Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01701

 

 Л ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00861 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1432 дугаар магадлалтай,

            Л ын нэхэмжлэлтэй,

            “П ” ХХК-д холбогдох

           Барьцаанд бариулсан мөнгөн хөрөнгө 12,475,760.00 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л  нь 2011-2016 онд БНСУ-д ажиллаж амьдарч байгаад ирсэн бөгөөд дүүгээ явуулахаар 2016 оны 2 сард хариуцагч байгууллага дээр очиж уулзсан. Гэтэл дүү нь дөнгөж 18 нас хүрсэн учир виз гарахад асуудалтай, боломжгүй гэсэн бөгөөд харин өөрт нь боломж байгаа гэсэн учир тус компаниар зуучлуулан явахаар болсон. Улмаар 2016 оны 3 дугаар сард 3 сарын хугацаатай виз гарч, хариуцагч компанид 5,000,000 төгрөгийн барьцаа байршуулж, БНСУ-ын “Юбик” компанид 4,000,000 вон барьцаанд бариулахаас 2,300,000 воныг бэлнээр хариуцагчид өгч, БНСУ руу явсан бөгөөд үлдэх 1,700,000 воныг БНСУ-д байхдаа “Юбик” компанийн дансанд шилжүүлсэн. Л  нь БНСУ руу эмнэлгийн шугамаар зуучлуулан 2016 оны 03 сарын 31-ний өдөр явсан бөгөөд түүнийг ямар нэгэн хүн тосоогүй, өөрөө эмнэлэгтээ очиж үзүүлсэн. Очоод эмнэлэгт үзүүлэхэд түүний тархины судсанд цүлхэн үүссэн байна, тодорхой хугацааны дараа хагалгаанд орох эсэх асуудлыг шийднэ гээд эмийн эмчилгээ бичиж өгсөн тул 3 сар ажиллаж байгаад 2016 оны 06 сарын 23-нд Монгол Улсад буцаж ирсэн. Ирээд хариуцагч компаниас барьцаа 5,000,000 төгрөгөө буцаан авсан, харин 4,000,000 воноо аваагүй. Ингээд дахин 2016 оны 8 сард зуучлуулан явахаар болж, виз 3 сараар гарч барьцаанд 5,000,000 төгрөгөө байршуулсан бөгөөд 2016 оны 11 сард буцаж ирсэн. Зуучлуулах тоолондоо зуучлалын хөлс гэж 300,000 воныг хариуцагчид төлж байсан. БНСУ-ын “Юбик” компанид барьцааны шилжүүлсэн 4,000,000 воноос эхний удаагийн эмнэлгийн төлбөрт 500,000 вон нь шилжсэн бөгөөд Л  өөрөөсөө нэмж 150,000 вон төлсөн бөгөөд 2 дахь удаагийн явалтдаа БНСУ-д байхдаа найзынхаа дансаар дамжуулан БНСУ-ын “Юбик” компанид 1,500,000 вон төлсөн. Үүнээс 750,000 вон нь 2 дахь удаагийн зуучлалын гэрээний дагуу эмчилгээнд хэрэглэгдсэн гэж үзвэл 4,000,000 воны үлдэгдэлтэй байх ёстой. 2016 оны 11 сарын 06-нд буцаж ирээд барьцааны 5,000,000 төгрөгөөсөө 4,000,000 төгрөгийг буцаан авсан бөгөөд вон огт аваагүй. Миний биеийн эрүүл мэндийн байдал дахин эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байсан учраас буцаж явна гэсэн бодлоор үлдэгдэл 1,000,000 төгрөг болон 4,000,000 воноо аваагүй. 2016 оны 11 сард 3 дахь удаагаа зуучлуулан визэнд ороход 1 сараар виз гарсан бөгөөд би барьцаанд 4,000,000 төгрөг төлж БНСУ руу явсан. Очоод визний хугацаанд буюу 2016 оны 12 сарын 29-ний өдрийн дотор ирэх боломжгүй, эмчлүүлэх шаардлага гарсан учир хариуцагч байгууллагаас визний хугацаа сунгуулахад туслахыг хүссэн. Хариуцагч байгууллага туслаагүй тул өөр боломж хайж, визээ БНСУ-д 2 сараар буюу 2017 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл сунгуулсан. Эмнэлгийн бичигтэй учир сунгагдсан, хариуцагч байгууллагаас туслалцаа хүссэн боловч туслаагүй. Хариуцагч компанид барьцаанд шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг, БНСУ-ын “Юбик” компанийн барьцаанд төлсөн 4,000,000 воноос Л ын 3 дахь удаагийн явалтын эмчилгээнд зарцуулагдсан гэх 539,000 воныг хасч, үлдэгдэл 3,461,000 вон буюу 7,475,760 төгрөгийн хамт нийт 12,475,760 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 3,324,240 төгрөгийг татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь БНСУ-ын “Юбик” компанитай хамтран ажиллах гэрээгээр ажилладаг бөгөөд зуучлуулж байгаа иргэд маань тус компанитай хамтран ажилладаг Чүнбүг их сургуулийн эмнэлэгт эмчилгээ, оношилгоо хийлгэдэг. Ингэхдээ эмнэлгийн төлбөр болон бусад шаардлагатай зардалд гэж БНСУ-ын “Юбик” компанид 4,000,000 воныг байршуулдаг. Л ын хувьд БНСУ-ын “Юбик” компанид төлөх 4,000,000 воноос 750,000 воныг манай компанид өгснийг бид Монгол дахь төлөөлөгч М.Гүмбэсайханд өгч, үлдэгдэл 3,250,000 воныг Л  БНСУ-аас тус компани руу шилжүүлсэн байдаг. Эхний явалт дээр бид барьцааны тодорхойлолтыг бичгээр үйлдэж, БНСУ-д эмчилгээний визээр зорчин тухайн улсад эмчлүүлэхэд нь шинжилгээнд 750,000 вон зарцуулна, үлдэх хэсгийг буцаж ирснийх нь дараа түүнд олгохоор тохирсон. Л  анх зуучлуулахдаа гэрээний хугацаандаа буцаж ирсэн учир дахин 2016 оны 8 сард түүнийг зуучилж, 3 сарын хугацаагаар БНСУ руу явуулсан. Ингэхдээ барьцаанд 5,000,000 төгрөг авсан, харин вон нэмж аваагүй. Түүний өмнө төлсөн 4,000,000 воноос үйл ажиллагааны зардалд 600,000 вон, эмчилгээний зардалд 539,000 вон зарцуулагдаж, 2,861,000 воны үлдэгдэл байсан. Тэрээр 2016 оны 8 сарын эхээр яваад 2016 оны 11 сарын эхээр ирсэн. Энэ удаагийн явалт дээрээ эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгтэй тэнцэх воны өртэй ирсэн байсан учир бид түүний барьцаа 5,000,000 төгрөгөөс суутгаж, үлдэх 4,000,000 төгрөгийг буцаан өгсөн. 3 дахь удаагаа Л  манайхаар зуучлуулан 1 сарын визтэй 2016 оны 12 сарын 29-ний өдөр буцаж ирэхээр БНСУ руу явсан. Энэ үедээ мөнгөний боломж тааруу гэсэн учир энэ байдлыг нь харгалзан “Юбик” компани барьцаа аваагүй, харин манай компани 4,000,000 төгрөгийн барьцааг авсан. Энэ 4,000,000 төгрөгийг нь 2,000,000 вон болгож, БНСУ-ын “Юбик” компанийн төлөөлөгчид өгсөн. Гэтэл Л  зуучлалын гэрээний үүргээ зөрчиж, визний хугацаагаа хэтрүүлж, өөрөө түүгээрээ 2 сараар сунгуулж, сунгуулсан хугацаагаа 14 хоногоор хэтрүүлэн хууль бусаар оршин суусан зөрчил гаргасны улмаас баривчлагдаж ирсэн. Түүний байршуулсан 4,000,000 төгрөгөөр авч шилжүүлсэн 2,000,000 воноор эмнэлгийн төлбөрийг нь төлж, 3 дахь удаагийн зуучлалын төлөгдөөгүй хөлсийг нь суутгасан. Тиймээс гэрээний үүргээ зөрчсөн Л д барьцааг буцаан төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00861 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 156 дугаар зүйлийн 156.3, 410 дугаар зүйлийн 410.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагчаас 5,643,760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,832,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 105,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.                               

