Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 341

 

Д.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Эрдэнэбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 447 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 543 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Д.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 447 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эрдэнэбатын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Эрдэнэбатыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин олговорт 4558546 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 543 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Шүүхийн шийдвэрт “Д.Эрдэнэбатыг үр дүнгийн гэрээг дүгнэж 80 гэсэн үнэлгээг тавьсан дараагийн шатны дарга болох Ц.Уртнасангийн үнэлгээ нь үр дүнгийн гэрээний эцсийн үнэлгээ байхаар байна” гэсэн нь “Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (Үр дүнгийн гэрээний биелэлт )-г үнэлэх журмын 5.2-д “Хэрэв дараагийн шатны дарга ерөнхий менежер, эсхүл менежерийн өгсөн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг бичнэ” гэж заасантай нийцэхгүй байгаа бөгөөд Д.Эрдэнэбатын 2015 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийн баталгаажуулалт дээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга  Ц.Уртнасан зөвшөөрч гарын үсэг зурсан боловч ажлаа өгсний дараа өөрчлөлт оруулж шууд үнэлгээг 80 болгож улсын ерөнхий байцаагчийн хувийн тэмдэг дарж, өөрийн засч өөрчилсөн үнэлгээний үндэслэлийг бичээгүй байгаа нь дээрх журмын заалт ноцтой зөрчигдсөнийг шүүгч анхааран үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д “Шийдвэрт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Шүүгч шийдвэртээ “Д.Эрдэнэбатыг үр дүнгийн гэрээгээ хангалтгүй дүгнүүлсэн гэж үзэх үндэслэлгүй буюу ажил албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан гэж үзэх боломжгүй” гэсэн нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга нь 62.1 гэсэн үнэлгээ өгч, Д.Эрдэнэбатын Үр дүнгийн гэрээний биелэлтийн үндэслэл гэдэгт: “Ажил хийх сахилга идэвхи сул, ажлын цаг ашиглалт хангалтгүй, ажлын бүтээмж муу” гэж тэмдэглээд Үр дүнгийн гэрээний 5.2-д Гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний санал гэсэн хэсэгт:

- Ажил хийх санаачлага идэвх сул, ажлын цаг ашиглалт хангалтгүй, ажлын бүтээмж муу,

- Хариуцлага тооцох, эсвэл ажлын байрыг солих,

- Мэргэжил ур чадварын сургалтад хамрагдах шаардлагатай гэж дүгнэснээр үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Түүнчлэн Тамгын газрын даргаас ийнхүү дүгнэсэн үнэлгээ нь Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (Үр дүнгийн гэрээний биелэлт )-г үнэлэх журмын 4.1-д “эсвэл “0” буюу “Дутагдалтай”, “Е” буюу “Хангалтгүй” үнэлгээ өгсөн бол үндэслэлээ бичнэ” гэж заасантай нийцэж тодорхой бичсэн байгаа нь нэхэмжлэгч Д.Эрдэнэбатыг албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсныг нотолж байна.

3. Шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч Д.Эрдэнэбатыг шилжүүлэн ажиллуулахаар тохиролцсон талаарх баримт авагдаагүй” гэсэн нь Д.Эрдэнэбатын     Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.Золжаргалтай уулзаж тушаалаа өгсөн үйлдлээр үгүйсгэгдэж байгааг шүүгч анхааран үзээгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг шүүгч зөрчсөн байна.

4. Нэхэмжлэгч Д.Эрдэнэбатын үр дүнгийн  гэрээний үнэлгээний талаар гэрч Л.Болормаа “80 гэсэн үнэлгээг дараагийн шатны дарга Ц.Уртнасан тавьж байцаагчийн тамгаа дарсан” гэж гэрчилсэн нь албан тушаалаа хүлээлгэн өгсний дараа үнэлгээг өөрчилж, Улсын ерөнхий байцаагчийн тэмдэг дарсан нь хувь хүний үнэлгээ гэж үзэх үндэстэй байгааг анхааран үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2-д заасныг шүүгч зөрчсөн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбат нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий тушаалаар Тамгын газрын Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны дарга Д.Эрдэнэбатыг ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын мэдэлд шилжүүлсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагын өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болохоор зохицуулжээ.

Энэ тохиолдолд захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийг ямар ажлын зайлшгүй шаардлагын улмаас шилжүүлэх болсон талаар тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчтэй тохиролцсон байх хуулийн шаардлагыг хангаагүй болох нь шүүхийн шийдвэр, магадлалд дүгнэгджээ.

Хуулийн дээрх заалтад зааснаар ямар албан тушаалд шилжин очих нь тодорхой байх ёстой атал хариуцагчаас “Нийслэлийн нийгмийн даатгалын газрын мэдэлд шилжүүлсүгэй” гэж албан тушаалыг тодорхой заагаагүй байгаа нь захиргааны байгууллагын илт буруутай үйл ажиллагаа мөн байна.

Хариуцагчаас “Үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээтэй холбогдуулан, нотлох баримтыг буруу үнэлсэн, албан тушаалаа хүлээлгэн өгсний дараа үнэлгээ өөрчилсөн байгааг харгалзан үзээгүй” тухай гомдол үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч албан тушаалын үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэнтэй холбогдуулж гаргаагүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг хэрэглээгүй болно.

“Ажлын цаг ашиглалт хангалтгүй, ажлын бүтээмж муу” гэж маргаж байгаа боловч түүнийг нотолсон баримт байхгүй, мөн хуулийн дээрх шаардлагыг хангаагүй учир “нэхэмжлэгчийн ар гэр, амьдралыг үндэслэн шилжүүлэн ажиллуулсан” гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг үнэн зөв, бодитойгоор үнэлэх үүрэгтэй, түүнчлэн шилжүүлэн ажиллуулах, албан тушаал бууруулах, ажлаас чөлөөлөх зэрэг нь тусдаа хуулиар зохицуулагддаг өөр өөр эрх зүйн харилцаа бөгөөд захиргааны байгууллага тухайн харилцаанд тохирсон хуулийг хэрэгжүүлэн гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг өөрөө хариуцах учиртай. 

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 447 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 543 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