Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00104

 

 

 

 

 

 

 

 

                                   Т.Шижирбаатарын нэхэмжлэлтэй

                                           иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/00143 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Шижирбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Сувд-Эрдэнэ, Г.Октябрь, Б.Батцэцэг нарт холбогдох

“78.745.880 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Сувд-Эрдэнийн “2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч А.Сувд-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч А.Сувд-Эрдэнэ, Б.Батцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Шижирбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Сувд-Эрдэнэ, Г.Батцэцэг, Г.Октябрь нар нь 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөнгө зээлсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт зээл, хүүгийн үлдэгдэл 78 745 880 төгрөг байна. Анх Б.Батцэцэг нь өөрийн охин болох А.Сувд-Эрдэний нэр дээр мөнгө орж ирнэ гэж зээл авсан. А.Сувд-Эрдэнэ, Б.Батцэцэг, Г.Октябрь нар нь удаа дараа удахгүй мөнгө орж ирнэ гэж хэлээд мөнгө зээлсэн ба нийт 18 сарын хугацаа өнгөрсөн тул миний бие мөнгөө авах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг маань хүлээн авч 78 745 880 төгрөгийг А.Сувд-эрдэнэ, Б.Батцэцэг, Г.Октябрь нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Сувд-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2007 онд МУИС-д элсэн суралцаж, 2009 онд оюутан солилцоогоор Герман улсад суралцаж байх хугацаандаа НҮБ-аас зохион байгуулсан сайн үйлсийн аянд оролцож, НҮБ-аас надад Английн LLOYDS /Ллойдс/ банкаар дамжуулан буцалтгүй тэтгэлэг олгох болсон тул мөнгө угаалтын эсрэг, гаалийн хураамж, банкны эхлэлийн баланс нээх, орлогын 0.13 хувийн татвар, даатгал зэргийг урьдчилан төлөхийг шаардсан. Энэ бүх нөхцөлүүдийг миний бие хангаад дээрх мөнгийг Хаан банкны дансаараа авахаар болж шилжүүлэг хийгдтэл Хаан банкны теллер нь /Swift/ свифт кодоо өгөөгүйгээс уг мөнгө Англи руу буцан татагдсан. Ингээд Английн LLOYDS /Ллойдс/ банкнаас шуурхай арга хэмжээ авахын тулд банкаар биш бэлнээр хүргэлтийн компаниар /Үнэт эдлэл, мөнгө зөөдөг/ хүргүүлэх саналтай байгаа талаар мэйл ирүүлсэн дагуу НҮБ-аас томилогдсон хуульч Давид Уиллиамстай зөвлөлдөөд бэлнээр шагналаа авахаар болсон хариуг өгсөн. Тэгээд энэхүү компани нь надтай холбогдож, мөнгийг банкнаас бэлэн авч надад хүргэж өгөх болсоноо хэлж, монгол улсад бэлэн мөнгө хил гаалиар нэвтрүүлэх үйлчилгээний шимтгэл болон гаалийн татварыг төлөхийг шаардсаны дагуу мөнгийг шилжүүлсэн. Ингээд одоо мөнгийг авч гарлаа гэдгээ мэдэгдээд бид Улаанбаатарт Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр хүлээгээд ирээгүй, гэтэл маргааш нь мэйл ирсэнийг үзтэл Солонгос улс бас давхар татвар нэхсэн учраас гаалийн төлбөрийг хийхгүй бол 24 цагийн дотор буцаж нисэн мөнгийг Europеan Central Bank /Европын төв банк/-нд буцааж тушаахаар болсон тухай мэйл байсан. Миний зүгээс 24 цагийн дотор 5 сая орчим төгрөгийг төлж чадаагүй тул уг компани буцсан байсан. Ингээд энэ мөнгийг авах гээд 2 удаа ийм байдлаар буцсан.

Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 06-наас 2016 оны 02 дугар сарын 01-нийг хүртэл хугацаанд нийт 10 удаа Англи улс руу Моnеу grаm /Мани грам/, western union /Вестерн Юнион/ үйлчилгээг ашиглан шилжүүлэг хийхэд бүх шилжүүлгийг Шижирбаатар ах надтай хамт явж хийсэн. Шилжүүлгийг хийх мөнгийг Мэндбаяр эгчид хэлээд, Мэндбаяр эгч Шижирбаатарын дансаар чиний данс руу мөнгийг шилжүүлнэ гэж хэлээд, яг шилжүүлэх өдрөө Шижирбаатар ах заавал миний данс руу эхэлж мөнгийг оруулчихаад дараа нь надтай хамт явж миний данснаас мөнгийг хамт тоолж авахуулаад тэгээд харж байгаад мөнгөн гуйвуулгыг надаар хийлгүүлдэг байсан. Ингээд Шижирбаатар ах мөнгөн гуйвуулгын нэг хувийг өөртөө авч үлдээд давхар гар утсан дээрээ зургийг дарж хадгалж авч үлддэг байсан. Энэ мөнгөнөөс нь нэг ч төгрөгийг би аваагүй бөгөөд Шижирбаатар ахаас нэг ч төгрөг зээлж авсан асуудал надад байхгүй, тийм яриа ч болоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Батцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Шижирбаатарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ хэрэгт ямар ч хамааралгүй, өөрөө оролцоогүй. Эхнээсээ Шижирбаатар таньд хамаагүй, Сувд-Эрдэнэтэй энэ зүйл дээр хамтарч ажиллаж байгаа. Энэ чинь Сувд-Эрдэний нэр дээр орж ирэх мөнгө. Энэ хүнтэй л харьцана гэж хэлээд цаашид хийх ажлын хамтарсан яриа бидэнд байна. Та бүү оролц гэж хэлээд надгүйгээр уулзацгаадаг болсон. Шижирбаатар, Мэндбаяр хоёр Англи руу мөнгө шилжүүлэх бүрт Сувд-Эрдэнэтэй гурвуулаа хамт явдаг гэдгийг л би мэдэж байсан. Мэндбаярын нэр дээр ч мөнгө шилжиж байсан. Иймд нэхэмжлэлд миний нэр орсоныг гайхаж байна. Намайг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Октябрь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Шижирбаатарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй, өөрөө оролцоогүй. Нэхэмжлэгч гэх Шижирбаатар нь миний эхнэр болох Сувд-Эрдэнэд НҮБ-аас олгож байгаа буцалтгүй тусламжийг оруулж ирэхэд гарах зардал хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж байгааг мэдэж байна. Харин мөнгө төгрөг авсан өгсөн асуудалд би ямар ч оролцоо байхгүй. Миний эхнэрийг бие давхар үед Шижирбаатар над руу 2-3 удаа утсаар ярьж, байдлыг асууж, ажил дээр ирдэг байсан. Сүүлд төрөөд 3 сар болж байхад Сувд-Эрдэнэтэй уулзмаар байна гэж байгаад уулзсан. Уулзаад шууд нотаритаар орж гэрээн дээр гарын үсэг зуруулсан байна лээ. Иймд Шижирбаатарын намайг хэргийн хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Шижирбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр намайг нотариат дээр дагуулан очиж, надад 75 507 529 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 206 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 2.5 хувийн хүүтэй, алдангитайгаар төлөхөөр зээлийн гэрээг миний гараар бөглүүлэн хэлж бичүүлж батлуулсан. Уг гэрээгээр би түүнээс 75 507 529 төгрөгийг авсан зүйл огт байхгүй бөгөөд хэрэв надад энэ мөнгийг зээлсэн бол мөнгө хүлээлцсэн баримт давхар нотариатаар батлагдах байтал ийм зүйл байхгүй тул энэ гэрээг үндэслэн надаас хүү алданги тооцон 78 745 880 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шижирбаатар нь надтай хамтран ажиллах аман гэрээ хийж мөнгийг хамтран холбогдох газар руу шилжүүлсэнийгээ нууж надад мөнгө зээлсэн мэтээр хуурамч гэрээ байгуулсаныг зөвшөөрөхгүй байгаа тул 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/2017/ШШ00143 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5-д заасныг баримтлан 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Т.Шижирбаатар, А.Сувд-Эрдэнэ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч А.Сувд-Эрдэнээс 69 078 226 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Шижирбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 667 654 төгрөг болон хариуцагч Б.Батцэцэг, Г.Октябрь нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 551 679 төгрөг, 535 500 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Сувд-Эрдэнээс 503 342 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Шижирбаатарт олгож, Т.Шижирбаатараас 535 500 төгрөг гаргуулан А.Сувд-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Сувд-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо: Шүүх бидний асуудлыг шийдвэрлэхдээ намайг Т.Шижирбаатараас мөнгө зээлсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх маргааны зүйлчлэлийг зөв тогтоогоогүй учраас шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Учир нь би Т.Шижирбаатараас мөнгө зээлсэн зүйл огт байхгүй. Дээрх 69.078.226 төгрөгийг Мэндбаярын хамт гурвуулаа явж Англи улс руу шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс миний бие 1 ч төгрөг өөртөө аваагүй, хэрэглээгүй гэдгийг эдгээр хүмүүс мэдэж байгаа. Үнэхээр Т.Шижирбаатар мөнгө зээлсэн гэвэл ямар ч мөнгө хүлээлгэн өгсөн баримт, гэрээгүй, барьцаагүйгээр их хэмжээний мөнгө надад юунд нь итгэж өгөх болов, хэрэв надад их хэмжээний мөнгө гэрээгүйгээр зээлэад ав чадахгүй байгаа бол залилангаар цагдаад өгөх байтал яагаад шүүхэд өгөв зэргээр олон асуудал анхаарал татаж байна.

