Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2018/00362

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: оршин суух...... овогт Ц.Ц /Регистрийн дугаар: нэхэмжлэлтэй,

Хариуцагч: . оршин суух, .... овогт Д.Б /Регистрийн дугаар:-т холбогдох

Гэм хорын хохиролд 159.585.237 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одгэрэл, Д.Ууганбаяр, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ганбат, Э.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Ц нь 2006 онд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 хороолол, 19 Б байрны хойд талд өөрийн эзэмшил газар дээр гражтайгаа 4 давхар барилга барьж эхэлсэн. Ингээд барилга суурийн болон угсралтын ажлыг бүрэн дуусган дотор заслаа хийж дуусаад цахилгааны монтаж холболтын ажил дутуу байсан.

Гэтэл иргэн Ц.Цын үндсэн хийц бүтээцийг нь угсарч дуусган, дотор засал хийж байсан барилга, түүнээс 9 метр орчим зайд байрлах “Золушка" цэцэрлэгийн барилгын хоорондох зайд хариуцагч Б.Б нь шинээр амины орон сууцны барилга барихаар 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр экскаватороор суурийн хүнхээл /нүх/-ийг ухаж, гарсан шороог машинаар зөөж зайлуулахдаа хажуугийн барилга болох иргэн Ц.Цын барилгын суурийг ил гартал, уг барилгын улны төвшингээс 60 см орчим гүн хэтрүүлж ухсаны улмаас 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдөр барилгын зүүн талын хана, сууринд хагарал үүссэн. Улмаар барилгад цууралт үүсч, ашиглах боломжгүй болсноор 2014 онд барилгыг албадан нураасан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн  05-39/А1 дугаартай албан шаардлага,  2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Барилгын эвдрэл гэмтлийн тухай 05-394/3227 тоот дүгнэлтээр Б.Б нь Ж.Отголоос худалдан авсан дээрх газартаа орон сууцны барилга барихаар нүх ухахдаа барилгын зураг төслийг батлуулаагүй, техникийн нөхцөл аваагүй, инженер геологийн тухайлсан дүгнэлт хийлгээгүй, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, газар шорооны ажлыг барилгын инженер гэх Л.Батхуяг удирдан хувь хүмүүсээр гэрээ байгуулалгүй гүйцэтгүүлэхдээ Ц.Цын барилгын суурийн улны түвшингээс 60 см орчим хэтрүүлэн ухсан, хүнхээлийн урд хэсэгт дахин нэмж 2 метр орчим гүнтэй нүх ухсанаас шалтгаалан иргэн Ц.Цын амины орон сууцны барилгад эвдрэл гарсныг тогтоосон. Мөн ажлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх зэрэг хууль тогтоомж, барилгын норм дүрмийн заалтуудыг хэрэгжүүлээгүй нь дээрх эвдрэл гэмтэл гарахад нөлөөлсөн гэж тогтоосон. Мөн тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Барилга хот байгуулалтын сайд Ц.Цолмонд хандсан 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2/1670 дугаартай албан бичигт “...уг барилгатай зэрэгцүүлэн амины орон сууцны барилга барихаар 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн барилгын суурийн газар шорооны ажлыг экскаватор хөлслөн гүйцэтгүүлэхдээ Ц.Цын барилгын суурийн гулдмайн улны төвшингөөс 60 см орчим илүү ухжээ. Суурийн нүхийг ингэж илүү ухсанаас үүдэн иргэн Ц.Цын орон сууцны барилгын суурийн доорх ул хөрс гадагшаа шилжин, суурь гулсан суусан байдалтайгаар эвдрэл үүссэн байна” гэж нэхэмжлэгч талын амины орон сууцны цууралт өгч дахин ашиглах боломжгүй болсон нөхцөл байдлыг тогтоож дурдсан байдаг.

Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02/535 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 05-394/3227 дугаартай дүгнэлтэд дурдсан барилгад гарсан эвдрэл гэмтэлтэй холбогдуулан өгсөн дүгнэлт үндэслэлтэй болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Б нь геологийн тухайлсан дүгнэлтгүйгээр, батлагдсан зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагаас техникийн нөхцөл аваагүй, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажлыг барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй хувь хүмүүстэй тохиролцож гэрээгүйгээр нэхэмжлэгч Ц.Цын барилгын суурийн улны түвшингээс доош 60 см орчим хэтрүүлэн ухсанаас шалтгаалан нэхэмжлэгч Ц.Цын барилгад эвдрэл гарч дахин ашиглах боломжгүй болгосон.

Уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хариуцагч Б.Б нь бусдын эд хөрөнгөнд болгоомжгүйгээр онц их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 379 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байдаг бөгөөд шүүхээс тус хэргийн нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 428 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. 

Нэхэмжлэгч Ц.Ц түүний өмгөөлөгч нарын зүгээс Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасны дагуу Ерөнхий прокурорын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Прокурорын шийдвэрийг өөрчлөх тухай 4 дугаартай тогтоол гарсан. Тус 4 дугаартай прокурорын тогтоолоор “шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан гэрч, шинжээч нарын мэдүүлгүүдээр иргэн Ц.Цын нурсан орон сууцны шалтгаан нь барилгын хажуу талд нүх ухсан буюу Б.Б нь 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр барилга барихаар газар ухаж эхэлснээс хойш цууралт өгсөн болох нь тогтоогдож байна. Иймд дээрх үйлдэл нь барилгын хагарал, цууралт үүсэхэд нөлөөлсөн, уг үйлдэл нь хор уршигтай шалтгаант хопбоотой болох нь нөхцөл байдлыг бүрэн бодитой дүгнэлт хийлгүйгээр хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2013 оны 428 дугаартай тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж үзэж Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэж тогтоолд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Цын амины орон сууцны барилгад цууралт өгч эвдрэл үүссэн нь хариуцагч Б.Бын суурийн улны төвшингээс 60 см орчим гүн экскаватороор ухаж, гарсан шороог нь зөөсөн нь хоорондоо шалтгаант холбоотой болохыг тогтоосон ч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.  

