Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01936

 

 “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00273 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 851 дүгээр магадлалтай

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Нт холбогдох

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр “Э” ХХК-иас 167 600 000 төгрөг гаргуулж, “И” ХХК-д олгохоор шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Иргэн Д.Дуламцоо нь “И” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Иргэний хууль болон Компанийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж, өөрийн 100 хувийн эзэмшилд байсан “Э” ХХК-тай сонирхлын зөрчилтэй, их хэмжээний үнийн дүн бүхий хэлцлийг хийж өр авлага үүсгэж, улмаар өөрөө хувьцааг нь 100 хувь эзэмшиж байсан “Э” ХХК-ийн тодорхой тооны хувьцааг иргэн Ж.Батсайханд худалдахдаа дээрх өр төлбөрийг иргэн Д.Дуламцоо өөрөө бүрэн хариуцан төлөх үүрэг хүлээж гэрээ байгуулсан. Гэвч өр төлбөртэй холбоотой шүүх хуралдаанд Д.Дуламцоо нь “Э” ХХК-ийг төлөөлөн оролцохдоо дээрх өр төлбөр үүссэн нөхцөл байдлын талаар болон төлбөрийг холбогдох хууль болон гэрээгээр өөрөө хариуцан хүлээх үүрэг хүлээсэн талаар үнэн зөвөөр мэдүүлээгүй, өөрт байгаа холбогдох нотлох баримтыг санаатайгаар шүүхэд гаргаж өгөөгүйгээс “Э” ХХК түүний өмнөөс бусдад 167 600 000 төгрөгийн төлбөр төлөх шийдвэр гарсан.

Иргэн Д.Дуламцоогийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т заасан үндэслэлийн дагуу холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргасан боловч Шны тасгийн дарга П.Хадбаатар болон Ш дарга Улсын Ерөнхий гүйцэтгэгч С.Батбямба нар нь хуульд заасан тодорхой үндэслэл байсаар байхад тус компанид холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт, гомдлыг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар болон Ш дарга С.Батбямба нарын шийдвэрийг эс зөвшөөрч Шт гомдол гаргасан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдол хянагдаж дуусаагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, тус компани байнга ажил хэргээ явуулдаггүй, компанийн удирдах байгууллага огт байдаггүй Сэлэнгэ аймагт гүйцэтгэх баримт бичиг, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг шилжүүлж, тус компанид хамааралгүй “Дорнын өргөө” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Энэ мэтээр шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд хууль зөрчин, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж “Э” ХХК-ийн эрх хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироож байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, “Э” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т заасанчлан иргэн Д.Дуламцоод холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлэхийг Ннд даалгаж, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн магадлалаар “Э” ХХК-аас 169 530 325 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “Э” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн Д.Дуламцоо нь хууль зөрчин “И” ХХК-д их хэмжээний өр төлбөр үүсгэсэн үйлдлийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй. Мөн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Э” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Эрхийн улсын бүртгэлийн Ү-1311000030 дугаарт бүртгэгдсэн нь тогтоогдсоны үндсэн дээр харьяаллын дагуу Сэлэнгэ аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж тухайн компанийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Төлбөр авагчийн гаргасан гомдлын дагуу дээд шатны байгууллагаас гүйцэтгэх баримт бичгийг хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгаад шат шатандаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцсэн талаарх хариуг өгч байсан. Иймд “Э” ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00273 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хариуцагч Нт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 851 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 сарын 06-ны өдрийн 851 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ннд холбогдох хууль зөрчиж явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэ зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх талаар гомдлоо хуульд заасны дагуу дээд шатны албан тушаалтанд гаргасан байх үед гүйцэтгэх баримт бичгийг хууль зөрчиж Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсэн. Улмаар гуравдагч этгээдийн эд хөрөнгийг битүүмжилсэн болох нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нотлогдож байхад “Дорнын Өргөө” ХХК-ийн усалгааны системийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлын нэг үндэслэл болох гүйцэтгэх баримт бичиггүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан болох нь гэрч Г.Ариунболор, Б.Уртнасан нарын мэдүүлэг болон, шийдвэр гүйцэтгэлийн материал шилжүүлсэн тоотоор хангалттай нотлогдож байгаа. Гэтэл шүүх шийдвэр гүйцэтгэгч Г.Ариунболорын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд талуудтай уулзсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Энэ мэтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахаар байхад хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь Нт холбогдуулан хууль зөрчиж хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлгүй...” гэж маргажээ.

