Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01686

 

 Ш гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

             Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/01246 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1405 дугаар магадлалтай,

            Ш гийн нэхэмжлэлтэй,

            Н т холбогдох

            Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш , хариуцагч Н , нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч Ш гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие багын найз Д.Ганхуягийн хамт Н ын гуйлтаар 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөгийг тоолж өгсөн. Н  10,000,000 төгрөгийг 2 дахин өсгөж, 3 сарын хугацаатай өөрөө 5,000,000 төгрөгийг нь авч бид хоёрт 15,000,000 төгрөгийг буцаан өгөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаа дууссан байна гэж түүнд олон удаа хэлсэн боловч түр хүлээж байгаач гэх зэргээр элдэв шалтаг шалтгаан тоочин 2 жил гаруй хугацаа өнгөрч, сүүлийн 1 жил гаруй хугацаанд гэр орноо солиод зугтаж алга болсон учир шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны эцэст түүнийг олсон. Иймд үндсэн зээл 10,000,000 төгрөг, ашиг буюу 50 хувь алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2013 онд бид хоёр Шарга морьтын зусланд нэг га газар буюу 7 айлын зуслангийн газар мөнгөө нийлүүлэн худалдаж аваад хашаа барьж тохижуулсны дараа зарим газраа зарж борлуулаад мөнгөө өсгөх бизнес хийхээр харилцан тохиролцож, газраа товлон шаардагдах бичиг баримтаа бүрдүүлж гэрчилгээ гаргуулж ажлаа эхлүүлсэн. Ш  10,000,000 төгрөг, би 14,000,000 төгрөг гаргаж дээрх газарт барилгын компанид захиалга өгч 200 м төмөр бетон хашаа бариулсан. Гэтэл бидний авсан газрыг “Мон Аналитик” ХХК хашаа барьж нийтийн эзэмшлийн орц, гарцыг хаасан тул бид энэхүү газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 1437 дугаар шийдвэрээр “Мон Аналитик” ХХК-ийн бидний газрын нийтийн эзэмшлийн хэсгийг чөлөөлөхөөр шийдвэрлэж, албадан гүйцэтгүүлэхээр 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 7641/ч дугаартай шүүгчийн захирамж гарсан. Ш гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                              

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/01246 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Н оос 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н оос 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш д олгож шийдвэрлэжээ.                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1405 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/01246 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “15,000,000” гэсний дараа “10,000,000” гэж, “70,200” гэснийг “5,070,200” гэж, 2 дах заалтын “Н оос 232,950” гэснийг “Н оос 174,950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1405 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Н  нь миний мөнгийг 2 дахин өсгөөд ашгаа 50 хувиар тэнцүү хувааж авах тухай хэлцэлд тодорхой тусгасан байхад ямар ч мөнгөний тухай хүү, алданги адил ашиг гэсэн ойлголтод ордог. Хоёр иргэн өөр хоорондоо анхнаасаа гэрээгээр тохирсон зүйлийг шүүх дундуур нь орж өөрөөр тайлбарлах, гэрээгээ зөрчиж бусдыг залилан 5 жил хохироож яваа этгээдийн талд орж буй мэт өмгөөлж хаацайлсан шийдвэрийг Монгол Улсын болон төрийн нэрийн өмнөөс гаргах эрхгүй билээ. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/01246 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ш  нь хариуцагч Н т холбогдуулан үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 15,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийг хамтран ажиллах зорилгоор авсан, зээлж аваагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Н  нь нэхэмжлэлийн шаардлагыг няцааж “...хамтран ажиллах зорилгоор хоёр талаасаа мөнгө оруулж газар авч хашаа хатгасан боловч Сүхбаатар дүүргийн шүүхэд нийтийн эзэмшлийн орц гарц хаасан гэж нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсэн” гэж тайлбар гаргасныг үнэн зөв гэж үзэх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй. Учир нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1437 тоот шийдвэртэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Батболд нь хариуцагч “Мон аналитик” ХХК-д холбогдуулан нийтийн эзэмшлийн хатуу хучилттай замыг хааж барьсан гүйдэг хаалгыг буулган зам чөлөөлөх... шаардлага гаргасан хэрэгт хариуцагч Н.Эрдэнэ-Очир нь зохигчоор оролцоогүй байх тул зохигчдын хооронд үүссэн энэ маргаанд хамааралтай гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Н.Эрдэнэ-Очир нь Шарга морьтын зусланд 7 айлын зуслангийн газар авч хашаа барьсан гэх боловч уг газрын эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээг аваагүй, дүүргийн газрын албанд материал бүрдүүлэн өгөөгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иймээс зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа бус харин зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн тул нэхэмжлэгч Ш г шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Нэхэмжлэгч Ш гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагч Н той 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бичгээр хийсэн “Хэлцэл” гэсэн баримт байна.

Энэ баримтад “Элдэв-Очир би Шагдарсүрэнгээс 10,000,000 /сая/ төгрөг хүлээн авав. Гурван сарын дотор хэрэглэнэ. Энэ 10 саяыг 20 сая болгох зорилготой. Ашгийг  50 хувиар тохирон авахаар болов” мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэж зохигчид гарын үсэг зурсан байх бөгөөд энэ баримтын талаар хариуцагч Н  маргаагүй, өөрөө бичсэн гэж шүүх хуралдаанд тайлбарлажээ.

Дээрх 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хэлцэл нь гэрээний талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан гэж үзэхээр байна.

Гэрч Д.Ганхуяг “...10,000,000 төгрөгийг Сансарын тунелийн усан оргилуурын зүүн талын сандал дээр сууж байгаад бэлнээр нь Н т өгсөн, 4 ширхэг газрыг нэгийг нь 2,5 саяар авч, 3 сарын дараа 15,000,000 төгрөгийг буцааж өгнө, 5,000,000 саяар нэг газрыг зарна гэж ярьж байсан” тухай шүүх хуралдаанд мэдүүлсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагч Н оос үндсэн зээлийг алдангийн хамт гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, нийт 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш д олгожээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй “Хэлцэл” гэсэн баримтад заасан “Ашгийг 50 хувиар тохирон авахаар болов” гэснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасан анзын алдангийн хэлбэр гэж дүгнэх нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай юм.

Харин дээрх хэлцлийн “Ашгийг 50%-иар тохирон авахаар болов” гэсэн агуулгаас дүгнэхэд нэхэмжлэгч нь бусдад мөнгө зээлүүлж, өсгөх зорилготой байсан байх тул 5,000,000 төгрөгийг зээлийн хүү гэж тайлбарлах нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 198 дугаар зүйлийн 198.2-т нийцнэ.

Иймээс хариуцагчаас 15,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч Ш  нь эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулах шаардлагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нийцсэн байна.

            Зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хэлцэлд алдангийн талаар заагаагүй байхад шүүх үндсэн зээлийг алдангийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэсэн нь зөв боловч хэлцлийн хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлалгүйгээр 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байна.

         Иймээс нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1405 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/01246 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.6” гэснийг “282 дугаар зүйлийн 282.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ш гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,073.00 /ерэн зургаан мянга далан гурав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН