Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 72

 

“Эко капитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй  

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/1282/

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 310  дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч “Эко капитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Б.С-, Ж.С- нарт  холбогдох   

         “Зээлийн төлбөр 209.360.004 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр, хариуцагч Ж.С-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Эко капитал” ББСБ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр нараас:

“Эко капитал” ББСБ нь иргэн М.Андрей, Б.С-, П.Жаргал, Ж.С- нартай 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 14/004 тоот зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг 15 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 14/004А тоот барьцааны гэрээ байгуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 дугаар байрны 165 тоот хаягт байрлах 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц /Y-2003003540/,  Дархан-Уул аймаг Дархан сум 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 56 тоот хаягт байрлах 42.1 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц /Y-2003009437/ тус тус барьцаалсан болно. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Б.С-, Ж.С- нараас үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 16,893 33 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 90,906,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,560,001 төгрөг нийт 209,360,004 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр  үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.С-аас:

Анх бизнес хийх зорилгоор 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ хийж, хамтран зээлдэгч болсон. Миний бие нь энэхүү зээлийг авахдаа өөрийн Дархан сумын 12 дугаарт багт байрлах 16 дугаар байрны 165 тоот байраа барьцаалуулсан юм. Тухайн үед хэдийгээр хамтран зээлдэгч болсон ч энэхүү зээлсэн 80.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Иймд нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Андрей нь энэ мөнгийг өөрөө авсан. 'Эко капитал" ББСБ-тай анх зээлийн гэрээг 3 сараар байгуулсан. Гэрээнд зааснаар гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо “Эко капитал" ББСБ-ын хуульч эдийн засагч нартай уулзаж мэдэгдэж байсан. Гэрээг цуцлах боломжгүй гэж тайлбар өгөөд өөрсддөө ашигтайгаар элдэв хүү нэхэмжилж байна. Мөн зээлийн гэрээг 3 сараар байгуулсан атлаа нэхэмжлэлдээ 15 сарын хугацаатай гэж нэхэмжилсэн байна. Миний бие зээлээс нэг ч төгрөг аваагүй учир “Эко капитал” ББСБ-ын нэхэмжилсэн нийт 209,360,004 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ж.С-гээс:

Уг  80,000,000 төгрөгийн зээлийг би аваагүй. Манай аавын найз болох М.Андрейд мөнгө хэрэгтэй болоод байна гээд 3 сарын хугацаатай зээл авч манай байрыг барьцаанд тавъя гэхэд би анхнаасаа зөвшөөрөөгүй. Тэгээд ч уг зээлийг М.Андрейн дансанд шилжүүлж М.Андрей хүлээн авсан гэсэн баримт болох дансны хуулгыг тус ББСБ нэхэмжлэлийн хамт өгсөн байна. М.Андрей      нь уг зээлийг авахдаа миний аав болох Жаргал бид 2-ын нэр дээр байдаг байрыг барьцаалахыг болон итгэмжлэл өгөхийг би эхнээсээ зөвшөөрөөгүй. Зээлийг М.Андрей авсан гэдгийг  сайн мэдэж байгаа атлаа надаас нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээнд зээлдэгч М.Андрей, хамтран зээлдэгчээр Б.С- /М.Андрейн эхнэр/, П.Жаргал /миний аав/, Ж.С- бид нарын нэр байгаа. Гэтэл яагаад зөвхөн хамтран зээлдэгчид болох Б.С-, Ж.С- биднийг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна. “Эко капитал” ББСБ нь М.Андрейгаас зээлээ нэхэмжлэх, түүний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 12-р баг, 6-р хороолол, 16-р байрны 165 тоот хаягт байрлах 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй. Зээлийн гэрээг анх 3 сарын хугацаатай хийж байгаа гэж би ааваас сонссон. Мөн гэрээний хавсралт болох зээл эргэн төлөх хуваарьт 3 сарын хугацаатай зээл гэж бичин төлөх графикийг ч 3 сараар тооцож бичсэн байхад ББСБ-ын нэхэмжлэлд 15 сарын хугацаатай зээл авсан гэсэнтэй зөрчилдөж байна. Мөн  нэхэмжлэлийн дүн нь холбогдох хуулийг бармитлаагүй, үндэслэлгүй, хэт өндөр байна. Би М.Андрейд холбогдуулан өөрийн байрыг залилуулсан гэсэн гомдлыг цагдаад хандан гаргаж, энэ хэргийг шалгаж байгаа болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 310 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 209,360,004 төгрөгийг хариуцагч Ж.С-, Б.С- нараас гаргуулах тухай нэхэмжпэгч “Эко капитал” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч "Эко капитал” ББСБ-аас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 1 204 750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2003003540 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг,  Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 дугаар байр, 165 тоот 50.5 м.кв 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2003009437 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хорооолол, 9 дүгээр байр, 56 тоот 42.1 м.кв 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа давж заалдсан гомдолдоо:

            Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. Мөн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэггэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасныг шүүх буруу тайлбарлан утга агуулгыг нь алдагдуулж байгаад гомдолтой байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа гол үндэслэл болох зээлдэгч тус бүрээр хувийн хэрэг нээж хөтлөх шаардлага нь хуульд төдийгүй монголын банк санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагааны практикт огт байхгүй зүйлийг бий болгож байна гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл банк санхүүгийн байгууллагууд  зөвхөн үндсэн зээлдэгчийн мэдээллээр хувийн хэргийн бүрдүүлбэрийг бүрдүүлж архивлан хадгалдаг. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийг хэт өргөжүүлэн тайлбарлан Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг буруу тайлбарлаж гаргасан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 310 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн зохигчдын дунд үүссэн маргааныг

