Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0521

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: А м, г т г К х д

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын ХV-020****дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, тухайн зөвшөөрлийг сэргээж, сунгах хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Б.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Намуунтөгөлдөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь З  аймгийн А суманд байрлах “З*******нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-020****дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оноос хойш эзэмшиж байна. Уг тусгай зөвшөөрлийн дагуу хууль, журамд нийцүүлэн хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан ба тусгай зөвшөөрлийн хугацааг 2019 онд сунгуулах шаардлагатай болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шаардлагатай болсон тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу З  аймгийн А сумын Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр албан бичгээр хандсан боловч З  аймгийн А сумын Засаг даргаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу батлаагүй, татгалзсан тул З  аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн дагуу З  аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0007 дугаар шийдвэрээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, батлахыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг З  аймгийн А сумын Засаг дарга 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр баталсан ба З  аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар мөн уг төлөвлөгөөг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр баталснаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг хангасан тул “Э” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20/05 дугаартай албан бичгээр шаардлагатай нотлох баримтыг хавсаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад хүргүүлсэн боловч тухайн тусгай зөвшөөрлийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нотариатаар гэрчилсэн хуулбар 25 хуудастай, 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нотариатаар гэрчилсэн хуулбар 25 хуудастай, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн К-11 маягт 1 хуудастай, хайгуулын тусгай зөвшөөрөл болон түүний хавсралт, нотариатаар гэрчилсэн хуулбар 5 хуудастай гэх мэт нийт 70 хуудас баримтыг хүлээн авахаас татгалзсан. Тиймээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, К-11 маягт зэрэг нийт 70 хуудас баримтыг “Э” ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20/06 дугаар албан бичигт хавсаргаж, RD150485242MN бүртгэлтэй шуудангаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад илгээсэн боловч уг хавсаргасан баримт бичгийг хүлээж авалгүй шуудангаар буцаасан ба энэ нь шүүх нотлох баримт цуглуулах явцад “Монгол шуудан” ХК-ийн ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна. “Э” ХХК-иас уг үйл баримтыг нотлохоор шуудангийн дугтуйг шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч хавтаст хэрэгт авагдалгүй үрэгдсэн байсан. Ингэж шуудан хүлээн авалгүй буцаасан байсан тул 20/05 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн хариуг RD150445464MN бүртгэлтэй албан бичгээр 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Э” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 82-2 тоот гэх хаягаар алдаатай илгээгдсэн тул хаягласан хаягаар ирээгүй буюу “Э” ХХК хүлээн авч чадаагүй. Иймд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20/05 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан этгээд болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 20/09 дугаар албан бичгээр гомдол гаргасан ба 2019 болон 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан, түүний нотариатаар гэрчилсэн хуулбар болон К-11 маягтыг хавсарган нийт 70 хуудас баримтыг хүргүүлсэн боловч хариуцагчаас хүлээн авалгүй буцаасан байдаг. Уг буцаасан баримтыг нэхэмжлэгч “Э” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 20/09 албан бичигт хавсаргаж, шуудангаар илгээсэн ба энэ тухай үйл баримтыг нотлох баримтаар гаргасан.

Ийм байдлаар хариу ирүүлэлгүй гомдлыг шийдвэрлэх хугацаа дуусгавар болсон. Тухайн үед Ковид-19 халдварын улмаас хөл хорио тогтоосон учир гомдлыг шийдэх хугацаа хэтэрсэн. Гомдлыг шийдвэрлэх хугацаа дуусгавар болсон тул “Э” ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар агентлагийн даргад гаргасан гомдлын хариуг нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэгч “Э” ХХК-д ирүүлсэн. Үүнийг шүүхэд нотлох баримтаар гаргасан. Урьдчилан шийдвэрлэх үйл ажиллагааны дагуу гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх үйл ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхигдуулж, шийдвэрлэсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Дээд шатны байгууллагад хандаж хүлээсэн. З  аймгийн Засаг дарга удаан шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой нотлох баримтыг яагаад гаргаж өгөөгүй вэ гэвэл үүнтэй маргаагүй бас нэгэнт шийдвэрлэгдсэн байсан тул нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхийн шийдвэр гарсны дараа дахин шийдвэрийг хавсарган хүсэлтээ гаргасан. Лавлагаанд н.Г******* гэсэн нь н.Г******* гэдэг хүнийг андуурч бичсэн байсан. 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн албан бичигт зассан байсан. RD150485242MN дугаартай илгээмжийг “Э” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст Ашигт малтмал, газрын тосны газрын хаягаар илгээснийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр н.О******* гэх хүн авч, буцаагаад  “Э” ХХК-д илгээснийг н.Г******* авсан байна гэсэн агуулгатай хариу өгсөн нь хаяглагдсан этгээд хүлээж авалгүй, буцаан явуулсан үйл баримтыг нотолсон. 

