Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0038/З |
Дугаар | 644 |
Огноо | 2018-10-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 644
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “О” ТББ
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Нэхэмжлэлийн шаардлага: “Ө******* аймгийн ******* сумын нутаг ************ийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ө******* аймгийн ******* сумын нутаг ************ийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж, олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, иргэдийн төлөөлөгч Г.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай байгууллага 2016 оны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Байгаль орчин, аялал жуучлалын яамны сайдад Ө******* аймгийн ******* сумын нутаг ************ийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд болон тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлж өгөхийг хүссэн албан бичгийг хүргүүлсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс манай байгууллагын хүсэлтийн хариуг Ө******* аймгийн ******* сумын Засаг дарга Б.Д танаа гэсэн толгойтоор, хувийг О ТББ-д гэсэн хэлбэрээр ирүүлсэн юм. Байгаль орчин аялал жуучлалын яамны энэ үйлдлийг хууль бус гэж үзсэн учраас шүүхэд хандсан Учир нь:
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-ийн 1/ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,
2/ байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөргөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс хууль бусаар татгалзаж сумын Засаг даргын үүрэг мэтээр хандсаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-д заасан зохицуулалт нь манай байгууллагын зүгээс Байгаль орчин аялал жуучлалын яаманд хүргүүлсэн хүсэлттэй хамааралгүй гэж үзэж байна.
Хоёр. Нэхэмжлэлийн даалгуулах шаардлагын хүрээнд.
Байгаль орчин, аялал жуучлалын яамны зүгээс Ө******* аймгийн ******* сумын нутаг ************ийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхээс татгалзаж сумын Засаг даргын эрх хэмжээний асуудал мэтээр хандаж байгаа шийдвэрийг хууль бус гэж үзэж байна.
Учир нь:
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.2-т заасан байгаль орчныг хамгаалах, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах бүрэн эрх нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх байгаа билээ.
Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл Байгаль орчин аялал жуулчлалын яам нь Ө******* аймгийн ******* сумын нутаг ************ийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй байхад энэ үүргээ биелүүлэхгүй байгаа нь тодорхой харагдаж байна.
Ө******* аймгийн ******* сумын нутагт байрших ашигт малтмалын ашиглалтын ******** тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр “Б” ХХК-д олгосон шийдвэрийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм.
Ө******* аймгийн ******* сумын Засаг дарга 2010 оны 109 дүгээр захирамжаар ************ийн голын усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг 1000 метрээр тогтоосон. Уг захирамж нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа.
Мөн ************ийн голыг сумыг тусгай хэрэгцээт газраар тогтоосон ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоол хүчин төгөлдөр байгаа.
“Б” ХХК нь тусгай зөвшөөрлөө өөрчлөн дахин эзэмшсэн гэх үндэслэлээр ************ийн голын онцгой хамгаалалтын бүс дотор буюу голын эргээс 8-12 метрийн зайд ашигт малтмал олборлолт хийж голын гольдролыг эвдэж, ургацыг нь багасгаж байгалийн тэнцлийг асар ихээр алдагдуулсаар байна.
Хараа хяналтгүй уул уурхай, хууль зөрчсөн ашигт малтмалын олборлолтоос ************ийн сав газарт асар их бохирдол үүсч, байгалийн тэнцэл ихээр ихээр алдагдаж иргэдийн “... эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах...” эрхийг зөрчиж байгаа хууль зөрчсөн үйлдлийг зогсоож байгаль орчинд учруулсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг хүссэн албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн боловч тухайн асуудлыг сумын засаг даргад хамаатай гэсэн хариу ирүүлсэн.
Ийм учраас Ө******* аймгийн ******* сумын ************ийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуучлалын яаманд даалгаж өгөхийг хүсье” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2006 онд нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд одоог хүртэл Онги голын ойр амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч байгаа. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам хуулийн дагуу үүргээ гүйцэтгэх нь чухал ба нэхэмжлэл гаргасан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл энэ асуудал улам даамжирч байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэснийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам биелүүлэхгүй байгаа. 15.2-т “байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах” гэж хуульд заагдсан үүргээ огт биелүүлээгүй мөн хуулийн 15.3-т “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар салбар дундын болон бүс нутаг хоорондын удирдлага, бодлогын төлөвлөлт, зохицуулалтыг хариуцаж, байгаль орчны чадавхын хэм хэмжээ, стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах буюу төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай хамтран баталж, биелэлтийг зохион байгуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох аргачлалыг батлах” гэсний дагуу хохирол тооцох аргачлал батлагдсан байгаа боловч үүний дагуу хохирлыг тооцож гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа. Үүнийхээ биелэлтийг ханган зохион байгуул гэж шаардахаар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хамааралгүй асуудал байна гэсэн хариу өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хуулиа биелүүлэх эс үйлдэхүйгээ хаацайлсан байдал харагдаж байна.