хянан шийдвэрлэсэн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Эко капитал” ББСБ нь  хариуцагч Б.С-, Ж С- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 209.360.004.00 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг дээрх хүмүүсийн барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгөөс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх талуудын дунд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй, хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэг хүлээгчид, хамтран үүрэг хүлээгч биш байна гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч  шүүх  Иргэний хуулийн 242 дугаар зүйл,   Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны  тухай хуулийн 23 дугаар зүйлүүд болон талуудын дунд байгуулсан  зээлийн гэрээний 7.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхийг хүсч давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнд  зээлдэгч нь М.Андрей гэж гарын үсэг зурж, зээлийн гэрээний зүйл буюу мөнгө нь түүний дансанд шилжсэн тул зээлийн гэрээний харилцаа М.Андрей “Эко капитал” ББСБ нарын хооронд үүссэн бөгөөд зээлийн гэрээний үүргийг буюу мөнгө буцаан төлөх үүрэг нь М.Андрейд үүссэн.

Уг зээлийн гэрээнд  хамтран зээлдэгч Б.С-, П.Жаргал, Ж,С- нар гарын үсэг зурж хамтран зээлдэгчийн үүрэг хүлээж байгаа талаарх тайлбар шаардлагаа нэхэмжлэгч нотолж чадахгүй байх  тул зөвхөн дээрх гарын үсэг нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхгүй мөнгийг бид авч хэрэглээгүй зөвхөн үл хөдлөх эд хөрөнгөө үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалуулах зөвшөөрөл болон итгэмжлэл олгосон хэмээн маргаж буй тохиолдолд талуудын дунд зээлийн гэрээ бодит байдалд байгуулагдсан эдгээр нь  зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх хангалттай нотлох баримт болж чадахгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг, тэр тусмаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай  хуулийн 23 дугаар зүйлийн заалтыг тухайн маргаанд хамааруулан тайлбарласан нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 242 дугаар  зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг нь  тухайн гэрээний үүргийг үүрэг гүцэтгүүлэгчид хэсэгчлэн буюу бүхэлд нь  хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь  үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байхаар байна.

Дээрх хуулийн зохицуулалттай нийцүүлэн дүгнэвэл нэхэмжлэгч нь  гэрээгээр тохиролцсоны дагуу хариуцагч тус бүрт зээлийг хэд хичнээн хувийг  шилжүүлсэн  үүнийгээ  тэд хэд хичнээн хувиар хариуцан гүйцэтгэх, хэрэв мөнгөн хөрөнгийг хариуцагч нарын нэгд нь хүлээлгэн өгсөн бол ийнхүү хүлээлгэн өгөхөөр хамтран зээлдэгч нартай хэрхэн  тохиролцсон зэрэг нөхцөл байдлуудыг  зохих журмын дагуу шүүхэд нотлох үүрэгтэй.

Хамтран зээлдэгч нарын зээлийн гэрээг хамтран байгуулах тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл болох зээл хүссэн өргөдөл, хүсэлт хувийн хэрэг гэх  зэрэг хуулиар нарийвчлан тодорхойлсон зээл олгохдоо хийвэл зохих ажиллагааны талаар нэхэмжлэгч тал баримт ирүүлж мэтгэлцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Зохигчдын дунд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул үл хөдлөх эд хөрөнгөөр гэрээний шаардлагыг хангах  эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй гэж шүүх дүгнэжээ.

Зээлийн гэрээний мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүргийг хариуцагч нар хариуцах үүрэггүй, хариуцагч нараас шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн тул салшгүй эрхийн хувьд үндсэн гэрээний үүрэг зохигчдын дунд үүсээгүй тул барьцааны шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Энэ шийдэл нь  зээлдүүлэгч болон өмчлөгч нарын дунд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны  гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлээгүй тул хожим үндсэн зээлдэгч болон зээлдүүлэгчийн зээлийн  гэрээний үүрэг  дуусгавар болоогүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэвээр байх юм.

Өөрөөр хэлбэл шүүхийн энэ шийдэл нь хариуцагч Б.С- болон Ж.С- нараас зээлийн гэрээний үүрэг шаардсан тохиолдолд хамаатай бөгөөд зээлдүүлэгч хожим нь зээлдэгч М.Андрейгаас зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхээр шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч хариуцагч нарт гаргасан шаардлагыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан бөгөөд дээр дурдсан хуулийн үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Мөн үл  хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх үндэслэлээ тодорхой дурдаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзлээ.  

Нэхэмжлэгчийн гомдлыг хангаагүй тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Дархан-Уул аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 310 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд:

            “Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 209.360.004 төгрөгийг хариуцагч Ж.С-, Б.С- нараас гаргуулах тухай “Эко капитал” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            3 дахь заалтанд:

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2003003540 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг,  Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 дугаар байр, 165 тоот 50.5 м.кв 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2003009437 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хорооолол, 9 дүгээр байр, 56 тоот 42.1 м.кв 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг  хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.204.750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА                        

                                  ШҮҮГЧИД                                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                       О.НАРАНГЭРЭЛ