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргаагүй байхад бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй үндэслэлээр өргөдлийг хүлээн авдаггүй. Бодит амьдрал дээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг биечлэн авч, бүртгэлийн дэвтэрт хугацааг тэмдэглэн авдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мөн тайлбарласнаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бичиг баримт бүрдээгүй тохиолдолд өргөдлийг авдаггүй гэсэн. 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт А сумын Засаг даргад гаргаж, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр биечлэн уулзахад татгалзсан хариу өгсөн. Энэ нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө нэг сар тав хоногийн өмнө буюу хуульд заасан хугацаанд хандсан. Хэрэв байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хугацаанд нь баталсан бол тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ өгч, амжих байсан боловч А сумын Засаг дарга батлахаас татгалзсан тул байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүсэлтдээ хавсаргаж чадаагүй ба бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй. Ийм үйл баримт болсон тул дахин 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй баримтыг дараа нь шийдвэрлэхээ илэрхийлсэн хүсэлт өгсөн. Тухайн үед цагтаа хандсан боловч бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй гээд аваагүй.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/4956 дугаар албан бичгийн төгсгөл хэсэгт “... иймд танай хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр шийдвэрлэе” гэж заасан байна. Тиймээс хүлээн аваагүй буюу эс үйлдэхүйг үйлдсэн гэж маргаж байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг хангаж өгсөн.

Хариуцагчийн байр суурь бол нэхэмжлэгч шүүхэд тухайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаантай байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг түдгэлзүүлэх хүсэлт гаргах боломжтой байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан. Үүнийг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь хариуцагч тусгай зөвшөөрлийн хугацааг түдгэлзүүлэх боломжийг олгосон хууль зүйн эх сурвалжийг тодорхойлж чадаагүй тул ийм хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. З  аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тусгай зөвшөөрлийн хугацаатай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй. Байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлах эсэх талаар үйл баримттай маргасан. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй зүйлээр хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн тухайн маргааныг 2019 оны 10 дугаар сараас хойш хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан буюу энэ үед тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байсан буюу 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэж мэдэгдсэн байсан тул нэгэнт дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн хугацааг түдгэлзүүлэх боломжгүй байсан. Тусгай зөвшөөрлийн эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө сунгуулах хүсэлтийг өгөх ба ингэхдээ бүрдүүлбэрийн шаардлага хангасан байх талаар Ашигт малтмалын тухай хуульд заасан. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусах тусгай зөвшөөрлийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс өгөх ёстой. Түүнээс өмнөх хугацаанд баримт бичгийг бүрдүүлэхээр буюу байгаль орчин менежментийн төлөвлөгөөг 02 дугаар сарын эхээр А сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлсэн байх ёстой ба бид үүнийг зөрчөөгүй. Байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэр, түүнийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлыг шийдвэрлэсэн шийдвэртэй холбоотой үйл баримтыг нотолсон нотлох баримтыг хавтас хэрэгт гаргаж өгөөгүй талаар тайлбарласан. Хэргийн оролцогчдын нэг талд байгаа нөгөө талд байхгүй нотлох баримт байсан тул гаргаж өгөөгүй” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бүртгэлийг хүчингүй болгох гэдэг нь хууль бус шийдвэрийг хүчингүй болгох буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 ба тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан үйлдлийг эс үйлдэхүй гэж үзэж байна. Хүлээж авахгүй байгаа үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан байна.

Хэрвээ хариуцагчийн гаргасан үйлдэл нь эс үйлдэхүй биш байсан бол нэхэмжлэгч талын өгсөн хүсэлтийг хүлээж, аваад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах нь үндэслэлгүй байна гэсэн шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл ирсэн хариуд нь анхнаасаа бид хүлээж аваагүй буюу хүсэлтэд байх агуулгыг шийдээгүй, өгсөн баримтыг хүлээн авахгүй гэсэн. Хүсэлтийн хариу өгөөгүй гэж үзэж байна.

