Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 421

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х***” ХХК   

Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын Х*дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч “Х***” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Өлөнт нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын Х*дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газар /хуучнаар/-ын Кадастрын хэлтсийн даргын 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 86 дугаар шийдвэрийн дагуу шилжүүлэн авч, хууль ёсоор уг тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан.

Ингээд уг тусгай зөвшөөрлийн жил бүрийн ээлжит төлбөрийг төлж хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу батлуулан ажиллаж байсан. Улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1377 дугаар шийдвэрээр 3 жилийн хугацаагаар сунгуулсан.

Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлан гаргаж, манай компанийн хууль ёсоор эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулах эрхийг төрөөс хязгаарласан.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно' гэж, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-д заасан баримт бичгийг хянаж, үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

Урт нэртэй хууль батлагдсантай холбоотойгоор манай компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан боловч дээр дурдсан хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанид ямар ч нөхөн олговор олгоогүй болно. Энэ талаар тухайн үеийн Ашигт малтмалын газраас тодруулахаар, “төлбөрөө төлөөд хүлээж бай, Засгийн газраас энэ асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн хариуг хязгаарласнаас хойш 2-3 жил өгч байсан.

Хэдийгээр бид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ч гэсэн төрийн байгууллага нь ийм хариу хэлж байсан учир тусгай зөвшөөрлийн төлбөрөө 2014 оныг хүртэл төлсөөр ирсэн. Түүнчлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй ч Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу холбогдох төрийн байгууллагуудаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд тухайн талбайд байгаль орчны хохирол учрах эрсдэлээс сэргийлэн ажиллаж ирсэн.

Тийм ч учраас хэдийгээр Урт нэртэй хууль батлагдсан хэдий боловч төрийн захиргааны байгууллагаас өгч байсан тайлбаруудыг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 958 дугаар шийдвэрүүдээр тус тус 3 жилийн хугацаагаар сунгасан.

Гэтэл 2014 онд өмнөх жилүүдийн нэгэн адил байгаль орчны менежментийн 

төлөвлөгөөг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаар батлуулахаар очсон боловч тухайн үед Сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч аль нь ч байхгүй, томилолттой гээд бидэнтэй огтхон ч уулзаагүй юм.

Байгаль орчны менежментийн 2014 оны төлөвлөгөөгөө батлуулахаар Ерөө суманд манай компаниас 2 ч удаа очсон бөгөөд тухайн үеийн Ерөө сумын Засаг дарга олдохгүй байсан тул утсаар хэд хэдэн удаа ярьсан. Гэвч “би өөр газарт томилолттой явж байна”, эсхүл “2 хоногийн дараа очно” гэх мэтээр шалтагласаар уулзахгүй байсны улмаас бид хугацаандаа төлөвлөгөөгөө батлуулж чадаагүй.

Ийнхүү байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулж чадаагүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан бичиг баримтын бүрдэл хангагдах боломжгүй болж, улмаар Х*дугаартай тусгай зөвшөөрлийг хугацаа сунгуулах өргөдөл гаргах боломжгүй болсон.

Хэдийгээр Урт нэртэй хуулиар хязгаарлалт тавигдсан ч төрийн захиргааны байгууллагаас “тусгай зөвшөөрлөө сунгуулаад явж байвал цаашид танай компанид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ” гэж байсан боловч дээрх нөхцөл байдлаас хамаараад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасан баримт бичиг бүрдэл болоогүй учраас тусгай зөвшөөрлийн хугацаагаа дахин сунгуулах боломжгүй болсон.

Үүнтэй холбоотойгоор манай компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж чадаагүй, гэхдээ тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулъя гэдэг хүсэл зоригоо илэрхийлж, тухайн үед Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандахад “Ашигт малтмалын хуульд заасан баримт бүрдэл болоогүй өргөдлийг хүлээж авах боломжгүй” гэж татгалзсан хариу өгсөн.

