Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 534

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 14 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00534

                Улаанбаатар хот

 

                             

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ч.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны зам гудамж 74 дүгээр байрны 24 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул алтай хотхоны 106 дугаар байрны 91 тоотод оршин суух, Олхонууд овогт Нямсүрэнгийн Мөнхдэлгэр /РД:ЖЯ92021632/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж 25 дугаар байрны 13 тоотод оршин суух, Боржигон овогт Намжилсүрэнгийн Оюунханд /РД:ХИ84060701/-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 2,290,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Мөнхдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Баттөгс, гэрч Л.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ, Р.Ундрахболд, иргэдийн төлөөлөгч Ц.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн Н.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 7 цаг 45 минутад Хурд хорооллын урд замаар зүүнээс баруун тийш зорчиж явахад баруунаас зүүн тийш зорчиж явсан 09-09 УБВ улсын дугаартай Ниссан экстерра маркийн автомашиныг жолоодож авсан Н.Оюунханд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан жолооч баруун гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчиж урьдчилан анхааруулалгүй буцаж эргэх үйлдлийг хийхдээ миний машины урдаас мөргөсөн.

Миний автомашинд 1,721,500 төгрөгийн хохирол учирсан болох нь үнэлгээгээр тогтоосон. Шат шатны цагдаагийн байгууллагуудаас гэм буруутай тухай шинжээчийн дүгнэлт гарсан боловч одоог хүртэл миний хохирлыг барагдуулахгүй байна.

Мөн явах эд ангийн оношлогоо хийлгэсний төлбөрт 35,000 төгрөг, авто үнэлгээ хийлгэсэн төлбөрт 58,000 төгрөг, тэгээд энэ өдрөөс хойш машин маань ашиглах боломжгүй болсон учраас 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр буюу шүүхэд хандах хүртэл хүүхдээ таксигаар авч явсан 28 хоногийy төлбөрт өдрийн 17,000 төгрөгөөр тооцож 476,000 төгрөг нийт 2,290,500 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч Н.Оюунханд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-уул дүүргийн нутаг дэвсгэр 15 дугаар хороо, “Хурд” хорооллын зам дээр эргэлтийн дагуу эргээд явж байтал өглөөний 7 цаг 50 минутын үед 21-95 дугаартай цагаан өнгийн приус маркийн авто машин ардаас орж мөргөсөн.

Уг цагаан өнгийн 21-95 дугаартай приус машины жолооч мөргөсөн даруйдаа өөрийнхөө таньдаг Л.Баясгалан гэгч цагдаагаар хэмжилт хийлгэж, уг хэмжилтээр илтэд намайг буруутгаж гаргасан. Уг зураг болон бусад бичиг баримттай танилцуулахад зөвшөөрөхгүй талаар дурдаж мэдүүлсэн.

Харин зам тээврийн хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэлд ХУД-ийн хэрэг бүртгэгч, ахлах дэслэгч А.Баасанчүлтэм хийсэн мэтээр бичиг баримт бүрдүүлж гарын үсэг зуруулсан, гэрчийн тэмдэглэлийг нэг хүн бичсэн байгаа нь бичгийн хэв, балнаас мэдэгдэж байна.

Тэд гэрч байсан мэтээр Д.Батмөнх, Р.Ундрахболд гэсэн хүмүүсийг хуурамч гарын үсэг зуруулсан байна. Тухайн өдөр нэг ч хүн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд гарын үсэг зураагүй, хэргийн газрын үзлэгийг ахмад Л.Баясгалан хийж хэнээр ч гарын үсэг зуруулаагүй ба үзлэг хийсний дараа манай нөхөр Б.Бат-Эрдэнийн машинд сууж ХУД-ийн цагдаагийн хэлтэс орж тэндээсээ Цагдаагийн авто бааз дээр хүргүүлсэн. 

Гэтэл холбогдох захиргааны зөрчлийн бичиг баримтууд дээр ахлах дэслэгч А.Баасанчүлтэм хэргийн газрын үзлэг хийсэн мэтээр бүрдүүлжээ. Жолооч Н.Мөнхдэлгэр нь өөрийн танил болох ахмад Л.Баясгаланг дуудаж хэмжилт хийлгүүлсэн байх магадлалтай байна.

Дээрх үйлдэл нь илтэд нэг талыг барьсан хуурамч бичиг баримтууд бүрдлүүлсэн байх тул уг захиргааны зөрчлийн гомдпыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Баттөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7 цаг 50 минутад уг осол гарсан байдаг. Урьд урьдын шүүх хуралдаануудад цагдаа нь хэргийн газрын үзлэгийг хууль бусаар хийсэн гэдэг зүйл яригдсан.

Анх хэмжилт буруу хийгдсэн учраас түүнийг үндэслэж гарсан шинжээчийн дүгнэлт буруу гарсан учраас бид зөвшөөрөхгүй байна. Бид Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар дотоод хяналтын ахмад н.Мөнхзул нь шалгахад хэмжилтийг ажлын байрны тодорхойлолтод зөрсөн буюу хийх ёсгүй хүн хийсэн байна.

Мөн хүмүүсийн гарын үсэг хуурамчаар зурсан байна гэж үзэж дахин хэргийн газрын үзлэг, хэмжилт хийхээр болсон байдаг. Үүнтэй холбоотой баримт хэрэгт бий. Мөн хэмжилт хийсэн цагдаа болох Л.Баясгалангийн ажлын хуваариар Хан-Уул дүүргийн тамгын газраас баруун тийш, харин н.Баасанчүлтэм бол зүүн тийш 1 дүгээр бүсийг хариуцдаг нь харагдаж байгаа юм. 

Ингээд дахин үзлэгийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ослын газар байсан гэх хүмүүсийг байлцуулсан хийсэн байдаг. Үүнтэй холбоотой дахин шинжээчийн дүгнэлт арай гараагүй байна. Тэгэхээр анхнаасаа хэмжилт нь буруу хийгдсэн буюу таньдаг мэддэг хүмүүсээ дуудаад хэмжилт хийлгүүлсэн байдаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Мөнхдэлгэр нь хариуцагч Н.Оюунхандад холбогдуулан гэм хорын хохирол 2,290,500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

             Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хурд хорооллын урд замд Н.Оюунханд нь С.Намжилсүрэнгийн эзэмшлийн Ниссан экстерра маркийн 09-09 УБВ улсын дугаартай автомашин жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д “жолооч зүүн гар тийш буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс Тоёота приус маркийн 21-95 УНН дугаартай автомашиныг мөргөж Н.Мөнхдэлгэрийн автомашинд хохирол учруулсан зам тээврийн осол гаргажээ.

 

            Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Дээрх ослын улмаас Н.Мөнхдэлгэрийн автомашинд учирсан эвдрэл гэмтэл, хохирлын хэмжээг Хөрөнгө үнэлгээний “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 9325 дугаартай тайлангаар 1,721,500 төгрөг болохыг тогтоожээ.

 

Нэхэмжлэгч нь осол болсны улмаас явах эд ангийн оношлогоо хийлгэсний төлбөрт 35,000 төгрөг, авто үнэлгээ хийлгэсэн төлбөрт 58,000 төгрөг, хүүхдээ шүүхэд хандах хүртэл хүүхдээ таксигаар авч явсан 28 хоногийн төлбөрт өдрийн 17,000 төгрөгөөр тооцож 476,000 төгрөг нэхэмжилж, “Вендо” ХХК-ийн Бэлэн мөнгөний орлогын 9325, 019706 дугаартай баримт, “Делта сервис”-ийн 126810 дугаартай ажлын хуудас зэрэг баримтуудыг ирүүлж мэтгэлцсэн.

 

Хариуцагч Намжилсүрэнгийн Оюунханд нь Сүхбатын Намжилсүрэнгийн эзэмшлийн 09-09 УБВ улсын дугаартай Ниссан экстерра маркийн тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрлөөр жолоодож явсан талаар талууд маргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” байдаг.

 

Хариуцагч нь зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийг байцаагч Л.Баясгалан хийж, байцаагч Баасанчүлтэмд шилжүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх цагдаагийн алба хаагчдад холбогдуулан холбогдох байгууллагад нь хандаж гомдол гаргасан, мөн нэхэмжлэгчид хохирол учруулаагүй, нэхэмжлэгч өөрөө буруутай гэж маргаж, дахин үзлэг хийлгэсэн гэх 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал,  осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл”-ийг баримтаар өгсөн нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр хариуцагч Н.Оюунхандыг буруутай болохыг нотлосон баримтуудыг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.

