Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 62

 

Ц.Анхбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 55 дугаар магадлалтай, Ц.Анхбаярт холбогдох эрүүгийн 201626021897 дугаартай хэргийг шүүгдэгч Ц.Анхбаяр, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэцэгмаагийн Анхбаяр нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д заасан “Онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Анхбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д зааснаар 7 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, цагдан хоригдсон 134 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтыг устгаж, хохирогч Ш.Даваадорж нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Боржигон овогт Цэцэгмаагийн Анхбаярыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

3 дахь заалтыг “… Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Анхбаярт оногдуулсан 07 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Анхбаяр, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Анхбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… би 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэрээсээ яваад сураггүй алга болсон хамтран амьдрагч П.Мөнхцэцэгийг хайж Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 41 дүгээр байрны 00 тоотод оршин суух хохирогч Ш.Даваадоржийн гэрт очиход П.Мөнхцэцэг, Ш.Даваадорж, Б.Бямбадорж нар архи уусан байдалтай байсан бөгөөд би тэдэнтэй хамт эхнэрээ гэрлүүгээ явахыг ятгах зуур архи уусан юм. Архи уух явцад хохирогч Ш.Даваадоржийг түүний эхнэр гэх Б.Бямбадорж нь удаа дараа надтай хамтран амьдарч байсан П.Мөнхцэцэгтэй хардаж, энэ явцдаа Ш.Даваадорж эхнэр Б.Бямбадоржийгоо хэд хэдэн удаа цохиж авсан бөгөөд Б.Бямбадож надруу хандаж Ш.Даваадоржийг салгаад өгөөч гэж орилж гуйсан. Би тухайн үед тэднийг салгахаар босоход Ш.Даваадорж нь гартаа архины шил барьчихсан эхнэрийгээ зодох гээд дайрч байсан учир би архины шилийг нь булааж автал над руу мөн дайрахаар нь булааж авсан архины шилээрээ толгой орчим газар нь цохиход тэрээр надтай ноцолдож намайг дарж орон дээр унасан бөгөөд энэ үед миний гарт байсан архины шил түүний хэвлий тус газар луу дүрэгдсэн байсан. Түүнээс миний бие улсын яллагчийн яллаад байгаа, анхан шатны шүүхийн дүгнээд байгаа хохирогч Ш.Даваадоржийн бие махбодид онц харгис хэрцгий аргаар хүнд гэмтэл учируулах ямар нэгэн сэдэл, санаа зорилго байгаагүй болно. Ийм учир надад ял оногдуулсан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д заасан ялыг мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялаас хөнгөн ял оногдуулж шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү. Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан, өндөр настай ээжийнхээ хамт амьдардаг, урьд нь хүнд зодуулж тархи, толгойдоо хүнд гэмтэл авч эмчийн хяналтанд байх шаардлагатай зэрэг нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… Анхбаяр нь эхнэргүй байж байгаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй Мөнхцэцэгтэй хамтран амьдрах болсон. Мөнхцэцэг нь хэрэг болохоос 9 хоногийн өмнө гэрээсээ гараад алга болсон учраас хайсан. Ингээд хайсны эцэст Даваадорж гэдэг айлд байгаа талаар мэдэж очиход эхнэр нь Даваадорж болон түүний эхнэртэй архи уусан байдалтай байсан. Хохирогчийг эхнэр нь Анхбаярын хамтран амьдрагч Мөнхцэцэгтэй хардаж хэрэлдэхэд нь эхнэрээ хэд хэдэн удаа цохиж авсан үйлдэл гаргасан. Дээрх хохирогчийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилготой байсан боловч санамсаргүй байдлаар хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан. Харин хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашигласан, танхайн сэдэлтээр буюу онц харгис хэрцгий аргаар түүний биед халдсан зүйл байхгүй. Мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн мэдүүлэг хоорондоо их зөрүүтэй байдаг, харин шүүгдэгч мэдүүлгээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж байсан. Дээрх байдлаас харахад онц харгис хэрцгий аргаар бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг “... шүүгдэгч Ц.Анхбаяр нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д заасан бусдын биед онц харгис хэрцгий аргаар хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Энэ хэргийн тухайд мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих асуудлууд бүрэн шалгагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянавал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ц.Анхбаяр нь согтуурсан үедээ 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 41 дүгээр байрны 00 тоотод хамт архи уусан Ш.Даваадоржийн толгой руу архины шилээр цохиж зүүн нүдийг нь сохолж, хагалсан шилээрээ хэвлий рүү нь дүрж хэвлийн хөндийн нэвтэрч нарийн гэдэс, чацархайг хатгаж гэмтээсэн хүнд гэмтлийг онц харгис хэрцгий аргаар санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон тухай шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хохирогчийн зүүн нүдийг архины шилээр цохиж сохлоод шилний хагархайгаар хэвлий рүү нь дүрж олон тооны дотор эрхтнийг гэмтээсэн шүүгдэгчийн хэрцгий балмад үйлдлийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал болох онц харгис хэрцгий аргад тооцож хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигт тохирсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэрч Д.Бямбадорж нь гэмт хэрэг гарсан өдөр өөрийн хамтран амьдрагч Ш.Даваадоржийг шүүгдэгчийн хамтран амьдрагч П.Мөнхцэцэгтэй хардаж хэрүүл маргаан хийсний улмаас Ш.Даваадоржид зодуулж шүүгдэгчээс тусламж хүссэн гэх үйл баримт тогтоогдоогүйн дээр гэмт хэрэг үйлдэх үед гэртээ байгаагүй нь хөдөлбөргүй нотлогджээ.

Хяналтын шатны шүүх нь анхан шатны шүүхээр тогтоогдоогүй үйл баримтыг үндэслэн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрхгүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянганы гаргасан “... тэдний маргааныг Анхбаяр салгахдаа шүүгдэгч нь хохирогч Даваадоржийн довтолгооныг няцаасан үйлдэл хийснийг нарийвчлан шалгуулж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд уг үйлдэл хийсэн эсэхийг тогтоолгох” тухай гомдлын дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 55 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Анхбаярын өмгөөлөгч Б.Мянганы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                    ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                    ШҮҮГЧ                                              Б.ЦОГТ