Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 00046

 

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 207/МА2018/00046

 

 

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Ж.Б-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00114 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Б-д холбогдох,

Түрээсийн гэрээний төлбөр 48.750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Ж.Б-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ш, нарийн бичгийн дарга

нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Т- нь 2015 оны 07 сарын 02-нд Орхон аймгийн Эрдэнэт Ус ХХК-д жолооч ажилтай Б-тай өөрийн эзэмшлийн экскаваторыг 3 сарын хугацаагаар сарын 11.500.000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээ байгуулснаас хойш Ж.Б- хугацаандаа төлбөрөө хийлгүй, өнөөдрийг хүртэл 2 жил гаруй болж байна. Ж.Б-гаас удаа дараа утасдаж нэхэж байсан бөгөөд өөрийн биеэр ирж өчнөөн төгрөгийн зардал чирэгдэл гаргаж байна. Ж.Б-гаас түрээсийн төлбөрийн хугацаа хэтэрсний хүү 48.750.000 төгрөг нэхэмжилж 2017 оны 06 сарын 08-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Эвлэрүүлэн зуучлалаас Ж.Б-г хаягандаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж өргөдлийг буцаасан болно. Оршин суух хаяг тодорхойгүйгээс шүүхэд хандах эрх зөрчигдөж байсан тул шүүхэд хүсэлт гаргаж Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/шш2017/00809 тоот захирамжаар Ж.Б-г эрэн сурвалжилж хаягийг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн. Иймд Ж.Б-гаас 3 сарын түрээсийн төлбөр 34.500.000 төгрөг, хугацаа хэтэрсэний хүү торгууль 17.250.000 төгрөг бүгд 51.750.000 төгрөг нэхэмжилж байгаагаас 3.000.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 48.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2015 он гараад интернет дэх зар хараад сууж байтал экскаватор түрээслүүлнэ гэсэн зарын дагуу Б.Т-тай утсаар холбогдсон. Дараа нь 2015 оны 07 сарын 02-нд экскаваторыг нь 2.200.000 төгрөгөөр Улаанбаатараас Эрдэнэтэд авчруулсан. Би экскаваторыг нь хараад чиний экскаватор муу юм байна. Эртний экскаватор юм байна шүү дээ. Ажлын бүтээмж байхгүй юм байна даа гэж хэлсэн. Т- авчирсных ажилуулчихаа гээд гуйсан. Эхний хоёр сарын хөлсийг 7.500.000 төгрөг гэж тохиролцоод аман гэрээ хийгээд дараагийн гурав дахь сараас 11.500.000 төгрөг гэж ярьж тохирсон. Гэвч ажил бага сага олдож байсан боловч экскаваторын эвдрэлийн улмаас ажил бага хийсэн. Би экскаваторыг эзэмшиж байх хугацаандаа сэлбэг 4.434.000 төгрөг, шатах тослох материалын зардалд 8.645.000 төгрөг, засвар үйлчилгээний хөлсөнд 4.350.000 төгрөг, ажлын хувцас цэвэрлэгээний материалд 215.000 төгрөг, Б.Т-ыг 2 удаа ирэхэд 50 литр түлш 350.000 төгрөг, 30 литр түлш 150.000 төгрөг, экскаваторын жолоочийн цалин 4.500.000 төгрөгийн зардлуудыг гаргасан. Олж хийсэн ажлын хөлснөөсөө түүнд 4.300.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 29.276.000 төгрөг зарцуулсан. Манайх оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа нь үнэн, өөрийн эзэмшлийн орон байргүй байгаа тул түрээсийн байранд амьдарч байна. Ж.Б- би Эрдэнэт Ус-д жолоочоор ажиллаж байхдаа зүрхний шигдээс болж 2017 оны 03 сарын 24-нд хагалгаанд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж ажилгүй болсон. Зүрх судасны эмчийн хяналтад байж эмчилгээ байнга хийлгэх шаардлагатай тул хотод байнга эмчлүүлж байна. Иймд Б.Т-ын өргөдөлдөө бичсэн зардлуудыг гаргаж өгөх боломжгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00114 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Б-гаас 47 250 000 төгрөг гаргуулан Б.Т-т олгож, нэхэмжлэлээс 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 402.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 394.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2017.12.28-ны өдрийн 142/ШЗ2018/00077 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд хэвээр байхыг зааж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Б- давж заалдсан гомдолдоо:

Б.Т- бид хоёр эксковаторийн түрээсийн эхний 2 сарыг 7.500.000 төгрөг 3 дахь сарыг 11.500.000 төгрөг гэж тохиролцсон байсан.Би Б.Т-ын экскаваторыг 07 сард авч ажиллуулсан ба тухайн үед бидний дунд түрээсийн гэрээ байгуулагдаагүй 09 сард Б.Т- ирээд гэрээ байгуулсан гэж хэлээд гарын үсэг надаар зуруулсан. Тэрээр гэрээг 2 хувь үйлдэж хийсэн ба гэрээний 1 хувь нь надад байгаа. Тухайн үед энэхүү гэрээ 2 хуудас л байсан, дундах хуудас болох алданги, торгууль дурьдсан гэрээг надад огт үзүүлээгүй, би энэ талаар юу ч мэдээгүй. Бидний анхны тохиролцоонд алданги торгуулийн тухай ерөөсөө байгаагүй. Шүүхэд хандсан үеэс л 2 хуудас гэрээ нэмэгдэж 3 хуудас болж орж ирэн торгууль гэх зүйл гарч ирсэн. Мөн Иргэний хуулийн 288.1-д зааснаар эд хөрөнгийн доголдолгүй эд хөрөнгө хөлслүүлэгчид хүлээлгэн өгөх тухай заасан байна. Үүнийг хөлслүүлэгч зөрчиж нилээд их эвдрэлтэй экскаватор өгсөн. Түрээсийн гэрээний 6-д заасан хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү гэрээг тухайн үед биш, сүүлд 09 сард нөхөж хийсэн нь гэрээний талуудын тэгш байдлыг алдагдуулж гэрээг хөлслөгчид илт хохиролтой байгуулсанд гомдолтой байна. Би анх тохиролцсон тохиролцооны дагуу эхний 2 сарын төлбөрийг 7.500.000 төгрөгөөр сүүлийн 1 сарын төлбөрийг 11.500.000 төгрөгөөр нийт 26.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин бусад төлбөр болон алданги гэх 15.750.000 төгрөгийг тохироогүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан экскватор түрээслэсэн 3 сарын төлбөр 34.500.000 төгрөг, хугацаа хэтэрүүлсэний торгууль 17.250.000 төгрөг, үүнээс 3.000.000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 48.750.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Б-гаас 47.250.000 төгрөг гаргуулан Б.Т-т олгож, нэхэмжлэлээс 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Ж.Б-д экскаватораа 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 02 ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, 1 сарын төлбөр 11.500.000 төгрөг төлөх, мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т түрээслэгч гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 1 хувийн торгууль төлөхөөр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан болох нь тогтоогджээ. /х/х-ийн 5-7 дугаар хуудас /

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа гэж үзсэн нь зөв байна.

Мөн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-д гэрээний аль нэг нөхцөлийн утга ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэсэн тул алдангийн талаар тохиролцсон, зохигчид гэрээний үнийн талаар сард 11.500 .000 төгрөгөөр тохирсон бөгөөд, эхний 2 сарын хөлсийг хугацаандаа өгвөл 7.500.000 төгрөгөөр өгөхөөр амаар тохиролцсон, хэрэв хугацаандаа өгөхгүй бол 11.500.000 төгрөгөөр авахаар гэрээний дагуу шаардана гэж тохиролцсон талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан тул гэрээний үнийг сарын 11.500.000 төгрөгөөр тохирсон гэж дүгнэлт хийж 3 сарын түрээсийн төлбөр 34.500.000 төгрөгнөөс Ж.Б-гийн шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг хасч, алданги 15.750 000 төгрөг, нийт 47.250.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Ж.Б- нь алданги болох 15.750.000 төгрөгийг тохироогүй учраас төлөхгүй гэдэг боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Хариуцагч Ж.Б-гийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Ж.Б-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Ж.Б-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

Б.БАТТӨР