Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/01359

 

Б.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00114 дүгээр шийдвэр

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 46 дугаар магадлалтай

Б.Тын нэхэмжлэлтэй

Ж.Бд холбогдох

Түрээсийн гэрээний төлбөрт 48 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ж.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Т нь 2015 оны 07 сарын 02-нд Орхон аймгийн Эрдэнэт Ус ХХК-д жолооч ажилтай Бтай өөрийн эзэмшлийн экскаваторыг 3 сарын хугацаагаар сарын 11.500.000 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээ байгуулснаас хойш Ж.Б хугацаандаа төлбөрөө хийлгүй, өнөөдрийг хүртэл 2 жил гаруй болж байна. Ж.Бгаас удаа дараа утасдаж нэхэж байсан бөгөөд өөрийн биеэр ирж өчнөөн төгрөгийн зардал чирэгдэл гаргаж байна. Ж.Бгаас түрээсийн төлбөрийн хугацаа хэтэрсний хүү 48.750.000 төгрөг нэхэмжилж 2017 оны 06 сарын 08-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Эвлэрүүлэн зуучлалаас Ж.Бг хаягандаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж өргөдлийг буцаасан болно. Оршин суух хаяг тодорхойгүйгээс шүүхэд хандах эрх зөрчигдөж байсан тул шүүхэд хүсэлт гаргаж Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/00809 тоот захирамжаар Ж.Бг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн. Иймд Ж.Бгаас 3 сарын түрээсийн төлбөр 34.500.000 төгрөг, хугацаа хэтэрсний хүү, торгууль 17.250.000 төгрөг бүгд 51.750.000 төгрөг нэхэмжилж байгаагаас 3.000.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 48.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 он гараад интернетээс экскаватор түрээслүүлнэ гэсэн зарын дагуу Б.Ттай утсаар холбогдсон. Дараа нь 2015 оны 07 сарын 02-нд экскаваторыг нь 2.200.000 төгрөгөөр Улаанбаатараас Эрдэнэтэд авчруулсан. Би экскаваторыг нь хараад чиний экскаватор муу юм байна. Эртний экскаватор юм байна шүү дээ. Ажлын бүтээмж байхгүй юм байна даа гэж хэлсэн. Т авчирсных ажиллуулчихаа гээд гуйсан. Эхний хоёр сарын хөлсийг 7.500.000 төгрөг гэж тохиролцоод аман гэрээ хийгээд дараагийн гурав дахь сараас 11.500.000 төгрөг гэж ярьж тохирсон. Ажил бага сага олдож байсан боловч эксковаторын эвдрэлийн улмаас ажил бага хийсэн. Би экскаваторыг эзэмшиж байх хугацаандаа сэлбэг 4.434.000 төгрөг, шатах тослох материалын зардалд 8.645.000 төгрөг, засвар үйлчилгээний хөлсөнд 4.350.000 төгрөг, ажлын хувцас цэвэрлэгээний материалд 215.000 төгрөг, Б.Тыг 2 удаа ирэхэд 50 литр түлш 350.000 төгрөг, 30 литр түлш 150.000 төгрөг, экскаваторын жолоочийн цалин 4.500.000 төгрөгийн зардлуудыг гаргасан. Олж хийсэн ажлын хөлснөөсөө нэхэмжлэгчид 4.300.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 29.276.000 төгрөг зарцуулсан. Манайх оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа нь үнэн, өөрийн эзэмшлийн орон байргүй байгаа тул түрээсийн байранд амьдарч байна. Ж.Б би Эрдэнэт Ус ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа зүрхний шигдээс болж 2017 оны 03 сарын 24-нд хагалгаанд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж ажилгүй болсон. Зүрх судасны эмчийн хяналтад байж эмчилгээ байнга хийлгэх шаардлагатай тул хотод байнга эмчлүүлж байна. Иймд Б.Тын өргөдөлдөө бичсэн зардлуудыг гаргаж өгөх боломжгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00114 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Бгаас 47 250 000 төгрөг гаргуулан Б.Тт олгож, нэхэмжлэлээс 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 394 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2017.12.28-ны өдрийн 142/ШЗ2018/00077 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд хэвээр байхыг зааж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 46 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00114 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Ж.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ж.Б миний бие Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00114 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 46 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч би 2015 онд зарын дагуу Б.Таас экскаватор түрээслэсэн. 2015 оны 07 сард экскаваторыг өөрийн зардлаар 2 200 000 төгрөгөөр Улаанбаатар хотоос ачиж авчруулсан.  Экскаваторыг ачиж авчирсны дараа харахад муу, хуучин загварын машин байсан. Би Б.Тт чиний экскаватор машин их муу юм байна, ажлын бүтээмж багатай юм байна даа гэж хэлэхэд Б.Т “...нэгэнт ачиж авчруулсных ажиллуулчих” гэж гуйсан. Экскаватор миний эзэмшилд байх хугацаанд засвар үйлчилгээ болон бусад зардалд би нийт 29 276 000 төгрөгийг зарцуулсан.

