Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 70

 

“Дархан хариг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00065/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 303 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч “Дархан хариг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

          “Үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч “Дархан хариг” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Ч.Нацагийн  гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинбатаас:

Тус компани нь Худалдаа Хөгжлийн банкнаас зээл авч тодорхой шалтгааны улмаас зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Энэ асуудлыг харилцан тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. Гэтэл тохиролцсон хугацаандаа өрөө төлөөгүй, нөөц бололцоогоо ашиглаж 15.000.000 төгрөг төлсөн. Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэлийн албанаас томилсон шинжээч  жагсаалтын дагуу 7 хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшийг бодитоор тооцолгүйгээр бага үнэлсэн. Иймд 981.705.000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулж, хөрөнгөнд дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанчимэг нараас:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1036 дугаар захирамжаар “Дархан хариг” ХХК, гүйцэтгэх захирал Ч.Нацан нараас 291.926.942 төгрөгийг гаргуулж Худалдаа Хөгжлийн банкны Дархан салбарт олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр авагч, төлбөр төлөгч нарт үнэлгээний тайланг танилцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр:

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар нэхэмжлэгч “Дархан хариг” ХХК-аас хариуцагч Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1036 дугаар шүүгчийн захирамжийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Шинжээч томилох тухай” 27 тоот тогтоолын дагуу гарсан 2016 оны 11 дүгээр  сарын 24-ний өдрийн “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгон дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч “Дархан хариг” ХХК-ийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан заалтыг баримтлан шүүхэд “Капитал зууч” ХХК-ийн тогтоосон үнэлгээг үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг үндэслэн хугацаа хэтрүүлсэн гэж үзэж “Капитал зууч” ХХК-ийн тогтоосон үнэлгээ нь зах зээлийн өнөөгийн үнэд дүйцэж байгаа эсэх талаар хянан үзэх шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иймд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр бүхэлд нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Дархан хариг” ХХК хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж тус албанаас томилсон шинжээчийн үл хөдлөх хөрөнгө үнэлсэн 981.705.000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож, хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэхийг даалгах гомдлын шаардлага шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч тал  гомдлыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан байна.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Дархан хариг” ХХК шинжээчийн тогтоосон үнэлгээ нь зах зээлийн өнөөгийн үнэд дүйцэж байгаа эсэх, бодитой тогтоогдсон эсэх талаар шүүх хянан үзэлгүй гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь магадлаж өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргасан  байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1036 дугаар захирамжаар Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй “Дархан хариг” ХХК, Ч.Нацаг нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хариуцагчдаас 291.926.942,44 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Шүүгчийн захирамжийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 58 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж дараах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 375 дугаартай тогтоол үйлдэгдэж, маргаж буй 4 обьектийг битүүмжлэх тухай 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7 тоот тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай акт, эд хөрөнгө хураах тухай 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 6 тоот тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шинжээч томилсон тухай 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаартай тогтоол зэрэг эрх зүйн баримтууд үйлдэгдсэн байх бөгөөд талуудаас  2016 оны 10 дугаар сарын 12, 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд эд хөрөнгийн үнийн санал авсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дээрх ажиллагаанууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болно”, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “...эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах, хураах,...”, 34.1.6-д “эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох”, 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон түүний өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх”, 36.5-д “ Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг хураан авна”, 37 дугаар зүйлийн 37.2.2-т “төлбөр төлөгч төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө”, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж тус тус заасантай нийцэж байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд зааснаар томилогдсон үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах 756.0 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгыг 732.524.000 төгрөгөөр, 200.0 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгыг 171.429.000 төгрөгөөр , 314.0 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг 40.553.000 төгрөгөөр, 2106.0 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг 31.603.000 төгрөгөөр, 19 ширхэг бетонон хашааг 4.750.000 төгрөгөөр, 26.4 м.кв блокон хашааг 396.000 төгрөгөөр, 1 ширхэг хашааны төмөр хаалгыг 450.000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 981.705.000 төгрөгийн үнэлгээний тайланг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан байна.

Энэхүү тайланг гомдол гаргагч Ч.Нацаг, С.Нятмаа нарт 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр танилцуулсан болох нь хэргийн 63, 64 дүгээр талд авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байгаа бөгөөд тэрхүү тэмдэглэлээр хуульд заасан 7 хоногийн дотор гомдол гаргахгүй бол албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн байна.  

Шүүхийн шийвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл гомдол гаргагч Ч.Нацаг 2016 оны 12 дугаар сарын 21-ний дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй байсан боловч 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гомдол гаргаж хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд 76.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн,эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болох бөгөөд гомдол гаргагч Ч.Нацаг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу өөрөө нотлоогүй болно. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийсэн байна.

Иймд гомдол гаргагч Ч.Нацагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гомдол гаргагч Ч.Нацагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны  өдрийн 303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ 

                                       ШҮҮГЧИД                                                С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                        Л.АМАРСАНАА