Мөрдөн байцаалтын шатанд Ц.Цын төлөөлөгч эцэг Ч.Цэвэгдорж барилга барихад нийт 158.860.460 төгрөгийн зардал орсон тухай мэдүүлсэн байдаг. Мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад шинжээчээр ажилласан “Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээ” ХХК-ийн дүгнэлтээр нэхэмжлэгч Ц.Цын амины орон сууцны барилгын төсөв нь тухайн барилгыг барьж байх үе болох 2007 оны байдлаар нийт 159.585.297 төгрөгийн зардал гарсан болохыг тогтоосон тул уг үнэлгээний дагуу нэхэмжилж байгаа. Мөн шүүхээс томилсон шинжээч дээрх үнийг бодит болох нь харагдана. Нэхэмжлэгч өөрөө амьдрахаар байшин барьж байсан тул тухайн үеийн баримтыг цуглуулаагүй. Хариуцагч чанаргүй материалаар барилгыг барьсан гэж байгаа ч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй. Харин ч хэрэгт авагдсан дүгнэлтүүдэд материал чанарын шаардлага хангасан тухай дурдсан байгаа. Хөрсний шинжилгээг анх хийлгэхдээ хажуугийн Золушка цэцэрлэгийн ухсан нүхнээс харьцуулж хийлгэсэн нь үнэн. Гэхдээ дээрх хөрсний шинжилгээг хариуцагч өөрийнхөө барилгад нэхэмжлэгчийн эцэг Ч.Цэвэгдоржоос авч өөрийнхөө барилгыг эхэлсэн байдаг. Мөн нэхэмжлэгч бичиг баримтын хувьд зөрчилтэй байсан нь үнэн ч хариуцагч Д.Бын барилга гар зураг төдий зургаар барилгыг эхэлсэн байхад нэхэмжлэгч Ц.Цынх батлагдаагүй ч бүрэн хэмжээний зураг төсөлтэй, тодорхой хэмжээний судалгаануудтай байсан гэдгийг тухайн үед газар дээр очиж шалгасан  Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтэд дурдсан байгаа. Мөн энэ тухай гэрч А.Мягмаржав мэдүүлсэн. Тухайн нөхцөлд үндсэн барилгын суурь баригдаад 2 жил орчим болсон байсан тул хэтрүүлж нүх ухаагүй бол барилга нураагүй байх байсан. Мөн 2014 онд албадан буулгах хүртэл барилга нураагүй байсаар байсан. Иймд уг барилга хэзээ нэгэн цагт нурах байсан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Иймд Д.Баас эд хөрөнгөд учирсан хохиролд 159.585.297 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд хариуцагч түүний өмгөөлөгчөөс дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Ц нь 2006 онд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19 Б байрны хойд талд 3 давхар тоосгон барилгыг батлагдсан зураг төсөлгүй барьсан болох нь Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 02/535 дугаартай шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Уг дүгнэлтээр Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т “Барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, фото зургаар баталгаажуулсан эх, далд ажлын акт, барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах үүрэг”-ийг хөрөнгө оруулагч, захиалагч тал биелүүлсэн гэх баримт бичиг байхгүй байна. Энэхүү барилгын суурийн ажлыг гүйцэтгэхдээ барилга угсралтын ажлын технологийн дэс дарааллыг нарийн баримтлаагүй байна. Энэ нь барилгын суурь хөрс, суурийн бүтээцийн бат бэх найдваршилтийн зэрэглэлд нөлөө үзүүлэх магадлалтай гэж тогтоосон болно. Мөн Барилгын инженер геологийн “Экогидро гео” ХХК-ийн хагарч эвдэрсэн барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлтээр иргэн Ц.Ц нь 10мх12м хэмжээтэй талбайд З давхар, доороо зоорьтой хагарч эвдэрсэн барилга асгамал хөрс газрын гадаргуугаар 2.6-3.8 метрийн зузаантай тархсан ба элсэнцэр чигжээстэй хар хайрган хөрс нь сулавтар зэргийн овойлт үүсгэнэ. Хайргархаг, шавранцар бүхий асгамал хөрс нь ачаалал дор жигд бус суулт үүсгэх даацат чадвар муутай хөрс барилгын суурийн хэмжээнд тархсан гэдэг нь тогтоогдсон болно. Шинжлэх ухаан, Технологийн Их Сургуулийн Оншилгоо зураг төсөл судалгааны “Реконтракшн” төвийн 2013 оны 3 дугаар сарын шинжээчийн дүгнэлтээр: “Барилгын зураг төслийг улсын Экспертизээр хянуулаагүй нь барилгын хөгжлийн төвийн шинжээчид тогтоосон байна. Энэ нь барилгын захиалагчийн дүрмийн 2.5-д заасан “Инженер-геологийн төвөгшилтэй нөхцөлд Экспертиз хийлгэнэ гэсэн” заалтыг зөрчсөн байна гэж дурдсан. Мөн барилгын талбайн гадаргуу нь хүний үйл ажиллагаагаар үүссэн хог хаягдал материал агуулсан, түрж тэгшилсэн сул шороо бүхий даах чадвар муутай, хайргархаг шавранцар, ачаалал дор суулт үүсэх шинж чанартай асгамал хөрс 2.6-3.8 метрийн зузаан тархсан байна. Хайргархаг, шавранцар ба шавранцар хөрс нь улирлаар хөлдөх тохиолдолд дунд зэргээс хүчтэй овойлт үүсгэнэ. Суурь хөрсний жигд бус суултны нөлөөгөөр Ц.Цын барилгын даацын үндсэн бүтээцүүд ихээхэн хэмжээгээр хэв гажилтад орж, цаашид ашиглах боломжгүй байна гэж дүгнэсэн. Мөн Барилгын бүтээц, суурийн ажлыг хийх явцад дараах зөрчлүүд гарсан гээд “хучилтын хавтан нормын заалт зөрчигдсөн, өөрөөр хэлбэл хучилтын хавтан бүстэй холбогдоогүйгээс суурийн суултын нөлөөгөөр хавтан тулгуураас мултарч унасан, Бүс бетоны дотор нь тоосго, мод оролцуулан цутгасан, бүсний бетоноос дээж авч, бат бэхийг тодорхойлоход бат бэх чанар үндсэндээ байхгүй байна, Цутгалтын чанар хангалтгүй байсан, Барилгын хананы уулзварууд дахь өргийг тороор арматурлах БНГД-ийн 3.9, 3.32 дугаар заалтууд зөрчигдсөн. Энэ нь гадаа хананы нурсан уулзварт арматур байхгүй, дотор хамар хананд арматур тавиагүй, хамар ханыг хучилтын хавтантай холбож бэхлээгүй зэрэг байдлаар нотлогдож байна. Асгамал болон ийм төрлийн хөрсөнд барилгын угсармал суурийн доод талд 12 мм-ийн голчтой 4 ширхэг дагуу арматур байрлуулах БНГД-ийн 7.1.7 дугаар заалтыг зөрчсөн байна. Зоорийн хаалганы 1.5 метрээс өргөн нүхний дээр цутгасан ялууны хананд дэрлэх хэмжээ 350 мм хүрэхгүй байгаа нь БНГД-ийн 3.41 дүгээр заалтыг зөрчсөн байна. Барилгын зүүн урд булангийн суурийн гулдмайн өргийг доороос 2 дахь үеийн гулдмайг тайрч, сантехникийн шугамын гаргалга гаргасан нь асгамал хөрсөнд доргилтын үйлчилгээ үзүүлж, нэмэлт суулт үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Зоорийг грашын орох хаалганы баруун хэсэгт суурийн бетон гулдмайг тоосгон өргөөр орлуулан өрсөн, зүүн хэсэгт тоосгон нөхөөс хийсэн байна. Цонхны дээд талын угсармал ялууны бетон үе хэт нимгэн, ялууны гадаргууд нүх хонхорхой их байгаа нь огтлолын сулрал үүсгэх нөхцөл болж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн албан шаардлагад барилгад гарсан эвдрэлийн шалтгааны талаар тодорхой зүйл алга байна. Харин зураг төсөл, техникийн баримтын бүрдүүлэлтэд илэрсэн зөрчлийн талаар бичсэн нь үндэслэлтэй байсан. Барилгын хөгжлийн төвийн шинжээчдийн дүгнэлт үндэслэлтэй болно.” Гэж дурдсан байдаг. Ц.Цын амины орон сууц суултанд орж эвдэрсэн үндсэн шалтгаан нь гүйцэд нягтраагүй, асгамал хөрсний жигд бус нягтрал, жигд бус суулт бөгөөд дээрх зөрчлүүдээс гадна газар шороо, суурийн ажлын норм, дүрэм зөрчигдсөн явдал суултанд орох үндсэн нөхцөлийг нь бүрдүүлсэн байгаа” гэсэн болно.