Б.Т бид түрээсийн эхний 2 сарыг 7 500 000 төгрөг 3 дахь сарыг 11 500 000 төгрөг гэж амаар тохиролцсон. Тухайн үед бидний дунд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй харин 09 сард гэрээг надтай байгуулсан. Энэхүү гэрээ анх 2 хуудас л байсан. Харин шүүхэд хандсан үеэс 2 хуудас гэрээ нэмэгдэж 3 хуудас болж орж ирэн торгууль гэх зүйл гарч ирсэн. Бидний анхны тохиролцоонд торгууль алдангийн тухай ерөөсөө байгаагүй.

Хариуцагч миний бие шийдвэр болон магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 288.1-д “...эд хөрөнгийн доголдолгүй эд хөрөнгө хөлслүүлэгчид хүлээлгэн өгөх” тухай заасан байтал хөлслүүлэгч зөрчиж нилээд их эвдрэлтэй машин хүлээлгэж өгсөн. Энэхүү гэрээг тухайн цаг үед биш сүүлд 09 сард нөхөж хийсэн нь гэрээний талуудын тэгш байдлыг алдагдуулж гэрээг хөлслөгчид илт хохиролтой хийсэн. Тус гэрээний 6.2-т “түрээслэгч гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 1 хувийн торгууль хүлээнэ” гэж заасан байдаг. Иргэний хуулийн 232.5-д торгуулийн талаар тодорхой заасан байдаг. Хуулинд торгуулийг хоног тутамд гэж тооцож авах гэсэн зохицуулалт байхгүй. Үүнийг нэхэмжлэгч гэрээнд хууль зөрчиж тусгасан. Гэтэл анхан шатны шүүх торгууль гэж заасан хэлцлийг алдангийн нөхцөл байна гэж өөрчлөн алдангид 17 250 000 төгрөг төлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэв тус гэрээний 6.2-т заасан 1 хувийн нөхцөл нь алданги юм бол Иргэний хуулийн 232.6-д заасан “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.

Дээрх нөхцөл байдлуудын улмаас алданги гэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин анх тохиролцсон тохиролцооны дагуу эхний 02 сарын төлбөрийг 7 500 000 төгрөгөөр, сүүлийн нэг сарын төлбөрийг 11 500 000 төгрөгөөр нийт 26 500 000 төгрөгийг төлөхийг нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрч байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00114 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 46 дугаар магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлээс 20 750 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Т нь Ж.Бд холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 48 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Зохигчид 2015  оны 07 дугаар сарны 02-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, тус гэрээгээр түрээслүүлэгч Б.Т нь өөрийн өмчлөлийн экскаваторыг түрээслэгч Ж.Бд 3 сарын хугацаатай, сарын 11 500 000 төгрөгөөр түрээслүүлэхээр, түрээслэгч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөхөөр, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд түрээслэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутам үнийн дүнгийн 1 хувийн торгууль хүлээхээр харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Хариуцагч түрээсийн төлбөрийг эхний хоёр сард 7 500 000 төгрөг, 3 дахь сарын төлбөрт 11 500 000 төгрөг төлөхөөр тохирсон, гэрээг нөхөж хийсэн гэж тайлбарлах боловч хариу тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй тул хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 47 250 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн экскаваторыг гэрээний хугацаанд ашигласан талаар хариуцагч маргаагүй тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д зааснаар эд хөрөнгө хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй үндэслэлээр гэрээний хугацаанд төлөх ёстой төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Харин үүргийн гүйцэтгэлийг хангах арга болсон алданги нэхэмжилсэн шаардлагыг шийдвэрлэхдээ талуудын тохиролцсон гэрээний нөхцөлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1., 198.2-т заасны дагуу зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5.-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ”, 232.6.-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус тодорхойлжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2.-т “түрээслэгч гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 1 хувийн торгууль хүлээнэ” гэж тохиролцсон байна.

Гэрээний заалтыг тайлбарлахдаа юуны өмнө үгийн шууд утгыг анхаарна гэж Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.1.-д зохицуулсан.

Гэрээний дээрх заалтад хэдийгээр төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн “хоног тутамд” хариуцлага тооцохоор тохиролцсон нь алдангийн шинжийг агуулж байх боловч талууд нэгдүгээрт:  анзын төрлийг “торгууль” гэж шууд тодорхойлсон, хоёрдугаарт: “үнийн дүнгийн” гэсэн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж тухайлан заагаагүй тул гэрээний үнийн дүн гэж ойлгогдохоор, гуравдугаарт: торгуулийн хэмжээг үнийн дүнгийн 1 хувиар тогтоосон нь алданги тооцох хэмжээнээс илүү хэмжээгээр тогтоосон байх тул талуудын хоорондох хариуцлага тооцох тохиролцоог торгууль төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэстэй байна.  

Иймд гэрээний үнийн дүнгийн 34 500 000 төгрөг дээр дээрх үнийн дүнгийн 1 хувийн торгууль /34 500 000 х1%/ 345 000 төгрөгийг нэмж нийт 34 845 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3 000 000 төгрөгийг хасч үлдэх 31 845 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алдангийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 46 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00114 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...47 250 000 ...” гэснийг “...31 845 000...” гэж, “...1 500 000...” гэснийг “...16 905 000...” гэж, 2 дахь заалтын “...394 200...” гэснийг “...317 175...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                         Х.ЭРДЭНЭСУВД