Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00114

 

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2018/00114

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,Б.Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Ж.Б-д холбогдох

“Түрээсийн гэрээний үүрэг гэж 48 750 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б.Т нь 2015 оны 07 сарын 02-нд Орхон аймгийн “Эрдэнэт Ус” ХХК-д жолооч ажилтай Баяраатай өөрийн эзэмшлийн экскаваторыг 3 сарын хугацаагаар сарын 11 500 000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээ байгуулснаас хойш Ж.Б- хугацаандаа төлбөрөө хийлгүй, өнөөдрийг хүртэл 2 жилр гаруй болж байна. Ж.Б-гаас удаа дараа утасдаж нэхэж байсан бөгөөд өөрийн биеэр ирж өчнөөн төгрөгийн зардал чирэгдэл гаргаж байна. Ж.Б-гаас түрээсийн төлбөрийн хугацаа хэтэрсний хүү 48 750 000 төгрөг нэхэмжилж 2017 оны 06 сарын 08-ний өдөр эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Эвлэрүүлэн зуучлалаас Ж.Б-г хаягандаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж өргөдлийг буцаасан болно. Оршин суух хаяг тодорхойгүйгээс шүүхэд хандах эрх зөрчигдөж байсан тул шүүхэд хүсэлт гаргаж Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/шш2017/00809 тоот захирамжаар Ж.Б-г эрэн сурвалжилж хаягийг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн. Иймд Ж.Б-гаас 3 сарын түрээсийн төлбөр 34 500 000 төгрөг, хугацаа хэтэрсэний хүү торгууль 17 250 000 төгрөг бүгд 51 750 000 төгрөг нэхэмжилж байгаагаас 3 000 000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 48 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2015 он гараад интернет дэх зар хараад сууж байтал экскаватор түрээслүүлнэ гэсэн зарын дагуу Б.Ттай утсаар холбогдсон. Дараа нь 2015 оны 07 сарын 02-нд экскаваторыг нь 2 200 000 төгрөгөөр Улаанбаатараас Эрдэнэтэд авчруулсан. Экскаватор нь их хуучин, цонхнууд шилгүй, ажлын бүтээмж муу, ажил хийж байхад байнга эвдэрдэг, тос масло их гоождог, шанаганы хошуу нь гагнаатай байсан тэрэнд нь байнга гагнаа шаардлага болдог байсан. Нэг ажил хийх гэж л байхад эвдрээд дараагийн экскаватор ордог байсан. Үүнийг экскаваторыг жолоодож байсан жолооч гэрчилнэ. Би экскаваторыг нь хараад “чиний экскаватор муу юм байна. Эртний экскаватор юм байна шүү дээ. Ажлын бүтээмж байхгүй юм байна даа гэж хэлсэн. Түвшинбаяр авчирсных ажилуулчихаа гээд гуйсан. Эхний хоёр сарын хөлсийг 7 500 000 төгрөг гэж тохиролцоод аман гэрээ хийгээд дараагийн гурав дахь сараас 11 500 000 төгрөг гэж ярьж тохирсон. Гэвч ажил бага сага олдож байсан боловч экскаваторын эвдрэлийн улмаас ажил бага хийсэн. Би экскаваторыг эзэмшиж байх хугацаандаа сэлбэг 4 434 000 төгрөг, шатах тослох материалын зардалд 8 645 000 төгрөг, засвар үйлчилгээний хөлсөнд 4 350 000 төгрөг, ажлын хувцас цэвэрлэгээний материалд 215 000 төгрөг, Б.Тыг 2 удаа ирэхэд 50 литр түлш 350 000 төгрөг, 30 литр түлш 150 000 төгрөг, экскаваторын жолоочийн цалин 4 500 000 төгрөгийн зардлуудыг гаргасан. Олж хийсэн ажлын хөлснөөсөө түүнд 4 300 000 төгрөг шилжүүлсэн. Нийт 29 276 000 төгрөг зарцуулсан. Манайх оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа нь үнэн, өөрийн эзэмшлийн орон байргүй байгаа тул түрээсийн байранд амьдарч байна. Ж.Б- би “Эрдэнэт Ус”-д жолоочоор ажиллаж байхдаа зүрхний шигдээс болж 2017 оны 03 сарын 24-нд хагалгаанд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж ажилгүй болсон. Зүрх судасны эмчийн хяналтад байж эмчилгээ байнга хийлгэх шаардлагатай тул хотод байнга эмчлүүлж байна. иймд Б.Тын өргөдөлдөө бичсэн зардлуудыг гаргаж өгөх боломжгүй ” гэжээ.

Зохигчидын тайбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Т нь Ж.Б-д холбогдуулан “түрээсийн гэрээний үүрэг гэж 48 750 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар ирүүлсэн, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ж.Б-д экскаватораа 2015 оны 7 дугаар сарын 02-ноос 2015 оны 10 дугаар сарын 02 хүртэл 3 сарын хугацаатай сарын 11 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон болох нь талуудын тайлбар хэргийн 5-7 дугаар хуудас дахь гэрээгээр нотлогдож байна.

