Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01509

 

Д.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00837 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1208 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.М-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ШШГБайгууллага нь “Баян модот” ХХК-иар хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээ хийлгэсэн. Уг үнэлгээгээр миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны 46 тоотод байрлах 89.4 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 133 596 458 төгрөгөөр, 29 тоотод байрлах 79.2 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 118 353 909 төгрөгөөр, үйлчилгээний зориулалттай, 128 мкв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 186 514 980 төгрөгөөр, Ү-4 тоот үйлчилгээний зориулалттай 39.6 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 28 153 103 төгрөгөөр, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 49-10 тоотод байрлах 71 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 120 518 470 төгрөгөөр, нийт 410 995 845 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээний 70 хувиар НШГА албадан дуудлага худалдаанд оруулбал 410 995 845 төгрөг, хоёр дахь дуудлага худалдаанд 50 хувиар орвол 205 497 299 төгрөгөөр нийт 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах гэж байна.

Иймд “Баян модот” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3308 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1260 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1068 дугаар тогтоолоор Д.Мгээс 527 045 208 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2 693 176 төгрөг гаргуулж, “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн тул  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн.

Манай байгууллагаас барьцаа хөрөнгийг битүүмжилж хураагаад, дуудлага худалдаанд оруулахаар төлбөр гаргуулах ажиллагааг явуулсан. Төлбөр гаргуулах ажиллагааг явуулахад төлбөр төлөгчөөс үнийн дүнг авч төлбөр авагч талд танилцуулахад талууд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилсон.

Манай байгууллагаас үнэлгээ хийгээгүй бөгөөд үнэлгээний компанийн гаргасан үнэлгээтэй холбогдсон гомдлоо манайд холбогдуулж гаргасан нь үндэслэлгүй байна. Манай талаас үнэлгээг хийгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00837 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мгийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Баян модот” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17/0114 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1208 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Ингээд НШШГГ шүүхийн шийдвэрүүдийг гүйцэтгэх материалыг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг миний зээлийн барьцааны 5 үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлгээ хийлгүүлж улмаар миний 5 үл хөдлөх хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулсан байсан. Би үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй танилцаад анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд шүүх миний нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсч улмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад анхны дуудлага худалдаагаар миний 5 үл хөрөнгийг худалдах дуудлага худалдаанд оруулсан байсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэлээ улсын тэмдэгтийн хураамж төлж холбогдох бичиг баримтын хамт шүүх хуралд гарган өгөхөд миний нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн аваад шүүх үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх байтал үндэслэлгүйгээр урьдчилан шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд миний нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэснийг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд гомдол гаргасан боловч иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хянаад хууль зөрчөөгүй байна гээд шүүгчээ хамгаалж хууль зөрчсөн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэж нэхэмжлэгч миний нэхэмжлэх эрхийг хасч дахин 5 үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны талаар нэхэмжлэх эрхгүй болгон хуулийг ноцтой зөрчсөн юм.

Би 5 үл хөдлөх хөрөнгийг үнэлгээ болон дуудлага худалдааны явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул анхан болон давж заалдах шатны шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                             

ХЯНАВАЛ:

Анхан  болон давж заалдах шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үнэлгээг хүчингүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй нь алдаатай болсон байх тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.М нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчээр томилогдсон “Баян модот” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үндэслэл муутай тогтоосон гэж үзэж, үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч НШШГГ нь шаардлагыг эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3308 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1260 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1068 дугаар тогтоолоор Д.Мгээс 527 045 208 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 2 693 176 төгрөгийн хамт гаргуулж, “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн байна.  

НШШГГ барьцааны зүйл болох үл хөдлөх эд  хөрөнгийг битүүмжилж, хураасан ба дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад төлбөр төлөгч болон авагч талууд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй учир Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилжээ.  

Шинжээчийн үнэлгээгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны 46 тоотод байрлах 89.4 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 133 596 458 төгрөгөөр, 29 тоотод байрлах 79.2 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 118 353 909 төгрөгөөр, үйлчилгээний зориулалттай, 128 мкв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 186 514 980 төгрөгөөр, Ү-4 тоот үйлчилгээний зориулалттай 39.6 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 28 153 103 төгрөгөөр, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 49-10 тоотод байрлах 71 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 120 518 470 төгрөгөөр, нийт 410 995 845 төгрөгөөр үнэлсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шинжээчийн дүгнэлтийг үндэслэл муутай, бодит бус гэж үзэж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон байна. Ийнхүү үнэлгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалд хариуцагч тал гомдол гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зөвхөн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлагаа тодорхойлж, энэ шаардлагын үндэслэлийг тусгасан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй, шүүх ийм шаардлагаар иргэний хэрэг үүсгээгүй, хэргийг хянан шийдвэрлээгүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөх, хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3., 63 дугаар зүйлийн 63.1.-д заасан журам тухайн маргаанд хамааралгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.-т заасан зохицуулалт нэхэмжлэлийг хангах үндэслэл болно.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1208 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00837 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3., 63 дугаар зүйлийн 63.1.-д” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.-т” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН