэн үүрэг юм.

 

Мөн хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэх явцад хэргийн шүүх бүрэлдэхүүн удаа дараалан, гэнэтийн байдлаар солигдож байсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд заасныг зөрчиж, шүүхээс үндэслэлгүй шийдвэр гаргах нэг нөхцөл болсон гэж үзэж байна.

 

Иймд Коронавирус халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн зүйл, заалтад нийцээгүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 324 дүгээр дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүх хэргийн зарим үйл баримтыг дутуу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нь 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0069152 дугаар шийтгэлийн хуудсаар “И” ХХК-ийг ОХУ-аас Vitalitylux, Perfectolux нэртэй 2 төрлийн ургамлын баяжмалыг хүнс импортлоход тавигдах шаардлага зөрчиж импортолсон зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, уг 836 кг /5600 ширхэг/ барааг хураах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

 

3. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д “Энэ хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна: ... 11.2.3.импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх;” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч “И” ХХК нь ОХУ-аас 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдвэрлэгдсэн, 12 сарын хадгалах хугацаатай, 836 кг, нэр бүхий 2 төрлийн ургамлын баяжмалыг 2021 оны 03 дугаар сарын 09–ний өдөр Алтанбулаг хилийн боомтоор импортлон оруулж ирсэн нь Хүнсний тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон байна. 

 

5. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн  6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “тус бүтээгдэхүүнийг импортлох үед хуульд заасан хадгалах хугацаа хэтрүүлсэнд цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн” гэх тайлбар тогтоогдоогүй талаар хэрэгт авагдсан баримтуудыг зөв үнэлж, улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0069152 дугаар шийтгэлийн хуудсаар тус компаний гаргасан дээрх зөрчилд нь 10,0 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн талаар дүгнэсэн хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

7. Харин улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар авсан “албадлагын арга хэмжээ”-г хэрэглэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн эсэх, энэ талаар зохицуулсан Зөрчлийн тухай хуулийн заалтыг улсын байцаагч нь зөв хэрэгжүүлсэн эсэх талаар дүгнэлт хийж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

 

8. Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана.

Тайлбар: "Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгоно.” гэж заажээ.

 

9. Эрх бүхий албан тушаалтан нь дээрх хуульд заасан энэхүү албадлагын арга хэмжээг хэрэглэх ерөнхий зохицуулалтыг тусгай ангийн зөрчил тус бүрийн онцлогтой хамааруулж, шинж байдалд нь тохируулж хэрэглэх үүрэгтэй.

 

10. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “хүнс импортлоход тавигдах шаардлага зөрчсөн” зөрчилд тооцогдох үйлдлийг ерөнхий байдлаар тодорхойлсон, өөрөөр хэлбэл Хүнсний тухай хуульд хүнс импортлоход тавигдах хэд хэдэн шаардлага байх бөгөөд аль шаардлагыг зөрчсөн эсэхээс хамаарч дээрх хуульд албадлагын арга хэмжээ авах нөхцөлийг хангах “зөрчил үйлдэж олсон хөрөнгө” буюу “зөрчилтэй бүтээгдэхүүн”-д тухайн хөрөнгө хамаарах эсэхийг тухай бүр нь зөв тодорхойлсны үндсэн дээр уг арга хэмжээг хэрэглэхээр байна. 

 

11. “И” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 09-нд гаалийн хилээр нэвтрүүлэх үед тухайн бүтээгдэхүүний хадгалах хугацаа дуусаагүй, 6 сарын хугацаа үлдсэн байсан нь тогтоогдож байна.

 

12. Үүнээс үзвэл тухайн бүтээгдэхүүнийг албан ёсны зөвшөөрөл, гэрээ хэлцлийн дагуу худалдан авч импортолсон, “хадгалах хугацаа нь 6 сар үлдсэн” буюу хэрэглэх, борлуулах боломжит хугацаа үлдсэн байхад зөрчил үйлдэж олж авсан хөрөнгө буюу зөрчилтэй бүтээгдэхүүнд тооцож “хураах” албадлагын арга хэмжээ авсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. 

 

13. Хуульд заасан хадгалах хугацаанд тавигдах шаардлага хангаагүй барааг импортолсон зөрчлийн үр дагавраар “хадгалах хугацаа нь дуусаж борлуулах хэрэглэх боломжгүй болсон” гэх мэт хүн амын аюулгүй байдалд сөрөг нөлөөлөх нь тодорхой болсон буюу “зөрчилтэй бүтээгдэхүүн”-д тооцох үндэслэлтэй үед “хураах” албадлагын арга хэмжээ авах нь тухайн арга хэмжээний зорилгод нийцэхээр байна.

 

14. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг анхааралгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

 

15. Иймд нэхэмжлэгчийн “... цар тахлын эдийн засгийн хүнд нөхцөлтэй үед ... шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авч эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” гэх гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийтгэлийн хуудасны албадлагын арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсгийн талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0324 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6.14” гэсний өмнө “1.3 дугаар зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1,” гэж нэмж, “бүхэлд нь” гэснийг “зарим хэсгийг хангаж, шийтгэлийн хуудасны “836 кг (5700 ш) vitalitylux, perfectolux нэрийн ургамлын баяжмалыг хураах албадлагын арга хэмжээ авсугай” гэснийг хүчингүй болгож, бусад хэсгийг ...” гэж өөрчилж, шийдвэрийн үлдэх хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

               ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

               ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