Хуульд заасан хугацаанд буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө хүсэлтээ гаргах байсан боловч тухайн А сумын Засаг даргын хууль бус шийдвэрээс болж, хугацаандаа гаргаж өгч чадаагүй. Уг хууль бус шийдвэрийг З  аймгийн анхан шатны шүүхээс хууль бус гэдгийг нь тогтоож, хүчингүй болгосон. Энэ хууль бус хүчингүй болсон шийдвэрийн эрх зүйн үр дагавар бүрэн арилах ёстой. Тэгснээр шүүхийн шийдвэрийн биелэлт хангагдана. Тухайн шийдвэрийг хүчингүй болгосны дараа түүнтэй холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хүсэлт гаргахад хүлээж авахгүй байгаа нь З  аймгийн А сумын Засаг даргын хууль бус шийдвэрийн эрх зүйн үр дагавар арилахгүй байна. Нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацааг хэтрүүлсэн байхад үүнийг Ашигт малтмал, газрын тосны газар хүлээж авч, шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасны дагуу бүрдүүлбэр хангасан хүсэлтийг хариуцагч хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа буюу уг заалтыг хариуцагч зөрчсөн.

Хугацаа тоолох  журам дээр маргаж байна. Түдгэлзүүлэх ёстой байсан эсэх дээр. Энэ талаар хуулиас харах ёстой. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн хугацаа түдгэлзэхтэй холбоотой заалт байхгүй. Захиргааны ерөнхий хуульд хугацаа тоолох журам байгаа боловч захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэх бүлэгт байх тул уг маргаанд нийцэхгүй байх тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн хугацаа тоолох журмын дагуу буюу шүүхийн маргаантай байх үед хугацаа өөрөө тасалдаж, зогсох ёстой байсан гэж үзэж байна. З  аймгийн А сумын Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох хугацаанд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэсэн боловч шүүхэд хүсэлт гаргах үед Иргэний хуульд зааснаар хугацаа зогссон байх ёстой ба 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүсэлт гаргахад хугацаа дуусаагүй байсан гэж үзэж байна. 2019 оны 02 дугаар сард хүсэлтээ өгөх гэсэн боловч авалгүй, амаар татгалзсан хариуг өгсөн. Хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргасан. Үүнийг хариуцагч байгууллага хүлээн авч шийдвэрлэх ёстой. Үүнийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус учир нэхэмжлэл гаргасан. Хүсэлтийг хүлээж авсны дараа хангах эсэх талаар шийдвэр гарна гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

З  аймгийн А сумын нутаг “З " нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ шийдвэрээр “Э” ХХК -д олгосон байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22. 1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт", 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж заасны дагуу бүрдүүлбэр хангаж, дээрх баримт бичгийг хавсаргахыг шаарддаг .

“Э” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хугацаанд гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна. Тодруулбал, хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Э” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг манай байгууллагад ирүүлээгүй нь тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болсон байна.

            Нэхэмжлэгч нь хугацаа хоцорч өргөдөл гаргах болсон шалтгаанаа гадны хүчин зүйл /З  аймгийн А сумын Засаг дарга хуульд заасан хугацаанд баталж өгөөгүй/ нөлөөлсөн гэж үзэж байгаа тус тусгай зөвшөөрөл эзэмшигчийг зөвтгөх боломжгүй юм.

         Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”, 40.3-т "Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална”, 38.2-т "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.” гэж тус тус зааснаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллах, мөн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллах үүрэгтэй.

      Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хууль зүйн үндэслэлгүй юм.

        Иймд “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг заавал хавсаргах ёстой гэж заасан байдаг тул Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь нэхэмжлэгчийн дутуу өргөдлийг хүлээж аваагүй. Нэхэмжлэгч нь З  аймгийн А сумын Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүйн улмаас хугацаандаа өгч чадаагүй талаар тайлбарладаг боловч хайгуулын тусгай зөвшөөрөл нь онцгой хугацаатай буюу уг тусгай зөвшөөрлийг гурван удаа олгохдоо тус бүр 3 жилээр сунгагддаг. Ингэж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 12 жилээр дуусдаг учир А сумын Засаг даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг түдгэлзүүлэх хүсэлтийг давхар гаргах ёстой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хугацаа түдгэлзээгүй байсан тул тусгай зөвшөөрөл хүчинтэй үргэлжилж, дуусгавар болсон. Бүрдүүлбэрийн шаардлага хангаж, хугацаа сунгуулах өргөдлөө өгөхөөс нь өмнө нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан өргөдлийн шаардлагыг хангаагүй гэж тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон буюу нэхэмжлэгч З  аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр маргаан шийдвэрлүүлж байх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон. Нэхэмжлэгч шүүхэд хандсан тохиолдолд хүчин төгөлдөр хугацааг түдгэлзүүлэх ёстой. Ашигт малтмал, газрын тосны газар нь шүүхийн шийдвэргүй бол хугацааг түдгэлзүүлдэггүй. Манайх хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага биш. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд үндэслэн шийдвэр гаргадаг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны байцаагч газар дээрх шалгалтыг хийж, дүгнэлт гаргадаг. Уг дүгнэлтгүй тул Засаг дарга төлөвлөгөөг батлахгүй тохиолдол гардаг. Маргаантай үед тусгай зөвшөөрлийнхөө хугацааг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр гарсны дараа сунгах үйл ажиллагаа хийгддэг.

Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй нь нэхэмжлэгчийн хугацаа хэтрүүлснийг зөвтгөх шалтгаан биш. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь нийтлэг үүргээ биелүүлж байх ёстой. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаагүйн улмаас хайгуулын зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                           ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч “Э” ХХК нь анх тус шүүхэд А м, г т г К х д холбогдуулан “Ашигт малтмалын хайгуулын ХV-020****дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, тус тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, түүний даргын шийдвэр (үйлдэл, эс үйлдэхүй)-г хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, “Ашигт малтмалын хайгуулын  ХV-020****дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй  болгуулж, тус тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, түүний даргын шийдвэр (үйлдэл, эс үйлдэхүй)-г хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгах тухай хүсэлтийг зохих журмын дагуу хүлээн авч, шийдвэрлэхийг даалгуулах” гэж тодорхойлсон, нэхэмжлэлийн үндэслэлээ “... Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн байхад хугацаа сунгуулах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газар хүлээн авч  шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус. ... Хуульд заасан хугацаанд буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө хүсэлтээ гаргах байсан боловч З  аймгийн А сумын Засаг даргын хууль бус шийдвэрээс болж, хугацаандаа гаргаагүй. Уг хууль бус шийдвэрийг З  аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон. ... Энэ шүүхийн шийдвэрийн эрх зүйн үр дагавар бүрэн арилах ёстой. Тэгснээр шүүхийн шийдвэрийн биелэлт хангагдана. ... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бүрдүүлбэр хангасан хүсэлтийг хариуцагч хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа нь уг хуулийн заалтыг зөрчсөн ...” гэж тодорхойлон маргажээ.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д “ ... төрийн захиргааны байгууллага нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавина” гэж,  21 дүгээр зүйлийн 21.1.5-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг  хангасан тохиолдолд ... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй”  гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д “ Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж,  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй”,  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх,... нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ... боловсруулна” гэж, 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага ... тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч, дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална” гэж  тус тус заажээ. 

 Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эрхтэй, ийнхүү сунгуулахдаа хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй байх ба хугацаа сунгуулах тухай өргөдлийг гаргахдаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, өргөдөлдөө заавал хавсаргаж ирүүлэхээр, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд хугацааг сунгахгүй байхаар, түүнчлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр боловсруулж, хэрэгжилтийг тухайн жилд дүгнэж, дараа оны төлөвлөгөө түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батлах агуулгатай  байна.

З  аймгийн А сумын нутаг дэвсгэрт орших  “З ” нэртэй 23418,00 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-020****дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Э” ХХК-д олгосон, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар шийдвэрээр “Э” ХХК-ийн гаргасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх хүсэлтийн дагуу “Э” ХХК-д олгогдсон З  аймгийн А сумын нутаг дэвсгэрт орших  “З ” нэртэй 23418,00 гектар хайгуулын талбайгаас 8297,11 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэх 15120,89 гектар талбайг ХV-020****дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэхээр шийдвэрлэсэн, дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон байх ба улмаар  дуусгавар болсныг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэжээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Э” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар байсан, хуульд заасан хугацаанд, хуульд заасан журмаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг эрх бүхий этгээдэд гаргаагүй, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч нь анх 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө гаргасан, ийнхүү гаргахдаа хугацаа хожимдуулсан шалтгаанаа “манай ажилтны алдаанаас болж хожимдуулсан” гэж тайлбарласан, хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацааг сунгуулах өргөдөл гаргахдаа  тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2019 онд хийх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг хавсаргаж ирүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хэргийн оролцогч нар эдгээр үйл баримттай маргаагүй байна.

 Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар  тусгай зөвшөөрөл эзэмшигч “Э” ” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, З  аймгийн А сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлэх үүрэгтэй байх бөгөөд энэ маргааны тохиолдлын хувьд нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад шаардагдах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр  19/002А дугаартай албан бичгээр З  аймгийн А сумын Засаг даргад хүсэлт гаргаж байсан, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш буюу 2020 онд байгаль орчны менежментийг төлөвлөгөөг З  аймгийн А сумын Засаг дарга, З  аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар батлуулсан болох нь тогтоогджээ.