“Э” ХХК-иас 169 530 325 төгрөгийг гаргуулан “И” ХХК-д олгуулахаар шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3408 дугаар шийдвэрт 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

1.    Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагын тухайд:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 15 дугаар зүйлийн 15.2.4.-т “эрүүгийн журмаар хэргийг шалгаж байгаа бол асуудлыг хэлэлцэж дуусах хүртэл” хугацаагаар шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр зохицуулсан байна.

Нэхэмжлэгч нь “төлбөр төлөгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Дуламцоогийн хууль бус үйлдлийн улмаас шүүхийн шийдвэрээр компани их хэмжээний төлбөр төлөх үүрэг хүлээсэн ба Д.Дуламцоогийн дээрх үйлдлийг цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар шалгуулж байгаа” үндэслэлээр хуулийн дээрх заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг тодорхойлж, 21.3.-т “төлбөр төлөгч гэж ...гүйцэтгэх бичиг баримтад заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж заасан тул “Э” ХХК буюу хуулийн этгээд нь энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч тал байна.

Тухайн эрүүгийн хэрэг нь иргэн Д.Дуламцоотой холбоотой асуудлаар үүсгэгдсэн, энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх “...хүсэлтэд дурдсан Д.Дуламцоо нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч тал биш...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийн хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 15 дугаар зүйлийн 15.2.4.-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар явагдаж, гуравдагч этгээдийн хөрөнгөд халдсан тухайд:

Сэлэнгэ аймгийн Ш 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Сэлэнгэ аймгийн Сант суманд байршилтай Усалгааны системийг битүүмжилж, 09/77 дугаартай Эд хөрөнгө битүүмжилсэн акт үйлджээ./хэргийн 1 дүгээр хавтас, хх-229/

249 га талбайг услах хүчин чадалтай дээр дурдсан Услалтын систем нь төлбөр төлөгч “Э” ХХК-ийн өмч болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-1311000030 дугаарт бүртгэгдсэн, 2010 оны 01 дүгээр арын 27-ны өдрийн №000102896 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сэлэнгэ аймгийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим архивын мэдээллээр нотлогдсон байна. /хэргийн 1 дүгээр хавтас, хх-169, 233/

“Э” ХХК, “Шандас групп” ХХК-иуд нь 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Усалгааны тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээг байгуулсан боловч 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг цуцалж, гэрээгээр хүлээн авсан эд хөрөнгөө харилцан буцаахаар тохирч 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд тус гэрээгээр “Э” ХХК нь усалгааны тоног төхөөрөмжийг “Шандас групп” ХХК-д буцаан өгөх, “Шандас групп” ХХК тоног төхөөрөмжийн үнэд шилжүүлсэн 53 373 609 төгрөгийг “Э” ХХК-д буцаан шилжүүлэхээр тохирчээ.

2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Дорнын өргөө” ХХК нь “Шандас групп” ХХК-тай Усалгааны тоног төхөөрөмжийг сэлбэг хэрэгслийн зориулалтаар худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус усалгааны тоног төхөөрөмжийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогджээ.

Хэдийгээр усалгааны тоног төхөөрөмжийг “Дорнын өргөө” ХХК сэлбэг хэрэгслийн зориулалтаар худалдаж авсан, тус компанийн хөрөнгө гэж тайлбарлах боловч битүүжилсэн болон худалдан авсан гэх усалгааны системийн хүчин чадал зөрүүтэй, тус усалгааны систем нь “Дорнын өргөө” ХХК-ийн өмчлөлд шилжсэн талаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд тэмдэглэгдээгүй, бүртгэлд өөрчлөлт хийгдээгүй байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа гэж эсэргүүцснээс  бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох бөгөөд шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэгдсэн бүртгэлийг үндэслэн эд хөрөнгийг битүүмжлэх үйл ажиллагаа явуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Харин төлбөр төлөгчийн хөрөнгө Сэлэнгэ аймагт байгаа үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Сэлэнгэ аймагт явуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.-т зааснаар гүйцэтгэх бичиг баримтыг харъяаллын дагуу шилжүүлсний дараа Нны шийдвэр гүйцэтгэгч И.Ариунболор төлбөр төлөгч, төлбөр авагч нартай уулзаж, төлбөр төлөх тухай талуудтай ярилцсан боловч тэмдэглэл хөтлөөгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 19 дүгээр зүйлийн 19.1. дэх заалтыг зөрчсөн боловч тус ажиллагааны улмаас ямар нэг үр дагавар үүсээгүй тул ажиллагаа хийгдсэн гэж үзэх боломжгүй, улмаар энэ үйлдэл нь шийдвэр гүйцэтгэх бусад ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Энэ талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00273 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 851 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                        Х.ЭРДЭНЭСУВД