 

Тухайн үед хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч нар байцлуулалгүйгээр гарын үсэг зуруулсан талаар гэрч Р.Ундрахболд мэдүүлж байх боловч, осол болсон үед Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Л.Баясгалангийн ослын газар дээр үйлдсэн схем зураг нь тус хэлтсийн зохицуулагч Ч.Баасанчүлтэмийн схем зурагтай зөрүүгүй байх бөгөөд уг баримттай танилцсан хариуцагч Н.Оюунхандын нөхөр Б.Бат-Эрдэнэ нь гарын үсэг зурсан талаар, мөн уг схем зургийг буруу үйлдсэн талаар тухайн үед хэн аль нь маргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д "нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй" гэж заасан ба дээрх баримтуудыг үндэслэн хариуцагч Н.Оюунхандыг тухайн осолд гэм буруугүй гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заасан.

 

Үүнээс үзэхэд тээврийн хэрэгсэл өмчлөгчийн зөвшөөрлөөр тухайн үед 09-09 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан эзэмшигч Н.Оюунханд нь нэхэмжлэгчид зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг төлөх үүрэгтэй болох нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 694 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, гэрч Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Л.Баясгалангийн “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө би нэгдүгээр ээлжинд гарах байсан бөгөөд өглөө 7 цаг 30 минут гээд гэрээсээ гараад иртэл урд зам түгжрэлтэй, баруун урд талын гарц дээр 2 машин осол гаргачихсан, тээврийн хэрэгслүүд эсрэг урсгалаар явж байсан. Тэгээд би шөнийн ээлжинд гарсан ахлах дэслэгч н.Баянжаргал руу утсаар мэдэгдэхэд схем зургийг зураад аваад ирээч гэсэн. Тухайн үед хөдөлгөөний нягтрал ихтэй, ажлын цаг болж байсан тул би мөргөлдсөн автомашинуудын жолооч нар болох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг байлцуулаад хэмжилт хийж эхлэхэд нэг залуу ирээд эмэгтэй жолоочийг гэр рүүгээ яв, гэр онгорхой байгаа гээд явуулчихсан. Би заавал байлцуулах шаардлагатай гэхэд би нөхөр нь байна, би байж байя гэж хэлсэн. Тэгээд би Б.Бат-Эрдэнэ гэдэг залууг байлцуулж байгаад хэмжилт хийсэн. Осол болсон газар Баасанчүлтэмийн хуваарьт газар байсан учраас би схем зургийг нь зураад шилжүүлсэн гэх мэдүүлэгээр тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 1,721,500 төгрөгийн хохирол учирсан, нэхэмжлэгч нь үнэлгээний төлбөрт 58,000 төгрөг, явах эд ангийн оношлогооны төлбөрт 35,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “Вендо” ХХК-ийн Бэлэн мөнгөний орлогын 9325, 019706 дугаартай баримт, “Делта сервис”-ийн 126810 дугаартай ажлын хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байх боловч явах эд ангийн оношлогооны төлбөрт 35,000 төгрөгийг төлсөн гэх “Делта сервис”-ийн 126810 дугаартай ажлын хуудас нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хүүхдээ таксигаар зөөсөн 28 хоногийн төлбөрийг өдрийн 17,000 төгрөгөөр тооцож 476,000 төгрөг нэхэмжилсэн ба энэ талаар баримтаар нотлоогүй тул хохиролд тооцож хариуцагч Н.Оюунхандаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Н.Оюунхандаас 1,779,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Мөнхдэлгэрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 476,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар хариуцагч Н.Оюунхандаас 1,779,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Мөнхдэлгэрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 476,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,398 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Оюунхандаас 43,422 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мөнхдэлгэрт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Х.ДАШДЭЧМАА

 

   ШҮҮГЧИД                                         Ж.БАЙГАЛМАА

 

                                                                                                   Ч.ДАВААСҮРЭН