Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01802

 

“Р” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж,шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01106 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1531 дүгээр магадлалтай,

“Р” ХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

62.096.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч М.Баяраагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч М.Баяраа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Р” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК-д 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бетон зуурмаг нийлүүлсэн. Ингээд 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тооцоо нийлэх акт үйлдсэн, 62.026.000 төгрөгийн бетон зуурмагийн авлагатай гэсэн тооцоо гарсан. 2014 онд тооцоо нийлснээс хойш төлбөр төлөлт хийгдээгүй. Нэхэмжлэгч 4 удаа шүүхэд өгсөн ба хариуцагч хаяг дээрээ байдаггүй. 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Б ХХК-ийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарч байсан. Иймд Б ХХК-с тооцоо нийлсэн гэрээний дагуу 62.026.000 төгрөг, эрэн сурвалжлах зардал 70.200 төгрөг нийт 62.096.200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Б ХХК-ийг хариуцагчаар татаагүй байхад шүүх тус компанитай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Мөн Б ХХК-ийн захирал Э.Золбоо гадаадад ажлаар яваад эзгүй байхад түүнд мэдэгдэлгүйгээр шүүх хуралдаан зарлан хуралдуулж байгаа нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан ...шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох... эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01106 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар Б ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэг, гарсан зардалд 62 096 000 төгрөг гаргуулж Р ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Б ХХК-иас 468 500 төгрөг гаргуулж Р ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1531 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-ийн захирал Э.Золбоогийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б ХХК-ийн захирал Э.Золбоогийн төлсөн 468.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Баяраа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05  дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01106 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1531 дугаартай магадлалыг эс зөвшөөрөл гомдлыг гаргаж байна.

“Р” ХК аас “Блюмингтон” ХХК-нд холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдөр нэхэмжлэл гаргасан /хх-1х/, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхээс “Блюмингтон” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасан /хх-12х/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад хариуцагчийн нэрийг “Б” ХХК нэртэй компанид холбогдуулсан шүүхийн шийдвэр гарахдаа, тус компанид шүүхээс хуулийн дагуу мэдэгдэлгүйгээр 62,096,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4618 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай" захирамжаар хариуцагч хуулийн этгээдийн оноосон нэрийг “Б” ХХК гэж зөвтгөсүгэй гэсэн боловч үүнийг хариуцагчийн төлөөлөгчид танилцуулаагүй, хариуцагч өөрөө түүнтэй танилцах боломжгүй гадаад улсад ажлаар яваад эзгүй үед хэргийг хянан шийдвэрлэсэн. “Блюмингтон” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасантай Э.Золбоо танилцсан бөгөөд нэхэмжлэл гардуулсан баримтад дурдсан хаяг Э.Золбоогийн гэрийн хаяг биш, уг хаягийг Э.Золбоо өөрийн гараар бичээгүй, гэрийн хаягаа өөрчлөөгүй болохыг давж заалдах шатны шүүхээс мэдээгүй, бодит байдлыг нягтлалгүйгээр буруу дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн гомдлын хурал дээр шүүхийн баримтад засвар орохоос өмнөх үеийн баримтыг хэрэгт тусгуулахаар шүүхэд өгсөн боловч давж заалдах шатны шүүх тусгаагүй, анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчоос гарган өгсөн баримтад засвар оруулсан, нэхэмжлэгчийн гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой хүсэлт /хх-51х/-ийг хариуцагчийн төлөөлөгчид танилцуулаагүй, хариуцагчид танилцах боломжийг олгоогүй нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 -т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01106 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1531 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцааж  өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг тодорхойлж, маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч “Б” ХХК-с зуурмагийн үнэ 62.026.000 төгрөг, эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг нийт 62.096.200 төгрөг шаарджээ.  

Зохигчийн хооронд 2014 оны 1 дүгээр сарын 8-ний өдөр хийсэн тооцоо нийлсэн актаар  “Б” ХХК нь нэхэмжлэгчид 62.026.000 төгрөг төлөхөөр тохирчээ /хэргийн 7 дугаар тал/.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа  хариуцагчид бетон зуурмаг нийлүүлсэн талаар дурдаж, шаардлагын үндэслэлд дээрх тооцоо нийлсэн актыг дурдсанаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Хариуцагчийн төлөөлөгч Э.Золбоо 2017 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр нэхэмжлэлийг гардан авсан ба нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбар, үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тохиолдолд тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т заасан.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 227 дугаар зүйлийн 227.1.-г зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн оноосон нэрийг “Б” болгож залруулсан, шүүх тус компанид холбогдох хэргийг хянан шийдвэрлэжээ /хэргийн 33-34 дүгээр тал/.

Шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн захирамжаар “Р” ХК-ийн нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн 9 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоож, хариуцагчийн төлөөлөгч Э.Золбоод шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар түүний оршин суугаа газар болох Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргад 2018 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн албан бичгээр мэдэгдсэн нь хэргийн 48 дугаар талд авагдсан байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй. 

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01106 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1531 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч М.Баяраагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 468.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