 Миний данс руу мөнгө хийсэн нь мөнгө зээлснийг нотолж байгаа баримт болж чадахгүй. Дээрээс нь эдгээр хүмүүс надтай хамт энэ мөнгийг Англи улс руу өөрсдөө шилжүүлсэн байгааг шүүх анзаарсангүй. Иймд Т.Шижирбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний дээр хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Шижирбаатар зээл- 69.035.232 төгрөг, зээлийн хүү 5.568.548 төгрөг, алданги 4.142.100 төгрөг нийт 78.745.880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч А.Сувд-Эрдэнэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Шүүх хариуцагч А.Сувд-Эрдэнээс зээл- 69.078.226  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, алдангий бүгд 9.667.654 төгрөг, хариуцагч Б.Батцэцэг, Г.Октябрь нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, зээлийн төлбөр нийт 78.745.880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн талаар зохих дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч Т.Шижирбаатар зээлийн гэрээний дагуу хариуцагчаас зээлийн төлбөр 78.745.880 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагсдан нотлох баримтаар хариуцагч А.Сувд-Эрдэнэ НҮБ-ын хандивын шагналын мөнгө авахад зарцуулагдах төлбөр тооцоог нэхэмжлэгч Т.Шижирбаатар өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх, дээрх шагналын мөнгө ирсэн тохиолдолд нэхэмжлэгчийн гүйцэтгэж буй барилгын ажилд хөрөнгө оруулалт хийх, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг тухай бүр гадаад руу шилжүүлж байхаар харилцан тохиролцсон зохигчдын хэлцэл хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.Шижирбаатар хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхэлж 2016 оны 2 дугаар сарын 1–ний өдөр хүртэл хугацаанд  хариуцагчид 50.767.000  төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж, 7.400 ам долларийг бэлнээр  өгсөн байх ба  хариуцагч А.Сувд-Эрдэнэд НҮБ-аас ирэх ёстой хандивын шагналын мөнгө ирээгүй тул  талууд хамтран ажиллах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор харилцан тохиролцсон нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар батлагдаж байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-д “энэ хуулийн 236.1.6-д заасан тохиолдолд /талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон/ өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно.. “ гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Шижирбаатар хандивын шагналын мөнгө авахад зарцуулагдах төлбөрийг санхүүжүүлэх, хариуцагч тал нэхэмжлэгчийн барьж буй барилгын ажилд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон өмнөх үүргийн харилцаа дуусгавар болжээ.

Учир нь нэхэмжлэгч нь 2016 оны 2 сараас хойш хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу дахин санхүүжүүлэлт огт хийгээгүй, хандивын мөнгө авахад дахин мөнгө шаардлагатай болсон зэргээс шалтгаалж хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдэх боломжгүй болсноор талууд өмнөх гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Гэвч зохигчид анхнаасаа зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй өөрөөр хэлбэл зээлийн хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй, талууд хоорондоо санал нэгдэн өмнөх үүргийг солихоор тохиролцсон зэрэг байдлуудыг харгалзан үзэж хариуцагч А.Сувд-Эрдэнээс зээлийн гэрээний дагуу зээлийн хүү- 5.568.548 төгрөг, алданги 4.142.100 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Хариуагч А.Сувд-Эрдэнэ хамтран ажиллах аман гэрээ хийж мөнгийг хамтарч холбогдох газар луу шилжүүлсэнийгээ нууж надад мөнгө зээлсэн мэтээр хуурамч гэрээ байгуулсныг зөвшөөрөхгүй тул Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар “талуудын хооронд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор зээлийн гэрээ хийсэн, уг хэлцэл хийсэн үес хүчин төгөлдөр бус байна...” гэсэн дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар зохигчид хамтран ажиллах гэрээний хугацааны талаар тодорхой зааж тохиролцоогүй, дахин санхүүжилтийн мөнгө шаардагдсан  зэрэг шалтгаанаар гэрээний зорилго биелэгдэх боломжгүй болсон тул талууд санал нэгдэн өмнөх гэрээний үүргийг сольж улмаар 2016 оны 8 дугаар сарын 18 ны өдөр  байгуулсан Зээлийн гэрээг хэд хэдэн хувь үйлдэж гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д  заасны дагуу хэлцэл хийгдсэн байна.

Түүнчлэн шүүх халхавчлагдсан буюу хамтран ажиллах гэрээгээр талууд тодорхой эрх, үүрэг хүлээж, хандивын мөнгө авах зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бодитойгоор мөнгө шилжүүлснийг анхаарч үзээгүйгээс гадна хариуцагч А.Сувд-Эрдэнэ хуурамч зээлийн гэрээ байгуулсан болохоо нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “3охигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд хариуцагч А.Сувд-Эрдэний гаргасан “...Миний данс руу мөнгө хийсэн нь мөнгө зээлснийг нотолж байгаа баримт болж чадахгүй. Дээрээс нь эдгээр хүмүүс надтай хамт энэ мөнгийг Англи улс руу өөрсдөө шилжүүлсэн байгааг шүүх анзаараагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...“ гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засч залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/00143 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А.Сувд-Эрдэнээс зээл 69.035.232 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Шижирбаатарт олгож, зээлийн хүү, алданги бүгд 9.710.645 төгрөг, хариуцагч Б.Батцэцэг, Г.Октябрь нар холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хариуцагч А.Сувд-Эрдэний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч А.Сувд-Эрдэнэ давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар хойшлуулсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.УРАНЧИМЭГ

 

                          ШҮҮГЧИД                                       Б.БАТТӨР

                                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