   Нэхэмжлэгч “Э” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлөө хуульд заасан хугацаанд, хуульд заасан журмаар төрийн захиргааны байгууллагад гаргаагүй нь З  аймгийн А сумын Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байх хэдий ч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар тогтоосон шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Засаг даргаар батлуулж, хугацааг  сунгуулах өргөдөлдөө уг төлөвлөгөөг хавсаргаж ирүүлэх шаардлагыг биелүүлэх үүрэгтэй, уг баримтгүйгээр буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулаагүй нөхцөлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй тул хариуцагч захиргааны байгууллага нь “хуульд заасан баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д зааснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн хугацааг  дуусгавар болсныг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэснийг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Э” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан журмаар ашигт малтмалын хайгуулын ХV-020****дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хуульд заасан хугацаанд гаргаагүй, хуульд заасан бүрдүүлбэрийг хангаж ирүүлээгүй байх тул  тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн бүртгэл хууль зөрчөөгүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссанаар тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор” заасан, энэ тохиолдолд “Э” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-020****дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дууссанаар уг тусгай зөвшөөрөл дуусгавар болсон, нэгэнт дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссанаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх дуусгавар болох тул дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн хувьд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хууль зүйн боломжгүй. Тодруулбал хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай  ойлголт зөвхөн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хувьд хэрэглэгдэнэ. Энэ маргааны тохиолдолд нэхэмжлэгч “ ” ХХК-иас  хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад бүрдүүлэх баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг З  аймгийн А сумын Засаг даргаар батлуулж, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дахин тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргахаас өмнө уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нэгэнт дууссан байжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох бөгөөд энэхүү маргааны тохиолдолд хариуцагч А м, г т г К х д нь “эс үйлдэхүй гаргасан” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал нэхэмжлэгч “Э” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 19/001 дугаар, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 003 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20/09 дүгээр албан бичгүүдээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын  хэлтэст гаргаж байсан, Ашигт малтмал, газрын тосны газар нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 7/1923, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 7/2050, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/4956 дугаар албан бичгээр тус тус хариуг хүргүүлж байжээ. Дээрхээс үзэхэд хариуцагч нь “эс үйлдэхүй” гаргаагүй байх тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэх буюу хариуцагчийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэж, нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн “...хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн байхад хугацаа сунгуулах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газар хүлээн авч  шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус. ... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бүрдүүлбэр хангасан хүсэлтийг хариуцагч хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа нь уг хуулийн заалтыг зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр гаргасан “... Ашигт малтмалын хайгуулын  ХV-020****дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй  болгуулж, тус тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, түүний даргын шийдвэр (үйлдэл, эс үйлдэхүй)-г хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгах тухай хүсэлтийг зохих журмын дагуу хүлээн авч, шийдвэрлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Хариуцагч захиргааны байгууллагын  үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасан “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” , 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдөлдөө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргана”,  22 дугаар зүйлийн 22.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь... нөхцөл шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж, ... тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссанаар тусгай зөвшөөрөл дуусгавар болно”,  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчим, шаардлагатай нийцжээ.

Иймд хариуцагч захиргааны байгууллага нь холбогдох хуулийг зөрчөөгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь З  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд З  аймгийн А сумын Засаг даргад холбогдуулан “Ашигт малтмалын ХV-020****дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тухайн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг гаргасан, тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 118/ШШ2020/0007 дугаар шийдвэрээр “Э” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх боловч энэхүү шүүхийн шийдвэр нь энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд энэхүү шийдвэрийг үндэслэн “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд нь сунгуулах тухай өргөдлөө гаргаагүй” тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг сэргээх хууль зүйн боломжгүй гэж үзнэ.

Хэргийн оролцогч нар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тоолох, тусгай зөвшөөрлийн хугацааг түдгэлзүүлэх асуудлаар маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Захиргааны  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1.3, 53 дугаар зүйлийн 53.1.1-д  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн А м, г т г К х д-д холбогдуулан гаргасан  “Ашигт малтмалын хайгуулын  ХV-020****дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй  болгуулж, тус тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, түүний даргын шийдвэр (үйлдэл, эс үйлдэхүй)-г хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгах тухай хүсэлтийг зохих журмын дагуу хүлээн авч, шийдвэрлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.БАТСҮРЭН