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох” гэж заасан үүргээ биелүүлээгүй. Хязгаарлах, хориглох үйл ажиллагааныхаа өмнө нөхөн сэргээх зардлыг тооцох нь зөв бөгөөд бүгд хоорондоо уялдаа холбоотойгоор хуульд тусгагдсан байна. Дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “байгаль орчныг хамгаалах талаар улсын захиалга өгч судалгаа, шинжилгээ, зураг төслийн ажил гүйцэтгүүлэх, өөрийн харьяа судалгаа, шинжилгээ, зураг төслийн болон мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг удирдах”, 15.6-д “байгаль орчны тухай мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах биологийн болон генетикийн нөөцийг тогтвортой ашиглахад чиглэгдсэн уламжлалт мэдлэг, шинэ санаа, амьдралын туршлагыг хэрэглэснээр гарах үр ашгийг тэгш, шударгаар ашиглах явдлыг дэмжих”, 15.7-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад аргачилсан туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй. Мөн тус голын хавиар очиж үзэхэд байдал улам даамжирсан байгаа бөгөөд нутгийн иргэд нь эрүүл мэндээрээ хохирч, бачимдсан байдалтай байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнийгээ бүрэн дэмжиж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О” Төрийн бус байгуулалтын нэхэмжлэлтэй Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн Ө******* аймгийн ******* сумын нутаг ************ийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилладаг ч байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргах эрх бүхий байгууллага биш юм.
Монгол улсын нутаг дэвсгэрт байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг Эрүүгийн хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тохиолдолд хяналт шалгалт явуулж тогтоох, шаардлагатай тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, хариуцлага тооцдог, нөхөн төлүүлдэг чиг үүрэгтэй Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллага, түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан учирсан хохирлыг тооцдог мэргэжлийн байгууллага бүгд өөр өөрийн чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Б” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрлөө өөрчлөн дахин эзэмшсэн гэх үндэслэлээр ************ийн голын онцгой хамгаалалтын бүс дотор буюу голын эргээс 8-12 метрийн зайд ашигт малтмал олборлолт хийж голын гольдролыг эвдэж, ургацыг нь багасгаж байгалийн тэнцлийг асар ихээр алдагдуулсаар байна” гэжээ. Б ХХК-ний байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэдэг нь тогтоогдсон баримт хэрэгт авагдаагүй байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны зүгээс төрийн холбогдох чиг үүрэг бүхий байгууллагаас шалгаж Ө******* аймгийн ******* сум, ************ийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгааг нь тогтоосон тохиолдолд мэргэжлийн байгууллага холбогдох хууль тогтоомж, тус яамнаас гаргасан дүрэм, журам, аргачлалын дагуу тогтоосны дараа олон нийтэд мэдээллэх талаар хамтран ажиллах боломжтой.
Ө******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэр ************ийн голын энгийн хамгаалалтын бүсэд давхцалтай 018764 тусгай зөвшөөрөлтэй Б ХХК үйл ажиллагаа явуулж байна. Б ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тус тус батлагдсан усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хэсэгчилсэн давхцалтай байна. Монгол улсын Засгын газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам-ын” 2.5. /Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хориглосон талбайтай давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа явуулахыг хүсвэл геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага давхцалтай хэсгийг хасч солбицолд өөрчлөлт оруулна./ 2.8. / Хориглосон талбайд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэх хүсэлтэй бол Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг тусгай зөвшөөрлийн талбайгаас хасуулж, солбицолд өөрчлөлт оруулна./ 3.1. / Энэ журмын 2.8-д заасан нөхцөлийг хангасан тусгай зөвшөөрөл эзэмшигч өргөдөл гаргасан тохиолдолд түүнтэй Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.2-т заасны дагуу гэрээ байгуулна./ гэж заасны дагуу гэрээ байгуулан ажиллаж байна. Гэрээнд заасны дагуу байгаль орчны нарийвчилсан үнэлгээ,ус ашиглуулах дүгнэлт, байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулан орон нутагт нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг байршуулан үйл ажиллагаа явуулж байна.
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ц.Цийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох “Б” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээр 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 8822 тоот шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянагдаж байна. Энэ захиргааны хэрэг давж заалдах шатны шүүхийн магадлал гараагүй байгаа талаар мэдээллийг Б ХХК-ний материалд судалгаа хийх явцад С.Бийг дуудан тодруулга авах үеэр олж мэдлээ. Уг хэрэгт гуравдагч этгээдээр Б ХХК оролцож байгаа юм байна.
Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 350 дугаар шийдвэр болон 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр тус тус О ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох “Б ХХК-ний ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” захиргааны хэргийг хянан шийдвэрлэгдсэн байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хариуцагчаар татагдсан захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх нөхцөл байдал одоогоор хуулийн дагуу үүсээгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтад эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16.2.7, 17.2-д “Засаг дарга /байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан халдашгүй байдлыг хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах/, /17.2.9- энэ үүргээ нутгийн иргэдийн байгалийн нөөцийг зохистой ашиглах ухамсрыг төлөвшүүлэх, байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр хэрэгжүүлэх/, 17.2.1./байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах; 17.2.2./ нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах; 17.2.4/нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж , илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх,/ гэсэн бүрэн эрхтэй бөгөөд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тухайн нутгийн байгаль орчинд онц их хэмжээний хохирол учирсныг мэргэжлийн байгууллага хуульд заасан аргачлалаар албан ёсоор тогтоосон тохиолдолд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т заасан арга хэмжээ авна.
Өөрөөр хэлбэл “Засаг дарга нь тухайн орон нутагт байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалж, байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэх, хохирлыг мэргэжлийн байгууллагаар тооцуулж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах нөхөн сэргээх арга хэмжээ авах үүрэгтэй тул “О” ТББ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Ө******* аймгийн ******* сумын Засаг даргад уг асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, эсхүл хариуцагчаар татах байсан. Хэрэв тухайн Ө******* аймгийн ******* сум, ************ийн голд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа “Б” ХХК нь тухайн газарт хууль бус үйл ажиллагаа явуулсан бол хариуцагчаар татах, эсхүл гуравдагч этгээдээр татан оролцуулах арга хэмжээ авах ёстой байсан. Хариуцагчийн зүгээс “Б” ХХК-ийг гуравдагч этгээдээр татах, Засаг даргыг хариуцагчаар татах хүсэлтийг өмнө нь шүүхэд гаргасан ч хангаж шийдвэрлээгүй. “...гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах” гэсэн шаардлагыг бас хангаагүй.
Хариуцагчийн зүгээс гэм буруутай этгээдийг тодруулах талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Нөгөө талаар гэм буруутай этгээд гэдэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам биш бөгөөд тухайн газарт үйл ажиллагаа явуулах эрх бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Б” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг ч мөн хангаж шийдвэрлээгүй. Тухайн газарт хэн гэдэг субъект хохирол учруулсан бэ? гэдгийг тогтоож байж, түүнээс хохирол тооцуулах нь тодорхой болно.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Байгаль орчны чадавхийн тогтоосон хэмжээг хэтрүүлэн байгаль орчинд хорт бодис гаргасан, хортой нөлөөлөл үзүүлсэн иргэн аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд учруулсан хохирлыг өөрөө арилгах буюу мэргэжлийн байгууллагаар арилгуулж, гарсан зардлыг нөхөн төлнө.” гэсэн хуулийг зөрчиж гэм буруутай этгээдийг тогтоогоогүй атлаа ямар хохирол тооцуулах гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэв “Б”ХХК хохирол учруулсан бол шүүхэд нэхэмжлэл гарган мэргэжлийн байгууллагаар хохирлыг тооцуулж, төлбөрийг “Б” ХХК төлөх ёстой. Харин эзэнгүй орхигдсон, эсхүл хууль бусаар олборлолт явуулсан бол хэн хохирол учруулсан гэдгийг Засаг дарга, Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллага нь бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд шалган тогтоож, мэргэжлийн байгууллагаар хохирлыг тооцуулан нөхөн сэргээлгэж, зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ёстой.
