| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 102/2017/03059/И |
| Дугаар | 001/ХТ2018/01782 |
| Огноо | 2018-12-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2018/01782
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/01286 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1488 дугаар магадлалтай,
Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Д.Д-д холбогдох,
19.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
нэхэмжлэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б- түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргал, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д- 19.000.000 төгрөгийг 5 хоногийн хугацаанд өгнө гэж баталгаа гаргасан тул 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр түүнд мөнгийг шилжүүлсэн. Д.Д- нь зээлсэн мөнгөө буцааж өгөөгүй тул түүнээс 19.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Д.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Одон нь хадам аав С.Жалсангаас 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 3.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөг зээлсэн. Ингээд Г.Одонгоос мөнгөө шаардахад тэр Б.Б-өөс мөнгийг аваад өгье гээд дагуулж очсон. Б.Б- 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 19.000.000 төгрөг шилжүүлсэн, уг мөнгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу нэг хоногийн дараа Г.Одонгийн зээлийг хаав гээд С.Жалсангийн дансанд шилжүүлсэн. Б.Б-тэй зээлийн гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг хариуцах этгээд биш гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/01286 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Д-гаас 19.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1488 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/01286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 257.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 19 өдрийн дугаар 102/ШШ2018/01286 тоот шийдвэр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 сарын 25 өдрийн 1488 дугаартай магадлал нь хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 сарын 28 өдрийн 208-р магадлалын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авахаар хүсэлт гаргасан байна. Иргэн Дэлгэрмаа Г.Одон нар нь 2015 оны 10 сарын 29 өдөр хохирогч Бат-Өлзийгөөс 19,000.000 төгрөгийг өндөр хүү амлаж авсан байх ба анхан шатны шүүх Г.Одонг энэ үйлдэлд дангаар гэм буруутай гэж дүгнэн түүнээс төлбөрийг гаргуулсан байна. Хавтаст хэрэгт дээрх 19000000 төгрөгийг ... Хаан банкин дахь Б.Б-ийн данснаас Дэлгэрмаагийн дансанд шилжигдсэн баримт байх ба Д.Д- нь уг мөнгийг дангаар захиран зарцуулж ор төлбөрт шилжүүлсэн тухай мэдүүлсэн байна. Иймээс уг төлбөрийн асуудлыг иргэннй хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлье гэсэн хохирогч Б.Баг-Өлзийгийн хүсэлт нь үндэслэлтэй байх тул Г.Одонд холбогдох эрүүгийн хэргээс хохирогч Б.Б-д учирсан 31,600.000 төгрөгийн хохирлоос 19,000.000 төгрөгийн хохирол бүхий үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж үгүй гэж үзэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов гэж дүгнэсэн. Ялтан Одон түүний өмгөөлөгч нар нь хохирогч Бат-Өлзийгөөс авсан гэх 19,000.000 төгрөгийг Одонд хамааралгүй Дэлгэрмаа авсан гэж маргадаг бөгөөд гомдлын энэ хэсгийг нь эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх мөн хүлээн авсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх Д.Д- Б.Б- нарын хооронд зээлийн харилцаа үүссэн байхад хэрэгт хамааралгүй Одон Жалсан нарын хоорондын зээлийн харилцааг үнэлэн хэрэгт хамаатуулан дүгнэсэн нь ИХШХШ тухай хуулийн 40-р зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой ,үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэрк заасан байхад хэрэгт хамааралгүй нотлох баримтыг үнэлж дүгнэсэн. Мөн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн -магадлалд Хохирогч Бат-Өлзий 19.000.000 төгрөгийг Одон хариуцах бус Дэлгэрмаа хариуцна иргэний журмаар нэхэмжилнэ гэсэн хүсэлт тавьж үүнийг нь давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж хүсэлтийг хүлээн авсан байхад хариуцагч нь Дэлгэрмаа байх агуулгыг илэрхийлээгүй гэж үндэслэлгүйгээр мушгиж дүгнэсэн. Хэрэв Бат-Өлзий нь Г.Одонд мөнгө зээлж байгаа бол мөн бусдад төлөх төлбөрийг нь төлж байгаа бол Г.Одонгын дансанд мөнгөө шилжүүлж өгөх байсан болохоос биш Дэлгэрмаад шилжүүлж дамжуулуулах шаардлагагүй байсан.
Иймд Баянгол Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2018 оны 4 сарын 19 өдрийн дугаар 102/ШШ2018/01286 тоот шийдвэр, Нийслэлийн иргэни хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 сарын 25 өдрийн 1488 тоот магадлалыг хүчингүй болгож иргэн Б.Б- надад Д.Д-гаас 19,000.000 төгрөгийг гаргуулан олгуулж иргэн намайг хохиролгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Д.Д-гаас 19.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө мөнгө зээлээгүй гэжээ.
Б.Б- нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Д-гийн ХААН банкны 5003363997 тоот дансанд 19.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар маргаагүй байна /хэргийн 45 дугаар тал/.
Харин зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, хариуцагч төлбөр төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т заасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсан мөнгийг Д.Д-гийн дансанд шилжүүлсэн нь тогтоогдсон, хариуцагч энэхүү үйл баримтыг үгүйсгэж чадаагүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй гэж үзнэ.
Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...Одон зээлээ төлөх зорилгоор Б.Б-өөс мөнгө зээлж, ...дансаар шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргасан байх ба Д.Д- нь 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдөр “...Одон-с зээл хаав” гэсэн утгатайгаар С.Жалсанд 18.960.000 төгрөг шилжүүлжээ /хэргийн 10 дугаар тал/.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 24 дүгээр Шийтгэх тогтоолоор “...Г.Одон нь Д.Д-гийн ааваас зээлсэн 20.887.000 төгрөгийг төлөхийн тулд хамт ажилладаг түүнийг дагуулан Б.Б-өөс 19.000.000 төгрөгийг Д.Д-гийн данс луу шилжүүлүүлсэн нь тогтоогдсон, ...хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тооцож, хохирогч Б.Б-д 31.600.000 төгрөг олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн 208 дугаар магадлалаар дээрх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “...Б.Б-ээс 19.000.000 төгрөг авсан...” гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.-т зааснаар хэрэгсэхгүй болгохдоо “...дээрх 19.000.000 төгрөгийг ...банк дах Б.Б-ийн данснаас Д.Д-гийн дансанд шилжсэн, Д.Д- уг мөнгийг дангаар захиран зарцуулж, өр төлбөрт шилжүүлсэн...” гэж дүгнэж, улмаар Б.Б- нь хохирлоо төлбөр хариуцвал зохих этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчинтэй байна.
Шүүх “...Г.Одон нь С.Жалсанд төлөх төлбөрийг төлөх зорилгоор Б.Б-өөс 19.000.000 төгрөг зээлэхдээ Д.Д-гийн дансаар шилжүүлсэн...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцээгүй байна.
Нэхэмжлэгч мөнгө шилжүүлсэн дансны хуулгыг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан, хариуцагч уг баримтыг үгүйсгэж чадаагүй байна.
Гэтэл шүүх “...Д.Д- нь С.Жалсанд 18.960.000 төгрөг шилжүүлсэн, ...Г.Одон нь Бат-Өлзийгөөс авсан 19 сая төгрөгийг Дэлгэрмаагийн хадам ааваас зээлсэн мөнгийг өгсөн гэсэн баримт үйлдсэн, эдгээр баримтыг няцаасан баримтыг нэхэмжлэгч гаргаагүй” гэж үзэхдээ нотолгооны үүргийг буруу хуваарилжээ.
Дээр дурдсанаас үзвэл талууд зээл өгч, авахаар харилцан тохирч, зээлдүүлэгч гэрээний зүйлийг шилжүүлсэн, зээлдэгч хүлээн авсан, энэ тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Хариуцагч мөнгийг хүлээн авсны дараа тодорхой хэсгийг нь бусдад шилжүүлсэн нь зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тул хариуцагч мөнгийг буцаан төлөх үүрэгтэй.
Иймд нэхэмжлэлийг хангуулах талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1488 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/01286 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т заасныг баримтлан хариуцагч Д.Д-гаас 19.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай” гэж, 2 дах заалтын “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагч Д.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид 252.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 257.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