Хариуцагч Ж.Б- нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байх ба, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Экскаватор нь их хуучин, цонхнууд шилгүй, ажлын бүтээмж муу, ажил хийж байхад байнга эвдэрдэг, тос масло их гоождог, шанаганы хошуу нь гагнаатай байсан тэрэнд нь байнга гагнаа шаардлага болдог. Нэг ажил хийх гэж байхад эвдрээд дараагийн экскаватор ордог байсан. Би экскаваторыг нь хараад “чиний экскаватор муу юм байна. Эртний экскаватор юм байна шүү дээ. Ажлын бүтээмж байхгүй юм байна даа” гэж хэлсэн. Түвшинбаяр авчирсных ажиллуулчихаа гээд гуйсан. Эхний хоёр сарын хөлсийг 7 500 000 төгрөг гэж тохиролцоод аман гэрээ хийгээд дараагийн гурав дахь сараас 11 500 000 төгрөг гэж ярьж тохирсон. Гэвч ажил бага сага олдож байсан боловч экскаваторын эвдрэлийн улмаас ажил бага хийсэн. Би экскаваторыг эзэмшиж байх хугацаандаа сэлбэг 4 434 000 төгрөг, шатах тослох материалын зардалд 8 645 000 төгрөг, засвар үйлчилгээний хөлсөнд 4 350 000 төгрөг, ажлын хувцас цэвэрлэгээний материалд 215 000 төгрөг, Б.Тыг 2 удаа ирэхэд 50 литр түлш 350 000 төгрөг, 30 литр түлш 150 000 төгрөг, экскаваторын жолоочийн цалин 4 500 000 төгрөгийн зардлуудыг гаргасан. Олж хийсэн ажлын хөлснөөсөө түүнд 4 300 000 төгрөг шилжүүлсэн. Нийт 29 276 000 төгрөг зарцуулсан... гэжээ.

Ж.Б- нь нэхэмжлэлээс татгалзсан тайлбар татгалзалтайгаа холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.  

Талууд эрх зүйн харилцаагаа түрээсийн гэрээ гэж нэрлэж байх боловч түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа бус эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул Б.Т нь хариуцагч Ж.Б-гаас эд хөрөнгө хөлслүүлсний хөлсийг шаардах эрхтэй.

Зохигчид гэрээний үнийг сарын 11 500 000 төгрөгөөр тохирсон байх ба сар бүрийн 03-нд хийхээр, түрээслэгч гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд 1 хувийн торгууль төлөхөөр тохиролцсон гэжээ.

Гэрээний 6.2-д түрээслэгч гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 1 хувийн торгууль хүлээнэ гэсэн байх ба, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.4-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.5-д үүргээ гүйцэтгээгүй болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Талууд гэрээндээ анзын талаар тохирохдоо хугацаа хэтэрсэн хоног тутамд 1 хувийн торгууль төлнө гэсэн байгаа нь алдангийн талаар тохиролцсон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-д гэрээний аль нэг нөхцөлийн утга ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэсэн тул алдангийн талаар тохиролцсон гэж үзэв.  

Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Б-гаас 3 000 000 төгрөг авсан гэсэн, хариуцагч хариу тайлбартаа ажлын хөлсөндөө 4 300 000 төгрөг Түвшинбаярт шилжүүлсэн гэсэн бөгөөд үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн хариуцагчийн экскаваторын сэлбэгт 4 434 000 төгрөг, шатах тослох материалын зардалд 8 645 000 төгрөг, засвар үйлчилгээний хөлсөнд 4 350 000 төгрөг, ажлын хувцас цэвэрлэгээний материалд 215 000 төгрөг, Б.Тыг 2 удаа ирэхэд 50 литр түлш 350 000 төгрөг, 30 литр түлш 150 000 төгрөг, экскаваторын жолоочийн цалин 4 500 000 төгрөгийн зардлуудыг гаргасан, зүрхний шигдээс болж 2017 оны 03 сарын 24-нд хагалгаанд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж ажилгүй болсон. Зүрх судасны эмчийн хяналтад байж байнга эмчилгээ хийлгэж байгаа гэсэн тайлбар гаргаж, хэрэгт Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээний протокол, барьцаат зээлийн гэрээ зэргийг хавсаргасан нь нэхэмжлэлээс татгалзах үндэслэл болохгүй байна.

Зохигчид гэрээний үнийн талаар сард 11 500 000 төгрөгөөр тохирсон бөгөөд, эхний 2 сарын хөлсийг хугацаандаа өгвөл 7 500 000 төгрөгөөр өгөхөөр амаар тохиролцсон, хэрэв хугацаандаа өгөхгүй бол 11 500 000 төгрөгөөр авахаар гэрээний дагуу шаардана гэж тохиролцсон талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан тул гэрээний үнийг сарын 11 500 000 төгрөгөөр тохирсон гэж үзлээ.

Иймд 3 сарын түрээсийн төлбөр 34 500 000 төгрөгнөөс Ж.Б-гийн шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг хасч, алданги 15 750 000 төгрөг, нийт 47 250 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Ж.Б-гийн өмгөөлөгч авах хүсэлтийг нь хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулан, өмгөөлөгч авах эрхээр хангасан боловч, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирж чадахгүй талаар мэдэгдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2017.12.28-ны өдрийн 142/ШЗ2018/00077 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд хэвээр байхыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 402 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 394 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Б-гаас 47 250 000 төгрөг гаргуулан Б.Тт олгож, нэхэмжлэлээс 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 402 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 394 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2017.12.28-ны өдрийн 142/ШЗ2018/00077 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд хэвээр байхыг заасугай.   

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА