Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 309

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 1б байрны 24 тоотод оршин суух,  Боржигин овогт Алтангэрэлийн Билгүүндалай /регистрийн дугаар ТА97061538, утас 95920615/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Буянт СӨХ-д

“Дархан сумын 14 дүгээр багийн 38 дугаар байрны 3 дугаар орцны 160 мкв талбай бүхий зоорийн давхрын эзэмшлийг сэргээн эзэмших тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, хариуцагчийн төлөөлөгч Д.Баасандэмбэрэл, гэрч н.Равжаадэлгэрэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Билгүүндалай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...Миний ээж Алтантуяа хорт  хавдар өвчний улмаас 2017.07 сард нас барсан. Ээж маань амьд сэрүүндээ 2014.06.12-ны өдрөөс эхлэн Буянт СӨХ-ийн дарга Д.Баасандэмбэрэлтэй гэрээ хийж, Аймгийн захирагчийн албаны дарга Д.Батжаргал гэдэг хүнээр батлуулан, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 38 дугаар байр, 3 дугаар орц, 160 мкв талбай бүхий зоорийн давхрыг түрээслэн  хувийн үйл ажиллагаа явуулан орлого олж амьдралаа залгуулж байсан. Энэ зоорийн давхрыг анх Баярмагнай гэдэг хүнээс 2014.03.07-нд засварын бүх мөнгийг засварын мөнгө болох 3,800,000 төгрөгийг төлж худалдан авсан. Манай ээж уг зоорийн давхарт өргөө гаргаж бүх шалыг пилталж 00-ын өрөө гаргаж суурилуулан шат довжоо хаалга зэргийг гарган будаж засварласны хөлсийг төлж авсан юм. Ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаад 2015 оны 06 сард хамар нармайн хорт хавдар гэж эмнэлгээр оношлогдож өвдөж эмнэлгээр явсаар өнгөрсөн. Энэ хугацаанд явуулж байсан үйл ажиллагаа нь зогссон боловч бид түрээсийн төлбөрөө төлж явсаар эцэст нь 2017.01.30-нд ээжийн эгч Алтанцэцэгийг гуйж 150,000 төгрөгийн түрээсийг хүртэл төлсөн. Мөн энэ түрээсийг төлөхөөс өмнө СӨХ-ийн захирал Д.Баасандэмбэрэлд хандан эгч маань өргөдөл гаргаж талийгаачийн хүүхдэд эзэмшүүлье гэрээ хийж өгөөч төлөгдөөгүй түрээсийн төлбөр байгаа бол төлье гэж гуйсан боловч гэрээ хийж өгөөгүй. Энэ талаар бид Аймгийн захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэхд өргөдөл гаргаж, мөн иргэдийн төлөөлөгч Ихбаяр болон дарга Цогзолмаа нарт хандсан. Миний өргөдлийг тодорхой шийдэж өгөөгүй байж байгаад 2017.10 сарын сүүлээр Нямсүрэн гэдэг хүнтэй уулзаж гэрээ хийсэн талаар мэдсэн. СӨХ-ийн дарга Баасандэлгэрэхтэй уулзахад та нар гэрээ хийлгүй 1 жил явсан гэж байгаа боловч бид 2016 оны 01-06 сарын түрээсийн төлбөр болох 300,000 төгрөгийг Д.Баасандэмбэрэлд төлсөн. Энэ 300,000 төгрөгийг өгөх үед Д.Баасандэмбэрэл нь СӨХ өртэй учир данс хаагдсан гээд хувийн дансандаа шилжүүлэн авсан. Мөн дараа нь Алтанцэцэг эгчийн данснаас 2017.01 сард 38 дугаар байр подвал түрээс гээд 2017 оны 1,2,3 сарын түрээс 150,000 төгрөгийг 5109089731 тоот дансанд төлсөн. Биечлэн гэрээ хийж амжаагүй ч гэсэн Баасандэмбэрэл хүлээн зөвшөөрөөд түрээсээ аваад явж байсан тул бид эзэмшиж байсан гэж ойлгож байна. Гэтэл Нямсүрэн гэдэг хүнтэй дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар хийх хөрөнгийн хуримтлалын гэрээ гэгч зүйл хийсэн гээд бидний эзэмших ёстой подвалыг эзэмшүүлэхгүй байна. Энэ подвал маш сайхан засвартай байсныг ээж минь үнийг төлөөд авсан дээр нь бас өөрөө засвар  хийсэн. Нямсүрэн гэдэг хүнтэй хийсэн гэрээ нь түрээс биш гэж ойлгож байна.

Монгол улсын Иргэний хуулийн 325 дугаар зүйлийн 325.1-д түрээслэгч нас барсны дараа түрээсийн гэрээ үргэлжлүүлэх тухай заал байгаа бөгөөд нас барсан тохиолдолд түүний өвлөгч өөрөө, эсхүл гуравдагч этгээдээр дамжуулан түрээсэлж эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар ашиглаж чадна гэж үзвэл түрээсийн гэрээг цуцлахаас татгалзаж гэрээг үргэлжлүүлэхээр шаардаж болохыг заажээ.

 Би талийгаачийн төрсөн хүү нь учир Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч юм. Ээж минь 2015.06 сараас 2016.07 сар хүртэл 1 жил гаран хорт хавдраар өвдөөд өнгөрсөн. Ингээд 2016.08 сараас хэлэн 2017.10 сар хүртэл ээжийнхээ эзэмшилд байсан подвалыг залгаж үргэлжлүүлэн эзэмших гэтэл түрээсийн мөнгө гэж авсаар байсан атлаа өөр хүнд өгсөн. Иймд СӨХ-ийн дарга Д.Баасандэмбэрэлд подвалыг буцааж эзэмшүүлэх эрхийг сэргээн гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Буянт СӨХ нь шүүхэд болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Талийгаач Т.Алтантуяа Буянт СӨХ-тэй 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 38 дугаар байр, 3 дугаар орцны 4 өрөө 160 м кмв талбаатай зоорийн давхрыг 1 жилийн хугацаатай сарын 50,000 төгрөгний түрээс төлөхөөр түрээсийн гэрээ байгуулсан.

 Дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар хийх хөрөнгийн хуримтлалын гэрээний 1.3 дугаар зүйлд зааснаар төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор төлөх ёстой байсан. Гэвч Т.Алтанцэцэг нь эхний төлбөрөө 2014 оны 07 дугаар сарын 27-нд төлж дээрх заалтыг зөрчсөн

. Үүнээс хойш 2014 оны 07 дугаар сарын 12-оос 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл гурван сарын төлбөр 150,000 төгрөгөөс 100,000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн. 2014 оны 12 дугаар сарын 31-нд 50,000 төгрөг төлсөн ба нэг жилийн хугацаанд түрээсийн төлбөр 600,000 төгрөг төлөхөөс нийт 200,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй. Алтанцэцэгийн бие нь өвдсөн. Би гэрээний 1.4 дүгээр зүйл, 2.3 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэл, шаардлага удаа дараалан хүргүүлсэн боловч Алтанцэцэг болон түүний гэр бүлээс хэн ч ирж уулзаагүй. Мөн зоорийн давхрын хаалган дээр наасан мэдэгдлийг ураад хаячихсан байсан. Би Алтанцэцэгийг хэзээ нас барсаныг нь мэдээгүй.

