Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 69

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00804/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 328 дугаар шийдвэртэй,   

           Нэхэмжлэгч: Б.Э-ын  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  холбогдох

“Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул оролцов. 

Нэхэмжлэгч Б.Э-,  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ нараас:

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 41 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Насанчимэгийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг, мангиртын 2-4а тоот, Г-2003001191 дугаарт бүртгэлтэй 1105 мкв талбайтай газрыг 19,448,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Миний өмчлөлийн газрыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлж, өмч хөрөнгийг маань үнэгүйдүүлж байх тул “Капитал зууч” ХХК-ийн 2016.05.04-ний өдрийн Үнэлгээний тайланг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд нараас:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1494 шийдвэрээр Б.Тогтохсүрэнгээс 44,430,142 төгрөг гаргуулж Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн     дагуу    шийдвэр    гүйцэтгэлийн ажиллагаа     явуулан     төлбөр   төлөгч Б.Тогтохсүрэнгийн өмчлөлийн Ү-2003013259 улсын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг,Дархан сумын 15 дугаар баг, мангиртын 1 дүгээр хэсэг 2-4 тоот 144м2 талбайтай 2 давхар хувийн орон сууц, 859м2 талбайтай газрын хамт, Б.Э-ын өмчлөлийн Ү-2003007686 улсын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, мангиртын 1 дүгээр хэсэг 4а тоот 72м2 талбайтай хувийн орон сууц 1105м2 талбайтай газрын хамт тус тус 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар эд хөрөнгө битүүмжлэн хураах авах тухай тогтоолоор битүүмжлэн хураан авч төлбөрийг төлөөгүй, банкны барьцаа хөрөнгүүдийн үнийн санал өгөөгүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 03 тоот шинжээч томилуулах тухай тогтоолоор үнэлгээ хийлгэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгө газрыг нийт 260,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт танилцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 328 дугаар  шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т тус тус заасныг баримтлан Б.Э-ын Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Э- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Э- давж заалдсан гомдолдоо:

Шинжээч томилж, үнэлгээ хийлгэх эрх нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгаа тул би дур мэдэн өөр үнэлгээ хийх эрхтэй байгууллагаар өөрийн өмчийг үнэлүүлэх боломжгүй юм. Үнэлгээний тайлантай танилцсаны дараа уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул өөр газраар дахин үнэлгээ хийлгүүлэхээр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээж аваагүй. Иймд миний өмч хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн үнэлгээний тайлан гарсан гэж үзэж байгаа тул “Капитал зууч” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн  байх тул нэхэмжлэгчийн  гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй орхих нь зүйтэй.

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын  шүүхийн  шүүгчийн  2013 оны  1494 дүгээр  захирамжаар гэрээний  үүргийн биелэлтэд  44.430.142 төгрөгийг ХААН банкинд төлөхийг  Б.Тогтохсүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, тохирсон хугацаандаа төлөөгүй  тохиолдолд  үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны хөрөнгө болох Дархан  сумын 15 дугаар баг, Мангирт 1 дүгээр хэсэг  2-4  тоот  144 м.кв талбайтай хувийн орон сууц,  Дархан сумын 15 дугаар  баг, Мангирт  1-4 А тоот 72 м.кв талбайтай  хувийн сууц, Г-2003001191  дугаарт  бүртгэлтэй газрыг   худалдан борлуулах замаар   хангуулахаар   шийдвэрлэжээ. \хх-17 дугаар тал\

            Шүүгчийн  дээрх захирамжийн дагуу  Дархан-Уул  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба  2014 оны 05 дугаар сарын 20-нд  шийдвэр гүйцэтгэх  ажиллагааг  үүсгэх тухай тогтоол  гаргаж   гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан  байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний  талаар Б.Э-  шүүхэд гомдол гаргасны дагуу  Сум дундын 7 дугаар шүүх  2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн  105  дугаар шийдвэрээр   “Капитал зууч” ХХК-ийн  2014 оны 09 дүгээр сарын  26-ны өдрийн эд хөрөнгийн    үнэлгээг  хүчингүй болгосон, үүний дараа дахин 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр  “Капитал зууч” ХХК-ийг  шинжээчээр  томилсон   бөгөөд  “Капитал зууч” ХХК  2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгчийн  эд хөрөнгө буюу  барьцааны үл хөдлөх хөрөнгө, газрын  үнэлгээг  дахин  тогтоожээ.