Дээрх шинжээчдийн удаа дараагийн дүгнэлт, Ц.Цын байршилд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үүсгэсэн байсан эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208.1.1, 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон. Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор П.Баасанжав нь 04 тоот тогтоолыг эрүүгийн байцаан шийтгэх жиллагаанд оролцогч нарт огт мэдэгдэж танилцуулаагүй, гардуулж өгөөгүй бөгөөд танилцуулж гардан авсан бол би хуульд заасан эрхийн хүрээнд дээд шатны прокурорт гомдол гаргах байсан. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бын үйлдлээс шалтгаалан барилгад хагарал, цуурал үүсэхэд нөлөөлж ашиглах боломжгүй болсон нь Улсын Ерөнхий Прокурорын газрын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 4 тоот тогтоолоор нотлогдож байгаа гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.  Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д дурдсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхгүй бөгөөд хэрэв үүсгэсэн бол прокурор, шүүх хэргийг хэрэгсэхгүй болно. 24.1.1-д гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй 24.1.2-т хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол гэж заасан бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24.3-т Хэрэв дээрх хоёр үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гомдлоо прокурор ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж гэм буруутай эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Улсын ерөнхий прокурорын газрын 2014 оны  4 дугаартай тогтоолыг надад танилцуулаагүй, гардуулан өгөөгүй болно. Монгол Улсын Үндсэн Хуульд зааснаар гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтооно гэсэн заалтыг үндэслэж шүүх прокурорын тогтоолоор гэм буруутай байсан байна, гэм хорын хохирлыг төлөх үүрэгтэй гэж шууд шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан удаа дараагийн дүгнэлтээр нэхэмжлэгч өөрөө хөрсний шинжилгээг барилга барих газраас бус хажуугийн хөрснөөс хийлгэж, зураг төслийг батлуулаагүй, барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр чанарын шаардлага хангаагүй материалаар барилгын норм, дүрмийг баримтлаагүй барьснаас үүдэлтэй нь тогтоосон. Реконстракшн төвийн хийсэн дүгнэлтээр хөрсний жигд бус байдлаас шалтгаалж тухайн барилга эрт оройгүй суулт өгөх байсныг тогтоосон бөгөөд нэхэмжлэгч өөрөө суурийн блокоо цоолж нүх гаргаснаас хоёр хоногийн дараа цууралт үүссэн тул хариуцагчийн нүх ухсан үйлдлээс шалтгаалж барилга цууралт өгсөн гэж үзэх боломжгүй. Мөн тухайн  барилгыг барихад 159 сая төгрөг зарцуулсныг нотлосон баримтгүй байх бөгөөд тухайн барилгын ажлыг гүйцэтгэсэн Р.Төмөрбаатар 40 орчим сая төгрөгөөр барьсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байдаг. Нэхэмжилж буй 159 сая төгрөг бодит бус, зөвхөн барилга барихад шаардагдах төсөв байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Ц.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одгэрэл нь Б.Бт холбогдуулан гэм хорын хохиролд 159.585.237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

           Баянгол дүүргийн прокурорын 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20833408 дугаар тогтоолоор хариуцагч Б.Быг 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хорооллын хойд далангийн урд байрлах иргэн Ц.Цын эзэмшлийн орон сууцны хажууд өөрийн барилгын суурийн нүхийг суурь блокноос хэтрүүлэн ухсаны улмаас барилгад суулт өгч бусдад их хэмжээний хохирол болгоомжгүй учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн /2002 оны/ 1551 дугаар зүйлийн 1551.1-д зааснаар хэрэг үүсгэн шалгаж, улмаар 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 428 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасныг баримтлан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Улсын ерөнхий прокурорын газрын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 4 тоот тогтоолоор, дээрх тогтоолын үндэслэлд өөрчлөлт оруулж, Д.Бын барилгын хажуу талд нүх ухсан үйлдэл, цууралт өгсөн явдал хоорондоо шалтгаант холбоотойг дурдаад, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2-т зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, оруулсан байна. Хариуцагч дээрх тогтоолыг “өөрт нь гардуулаагүй, гомдол гаргана” гэх боловч энэ талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд уг тогтоол хүчин төгөлдөр болсон байна. /1хх-3, 10-16/

                 Маргааны үйл баримтын талаар зохигчдын тайлбараас дүгнэвэл хариуцагч Д.Б нь Ж.Отголоос худалдан авсан газартаа Л.Батхуягаар барилгын ажил гүйцэтгүүлэхээр захиалга өгч 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нүх ухуулсан, хажуугийн барилга болох нэхэмжлэгч Ц.Цын барилга нүх ухахаас өмнө цууралт өгөөгүй байсан гэдэгт маргаагүй. Мөн зохигчдын хэн алин нь барилгын ажлыг бусдаар гүйцэтгүүлэхдээ барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, барилга угсралтын ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөлгүй этгээдээр гүйцэтгүүлсэн, нэхэмжлэгч барилгын зураг төслийг экспертизээр хянуулж батлуулаагүй, “Хангай инж гео” ХХК-иар хөрсний инженер геологийн судалгааны дүгнэлт гаргуулах, буурь хөрсөнд зохиогчийн хяналт хийлгэхдээ холбогдох журмыг зөрчиж өөр барилгын талбайн судалгааны дүгнэлтийг ашиглаж хийлгэснээс хөрсний зузааныг бодитой тогтоож чадаагүй, хариуцагч нь барилгын гүйцэт бус 5 хуудас зураг төсөлтэй, экспертизээр хянуулж батлуулаагүй, инженер геологийн дүгнэлтгүйгээр нэхэмжлэгч Ц.Цын инженер геологийн судалгааны дүгнэлтийг ашигласан зэргээр Барилгын тухай хууль, холбогдох норм, дүрмийг баримтлалгүй зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн албан шаардлага, 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 05/394/3227 тоот улсын байцаагчийн дүгнэлт, Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 2/535 тоот дүгнэлтээр тус тус тогтоогдож байх бөгөөд зохигчид дээрх үйл баримтад маргаагүй. /1хх 19-27, 108-118, 156-159/

            Харин хариуцагч нүх ухахдаа хэтрүүлж ухаагүй, нэхэмжлэгч өөрийн барилгад чанарын шаардлага хангаагүй материалаар барилга угсралтын ажлыг буруу гүйцэтгүүлсэн, мөн цооног гаргаснаас барилгад цууралт өгсөн болох нь Реконскракшн төвийн дүгнэлтээр тогтоогдсон гэж гэм буруугийн асуудалд маргаж байна.

