Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 117/2020/0017/З/Н |
Дугаар | 221/МА2022/0655 |
Огноо | 2022-10-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2022/0655
Н.У, Д.Э, Ж.Э нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Эийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Э,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Уранбилэг, Д.Энхтүвшин, Ж.Энхжаргал,
Хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Э,
Гуравдагч этгээд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг,
Гуравдагч этгээд “Тэнгэрийн тэмдэг” ХХК,
,
Нэхэмжлэлийн шаардлага: ““...2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл хууль бус байсан болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч,
Хариуцагч Э.Э,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
Хэргийн индекс: 117/2020/0017/З/Н
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2, Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Э, Н.У, Д.Энарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэжээ.
2. Хариуцагч Э.Э дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1 Тус аймгийн Сайнцагаан суманд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25. 6-д заасан барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу олгосон юм. Уг барилгын ажлын зураг төслийг “Г” ХХКболовсруулж, уг зураг төсөлд Барилгын хөгжлийн төв магадлал хийж магадлалын зөвшөөрсөн дүгнэлтийг гаргасан байдаг. Зураг төсөл хийсэн болон зураг төсөлд магадлал хийж зөвшөөрсөн дүгнэлт гаргасан дээрх байгууллагууд хариуцвал зохих маргаан байхад нэхэмжлэгч нар хариуцагчаа буруу тодорхойлж, шүүх хүлээн авч үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
2.2. Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож буй 2022 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн шинжээчийн дүгнэлт нь урьд нь шүүгчээс Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилоход дүгнэлт гаргах боломжгүй талаараа тайлбар ирүүлсээр байхад дахин товчоор хэлбэл “танай байгууллагаас өөр дүгнэлт гаргах байгууллага байхгүй” хэмээн гаргуулсан дүгнэлт. Гэтэл энэхүү дүгнэлтийг гаргасан байгууллага нь Сайнцагаан суманд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгын зураг төсөлд магадлал хийж зөвшөөрсөн дүгнэлтийг гаргасан ба энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа.
Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21 дугаартай шийдвэрийг Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 128.1.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасны дагуу хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ж.Э, Н.У, Д.Э нар нь Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ээд холбогдуулан “...2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч Ж.Э-с 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ээд холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржавт хуваарилагдаж улмаар 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
4. Харин нэхэмжлэгч Н.У, Д.Э нараас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ээд холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь мөн тухайн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржавт хуваарилагдаж улмаар 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
5. Мөн шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 81 дүгээр шүүгчийн захирамжаар дээрх хоёр хэргийг нэгтгэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 84 дүгээр захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шүүгчийн захирамжид гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.
6. Тухайн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэрэнрагчаад хуваарилсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан Ерөнхий шүүгч Б.Сугиржаваас шүүгч В.Цэрэнрагчаад хэргийг ямар үндэслэлээр, хэрхэн шилжүүлсэн талаарх Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол болон холбогдох баримт хэрэгт байхгүй байна.
7. Улмаар шүүгч В.Цэрэнрагчаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д заасныг зөрчсөн байх тул “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж үзэж, мөн хуулийн 121.1.4, 121.3.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