Үүнтэй уялдуулан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого бүгд орон нутагт төвлөрдөг ба Засаг дарга түүнийг зарцуулж, нөхөн сэргээх арга хэмжээ авч, гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлдэг жишиг тогтсон.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчны талаарх төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахдаа мөн хуулийн 15.7 дахь хэсэгт заасан байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар төрийн захиргааны болон болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагад аргачилсан туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хуульд заасан хүрээндээ ажиллаж байна. Сайд жил бүр аймгийн Засаг дарга нартай байгаль орчны бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулж ажиллаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Ө******* аймгийн Засаг даргатай 17-013 дугаартай гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 06-нд байгуулсан. Уг гэрээний 3.1-т Сайдын хүлээх үүрэг гэдэгт “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх тогтвортой ашиглах, байгаль орчны тэнцлийг хангах, учирч болох хохирлоос сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах чиглэлээр тодорхой асуудлаар орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудад удирдлага, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж биелэлтийг хангуулна.” гэж Засаг дарга хэрэгжүүлж ажиллахаар тусгасан. Тухайлбал нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ө******* аймгийн ************ийн голд /29-д/ уурхайжилтын үйл ажиллагаанаас усны сан бүхий газарт үүссэн хохирлыг тооцох /******* сум, /34/ Өөрийн нутаг дэвсгэр дэх эзэнгүй орхигдсон, бохирдож доройтсон, эвдэрч ухагдсан газрын тооллого, судалгааг хийн, газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авах. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасны дагуу “газрын төлбөрийн орлогын 15 хувийг газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах.” /17/ “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого болон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос эвдэрч, эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх” гэж тус тус зохицуулсан. Уг гэрээг дүгнэхэд Засаг дарга уг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаагүй байна.
Энэ нь зөрчлийг шалгаж, гэм буруутай этгээдийг тогтоогоогүй, жинхэн хариуцагчийг тогтоогоогүй атлаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар хохирлыг тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хохирлыг тооцсон зардлыг гэм буруутай этгээдээс нөхөн гаргуулахаар зохицуулсан хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж байна.
Хэрэв монгол орны эвдэрсэн газар бүрийн хохирлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам тооцож, улмаар нөхөн сэргээх аваас Засаг дарга, Мэргэжлийн хяналтын байгууллага, Байгаль орчны газар, мэргэжлийн байгууллагуудын ажлын үүрэг, уялдаа холбоо алдагдаж “Бохирдуулагч нь төлөгч байх, гэм буруутай этгээд нь хохирлыг барагдуулах зарчим алдагдах, Үндсэн хуульд заасан эрх мэдлийн хуваарилалт алдагдах сөрөг үр дагавартай билээ.
“О” ТББ-ын нэхэмжлэлдээ “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ө******* аймгийн ******* сумын нутаг ************ийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” тухайд:
“О” ТББ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан албан бичигт 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/6168, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 06/2574 дугаартай албан бичгээр тухайн асуудлыг шийдвэрлэхээс огт татгалзаагүй, тухай бүр Засаг дарга хариуцан ажиллах талаар хариу өгч ажилласныг татгалзсан гэж үзэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15.1.1, 15.1.2 дахь заалтыг зөрчиж, мөн хуулийн Засаг даргад холбогдох 17.2.4 дэх заалтыг хамааралгүй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн. Үүнд дээр дурдсан Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хийгдэх ажил гэдгийг тодорхой зааж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү...” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Г.Б дүгнэлтэндээ: “************ийн голын ойр орчмын болон тусгай хамгаалалттай газарт хохирол үүссэн байгалийн хохирлыг тухайн нөхөн сэргээлт хийгээгүй компаниар төлүүлэх нөхөн сэргээлтийн тооцоог гаргуулах шаардлагатай юм байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь чиг үүргийнхээ хүрээнд холбогдох газруудад үүрэг даалгавар өгч хохирлын хэмжээг тогтоолгож олон нийтэд мэдээлэх шаардлагатай юм байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
“О” ТББ нь “Ө******* аймгийн ******* сумын нутаг ************ийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ө******* аймгийн ******* сумын нутаг ************ийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж, олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлжээ.
Нэхэмжлэгч “О” ТББ-ын тэргүүн Ц.М, түүний өмгөөлөгч Г.Д нар маргаан бүхий газарт хараа хяналтгүй уул уурхай, хууль зөрчсөн ашигт малтмалын олборлолтоос ************ийн голын сав газарт их хэмжээний бохирдол үүсч, байгалийн тэнцэл алдагдаж иргэдийн “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах...” эрх зөрчигдөж байгаа үйлдлийг зогсоож, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүссэн боловч тухайн асуудлыг орон нутгийн Засаг даргад хамаатай гэж байгаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “...Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах...” мөн хуулийн 15.1.2-т “...Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах...” тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж шүүхэд ханджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ерөнхий чиг үүргийн яам бөгөөд байгаль орчныг хамгаалах төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн бөгөөд хохирол тооцон гаргах асуудлыг яам биш, орон нутгийн байгууллага хэрэгжүүлэхээр хуульд заасан гэж тайлбарлаж байна.
Мөн уг Төрийн бус байгууллага нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах” эрхтэй гэж заасан эрхийнхээ хүрээнд “Б” ХХК болон иргэн н.Нарантуяагаас хохирол гаргуулахаар хууль хяналтын байгууллагад хандах боломжтой гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “О” ТББ 2001 онд байгуулагдсан Онги гол түүний сав газруудын голын урсацын талаар судалгаа хийх, бүс нутгийн иргэдийн дунд голын эргийн дагуу байгаль хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үйл ажиллагааг эрхэлдэг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байна.
“О” ТББ дүрмэндээ заасан дээрх үйл ажиллагааг олон жил эрхлэн явуулж байгаа нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд энэ нэхэмжлэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан эрхийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан шаардлагыг хангасан байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй болно.
Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулдаг.
Уг хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, тогтвортой ашиглах байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах зэрэг чиг үүрэгтэй захиргааны байгууллага байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.7-д ““байгаль орчныг хамгаалах” гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна;” гэж зааснаас үзвэл байгаль орчныг хамгаалах гэдэг нь өргөн хүрээтэй ойлголт ажээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн”, 3-ийн 1-д “Байгаль орчин, аялал жуулчлалын яам ерөнхий чиг үүргийн яам” гэж, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Яам нь Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 7 дугаар зүйлийн 7.1.1- 7.1.13-т яамны нийтлэг эрхлэх асуудал зэргийг тодорхойлсоноос үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар байгаль орчныг хамгаалах гэдэгт хохирол тооцох үйл ажиллагаа хамаарна гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн хандлагыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлж, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, ногоон хөгжлийг хангах үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой бөгөөд энэ ажлынхаа хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, бохирдохоос урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах зэргээр бодлогын түвшинд шийдвэр гаргадаг захиргааны байгууллага байна.
Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 16.2.4-д “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;” гэж, 17 дугаар зүйлийн 17.2-т “Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гэж 17.2.4-т /нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;” гэж зааснаар аймаг, сумын Засаг дарга, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ.”, 27 дугаар зүйлийн 1-д “Улсын байцаагч дараахь эрхтэй байна:” 1.1-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах;” гэж зааснаар орон нутгийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын байгууллага нь мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д заасан мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргуулахаар хуульд тусгажээ.
Мөн Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-д “хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих; гэж заасан эрхийнхээ дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Аргачлал батлах тухай” А-156 дугаар тушаал гаргаж “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг баталжээ .
Уг аргачлалд Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын байгууллага, Байгаль орчны газар нь Байгаль орчныг хамгаалах талаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т ”нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;” ажлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэхээр тусгажээ.
Иймд байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргах асуудал нь дээр дурдсанаар аймаг, сумын Засаг дарга, Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгчээс уг асуудлаар орон нутгийн харьяа байгууллагад хандахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 49 дүгээр зүйлийн 6, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн, 7.1.6, 7.1.13 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ”О” ТББ-ын “Ө******* аймгийн ******* сумын нутаг ************ийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ө******* аймгийн ******* сумын нутаг ************ийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