Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 940

 

Ц.Ц-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00362 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-н нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-т холбогдох

Гэм хорын хохиролд 159 585 237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одгэрэл, Д.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ганбат, Э.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Ц нь 2006 онд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 хороолол, 19Б байрны хойд талд өөрийн эзэмшил газар дээр гражтайгаа 4 давхар барилга барьж эхэлсэн. Ингээд барилга суурийн болон угсралтын ажлыг бүрэн дуусган дотор заслаа хийж дуусаад цахилгааны монтаж холболтын ажил дутуу байсан. Гэтэл иргэн Ц.Ц-ын үндсэн хийц бүтээцийг нь угсарч дуусган, дотор засал хийж байсан барилга, түүнээс 9 метр орчим зайд байрлах “Золушка” цэцэрлэгийн барилгын хоорондох зайд хариуцагч Д.Б нь шинээр амины орон сууцны барилга барихаар 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр экскаватороор суурийн хүнхээл /нүх/-ийг ухаж, гарсан шороог машинаар зөөж зайлуулахдаа хажуугийн барилга болох иргэн Ц.Ц-ын барилгын суурийг ил гартал, уг барилгын улны төвшингээс 60 см орчим гүн хэтрүүлж ухсаны улмаас 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдөр барилгын зүүн талын хана, сууринд хагарал үүссэн. Улмаар барилгад цууралт үүсч, ашиглах боломжгүй болсоноор 2014 онд барилгыг албадан нураасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05-39/А1 дугаартай албан шаардлага, 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Барилгын эвдрэл гэмтлийн тухай 05-394/3227 тоот дүгнэлтээр Д.Б нь Ж.Отголоос худалдан авсан дээрх газартаа орон сууцны барилга барихаар нүх ухахдаа барилгын зураг төслийг батлуулаагүй, техникийн нөхцөл аваагүй, инженер геологийн тухайлсан дүгнэлт хийлгээгүй, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, газар шорооны ажлыг барилгын инженер гэх Л.Батхуяг удирдан хувь хүмүүсээр    гэрээ байгуулалгүй гүйцэтгүүлэхдээ Ц.Ц-ын барилгын суурийн улны түвшингээс 60 см орчим хэтрүүлэн ухсан, хүнхээлийн урд хэсэгт дахин нэмж 2 метр орчим гүнтэй нүх ухсанаас шалтгаалан иргэн Ц.Ц-ын амины орон сууцны барилгад эвдрэл гарсныг тогтоосон. Мөн тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Барилга хот байгуулалтын сайд Ц.Цолмонд хандсан 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2/1670 дугаартай албан бичигт “...уг барилгатай зэрэгцүүлэн амины орон сууцны барилга барихаар 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн барилгын суурийн газар шорооны ажлыг экскаватор хөлслөн гүйцэтгүүлэхдээ Ц.Ц-ын барилгын суурийн гулдмайн улны төвшингөөс 60 см орчим илүү ухжээ. Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02/535 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 05-394/3227 дугаартай дүгнэлтэд дурдсан барилгад гарсан эвдрэл гэмтэлтэй холбогдуулан өгсөн дүгнэлт үндэслэлтэй болохыг тогтоосон. Уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хариуцагч Д.Б нь бусдын эд хөрөнгөнд болгоомжгүйгээр онц их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 379 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байдаг бөгөөд шүүхээс тус хэргийн нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Баянгол дүүргийн прокурорын газрын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 428 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Ц.Ц түүний өмгөөлөгч нарын зүгээс Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасны дагуу Ерөнхий прокурорын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 4 дугаартай прокурорын тогтоолоор “шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан гэрч, шинжээч нарын мэдүүлгүүдээр иргэн Ц.Ц-ын нурсан орон сууцны шалтгаан нь барилгын хажуу талд нүх ухсан буюу Д.Б нь 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр барилга барихаар газар ухаж эхэлснээс хойш цууралт өгсөн болох нь тогтоогдож байна. Ц.Ц-ын амины орон сууцны барилгад цууралт өгч эвдрэл үүссэн нь хариуцагч Д.