            Хэрэгт баримтаар авагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн улсын байцаагчийн албан шаардлага, 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 05/394/3227 тоот улсын байцаагчийн дүгнэлт, Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 2/535 тоот дүгнэлтүүдэд “Ц.Цын орон сууцны барилгын суурийн улны төвшнөөс доош 60 см орчим хэтрүүлэн ухсан” болохыг тогтоосон байна. Хариуцагч  хэрэг учрал болох үед улсын байцаагч ухсан нүхний гүнийг хэмжээгүй, хэтрүүлж ухаагүй гэх боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна, дүгнэлтийн дээрх хэсэгт холбогдуулан гомдол гаргаж байгаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан өөрийн тайлбараар тогтоогдож байна. Иймд дээрх тайлбар үндэслэлгүй.

            Мөн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Барилгын инженер, архитектурын сургуулийн оношлогоо, зураг төсөл, судалгааны "Реконстракшн" төвийн 2013 оны 3 дугаар сард хийсэн дүгнэлтэд барилгад ашигласан тоосго, зуурмагын лабораторийн шинжилгээг хавсаргаж, шаардлага хангасныг дурдсан байх тул барилгыг барихдаа чанарын шаардлага хангаагүй материал ашигласан гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна. /1хх 68-87/

            Түүнчлэн "Реконстракшн" төвийн хийсэн дүгнэлтэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 05/394/3227 тоот улсын байцаагчийн дүгнэлт, Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 2/535 тоот дүгнэлтүүдэд дурдсан “... хөрсийг хажуугийн барилгын суурийн улны төвшингээс хэтрүүлэн ухсанаас шалтгаалан иргэн Ц.Цын барилгад эвдрэл гарсан” тухай дүгнэлтийг үгүйсгээгүй, харин дээрх дүгнэлтүүдийг шинжээчид ирүүлээгүйгээс дүгнэлт өгөх боломжгүй тухай дурдсан байна. Иймд нэхэмжлэгчийн барилгын сууринаас 60 см хэтрүүлж нүх ухуулсан хариуцагчийн үйлдэл, барилгад цууралт өгч эвдэрсэн хохиролд нөлөөлөөгүй гэх баримтгүй гэж үзэн хохирол, үйлдэл хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

            Иймд хариуцагч нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй.

            Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах, түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болохоор заажээ.

            Хэрэгт авагдсан удаа дараагийн дүгнэлтүүдээр нэхэмжлэгч барилгын талбайн инженер геологийн судалгааг газар дээр нь цооног малталгүй хийлгэснээс хөрсний зузааныг бодитой тогтоогоогүй, сантехникийн шугамын холболт хийх зорилгоор суурийн гулдмайг механик аргаар цоолсон, хамар хананд арматур тавиагүй, хамар ханыг хучилтын хавтантай холбож бэхлэх норм, журмыг зөрчсөн, бүсний огтлолын бүрэлдэхүүнд мод оролцуулсан гэх зэргээр барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхдээ Монгол Улсад мөрдөж буй барилгын норм, дүрмийн заалтуудыг баримтлаагүй зөрчсөн үйлдэл хийж, гүйцэд нягтраагүй, асгамал хөрсний жигд бус нягтрал, жигд бус суулт нь барилгад хагарал үүсэх нөхцлийг бүрдүүлсэн болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар гэм хор учирсан нөхцөл байдал, нэхэмжлэгч, хариуцагч талын хэн алины гэм буруугийн хэр хэмжээг харгалзан хохирлыг 50:50 хувиар хариуцан арилгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-г шинжээчээр томилж, шинжээч дээрх хэмжээний барилга барихад 149.635.000 төгрөгний зардал шаардагдахыг тогтоожээ.  /1хх 174-234 дэх тал/

            Хариуцагч шинжээчийн дүгнэлтэд маргаагүй ч нэхэмжлэгчид бодит учирсан хохирлыг нотлосон баримтгүй, дээрх дүгнэлт барилга баригдахад шаардагдах төсөв гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, ийнхүү сэргээх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан, нэхэмжлэгч тухайн барилгыг 2007 онд анхдагч байдлаар бодитойгоор нөхөн бүрдүүлэхэд гарах зардлыг тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

Дээрхийг нэгтгээд эд хөрөнгөд учирсан хохиролд шинжээчийн тогтоосон 149.635.000 төгрөгнөөс 50 хувиар тооцон нийт 74.817.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д хамаарахгүй тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлүүлж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хэргийн оролцогчид түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

 

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар Д.Баас 74.817.500 /далан дөрвөн сая найман зуун арван долоон мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84.767.797 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 955.876 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас 532.037 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                       

                                    ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ

 

                       

                           ШҮҮГЧИД                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

                                                                                          Б.УУГАНБАЯР