Б.Э- нь  “Капитал зууч”  ХХК-ийн  2016 оны  05 дугаар сарын 04-ний өдрийн  үнэлгээний тайланг  хүчингүйд тооцуулах  нэхэмжлэлийг  хариуцагч  Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасныг хариуцагч  зөвшөөрөхгүй  гэж  маргасан  байна.

Анхан шатны  шүүх  “...эд хөрөнгөд үнэлгээ хийх ажиллагаа  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн  177 дугаар зүйлийн  177.1  дэх хэсэгт заасны дагуу явуулсан нь хууль зөрчөөгүй...” ,  ...хэргийн  оролцогч  нь  нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтаа  шүүхэд  ирүүлээгүй... гэж  дүгнэн нэхэмжлэлийг   хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн.

Б.Э-  нь   шүүхийн шийдвэрийг  “...шинжээч томилж, үнэлгээ  хийлгэх эрх нь  шийдвэр гүйцэтгэх албанд байгаа  тул би  дур мэдэн  өөр  байгууллагаар  үнэлүүлэх боломжгүй..., өмч хөрөнгийг  хэт  үнэгүйдүүлсэн  тайлан гаргасан...”  гэсэн  үндэслэлийг  дурдан  давж заалдсан гомдол  гаргасан   байна.

Хэргийн  үйл баримтаас үзэхэд Б.Э- нь  Б.Тогтохсүрэнгийн ХААН банктай байгуулсан зээлийн гэрээний  үүргийн  баталгаа болгож барьцаалсан  барьцааны хөрөнгө болох  Дархан сумын  15 дугаар баг, Мангиртын  1-4А тоот  хувийн сууц, 1105.0 мкв  газрын өмчлөгч  юм.

Иргэний хуульд зааснаар  хэргийн оролцогч нь  шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх  үүрэгтэй, хэргийг хянан шийдвэрлэхэд  зайлшгүй  шаардлагатай  нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, зохигч тэдгээрийг өөрөө  олж авах  боломжгүй, шинжилгээ хийлгэх тохиолдолд  нотлох баримтыг хэргийн оролцогчийн  хүсэлтээр шүүх  бүрдүүлэх  хуулийн  зохицуулалттай.

Нэхэмжлэгч  нь  нэхэмжлэлийн  шаардлага үндэслэлийн талаарх нотлох баримтыг  ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх  хүсэлт  гаргаж байгаагүй  байна.

Эд хөрөнгө үнэлсэн үнэлгээний талаар гаргасан гомдлыг шүүх хянан шийдвэрлэхдээ эд хөрөнгө шинжээчээр үнэлүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хуульд нийцүүлэн явуулсан эсэх, дээрх шинжээчийн дүгнэлт нь илтэд үндэслэл муутай өмчлөгчийн эрхийг хохироосон өөрөөр хэлбэл эд хөрөнгийн үнийг зах зээлийн ханшаас хэт бага үнээр үнэлсэн эсэхийг хянах үүрэгтэй бөгөөд гомдол гаргасан тал гомдлын үндэслэлээ баримтаар нотолсоны үндсэн дээр шүүх дээрх  дүгнэлтийг хийх, шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож дахин шинжээч томилох талаар шийдвэр гаргах учиртай. Хэрэгт ийм баримт авагдаагүй байна.

Анхан шатны  шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийг зөрчөөгүй  байх тул нэхэмжлэгчийн  гаргасан давж заалдсан гомдлын  дагуу  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл   байхгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Э-ын  давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчийн  шүүхийн  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдол нь  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн  41 дүгээр зүйлийн  41.1.5-д  зааснаар  хураамж  төлөхөөс  чөлөөлөгдсөн  болохыг  дурдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             О.НАРАНГЭРЭЛ             

                                         ШҮҮГЧИД                                                            Л.АМАРСАНАА

                                                                                                                      С.ЭНХЖАРГАЛ