Б-ын  суурийн улны төвшингээс 60 см орчим гүн экскаватороор ухаж, гарсан шороог нь зөөсөн нь хоорондоо шалтгаант холбоотой болохыг тогтоосон ч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөрдөн байцаалтын шатанд Ц.Ц-ын төлөөлөгч эцэг Ч.Цэвэгдорж барилга барихад нийт 158 860 460 төгрөгийн зардал орсон тухай мэдүүлсэн байдаг. Хариуцагч чанаргүй материалаар барилгыг барьсан гэж байгаа ч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй. Харин ч хэрэгт авагдсан дүгнэлтүүдэд материал чанарын шаардлага хангасан тухай дурдсан байгаа. Хөрсний шинжилгээг анх хийлгэхдээ хажуугийн “Золушка” цэцэрлэгийн ухсан нүхнээс харьцуулж хийлгэсэн нь үнэн. Гэхдээ дээрх хөрсний шинжилгээг хариуцагч өөрийнхөө барилгад нэхэмжлэгчийн эцэг Ч.Цэвэгдоржоос авч өөрийнхөө барилгыг эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч бичиг баримтын хувьд зөрчилтэй байсан нь үнэн ч хариуцагч Д.Б-ын  барилга гар зураг төдий зургаар барилгыг эхэлсэн байхад нэхэмжлэгч Ц.Ц-ынх батлагдаагүй ч бүрэн хэмжээний зураг төсөлтэй, тодорхой хэмжээний судалгаануудтай байсан гэдгийг тухайн үед газар дээр очиж шалгасан Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтэд дурдсан байгаа. Мөн энэ тухай гэрч А.Мягмаржав мэдүүлсэн. Тухайн нөхцөлд үндсэн барилгын суурь баригдаад 2 жил орчим болсон байсан тул хэтрүүлж нүх ухаагүй бол барилга нураагүй байх байсан. Мөн 2014 онд албадан буулгах хүртэл барилга нураагүй байсаар байсан. Иймд Д.Б-с эд хөрөнгөд учирсан хохиролд 159 585 297 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Ц нь 2006 онд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19Б байрны хойд талд 3 давхар тоосгон барилгыг батлагдсан зураг төсөлгүй барьсан болох нь Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 02/535 дугаартай шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Уг дүгнэлтээр Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг хөрөнгө оруулагч, захиалагч тал биелүүлсэн гэх баримт бичиг байхгүй байна. Мөн Барилгын инженер геологийн “Экогидро гео” ХХК-ийн хагарч эвдэрсэн барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлтээр иргэн Ц.Ц нь 10мх12м хэмжээтэй талбайд 3 давхар, доороо зоорьтой хагарч эвдэрсэн барилга асгамал хөрс газрын гадаргуугаар 2.6-3.8 метрийн зузаантай тархсан ба элсэнцэр чигжээстэй хар хайрган хөрс нь сулавтар зэргийн овойлт үүсгэнэ. Хайргархаг шавранцар бүхий асгамал хөрс нь ачаалал дор жигд бус суулт үүсгэх даацат чадвар муутай хөрс барилгын суурийн хэмжээнд тархсан гэдэг нь тогтоогдсон болно. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оношилгоо зураг төсөл судалгааны “Реконтракшн” төвийн 2013 оны 03 дугаар сарын шинжээчийн дүгнэлтээр “Барилгын зураг төслийг улсын экспертизээр хянуулаагүй нь барилгын хөгжлийн төвийн шинжээчид тогтоосон байна. Суурь хөрсний жигд бус суултны нөлөөгөөр Ц.Ц-ын барилгын даацын үндсэн бүтээцүүд ихээхэн хэмжээгээр хэв гажилтад орж, цаашид ашиглах боломжгүй байна гэж дүгнэсэн. Мөн Барилгын бүтээц, суурийн ажлыг хийх явцад дараах зөрчлүүд гарсан гээд “хучилтын хавтан нормын заалт зөрчигдсөн, өөрөөр хэлбэл хучилтын хавтан бүстэй холбогдоогүйгээс суурийн суултын нөлөөгөөр хавтан тулгуураас мултарч унасан, Бүс бетоны дотор нь тоосго, мод оролцуулан цутгасан, бүсний бетоноос дээж авч, бат бэхийг тодорхойлоход бат бэх чанар үндсэндээ байхгүй байна, Цутгалтын чанар хангалтгүй байсан, Барилгын хананы уулзварууд дахь өргийг тороор арматурлах БНбД-ийн 3.9, 3.32 дугаар заалтууд зөрчигдсөн. Энэ нь гадаа хананы нурсан уулзварт арматур байхгүй, дотор хамар хананд арматур тавиагүй, хамар ханыг хучилтын хавтантай холбож бэхлээгүй зэрэг байдлаар нотлогдож байна. Асгамал болон ийм төрлийн хөрсөнд барилгын угсармал суурийн доод талд 12 мм-ийн голчтой 4 ширхэг дагуу арматур байрлуулах БНбД-ийн 7.1.7 дугаар заалтыг зөрчсөн байна. Зоорийн хаалганы 1.5 метрээс өргөн нүхний дээр цутгасан ялууны хананд дэрлэх хэмжээ 350 мм хүрэхгүй байгаа нь БНбД-ийн 3.41 дүгээр заалтыг зөрчсөн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн албан шаардлагад барилгад гарсан эвдрэлийн шалтгааны талаар тодорхой зүйл алга байна. Харин зураг төсөл, техникийн баримтын бүрдүүлэлтэд илэрсэн зөрчлийн талаар бичсэн нь үндэслэлтэй байсан. Барилгын хөгжлийн төвийн шинжээчдийн дүгнэлт үндэслэлтэй болно.” гэж дурдсан байдаг. Баянгол дүүргийн Прокурорын газраас 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үүсгэсэн байсан эрүүгийн хэргийг ЭБШхуулийн 208.1.1, 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон. Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор П.Баасанжав нь 04 тоот тогтоолыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт огт мэдэгдэж танилцуулаагүй, гардуулж өгөөгүй бөгөөд танилцуулж гардан авсан бол би хуульд заасан эрхийн хүрээнд дээд шатны прокурорт гомдол гаргах байсан. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б-ын  үйлдлээс шалтгаалан барилгад хагарал, цуурал үүсэхэд нөлөөлж ашиглах боломжгүй болсон нь Улсын Ерөнхий прокурорын газрын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 4 тоот тогтоолоор нотлогдож байгаа гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. ЭБШхуулийн 24.3-т Хэрэв дээрх хоёр үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гомдлоо прокурор ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж гэм буруутай эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан. Мөн тухайн барилгыг барихад 159 сая төгрөг зарцуулсныг нотлосон баримтгүй байх бөгөөд тухайн барилгын ажлыг гүйцэтгэсэн Р.Төмөрбаатар 40 орчим сая төгрөгөөр барьсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байдаг. Нэхэмжилж буй 159 сая төгрөг бодит бус, зөвхөн барилга барихад шаардагдах төсөв байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-с 74 817 500 /далан дөрвөн сая найман зуун арван долоон мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц-толгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84 767 797 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 955 876 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас 532 037 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: .....Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилга хот байгуулалтын сайд Ц.Цолмонд хандсан 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2/1670 дугаартай албан бичгээр ...уг барилгатай зэрэгцүүлэн амины орон сууцны барилга барихаар 2008 оны 5 дугаар сарын 28-наас эхлэн барилгын суурийн газар шорооны ажпыг экскаватор хөлслөн гүйцэтгүүлэхдээ Ц.Ц-ын барилгын суурийн гулдмайн улны төвшингөөс 60 см орчим илүү ухжээ. Суурийн нүхийг ингэж илүү ухсанаас үүдэн иргэн Ц.Ц-ын орон сууцны барилгын суурийн доорх ул хөрс гадагшаа шилжин, суурь гулсан суусан байдалтайгаар эвдрэл үүсэн байна гэж нэхэмжлэгч талын амины орон сууцны цууралт өгч дахин ашиглах боломжгүй болсон нөхцөл байдлыг тогтоож дурдсан байдаг. /хх-ийн 122 тал/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Барилгын эвдрэл гэмтлийн тухай 05-394/3227 тоот дүгнэлтээр хариуцагч нь барилгад инженер геологийн тухайлсан дүгнэлт хийлгүүлэлгүйгээр иргэн Ц.Ц-ын амины орон сууцны барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлтийг ашиглан суурийн нүхийг ухахдаа уг барилгын газар шорооны ажлыг эрхлэх зөвшөөрөлгүй, хувь хүмүүстэй тохиролцож, гэрээгүйгээр гүйцэтгүүлсэн нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн..., ажлын тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх зэрэг хууль тогтоомж, барилгын норм дүрмийн заалтуудыг хэрэгжүүлээгүй нь дээрх эвдрэл гэмтэл гарахад нөлөөлсөн гэж тогтоосон. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхдээ Монгол Улсад мөрдөж буй барилгын норм, дүрмийн заалтуудыг баримтлаагүй, гүйцэд нягтаршилгүй, жигд бус нягтралтай асгамал хөрстэй газар дээр барилгаа барьсны улмаас суурь нь барилгад хагарал үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй....Барилгад эвдрэл гарахаас өмнө нэхэмжлэгч талын барилгад ямар нэгэн доголдол гараагүй байсан нь тогтоогддог. Мөн хариуцагч Д.Б нь 149 635 000 төгрөгийн зардал гаргасан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байдаг. Анхан шатны шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор Д.Б нь 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр барилга барихаар газар ухаж эхэлснээс хойш цууралт өгсөн болохыг тогтоосон байна. Улсын дээд шүүхээс “...эрүүгийн хэргийг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-24.1.6-д зааснаар хэрэгсэхгүй болгосон... бол хохирол арилгуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө...” гэж тайлбарласан  бөгөөд нэхэмжлэгч тал нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байхад анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бусад баримттай харьцуулан үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: .....Ц.Ц нь эрүүгийн хэрэгт хохирогчоор бус харин Ч.Цэвэгдорж гэдэг хүн байсан байна. /хх-ийн 119/ Ц.Ц-ын аав Ч.Цэвэгдорж нь Япон улсад ажиллаж, амьдарч байсан хүүгээсээ мөнгө авч тухайн маргаан бүхий барилгыг бариулсан гэх боловч Ц.Ц нь аав руугаа хэрхэн яаж мөнгө шилжүүлсэн, хэдэн төгрөгөөр барилга бариулсан талаар үйл баримтыг  тодорхойлсон нотлох баримт байдаггүй ба шүүх энэ талаар дүгнэсэнгүй. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “...Улсын Ерөнхий прокурорын газрын 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Д.Б-ын  барилгын хажуу талд нүх ухсан үйлдэл, цууралт өгсөн явдал хоорондоо шалтгаант холбоотойг дурдаад, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, тогтоол хүчин төгөлдөр болсон байна гэж дүгнэсэн. Барилгыг 159 585 237 төгрөгөөр бариулсан гэх тооцоог Ч.Цэвэгдорж гуай өөрөө гаргасан боловч энэ хэмжээний мөнгийг хэнээс, хэрхэн авсан нь тодорхой бус, гаргасан гэх зардлын анхан шатны нэг ч баримт байдаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэгчийн зүгээс шинжээч томилуулсан ба “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 810 дугаар шинжээчийн дүгнэлтээр 149 635 000 төгрөгөөр тухайн объект босох боломжит тооцоог төсвийн хэмжээнд гаргасан дүнгийн 50 хувиар тооцон шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй юм. Мөн хавтаст хэрэгт байдаг баримтаас харахад жишээ дурдвал Ч.Цэвэгдорж нь зургийн төсөл гаргасан Л.Баясгаланд 1 000 000 төгрөгийг, хөрсний шинжээч н.Чанцалмаад 100 000 төгрөгийг, барилгыг бүхэлд нь барьсан гэх барилгын инженерийн мэдлэггүй, мэргэжлийн бус ажилтан нарт 5 500 000 төгрөгийг өгсөн байдаг атал шинжээчийн хийсэн төсөлд дээрх мөнгө нь зургийн төсөлд 3 сая, барилга барихад 9 900 000 төгрөгийг зарцуулагдахаар тусгасан байдаг зөрүүтэй байдал нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг зөрчсөн. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар эрүүгийн хэргийг хаасан атал анхан шатны шүүхээс гэм буруутай байдлыг тогтоож гэм хор гэж үзэн хохирлыг тал хувиар нь гаргасан  нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх  заалтыг зөрчсөн. Улсын Дээд шүүхийн 2009 оны 15 дугаар тогтоолд “Гэм буруугүй болохоо нотолсноор хариуцлагаас чөлөөлөгдөх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасан зохицуулалт зөвхөн хуульд заасан тохиолдолд эрүүгийн хэргийн иргэний хариуцагчид хамаарна...” гэж тайлбарласан байдаг ба гэм буруутай байдал тогтоогдоогүй үйл байдал нь гэм хороос чөлөөлөгдөх үндэслэл болно. Эрүүгийн хэрэг хянан шалгагдаж байх явцад мөрдөн байцаагчийн зүгээс томилуулсан “Эко гидро гео” ХХК-ийн 2012 оны ЗТ19-864/10 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62, 63, хавсралт 2, 3/, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Р” төвийн 2013 оны техникийн дүгнэлтүүдийг /хх-ийн 73, 84/ гаргуулсан байдаг ба түүнд маргаж буй объектыг барилгын дүрэм журмыг баримтлаагүй, хөрсний шинжилгээ хийлгээгүй, барилгыг зориулалтын бус материал оролцуулан барьсан зэрэг байдлуудыг тодорхой дүгнэсэн байдаг. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар  хуурамчаар хөрсний шинжилгээ хийсэн гэх н.Чанцалмаа, барилгын зураг төслийг хуулийн дагуу хийгээгүй Л.Баясгалсан, барилга барих зөвшөөрөлгүй барилгыг барьсан ажилтнууд гэх мэт олон этгээд хамтран хариуцахаар харагдаж байгааг шүүх дүгнэсэнгүй. Эцэст нь Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэгт “3охих ёсоор арчилж хамгаалаагүй, гэмтэл согогтой байснаас бусад тохиолдолд байшин барипга бүтэн буюу хэсэгчлэн нурсны улмаас учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна...” гэсний дагуу нэхэмжлэгчийн хэт хайхрамжгүй байдлаас болж барилга нурсны дагуу нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаж байна.

