Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/01358

 

Ц.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/00362 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 940 дүгээр магадлалтай

Ц.Цын нэхэмжлэлтэй

Д.Бт холбогдох

Гэм хорын хохиролд 159 585 237 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ганбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, Ц.Одгэрэл, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Ц нь 2006 онд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 хороолол, 19Б байрны хойд талд өөрийн эзэмшил газар дээр гарааштайгаа 4 давхар барилга барьж эхэлсэн. Ингээд барилга суурийн болон угсралтын ажлыг бүрэн дуусган дотор заслаа хийж дуусаад цахилгааны монтаж холболтын ажил дутуу байсан. Гэтэл иргэн Ц.Цын үндсэн хийц бүтцийг нь угсарч дуусган, дотор засал хийж байсан барилга, түүнээс 9 метр орчим зайд байрлах Золушка цэцэрлэгийн барилгын хоорондох зайд хариуцагч Д.Б нь шинээр амины орон сууцны барилга барихаар 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр эксковатороор суурийн хүнхээл /нүх/-ийг ухаж, гарсан шороог машинаар зөөж зайлуулахдаа хажуугийн барилга болох иргэн Ц.Цын барилгын суурийг ил гартал, уг барилгын улны түвшингээс 60 см орчим гүн хэтрүүлж ухсаны улмаас 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдөр барилгын зүүн талын хана, сууринд хагарал үүссэн. Улмаар барилгад цууралт үүсч, ашиглах боломжгүй болсноор 2014 онд барилгыг албадан нураасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05-39/А1 дугаартай албан шаардлага, 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Барилгын эвдрэл гэмтлийн тухай 05-394/3227 тоот дүгнэлтээр Д.Б нь Ж.Отголоос худалдан авсан дээрх газартаа орон сууцны барилга барихаар нүх ухахдаа барилгын зураг төслийг батлуулаагүй, техникийн нөхцөл аваагүй, инженер геологийн тухайлсан дүгнэлт хийлгээгүй, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, газар шорооны ажлыг барилгын инженер гэх Л.Батхуяг удирдан хувь хүмүүсээр гэрээ байгуулалгүй гүйцэтгүүлэхдээ Ц.Цын барилгын суурийн улны түвшингээс 60 см орчим хэтрүүлэн ухсан, хүнхээлийн урд хэсэгт дахин нэмж 2 метр орчим гүнтэй нүх ухсанаас шалтгаалан иргэн Ц.Цын амины орон сууцны барилгад эвдрэл гарсныг тогтоосон. Мөн тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Барилга хот байгуулалтын сайд Ц.Цолмонд хандсан 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2/1670 дугаартай албан бичигт ...уг барилгатай зэрэгцүүлэн амины орон сууцны барилга барихаар 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн барилгын суурийн газар шорооны ажлыг эксковатор хөлслөн гүйцэтгүүлэхдээ Ц.Цын барилгын суурийн гулдмайн улны түвшингээс 60 см орчим илүү ухжээ. Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02/535 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 05-394/3227 дугаартай дүгнэлтэд дурдсан барилгад гарсан эвдрэл гэмтэлтэй холбогдуулан өгсөн дүгнэлт үндэслэлтэй болохыг тогтоосон. Уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хариуцагч Д.Б нь бусдын эд хөрөнгөнд болгоомжгүйгээр онц их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 379 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байдаг бөгөөд шүүхээс тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Баянгол дүүргийн прокурорын газрын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 428 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Ц.Ц түүний өмгөөлөгч нарын зүгээс Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасны дагуу Ерөнхий прокурорын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 4 дугаартай прокурорын тогтоолоор шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан гэрч, шинжээч нарын мэдүүлгүүдээр иргэн Ц.Цын нурсан орон сууцны шалтгаан нь барилгын хажуу талд нүх ухсан буюу Д.Б нь 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр барилга барихаар газар ухаж эхэлснээс хойш цууралт өгсөн болох нь тогтоогдож байна. Ц.Цын амины орон сууцны барилгад цууралт өгч эвдрэл үүссэн нь хариуцагч Д.Бын суурийн улны түвшингээс 60 см орчим гүн эксковатороор ухаж, гарсан шороог нь зөөсөн нь хоорондоо шалтгаант холбоотой болохыг тогтоосон ч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөрдөн байцаалтын шатанд Ц.Цын төлөөлөгч эцэг Ч.Цэвэгдорж барилга барихад нийт 158 860 460 төгрөгийн зардал орсон тухай мэдүүлсэн байдаг. Хариуцагч чанаргүй материалаар барилгыг барьсан гэж байгаа ч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй. Харин ч хэрэгт авагдсан дүгнэлтүүдэд материал чанарын шаардлага хангасан тухай дурдсан байгаа. Хөрсний шинжилгээг анх хийлгэхдээ хажуугийн Золушка цэцэрлэгийн ухсан нүхнээс харьцуулж хийлгэсэн нь үнэн. Гэхдээ дээрх хөрсний шинжилгээг хариуцагч өөрийнхөө барилгад нэхэмжлэгчийн эцэг Ч.Цэвэгдоржоос авч өөрийнхөө барилгыг эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч бичиг баримтын хувьд зөрчилтэй байсан нь үнэн ч хариуцагч Д.Бын барилга гар зураг төдий зургаар барилгыг эхэлсэн байхад нэхэмжлэгч Ц.Цынх батлагдаагүй ч бүрэн хэмжээний зураг төсөлтэй, тодорхой хэмжээний судалгаануудтай байсан гэдгийг тухайн үед газар дээр очиж шалгасан Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтэд дурдсан байгаа. Мөн энэ тухай гэрч А.Мягмаржав мэдүүлсэн. Тухайн нөхцөлд үндсэн барилгын суурь баригдаад 2 жил орчим болсон байсан тул хэтрүүлж нүх ухаагүй бол барилга нурахгүй байх байсан. Мөн 2014 онд албадан буулгах хүртэл барилга нураагүй байсаар байсан. Иймд Д.Баас эд хөрөнгөд учирсан хохиролд 159 585 297 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Ц нь 2006 онд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19Б байрны хойд талд 3 давхар тоосгон барилгыг батлагдсан зураг төсөлгүй барьсан болох нь Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 02/535 дугаартай шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Уг дүгнэлтээр Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг хөрөнгө оруулагч, захиалагч тал биелүүлсэн гэх баримт бичиг байхгүй байна. Мөн Барилгын инженер геологийн Экогидро гео ХХК-ийн хагарч эвдэрсэн барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлтээр иргэн Ц.Ц нь 10мх12м хэмжээтэй талбайд 3 давхар, доороо зоорьтой хагарч эвдэрсэн барилга асгамал хөрс газрын гадаргуугаар 2.6-3.8 метрийн зузаантай тархсан ба элсэнцэр чигжээстэй хар хайрган хөрс нь сулавтар зэргийн овойлт үүсгэнэ. Хайргархаг шавранцар бүхий асгамал хөрс нь ачаалал дор жигд бус суулт үүсгэх даацад чадвар муутай хөрс барилгын суурийн хэмжээнд тархсан гэдэг нь тогтоогдсон болно. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оношилгоо зураг төсөл судалгааны Реконтракшн төвийн 2013 оны 03 дугаар сарын шинжээчийн дүгнэлтээр Барилгын зураг төслийг улсын экспертизээр хянуулаагүй нь барилгын хөгжлийн төвийн шинжээчид тогтоосон байна. Суурь хөрсний жигд бус суултны нөлөөгөөр Ц.Цын барилгын даацын үндсэн бүтцүүд ихээхэн хэмжээгээр хэв гажилтад орж, цаашид ашиглах боломжгүй байна гэж дүгнэсэн. Мөн Барилгын бүтэц, суурийн ажлыг хийх явцад дараах зөрчлүүд гарсан гээд хучилтын хавтан нормын заалт зөрчигдсөн, өөрөөр хэлбэл хучилтын хавтан бүстэй холбогдоогүйгээс суурийн суултын нөлөөгөөр хавтан тулгуураас мултарч унасан, Бүс бетоны дотор нь тоосго, мод оролцуулан цутгасан, бүсний бетоноос дээж авч, бат бэхийг тодорхойлоход бат бэх чанар үндсэндээ байхгүй байна, Цутгалтын чанар хангалтгүй байсан, Барилгын хананы уулзварууд дахь өргийг тороор арматурлах БНбД-ийн 3.9, 3.32 дугаар заалтууд зөрчигдсөн. Энэ нь гадаа хананы нурсан уулзварт арматур байхгүй, дотор хамар хананд арматур тавиагүй, хамар ханыг хучилтын хавтантай холбож бэхлээгүй зэрэг байдлаар нотлогдож байна. Асгамал болон ийм төрлийн хөрсөнд барилгын угсармал суурийн доод талд 12 мм-ийн голчтой 4 ширхэг дагуу арматур байрлуулах БНбД-ийн 7.1.7 дугаар заалтыг зөрчсөн байна. Зоорийн хаалганы 1.5 метрээс өргөн нүхний дээр цутгасан ялууны хананд дэрлэх хэмжээ 350 мм хүрэхгүй байгаа нь БНбД-ийн 3.41 дүгээр заалтыг зөрчсөн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн албан шаардлагад барилгад гарсан эвдрэлийн шалтгааны талаар тодорхой зүйл алга байна. Харин зураг төсөл, техникийн баримтын бүрдүүлэлтэд илэрсэн зөрчлийн талаар бичсэн нь үндэслэлтэй байсан. Барилгын хөгжлийн төвийн шинжээчдийн дүгнэлт үндэслэлтэй болно. гэж дурдсан байдаг. Баянгол дүүргийн Прокурорын газраас 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үүсгэсэн байсан эрүүгийн хэргийг ЭБШхуулийн 208.1.1, 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон. Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор П.Баасанжав нь 04 тоот тогтоолыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт огт мэдэгдэж танилцуулаагүй, гардуулж өгөөгүй бөгөөд танилцуулж гардан авсан бол би хуульд заасан эрхийн хүрээнд дээд шатны прокурорт гомдол гаргах байсан. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бын үйлдлээс шалтгаалан барилгад хагарал, цуурал үүсэхэд нөлөөлж ашиглах боломжгүй болсон нь Улсын Ерөнхий прокурорын газрын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 4 тоот тогтоолоор нотлогдож байгаа гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. ЭБШхуулийн 24.3-т Хэрэв дээрх хоёр үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гомдлоо прокурор ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж гэм буруутай эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан. Мөн тухайн барилгыг барихад 159 сая төгрөг зарцуулсныг нотлосон баримтгүй байх бөгөөд тухайн барилгын ажлыг гүйцэтгэсэн Р.Төмөрбаатар 40 орчим сая төгрөгөөр барьсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байдаг. Нэхэмжилж буй 159 сая төгрөг бодит бус, зөвхөн барилга барихад шаардагдах төсөв байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00362 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар Д.Баас 74 817 500 /далан дөрвөн сая найман зуун арван долоон мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84 767 797 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 955 876 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас 532 037 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 940 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 536 900 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 532 037 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00362 дугаар шийдвэрийн зарим хэсэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 940 дүгээр магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ “...Монгол Улсад мөрдөж буй барилгын норм, дүрмийн заалтуудыг баримтлаагүй, гүйцэд нягтраагүй, асгамал хөрсний жигд бус нягтрал, жигд бус суулт нь барилгад хагарал үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн болон хэргийн нөхцөл байдал, хариуцагчийн гэм буруугийн хэр хэмжээ зэргийг үндэслэн хохирлын нийт дүнгийн тавин хувийг нэхэмжлэгчийн эрсдэлд тооцож, үлдэх тавин хувийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна...” гэжээ.

