Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 1531

 

“Р” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, бүрэлдэхүүнд шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01106 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Р” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Б” ХХК-д холбогдох

Бүтээгдэхүүн  нийлүүлсний  үлдэгдэл  62 096 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл  нар оролцов.

Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р” ХХК нь барилгын үндсэн материал болох бетон зуурмаг үйлдвэрлэдэг ба барилга угсралтын компанид бетон зуурмагаа нийлүүлдэг. “Б” ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бетон зуурмаг нийлүүлж байсан. 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр талууд тооцоо нийлэх акт үйлдсэн ба энэхүү тооцоо нийлэх гэрээгээр 62 026 000 төгрөгийн бетон зуурмагийн авлагатай гэсэн тооцоо гарсан. 2014 онд тооцоо нийлсэнээс хойш төлбөр төлөлт хийгдээгүй, утсаар Э.З захирал руу мэдэгддэг боловч төлнө гэдэг байр суурьтай байсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч 4 удаа шүүхэд өгсөн ба хариуцагч тал хаяг дээрээ байдаггүй. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Б” ХХК-ийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарч байсан. Иймд тооцоо нийлсэн гэрээний дагуу 62 026 000 төгрөг, эрэн сурвалжлах зардал 70 200 төгрөг, нийт 62 096 200 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Б” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Уг иргэний хэрэгт “Б” ХХК-ийг шүүхээс иргэний хариуцагчаар татаагүй байхад тус компанитай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхээс явуулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг шууд зөрчиж байна. Мөн “Б” ХХК-ийн захирал Э.З нь гадаадад ажлаар яваад эзгүй байхад түүнд мэдэгдэлгүйгээр шүүхээс “Б” ХХК-тай холбоотой асуудлаар шүүх хуралдаан зарлан хуралдуулах гэж байгаа нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...шударга шүүхээр шүүлгэх,  шүүх ажиллагаанд биеэр оролцох...” эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар “Б” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэг, гарсан зардалд 62 096 000 төгрөг гаргуулж “Р” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “Б” ХХК-иас 468 500 төгрөг гаргуулж “Р” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Б” ХХК-ийн захирал Э.З давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт "... хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй..." гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон бөгөөд "Б" ХХК-ийг шүүхээс хариуцагчаар татаагүй, түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байгаа учир хариу тайлбар өгөх боломжийг шүүх бидэнд олгоогүй юм. "Б" ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх нэг талын нотлох баримтад тулгуурласан, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү. "Б" ХХК-ийн захирал Э.З миний бие гадаадад ажлаар яваад эзгүй байх үед надад мэдэгдэлгүйгээр шүүхээс "Б" ХХК-тай холбоотой асуудлаар шүүх хуралдаан зарлан хуралдуулж, бидний оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, шийдвэр гаргасан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан  шударга шүүхээр шүүлгэх,  шүүх ажиллагаанд биеэр оролцох..." эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч   “Р” ХК нь хариуцагч "Б" ХХК-д холбогдуулж нийлүүлсэн бетон зуурмагын үлдэгдэл төлбөр 62 026 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нийт  62 096 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хүрээнд хариуцагч Б ХХК-ийн захирал Э.З 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардан авч хариу тайлбар ирүүлэх үүрэг хүлээсэн баримтанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаад хариуцагчаар оролцох эрх ба үүргийг шүүхээс түүнд тайлбарлан танилцуулсан баримтанд тус тус гарын үсэг зурсан боловч шүүхэд мэдэгдэлгүйгээр 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хилээр гарсан байна. /хх-ийн 13, 15, 42/

Хариуцагч  хариу тайлбар шүүхэд гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.

Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн байх  бөгөөд уг актад 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус 2 байгууллагын хооронд гарсан ажил гүйлгээг анхан шатны баримт тус бүрээр тооцоо нийлж үзэхэд 62 026 000 төгрөгийн өглөгтэй болохыг харилцагч 2 байгууллагын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. /хх-ийн 7/

 Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан  худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн үндэслэлтэй. Хариуцагч үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор түүнийг эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж үзсэн нь зөв байна.

 Нэхэмжлэл гардуулсан баримтад хариуцагч “Б” ХХК-ийн захирал Э.З өөрийн оршин суух хаягийг Хан-Уул дүүрэг, 11 хороо, Сөүл рояал каунти гудамжны 312 дугаар байрны 101 тоот  гэж өөрөө тодорхойлж бичсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дах хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар шүүхэд хаягаа өөрчлөгдсөн бол мэдэгдэх үүрэгтэй. Энэ талаар шүүхэд мэдэгдэж байсан талаар баримт хэрэгт байхгүй.

Анхан шатны шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хариуцагчийн төлөөлөгч Э.З-н өөрийнх нь заасан хаягийн дагуу хүргүүлсэн ба шуудангаас энэ хаягт байхгүй талаар буцаалт ирсэн байна. Шүүхэд хаягийн өөрчлөлтийн талаар мэдэгдээгүй учраас өөрийнх нь хамгийн сүүлд өгсөн хаягаар мэдэгдсэн шүүхийн ажиллагаа  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийг зөрчөөгүй, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар хариуцагч  шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд шүүхийг буруутгах боломжгүй юм.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцож шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурахаас татгалзсан боловч хурлын товыг мэдэж байсан тул  анхан шатны шүүх хариуцагчийн эрхийг зөрчсөн, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх болон шүүхэд мэдүүлэх үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэлд хариуцагчийг “Б” ХХК гэж тодорхойлсноор шүүх “Б” ХХК-д холбогдуулж иргэний хэрэг үүсгэсэн ба талуудын тооцоо нийлсэн акт, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар хариуцагч хуулийн этгээдийн оноосон нэр “Б” ХХК, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Э.З болох нь тус тус тогтоогдсон, шүүх иргэний хэрэг үүсгэх захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулаагүй байна. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тодруулахдаа /хх-ийн 51/ хариуцагчийн нэрийг үсгийн алдаатай бичсэнээ заасан болохоос нэхэмжлэлийн агуулгыг өөрчлөөгүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гадуулаагүй гэж үзэхгүй. Тиймээс шүүхээс “Б” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Э.З-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор явуулсан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шүүх үнэлж, маргааны зүйлийг зөв тодорхойлон, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.