Түүний хүү гэх Билгүүндалай надтай нэг ч удаа ирж уулзаагүй. Алтанцэцэг зоорийн давхрыг түрээсэлж байхад хүүхдүүд нь насанд хүрээгүй байсан. Ингээд 2016 оны 12 сарын сүүлээр Т.Алтанцэцэг нь ах Бадралынхаа хамт ирж уулзсан ба зоорийн давхрыг үргэлжлүүлэн түрээслэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би зоорийн давхрыг үргэлжлүүлэн түрээслэх гэж байгаа бол түрээсийн үлдэгдлээ боломжоороо төлчих гэж хэлсэн. Үүнээс хойш ирж уулзаагүй алга болсон. Надтай дахин ирж уулзаагүй байж Дархан-Уул аймгийн 14 дүгээр багийн Засаг дарга Цогзолмаа, Иргэдийн нийтийн хурлын дарга Эрдэнэ-Очир, Дархан-Уул аймгийн Засаг дарга Насанбат, Дархан-Уул аймгийн Захирагчийн албаны дарга Равжаадэлгэрэх нарт өргөдөл өгсөн байсан. Ингээд Дархан-Уул аймгийн Захирагчийн албанаас намайг дуудсан. Би учир байдлыг нь хэлсэн. Мөн Алтанцэцэг нь надтай тохиролцоогүй байж зоорийн давхрыг Чинзаяа гэгчид түрээслэсэн. Тэр хүн түрээсийн 1 сарын төлбөр 50,000 төгрөг, цахилгааны төлбөр 170,000 төгрөгийг төлөөгүй, шөнө нүүгээд алга болсон. Цахилгааны шугам сүлжээний байцаагч цахилгааныг нь тасласан. Үүнээс гадна зоорийн давхрыг зарна гэж хэлээд хүнээс 1,200,000 төгрөг авсан байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Билгүүндалай нь хариуцагч Буянт сууц өмчлөгчдийн холбоо, Ц.Нямсүрэн нарт холбогдуулан Дархан сумын 14 дүгээр багийн 38 дугаар байрны 3 дугаар орцны 160 мкв талбай бүхий зоорийн давхрын эзэмшлийг сэргээн эзэмших тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хариуцагч Ц.Нямсүрэнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ “...нэхэмжлэгч А.Билгүүндалайн ээж Т.Алтантуяа нь Буянт СӨХолбоотой орон сууцны зоорийн давхарыг түрээслэх гэрээ байгуулан Дархан сумын 14 дүгээр баг 38 дугаар байрны 3 дугаар орцны 160 мкв талбайтай зоорийн давхарт оёдолын цех байгуулан ажиллаж байсан. 2015 оноос хойш ээж Т.Алтанцэцэг нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан уг зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж чадаагүй. 2016 оны 07 дугаар сард ээж Т.Алтантуяа нь нас барсан. Нэхэмжлэгч А.Билгүүндалайн ээж Т.Алтанцэцэгийн түрээслэж байсан зоорийн давхарт үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа тул түүнийг зоорийн давхарын эзэмших эрхийг сэргээж, эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан болно.

 

Хавтас хэрэгт Буянт СӨХолбоо, Т.Алтантуяа нарын хооронд  2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Нийтийн зориулалттай орон сууцны зоорийн давхрыг түрээслүүлэх гэрээ авагдсан байна.

Дээрх түрээсийн гэрээнд Буянт СӨХолбоо нь Т.Алтантуяад Дархан сумын 14 дүгээр баг 38 дугаар байрны 3 дугаар орцны 160 мкв талбайтай зоорийн давхарыг оёдолын зориулалтаар 2014 оны 07 дугаар сарын 01-нээс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар түрээслүүлэхээр тохиролцжээ.

Дээрх түрээсийн гэрээний хугацаа дууссан бөгөөд дахин түрээсийн гэрээний хугацааг сунгаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Т.Алтантуяагийн Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний дагуу уг зоорийн давхарыг эзэмшил ашиглалтандаа байлгах хугацаа дууссан бөгөөд цааш нь гэрээний хугацааг сунгаагүй учир эзэмших эрх үүсээгүй болно.

Нэхэмжлэгч А.Билгүүндалай нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэйгээ холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба уг зоорийн давхарыг эзэмшихээр хариуцагч Буянт СӨХолбоотой иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, 90 дүгээр зүйлийн 90.1-т “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч А.Билгүүндалайгийн хариуцагч Буянт СӨХолбоонд холбогдуулан гаргасан зоорийн давхарын эзэмших эрхийг сэргээж, эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Билгүүндалайгийн хариуцагч Буянт СӨХолбоонд холбогдуулан гаргасан зоорийн давхарын эзэмших эрхийг сэргээж, эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч А.Билгүүндалайг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ТУНГАЛАГМАА