Тайлбарлах нь: Нэхэмжлэгч Ц.Ц нь 2006 онд Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 хороолол 196 байрны хойд талд өөрийн эзэмшлийн газар дээрээ зоорийн давхартай 4 давхар амины орон сууцны барилга барьж барилга суурийн болон угсралтын ажлыг бүрэн дуусган дотор заслаа хийж дууссан, баригдаад 2 жил болж ачааллаа бүрэн авсан байх үед буюу 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Ц.Цын эзэмшлийн газрын зүүн талд иргэн Ж.Отголын эзэмшлийн газар дээр хариуцагч Д.Б нь барилга барихаар Эксковатороор барилгын суурийн хүнхээл ухахдаа нэхэмжлэгч Ц.Цын амины орон сууцны барилгын сууриас доош 60 см гүн ухаж гарсан шороог машинаар зөөж зайлуулснаас шалтгаалан нэхэмжлэгч талын барилга даац авах боломжгүй болсноос цууралт үүсэж ашиглах ямар ч боломжгүй болсон.

Мэргэжлийн эрх бүхий байгууллага болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05-394/А1 дугаартай албан шаардлагаар /хх-1 108-111/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилга хот байгуулалтын сайд Ц.Цолмонд хандсан 2008 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2/1670 дугаартай албан бичиг /хх-1 122/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Барилгын эвдрэл гэмтлийн тухай 05- 394/3227 тоот дүгнэлт /хх-1 19-27/-ээр хариуцагч Д.Б нь техникийн нөхцөл аваагүй, инженер геологийн тухайлсан дүгнэлт хийлгээгүй, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилгын зураг төсөл гарч батлуулаагүй 5 хуудас зургаар газар шорооны ажлыг барилгын инженер Л.Батхуяг удирдан хувь хүмүүсээр гэрээ байгуулалгүй гүйцэтгүүлсэн болохыг тогтоож, иргэн Ц.Цын үндсэн хийц бүтээцийг нь угсарч дуусган, дотор засал хийж байсан барилга түүнээс 9 метр орчим зайд байрлах “Золушка” цэцэрлэгийн барилгын хоорондох зайд хариуцагч Д.Б шинээр амины орон сууцны барилга барихаар 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр эксковатороор нэхэмжлэгч Ц.Цын барилгын суурийн гулдмайн улны түвшингээс 60 см орчим илүү ухаж, гарсан шороог нь зөөснөөс нэхэмжлэгч талын орон сууцны барилгын суурийн доорх ул хөрс гадагшаа шилжин, суурь гулсан суусан байдалтайгаар эвдрэл үүсэн байна гэж нэхэмжлэгч талын амины орон сууцны цууралт үүссэн шалтгааныг тогтоосон Мэргэжлийн хяналтын дүгнэлтүүд хариуцагч тал ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй, хүлээн зөвшөөрч, маргадаггүй болохыг анхаарч үзнэ үү.

Мөн Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор П.Баасанжавын 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн прокурорын шийдвэрийг өөрчлөх тухай 04 тоот тогтоолоор: шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан гэрч, шинжээч нарын мэдүүлгүүдээр иргэн Ц.Цын нурсан орон сууцны шалтгаан нь барилгын хажуу талд нүх ухсан буюу Д.Б нь 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр барилга барихаар газар ухаж эхэлснээс хойш цууралт өгсөн болох нь тогтоогдсон байна. Иймд дээрх үйлдэл нь барилгын хагарал цууралт үүсэхэд нөлөөлсөн уг үйлдэл нь хор уршигтай шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн байдаг.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхдээ Монгол Улсад мөрдөж буй барилгын норм, дүрмийн заалтуудыг баримтлаагүй, гүйцэд нятаршилгүй, жигд бус нягтралтай асгамал хөрстэй газар дээр барилгаа барьсны улмаас суурь нь барилгад хагарал үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Д.Б нь зөвшөөрөл авалгүйгээр экскаватороор газар ухаж нэхэмжлэгчийн барилгын суурийн улны түвшингээс доош 60 см орчим хэтрүүлэн ухсаны улмаас барилгад эвдрэл гарахаас өмнө нэхэмжлэгч талын барилгад ямар нэгэн доголдол гараагүй байсан нь хариуцагч Д.Бын анхан шатны шүүхэд өгсөн тайлбар болон эксковаторын жолооч Н.Батдэлгэр /хх 154/-ийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ц.Цын барилга хариуцагч Д.Быг барилгын суурийн хүнхээл ухуулж эхлэхээс өмнө цууралт өгөөгүй байсан нөхцөл байдлыг харгалзан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан шаардлага, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 05/394/3227 тоот дүгнэлт, Барилга хөгжлийн төвийн 2013 оны 2/535 дугаартай дүгнэлтүүдээр нэхэмжлэгчийн барилгын сууринаас 60 см хэтрүүлж хүнхээл ухуулсан хариуцагчийн үйлдэл, нэхэмжлэгчийн барилгад цууралт өгч эвдэрсэнтэй шалтгаант холбоотой гэж дүгнэсэн зөв байна гэж зөв тодорхойлсон боловч нэхэмжлэгч талыг Монгол Улсад мөрдөж буй барилгын норм, дүрмийн заалтуудыг баримтлаагүй, гүйцэд нягтраагүй, асгамал х өрсний жигд бус нягтрал, жигд бус суулт нь барилгад хагарал үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн болон хэргийн нөхцөл байдал, хариуцагчийн гэм буруугийн хэр хэмжээ зэргийг үндэслэн хохирлын нийт дүнгийн тавин хувийг нэхэмжлэгчийн эрсдэлд тооцож, үлдэх тавин хувийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тусгай барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөл авалгүй барилга барьсан үйлдлээс болж барилгад ямар нэгэн доголдол үүссэн гэх шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн буруутай үйлдэл байгаагүй бол барилгыг нураах шаардлагагүй байх байсан, учир нь хариуцагч Д.Бын буруутай үйлдэл буюу барилга барих тусгай зөвшөөрөлгүйгээр барилга барих газрыг судлалгүйгээр нэхэмжлэгчийн барилгын суурийн улны түвшингээс доош 60 см орчим эксковатороор ухсанаас нэхэмжлэгч Ц.Цын барилгад цууралт үүсэж улмаар уг барилгад эвдрэл гарсан байхад анхан шатны шүүх хохирлын хэмжээг 50:50 хувиар хариуцуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

Давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ “...улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба Үндсэн хуулийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасны дагуу прокурорын тогтоолоор Д.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй...” гэжээ.

Тайлбарлах нь: Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Машлайн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 428 тоот тогтоолоор хариуцагч Д.Бт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1., мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд хохирогч талын өмгөөлөгч нарын Улсын Ерөнхий Прокурорт гомдол гаргасны дагуу Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор П.Баасанжавын 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн прокурорын шийдвэрийг өөрчлөх тухай 04 тоот тогтоолоор хариуцагч Д.Бын буруутай үйлдлээс барилгын хагарал цууралт үүсэхэд нөлөөлсөн уг үйлдэл нь хор уршигтай шалтгаант холбоотой болох нөхцөл байдлыг бүрэн бодитой дүгнэлт хийлгүйгээр хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх тул хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 428 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэг буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өөрчилсөн. Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай 15 тогтоолын 1.2-т “...эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2,  24.1.6-д зааснаар хэрэгсэхгүй болгосон... бол хохирол арилгуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.7-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байхад анхан болон давж заалдах шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалд үндэслэн тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасны дагуу Анхан шатны шүүхийн 183/ШШ2017/00873 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1553 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж хариуцагч Д.Баас 149 635 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цогтбааатарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 955 876 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэх гэсэн хэсгийг хүчингүй болгож шүүхийн шийдвэр, давж заалдах шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00362 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 940 дүгээр магадлалыг хариуцагч талаас эс зөвшөөрч доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 “ ... Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй ...” байхаар заажээ. Гэтэл Ц.Ц нь эрүүгийн хэрэгт хохирогчоор бус харин Ч.Цэвэгдорж гэдэг хүн байсан байна. /хх-119/ Ц.Цын төрсөн аав Ч.Цэвэгдорж нь Япон улсад ажиллаж, амьдарч байсан хүүгээсээ мөнгө авч тухайн маргаан бүхий барилгыг бариулсан гэх боловч Ц.Ц нь аав руугаа хэрхэн яаж мөнгө шилжүүлсэн, хэдэн төгрөгөөр барилга бариулсан талаар үйл байдлыг тодорхойлсон нотлох баримт байдаггүй ба шүүх энэ талаар дүгнэсэнгүй.

Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “... Улсын ерөнхий прокурорын газрын 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Д.Бын барилгын хажуу талд нүх ухсан үйлдэл, цууралт өгсөн явдал хоорондоо шалтгаант холбоотойг дурдаад, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, тогтоол хүчин төгөлдөр болсон байна гэж дүгнэсэн. Гэтэл уг прокурорын дүгнэлтэд “... хор уршигтай шалтгаант холбоотой болох нөхцөл байдлыг бүрэн бодитой дүгнэлт хийлгүйгээр хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх тул ...” гэж дүгнэсэн байдлыг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлаж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Барилгыг 159 585 237 төгрөгөөр бариулсан гэх тооцоог Ч.Цэвэгдорж гуай өөрөө гаргасан боловч энэ хэмжээний мөнгийг хэнээс, хэрхэн авсан нь тодорхой бус, гаргасан гэх зардлын анхан шатны нэг ч баримт байдаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэгчийн зүгээс шинжээч томилуулсан ба “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 810 дугаар шинжээчийн дүгнэлтээр 149 635 000 төгрөгөөр тухайн объект босох боломжит тооцоог төсвийн хэмжээнд гаргасан дүнгийн 50 хувиар тооцон шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй юм. Дээрх шинжилгээний байгууллагын дүгнэлт нь хөндлөнгийн байж чадаагүй байдаг ба хэргийн газар очиж зураг авалт хийх, төсөл хийх зардлын тооцоог гаргахдаа зөвхөн нэхэмжлэгч талыг байлцуулсан байдаг. Хариуцагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж магадлалд дурдаад байгаа нь үндэслэлгүй.

Мөн хавтаст хэрэгт байдаг баримтаас харахад жишээ дурдвал: Ч.Цэвэгдорж нь зургийн төсөл гаргасан Л.Баясгаланд 1 000 000 төгрөгийг, хөрсний шинжээч н.Чанцалмаад 100 000 төгрөгийг, барилгыг бүхэлд нь барьсан гэх барилгын инженерийн мэдлэггүй, мэргэжлийн бус ажилтан нарт 5 500 000 төгрөгийг өгсөн байдаг атал шинжээчийн хийсэн төсөлд дээрх мөнгө нь зургийн төсөлд 3 сая, барилга барихад 9 900 000 төгрөгийг зарцуулагдахаар тусгасан байдаг зөрүүтэй байдал нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан “үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй... ” гэсэн заалтыг зөрчсөн.

Мөн Эрүүгийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1. “... Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж заасан байдаг ба эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад буюу 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 11-ний хүртэлх хугацаанд буюу 5 жилийн хугацаанд гэмт хэрэг гэж үзэхгүй, шалгаж тогтоогдохгүй байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар эрүүгийн хэргийг хаасан атал анхан шатны шүүхээс гэм буруутай байдлыг тогтоож гэм хор гэж үзэн хохирлыг тал хувиар нь гаргах гэсэн байдал нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болсон.

Учир нь эрүүгийн журмаар тогтоогдоогүй, санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэхийг тогтоож чадаагүй байхад иргэний шүүхээс дээрх байдлыг тогтоогдсон гэх байдлаар хэрэг шийдвэрлэж байгаа нь Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүх таслах ажиллагаанд хэрэглэх тухай” 15 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.2 “гэм буруугүй болохоо нотолсноор хариуцлагаас чөлөөлөгдөх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т заасан зохицуулалт зөвхөн хуульд заасан тохиолдолд эрүүгийн хэргийн иргэний хариуцагчид хамаарна ...” гэх байдлаар зохицуулсан байдаг ба гэм буруутай байдал тогтоогдоогүй үйл байдал нь гэм хороос чөлөөлөгдөх үндэслэл болно. Гэм буруутай байдал тогтоогдохгүй байгаа тохиолдолд түүнийг гэм буруутай гэж үзэх  үндэслэл бүрдэхгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шалгагдаж байх явцад мөрдөн байцаагчийн зүгээс томилуулсан “Эко гидро гео” ХХК-ийн 2012 оны ЗТ19-864/10 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 62, 63, хавсралт 2, 3/, ШУТИС-ийн “Реконстракшн” төвийн 2013 оны техникийн дүгнэлтүүдийг /хх-73, 84/ гаргуулсан байдаг ба түүнд маргаж буй объектыг барилгын дүрэм журмыг баримтлаагүй, хөрсний шинжилгээ хийлгээгүй, барилгыг зориулалтын бус материал оролцуулан барьсан зэрэг байдлуудыг тодорхой дүгнэсэн байдаг.

Иргэний хуулийн 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ...” гэж заасан байдаг ба хуурамчаар хөрсний шинжилгээ хийсэн гэх н.Чанцалмаа, барилгын зураг төслийг хуулийн дагуу хийгээгүй Л.Баясгалан, барилга барих зөвшөөрөлгүй барилгыг барьсан ажилтнууд гэх мэт олон этгээд хариуцахаар харагдаж байгааг шүүх дүгнэсэнгүй. Энэ бүхэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад тогтоогдох ёстой байсан боловч дээрх этгээдүүдийн гэм буруугийн хэр хэмжээг тогтоох ажиллагааг явуулж байсан боловч эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм.

Нөгөөтэйгүүр гэрчээр оролцсон тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ажиллаж байсан гэх мэргэжилтэн Л.Мягмаржав нь Д.Б барилгын нүх ухсаны дараа Ч.Цэвэгдорж нь шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо сантехникийн шугам оруулахаар нүх гаргуулсан тухай дурдсан байдаг юм. Сантехникийн нүх гаргахын тулд мульдок гэдэг багажаар хүчээр эвдсэний улмаас ялуу буюу барилга цуурах үндсэн шалтгаан болсон.

Эцэст нь иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1.-т “3охих ёсоор арчилж хамгаалаагүй, гэмтэл согогтой байснаас бусад тохиолдолд байшин барилга бүтэн буюу хэсэгчлэн нурсны улмаас учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна... ” гэсний дагуу нэхэмжлэгчийн хэт хайхрамжгүй байдлаас болж барилга нурсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00362 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 940 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Ц.Ц нь Д.Бт холбогдуулан гэм хорын хохиролд 159 585 237 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

Ц.Ц 2006 оноос Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19б байрны хойд талд өөрийн эзэмшлийн газар дээр гараажтайгаа 4 давхар барилга барьж, суурийн болон угсралтын ажлыг бүрэн дуусгаж, дотор заслаа хийж дуусгаад, цахилгааны монтаж холболтын ажлыг хийх үед 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Д.Б уг барилгын хажууд барилгын суурийн хүнхээлийг эксковатороор ухаж байхдаа Ц.Цын барилгын сууриас доош 60см орчим гүн ухаж, гарсан шороог зөөх явцад 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ц.Цын барилгын дотор хананд цууралт өгч, зүүн талын даацын хана болон сууринд ташуу чиглэлийн олон тооны 40-45см орчим хагарал гарч, 4 үеэр өрсөн суурийн гулдмай доош сууж гадагш цүлхийсэн, барилгын нүүрэн талд нийт өндрийн дагуу 3 хэсэг газар баруунаас зүүн тийш доош чиглэсэн хагарлууд гарч, зүүн хойд булангийн гадна хана нэгдүгээр давхарт цөмөрч, тоосгонд бяцрал үүссэн, ялуу хугарсан, цонх доош жишиж суусан зэрэг гэмтэл учирч, улмаар барилгад цууралт үүсч, ашиглах боломжгүй болсноор уг барилгыг 2014 онд албадан нураасан үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн “Барилгын эвдрэл гэмтлийн тухай” 2008 оны 07 дугаар  сарын 16-ны өдрийн 05-394/3227 дугаартай дүгнэлт /9-27/, Барилгын инженер-геологийн “Эко гидро гео” ХХК-ийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол. Доороо зоорьтой 3 давхар хагарч эвдэрсэн барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт /44-67/, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Барилгын Инженер, архитектурын сургуулийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвийн “Ц.Цогтбаярын амины орон сууцны Техникийн дүгнэлт”/ хх-68-87/, Барилгын хөгжлийн төвийн Шинжээчийн дүгнэлт /хх-158-162/, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай №428 дугаартай Прокурорын тогтоол /10-12/, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Прокурорын шийдвэрийг өөрчлөх тухай №4 дугаартай Прокурорын тогтоол /хх-13-14/ зэрэг  баримтууд авагдсан, эдгээрт иргэн Ц.Цын барьж байсан барилга нурсан шалтгаан, үндэслэл, зохигчийн буруутай үйлдэл нөлөөлсөн эсэх талаарх дүгнэлтүүд авагджээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2008 оны 05-394/3227 тоот дүгнэлтэд:

Иргэн Ц.Ц, Д.Б нарыг /Ж.Отголын нэрээр дүгнэлтэд бичигдсэн/ хэн алиныг нь барилга барихдаа Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1., 13 дугаар зүйлийн 13.3., 15 дугаар зүйлийн 15.1.1. 14 дүгээр зүйлийн 14.1., 16 дугаар зүйлийн 16.1. дэх заалтуудыг тус тус зөрчсөн, Ц.Ц нь барилгын талбайн инженер геологийн судалгааг газар дээр нь цооног малталгүй хийснээс асгаас хөрсний зузааныг бодитой тогтоож чадаагүй, барилгын суурийг асгаас хөрсийг нэвтрүүлэлгүй, ул хөрсийг нягтруулалгүй суулгасан, Д.Б нь барилгын талбайд инженер геологийн судалгаа хийлгээгүй, хөрсийг хажуугийн /Ц.Цын/ барилгын суурийн улны түвшингээс хэтрүүлэн ухсанаас нягтруулаагүй асгамал хөрс нурж, суурь суусан, хэв гажилт үүсч, иргэн Ц.Цын амины орон сууцанд эвдрэл гарсан” гэж,

Барилгын хөгжлийн төвийн Шинжээчийн дүгнэлтэд “барилгад гарсан эвдрэл, гэмтэлтэй холбогдуулан өгсөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй байна “ гэж,

Оношлогоо, зураг төсөл, судалгааны Реконстракшн төвийн Техникийн дүгнэлтэд “Иргэн Ц.Цын амины орон сууц суултанд орж эвдэрсэн үндсэн шалтгаан нь гүйцэд нягтраагүй, зузааны хувьд барилгын байгуулалтын хүрээнд ихээхэн ялгаатай асгамал хөрсний жигд бус нягтралт, жигд бус суулт..., мөн газар шороо, суурийн ажлыг явуулах норм дүрм зөрчигдсөн явдал суултанд орох үндсэн нөхцөлийг нь бүрдүүлсэн байна.” гэж,

Улсын Ерөнхий Прокурорын 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №4 дугаартай  Прокурорын тогтоолд “...Ц.Цын нурсан орон сууцны шалтгаан нь барилгын хажуу талд нүх ухсан буюу Д.Б нь 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр барилга барихаар газар ухаж эхэлснээс хойш цууралт өгсөн нь тогтоогдсон байна. Иймд дээрх үйлдэл нь барилгын хагарал, цуурал үүсэхэд нөлөөлсөн, уг үйлдэл нь хор уршигтай шалтгаант холбоотой болох нөхцөл байдал байна...” гэж,

“Эко гидо гео” ХХК-ийн судалгааны дүгнэлтэд “Хагарч эвдэрсэн барилгын суурь нь даацат чадвар муутай, жигд бус суулт үүсгэх хайргархаг  шавранцар болон шавранцар бүхий асгамал хөрсөнд суусан байна” гэж тус тус дүгнэжээ.

Түүнчлэн шүүхээс томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК орон сууцны барилга барихад тухайн үед гарсан зардлыг 149 635 000 төгрөг болохыг тогтоосон байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр Ц.Цын амины орон сууцанд суулт үүсч, ашиглагдах боломжгүй болж нураасанд талуудын хэн алины буруутай үйлдэл нөлөөлсөн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэж, нэхэмжлэгчид учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээгээр тогтоож, хохирлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцах үндэстэй гэж үзэн, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1., 514 дүгээр зүйлийн 514.1. дэх заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 118 дугаар зүйлийн 118.4. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Түүнчлэн хариуцагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй бөгөөд анхан шатны шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд зааснаар зохигчдод хуваарилсан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэл бүхий гарсан тул “...нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн...” нэхэмжлэгчийн, “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ганбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/00362 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 940 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ганбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 536 900 төгрөг, хариуцагчаас 533 000 төгрөг урьдчилан төлснийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД