Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 102/2018/01359/И |
Дугаар | 001/ХТ2018/01758 |
Огноо | 2018-12-04 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2018/01758
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/01521 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1563 дугаар магадлалтай,
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
З.Б-д холбогдох,
43.230.476 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Б- нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр манай компанитай зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-Д байрны 27 тоот 29 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нийт 19.700.000 төгрөг төлснөөс зээлийн хүүд 18.826.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 873.333 төгрөг суутган тооцсон. Одоо үндсэн зээл 40.000.000 төгрөг, үндсэн зээлийн хүү 2.720.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470.477 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг, нийт 43.230.476 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Би Хэт-Оргил ББСБ ХХК-аас зээл авсан. Би эргэн төлөлтөд 19.700.000 төлсөн байхад 43.230.476 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 40.353.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, харин илүү нэхэмжилж буй 2.877.476 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/01521 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч З.Б-ас 43.230.476 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хэт-Оргил ББСБ ХХК-д олгож, талуудын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 00170014 тоот барьцааны гэрээний 2.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-д дугаар байрны 27 тоот, 29 м.кв талбай бүхий орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 444.302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 444.302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1563 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/01521 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Б-ас 42.375.993 төгрөг гаргуулан төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хэт-Оргил ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 854.483 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-д дугаар байрны 27 тоот, 29 м.кв талбай бүхий орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж, 3 дахь заалтын хариуцагчаас 444.302 гэснийг хариуцагчаас 369.829 гэж тус тус нэмж өөрчлөн, 4, 5, 6 гэж дугаарласныг 3, 4, 5 гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоr шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 09-ний өдрийн Дугаар 102/ШШ2018/01521 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 04 өдрийн Дугаар 1563 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Хариуцагч “Зээлийн гэрээ” байгуулж “Хэт-Оргил” ХХК-аас 40.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэнтэй маргадаггүй. Сард 1.600.000 төгрөг төлөх ёстой бөгөөд 12 сард 19.200.000 төгрөг төлөх байсан. Үүнээс 19.700.000 төгрөг төлөгдсөн. Хариуцагч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаас 40.353.000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Магадлалд заасан 42,375,993 төгрөгөөс хүлээн зөвшөөрч байгаа 40.353.000 төгрөгийг хасах юм бол 2,022,993 төгрөг үлдэж байгаа бөгөөд үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь Зээлийн гэрээ байгуулахдаа зээлдэгчийн хувийн байдлыг сайн тогтоох ёстой байсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цааш сунгах болон бусад талаар тохиролцолгүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь барьцааны зүйлд хэт шунасан үйлдэл гэж үзэхээр байна. Дээр нь үндэслэлгүйгээр 2,022,993 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2,022,993 төгрөгийг хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан шийдэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч З.Б-ас зээл 40.000.000 төгрөг, үндсэн хүү 2.720.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 490.477 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг нийт 43.230.476 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрчээ.
Зохигчийн хооронд 2017 оны 3 дугаар сарын 13-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр З.Б- нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Д байрны 27 тоотын 29 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалан нэхэмжлэгчээс 40.000.000 төгрөгийг 12 сарын хугацаагаар сарын 4 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирчээ /хэргийн 7-10 дугаар тал/.
Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагад нийцжээ.
Хариуцагч зээлийг хүлээн авч, 19.700.000 төгрөг буцаан төлсөн, энэ талаар маргаагүй байна.
Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч зээлийн төлбөр шаардах эрхтэй байна.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцаа, хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг үндэслэл бүхий тодорхойлоогүй байна.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргах үеийн хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлохдоо төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч, үлдэх төлбөрөөс хүү, нэмэгдүүлсэн хүүг цаг хугацаагаар нарийвчлан тооцож, нэхэмжлэлээс зээл 30.500.000 төгрөг, хүү 11.525.326 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 350.667 төгрөг нийт 42.375.993 төгрөгийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-т заасантай нийцжээ.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1.-т зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-т “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэжээ.
Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэ тохиолдолд шүүх барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангасан нь хууль зөрчөөгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1563 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 47.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