Манай компанийн хувьд хэдийгээр уг тусгай зөвшөөрлийн талбай Урт нэртэй хуульд орсон ч гэсэн төрөөс нөхөх олговор олгоогүй тул уг тусгай зөвшөөрлийг цаашид эзэмших хүсэлтэй байгаагаа дээр дурдсанаар холбогдох төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад хандаж илэрхийлсээр байсан.

Энэхүү үйл баримтын талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандахад 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/892 тоот албан бичгээр хариу өгсөн. Уг албан бичигт “Танай тусгай зөвшөөрөл бүхий талбай буюу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга тухайн үед ямар шалтгаанаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй, батлахаас татгалзсан шалтгааныг бид судаллаа. Ерөө сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.С*******гээс холбогдож тодруулахад, “тухайн үед Х*** гэж компаниас холбогдоход хөдөөгүүр түймэр унтраах 

ажилд явж байсан” гэсэн тайлбарыг өгсөн.

Тухайн үед Сэлэнгэ аймгийн зарим сумдаар ой хээрийн түймэр цөөнгүй газарт байсан бөгөөд Ерөө суманд 2-3 газар ой хээрийн түймэртэй байсан бөгөөд Ерөө сумын Засаг дарга Б.С******* нь дээрх хугацаанд тухайн түймрийн голомттой газруудад ажиллаж байсан байна. Иймд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүйтэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагад нь тавьж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгсөн.

Энэ дагуу манай компаниас тусгай зөвшөөрлийн эрхээ сэргээлгэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/8762 тоот албан бичгээр “гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй” талаар хариу өгсөн.

Хэдийгээр тусгай зөвшөөрлийн хугацаагаа 2014 онд сунгуулах асуудал орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас шалтгаалан боломжгүй болсон ч бидний хувьд 2009 онд Урт нэртэй хууль гарч үйл ажиллагааг маань хязгаарласан тул төр хуульд зааснаар нөхөн олговор олгоно гэж үзэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл төрөөс хууль ёсоор эзэмшиж байсан манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбоотойгоор нөхөн олговор олгоогүй байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан.

Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Нөхөх олговор олгох журам”-ын 5,2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, мөн зүйлийн 14.6-д "Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа

үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж тус тус заасан байдаг.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон болон шилжүүлэн авснаас хойш тухайн талбайд 8 жил үйл ажиллагаа явуулж, геологи, хайгуулын ажлын зардалд нийт 100 орчим сая төгрөг зарцуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгөний цэвэр алдагдал хүлээгээд байсан. Геологи, хайгуулын ажил бол цэвэр зардал их хэмжээний зардал гаргадаг, мэргэжлийн компаниудад төлбөр төлдөг, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангадаг, эдгээр нь улсад шууд бус хэлбэрээр хөрөнгө оруулалт болж ордог, тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьд ямар нэгэн ашиг олдоггүй цэвэр зардал гаргадаг үйл ажиллагаа байдаг.

Хууль ёсоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг “Урт нэртэй хууль” гаргах замаар хязгаарлаж, улмаар ийнхүү хязгаарласантай холбоотойгоор манай компанид ямар ч нөхөн олговор олгоогүй хэрнээ тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн нь холбогдох хуулиудад огтхон ч нийцэхгүй байна.

Түүнчлэн Ашигт малтмалын газраас хайгуулын Х*дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохтой холбоотойгоор “Х***” ХХК-д урьдчилан мэдэгдээгүй бөгөөд дуусгавар болгосон талаар ямар ч мэдэгдэл хүргүүлээгүй болно.

Иймд манай компанийн ашигт малтмалын хайгуулын Х*дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ “Х***” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х*дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Анх иргэн Л.Т*******д Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Өлөнт нэртэй 451,3 га талбайд ашигт малтмалын хайгуулын Х*дугаартай тусгай  зөвшөөрлийг олгож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар шийдвэрээр “Х***” ХХК-д бүхэлд нь шилжсэн байна.

2. Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг баталсан. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон.

Нэхэмжлэгч “Х***” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Өлөнт нэртэй талбайд орших Х*дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь дээрх Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор тогтоосон газрын хилийн заагт хамаарагдсан хэдий ч тусгай зөвшөөрлийг нь цуцлаагүй байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасан ба “Х*******-*******" ХХК нь ашигт малтмалын хайгуулын Х*тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдөлд “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хавсаргахаар заасан ба хуулийн хугацаанд өргөдөл гаргаж Төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй байна.

“Х***” XXК нь нэхэмжлэлдээ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6-д “... журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “нөхөх олговор олгох журмын”-ын 5.2-т “Тусгай ... дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална”

гэж заасан гэжээ.

“Х*******   *******”   ХХК-ийн   ашигт   малтмалын   хайгуулын   ХV-*******

дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар цуцлаагүй, харин сунгуулах өргөдлөө хуулийн хугацаандаа гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар дуусгавар болсон байна.

Мөн “Х***” ХХК нь нэхэмжлэлдээ “Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “... тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж тус тус заасан байдаг гэжээ. Энэ заалт нь “Х***” ХХК-ийн хувьд ямар ч хамааралгүй заалт юм. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх хайх, ашиглах боломжгүй болсон тохиолдолд нөхөх олговор авахаар зохицуулсан заалт юм.  

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Х***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Х******* *******” ХХК-ийн захирал Н.Амарбат тус шүүхэд хандаж “Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаар батлуулахаар 2 удаа очсон боловч уулзаж чадаагүй ... уг төлөвлөгөөг батлуулаагүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан бичиг баримтын бүрдэл хангагдахгүй болж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргах боломжгүй болсон ..., мэдэгдэл хүргүүлээгүй” гэж тодорхойлон маргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч “Х******* *******” ХХК-д Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Өлөнт” нэртэй 451,3 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын Х*тоот тусгай зөвшөөрлийг 2005 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр олгосон, тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг 2013 оны 09 дүгээр сарын 17-нд төлсөн, тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сунгасан үйл баримтууд тогтоогдов. 

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”... 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”... гэж заажээ.

Хуулийн дээрхи заалтаас үзвэл нэхэмжлэгч компани нь 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэхэд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг, холбогдох баримтуудын хамт төрийн захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй байсан боловч дурдсан хугацаанд багтааж хүсэлтээ гаргаагүй, талууд энэ талаар маргахгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө” гэж, 31 дүгээр зүйлийн 31.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж, 22 дугаар зүйлийн 22.4-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэнэ” гэж заажээ. 

Нэхэмжлэгч компани дээр дурдсан хуулийн хугацаанд багтааж хүсэлтээ гаргаагүй, ийнхүү хүсэлтээ гаргаагүй тул Ашигт малтмалын газрын кадастрын бүртгэлд Х*дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байх тул түүний эзэмшлийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж улмаар дуусгавар болгож бүртгэсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргах үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулаагүйгээс, материал дутуу тул хүсэлтээ гаргаагүй ...” гэж тайлбарлан үүнийгээ нотлох баримтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 190 дугаар бүхий “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг ирүүлжээ.

Уг албан бичигт “... 2014 оны 1, 8 дугаар сард тус суманд ой хээрийн түймэр гарсан ... Засаг дарга Б.С******* нь түймрийн голомттой газруудад ажиллаж байснаас шалтгаалж танай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээж авч хянан баталж чадаагүй ...” гэж дурдсан байх боловч тухайн үйл баримт нь энэ захиргааны хэрэгт хамааралгүй тул хариуцагч захиргааны байгууллагын хууль ёсны үйлдлийг хүчингүй болгох, нэгэнт дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгч “Х*******-*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Энэ шийдвэр нь бусад захиргааны байгууллагад холбогдуулан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх асуудлаар шүүхийн болон захиргааны журмаар хандах, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулахад саад болохгүйг дурдав. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х******* *******” ХХК-иас гаргасан “Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ДУЛАМСҮРЭН