Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 75

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00127/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 335 дугаар шийдвэртэй,

           Гомдол гаргагч Боржигон овогтой Д-гийн Б-ын  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

          “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг

          Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Мандуул оролцов.

Нэхэмжлэгч Д.Б-оос:

Дархан-Уул аймаг дахь сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 87 дугаар шүүгчийн захирамжаар Г.Мөнхцэцэгт 13.982.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн гүйцэтгэх ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хийхдээ Г.Б- миний өмчлөлд байдаг үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-2003013306 улсын бүртгэлийн дугаартай, Дархан сум 5-р баг, 5-72 тоотод байрлах, 42,0 мкв талбайтай хувийн сууц, Г-2003000317 дугаарт бүртгэгдсэн 700 мкв талбайтай газрыг хураан авч, дуудлага худалдаанд оруулах болсон. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа уг орон сууцны зах зээлийн үнэ нь дор хаяж 35.000.000 төгрөгийн үнэтэй тул уг энэ үнээр дуудлага худалдаанд оруулах тухай саналыг өгсөн. Харин төлбөр авагч Г.Мөнхцэцэг 25.000.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах тухай саналыг өгсөн. Төлбөр төлөгч, төлбөр авагчийн үнийн санал  зөрсөн  тул  үл  хөдлөх   эд хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгч гаргасан. Гэтэл “Капитал зууч” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг 24.053.000 төгрөгөөр үнэлсэн тухай болон Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 03/217 дугаар албан тоотоор миний үл хөдлөх эд хөрөнгийг 16.837.100 төгрөгөөр үнэлгээ тогтоон дуудлага худалдаанд оруулах болсон тухай 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр танилцуулсан. “Капитал зууч” ХХК нь миний үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн саналаар буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэхээр гомдол гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгончимэгээс:

Дархан-Уул аймаг дахь сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 87 дугаар шүүгчийн захирамжаар Д.Б-оос 13.982.000 төгрөгийг гаргуулж Г.Мөнхцэцэгт олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Д.Б-оос оршин суугаа хаягаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж сайн дураар биелүүлэх мэдэгдэл гардуулан 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эд хөрөнгийн мэдүүлэг авч төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул Д.Б-ын өмчлөлийн эд хөрөнгө болох Ү-2003013306 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Дархан сумын 5 дугаар багт байрлах Хүнсчдийн 5 дугаар гудамжны 72 тоот 35,0 мкв талбайтай хувийн сууц, Г-2003000317 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дархан сум 5-р багт байрлах Хүнсчдийн 5 дугаар гудамжны 72 тоотод байрлах 700 мкв талбайтай өмчлөлийн газар зэргийг хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул үнэлгээчнээр “Капитал зууч” ХХК-ийг томилон үнэлүүлэхэд 24.053.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлснийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулсан болно. Манай алба нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан эрх үүргийнхээ дагуу үнэлгээчин томилсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Шинжээч нь өөрийн нэрийн өмнөөс бичгээр дүгнэлт гаргаж түүний үнэн зөвийг хариуцна” гэж заасан байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 335 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Д.Б-ын Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан “Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэлгээ тогтоох эрх бүхий өөр хуулийн этгээдээр үнэлгээ хийлгэх боломж олгож гомдлыг хангаж өгнө үү. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд /хх-42/ шийдвэр гүйцэтгэлийн албанаас хурааж, битүүмжлэн дуудлага худалдаанд оруулах гэж буй дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн лавлагаагаар “Дархан-Өсөх” ББСБ-д барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. Энэхүү барьцаат зээлийн гэрээ хүчинтэй эсэх, эсхүл дуусгавар болсон талаарх лавлагааг Улсын бүртгэлийн хэлтсээс тодруулсан ажиллагаа хариуцагч тал огт хийгээгүйгээс гадна хавтаст хэрэгт энэ талаар эрх бүхий байгууллагаас авсан нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан тул давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэлгээ тогтоох эрх бүхий өөр хуулийн этгээдээр үнэлгээ хийлгэх боломж олгож гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б- хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч хуулийн дагуу төлбөр авагч, төлбөр төлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул үнэлгээчин томилж үнэлгээ тогтоолгосон, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б-ын Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан “Капитал зууч” ХХК-ийн  2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Хэргийг бүхэлд нь хянахад:

Хэргийн хариуцагч тал болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хэргийн 4-13 дугаар хуудас дахь “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээний тайлан, нэхэмжлэгч Д.Б-ын хувийн сууцны байшингийн үнэлгээг нөхөн сэргээлтийн суурь өртгөөр гаргасан тооцооны хүснэгт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний сунгалт, үнэлгээчний улсын бүртгэлийн гэрчилгээ, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 87 дугаар шүүгчийн захирамж, мөн хэргийн 34-72 дугаар хуудас дахь 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ, Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд, хөрөнгийн тухай мэдүүлэг авах акт, эд хөрөнгийн битүүмжлэх тогтоол, эд хөрөнгийг хураасан тогтоол, үнэлгээчин томилох тухай тогтоол зэрэг баримтуудыг хуулбар үнэн гэсэн өөрийн дардас дарж баталгаажуулсан баримтуудыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх заалтад нийцээгүй.

Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй өөрөөр хэлбэл зохигч буюу хариуцагч тал нь өөрийн байгууллагын баримтын хуулбарыг нотлох баримтаар гаргахдаа архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасантай нийцэхгүй байна.

Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд хуулийн шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 768 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх ба энэхүү түдгэлзүүлсэн асуудлыг шүүхийн шийдвэртээ хэрхэхийг шийдвэрлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Гомдол гаргагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ 

                                      ШҮҮГЧИД                                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                             С.ОЮУНЦЭЦЭГ