           

Нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч Д.Б-т холбогдуулан гэм хорын хохиролд 159 585 237 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Ц нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хорооллын хойд далангийн урд,19Б байрны ард байрлах 120 м2 талбай бүхий, амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй газар дээр 2006 онд зоориос гадна 4 давхар тоосгон барилга барьсан. / 1хх-ийн 3, 10-16 / Хариуцагч Д.Б нь уг барилгын хажууд байрлах, иргэн Ж.Отголоос худалдан авсан газарт 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр эксковатороор барилгын суурийн хүнхээлийг  Ц.Ц-ын барилгын сууриас доош 60 см орчим гүн ухаж гарсан шороог зөөж байх явцад 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдөр барилгын дотор хананд цууралт өгч, зүүн талын даацын хана болон сууринд ташуу чиглэлийн олон тооны 40-45 см орчим хагарал гарсан, 4 үеэр өрсөн суурийн гулдмай  доош сууж  гадагш цүлхийсэн, барилгын нүүрэн талд нийт өндрийн дагуу гурван хэсэг  газар баруунаас зүүн доош чиглэсэн хагарлууд гарсан,... зүүн хойд булангийн гадна хана нэгдүгээр давхарт цөмөрч, тоосгонд бяцрал үүссэн, ялуу хугарсан, цонх доош жишиж суусан зэрэг эвдрэл гэмтэл учирч, улмаар барилгад цууралт үүсч, ашиглах боломжгүй болсноор 2014 онд уг амины орон сууцны барилгыг албадан нураасан болох нь  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн албан шаардлага, 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 05/394/3227 тоот улсын байцаагчийн дүгнэлт, Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 2/535 тоот дүгнэлт, хариуцагч Д.Б-ын  гэм буруугийн асуудлыг эрүүгийн хэрэгт шалгах явцад прокурорын гаргасан тогтоол, яллах дүгнэлт, хариу мэдэгдэх хуудас, шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгийн тэмдэглэлүүд зэрэг бичмэл баримтууд, хэрэгт хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан хийгээд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  тогтоогджээ. /хх-ийн  3-16, 9-27, 108-118, 156-159/

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Ц-ын барилга хариуцагч Д.Б-ыг барилгын суурийн хүнхээл ухуулж эхлэхээс  өмнө цууралт өгөөгүй байсан нөхцөл байдлыг харгалзан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн улсын байцаагчийн албан шаардлага, 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 05/394/3227 тоот улсын байцаагчийн ажлын хэсгийн дүгнэлт, Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 2/535 тоот дүгнэлтүүдээр нэхэмжлэгчийн барилгын сууринаас 60 см хэтрүүлж хүнхээл \нүх\ ухуулсан хариуцагчийн үйлдэл, нэхэмжлэгчийн барилгад цууралт өгч эвдэрсэнтэй шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь зөв байна.

Хариуцагч талын татгалзлаа үндэслэж байгаа “Р” төвийн хийсэн техникийн дүгнэлтээр  “...иргэн Ц.Ц-ын амины орон сууц суултанд орж эвдэрсэн үндсэн шалтгаан нь гүйцэд нягтраагүй, зузааны хувьд барилгын байгуулалтын хувьд ихээхэн ялгаатай асгамал хөрсний жигд бус нягтралт жигд бус суулт мөн бөгөөд үүнд уг дүгнэлтийн хариулт-2 хариулт-3-т дурдсан зөрчлүүдээс гадна газар шороо, суурийн ажлыг явуулах норм, дүрэм зөрчигдсөн явдал суултанд орох  үндсэн нөхцлийг бүрдүүлсэн байна...” гэснээс үзэхэд уг дүгнэлт нь зохигчдын хэн алинаар үйлдэл, эс үйлдэлд хамааралтай байна. \хх-ийн 73\

Мөн дээрх дүгнэлтээр хариуцагч хөрсийг хажуугийн барилгын суурийн улны төвшингээс хэтрүүлэн ухсанаас шалтгаалан иргэн Ц.Ц-ын барилгад эвдрэл гарсан тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 05/394/3227 тоот улсын байцаагчийн дүгнэлт, Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 2/535 тоот дүгнэлтийг үгүйсгээгүй, харин дээрх дүгнэлтүүдийг шинжээчид ирүүлээгүйгээс дүгнэлт өгөх боломжгүй талаар дурдсан байна.

Зохигчдын хэн аль нь барилгын ажлыг бусдаар гүйцэтгүүлэхдээ барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, барилга угсралтын ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөлгүй этгээдээр гүйцэтгүүлсэн, нэхэмжлэгч барилгын зураг төслийг экспертизээр хянуулж батлуулаагүй, “Хангай инж гео” ХХК-иар хөрсний инженер геологийн судалгааны дүгнэлт гаргуулах, буурь хөрсөнд зохиогчийн хяналт хийлгэхдээ холбогдох журмыг зөрчиж өөр барилгын талбайн судалгааны дүгнэлтийг ашиглаж хийлгэснээс хөрсний зузааныг бодитой тогтоож чадаагүй, хариуцагч нь барилгын гүйцэт бус 5 хуудас зураг төсөлтэй, экспертизээр хянуулж батлуулаагүй, инженер геологийн дүгнэлтгүйгээр нэхэмжлэгч Ц.Ц-ын инженер геологийн судалгааны дүгнэлтийг ашигласан зэргээр Барилгын тухай хууль БНбД-үүдийн холбогдох заалтуудыг баримтлаагүй зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн албан шаардлага, 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 05/394/3227 тоот улсын байцаагчийн дүгнэлт, Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 2/535 тоот дүгнэлтээр тус тус тогтоогджээ. /1хх-ийн 19-27, 108-118, 156-159 /

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцан арилгах  үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-г шинжээчээр томилж, шинжээч дээрх хэмжээний барилга барихад  149 635 000 төгрөгний зардал шаардагдахыг тогтоожээ./1хх 174-234 дэх тал/

Нэхэмжлэгч 2007 оны байдлаар тооцон хохирлыг нэхэмжилсэн, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК дүгнэлт гаргахдаа иргэн Ц.Ц-ын амины орон сууцны эскиз зураг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, барилгын баригдаж буй үеийн гэрэл зураг, буулгасан барилгын газар дээрх өнөөгийн байдал зэргийг үндэслэн барилгын хийц бүтээцийг тодорхойлж, уг 10м*12м хэмжээтэй зоорийн давхар бүхий 3 давхар орон сууцны барилга барихад 2007 онд ямар хэмжээний зардал  гарсан  болохыг  тухайн үед мөрдөж байсан дүрэм журам, нормативыг баримталж тогтоосон талаар дүгнэлтдээ заасан ба хариуцагч дүгнэлтийг танилцаад  дахин дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй буюу маргаагүй байх тул шүүх шинжээчийн тогтоосон 149 635 000 нэхэмжлэгчид учирсан хохирол гэж дүгнэж  шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэгт иргэн Ц.Ц-ын амины орон сууцны барилгын ажлын төсвийг  2007 оны байдлаар 159 585 297 төгрөгөөр тооцон тогтоож байсныг дурьдах нь зүйтэй.     \х-ийн 132\

Анхан  шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алины гэм бурууг харгалзан барилга эвдэрч нурсантай холбоотой учирсан хохирлын хариуцлагыг хуваарилсан нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт нийцжээ.

Дээр дурдсан дүгнэлтүүдээр нэхэмжлэгч Ц.Ц барилгын талбайн инженер геологийн судалгааг газар дээр нь цооног малталгүй хийлгэснээс хөрсний зузааныг бодитой тогтоогоогүй, сантехникийн шугамын холболт хийх зорилгоор суурийн гулдмайг механик аргаар цоолсон, хамар хананд арматур тавиагүй, хамар ханыг хучилтын хавтантай холбож бэхлэх норм, журмыг зөрчсөн, бүсний огтлолын бүрэлдэхүүнд мод оролцуулсан  зэргээр барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхдээ Монгол Улсад мөрдөж буй барилгын норм, дүрмийн заалтуудыг баримтлаагүй, гүйцэд нягтраагүй, асгамал хөрсний жигд бус нягтрал, жигд бус суулт нь барилгад хагарал үүсэх нөхцлийг бүрдүүлсэн болон хэргийн нөхцөл байдал, хариуцагчийн гэм буруугийн хэр хэмжээ зэргийг үндэслэн хохирлын нийт дүнгийн тавин хувийг нэхэмжлэгчийн эрсдэлд тооцож, үлдэх тавин хувийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцлагаас чөлөөлөх тухай хариуцагчийн гомдол үндэслэлгүй байхаас гадна мөн  хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэгт заасан зохицуулалт талуудын маргаанд хамааралгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан тул прокурорын тогтоолоор Д.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэл нэхэмжлэгч, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.