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1432 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00861 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.       

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1432 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх талуудын хооронд “Зуучлалын гэрээ” аман хэлбэрээр байгуулагдсан, мөн барьцаа авсан тухай баримт байх боловч “Барьцааны гэрээ”-г бичгээр байгуулаагүйгээс хуулийн шаардлага хангаагүйгээс хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэгтэй тул энэ маргаанд хариуцагчийн татгалзалын үндэслэл болж чадахгүй гэж хуулийг үндэслэл бүхий тайлбарлан дүгнэсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 4,000,000 вон-д хамаарах шаардлагын хувьд хариуцагч биш гэж буруу дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, барьцааны талаарх бичгийн нотлох баримтыг бусад үйл баримттай хамтад нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлж дүгнээгүй болно. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолтой холбоотойгоор хэргийг бүхэлд нь хяналгүйгээр зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгч, хэргийн үйл баримт талуудын мэтгэлцээний хувьд хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нь хамт үнэлж дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т заасныг зөрчсөн болно.

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлага 4,000,000 вонын тухайд дүгнэхдээ: Нэхэмжлэгч нь БНСУ-ын “Юбик“ ХХК-д төлөх ёстой 4,000,000 воноос 2,300,000 воныг “П ” ХХК-д бэлнээр өгсөн, үлдэх хэсгийг БНСУ-д байхдаа тухайн компанийн дансаар шилжүүлсэн” гэж, “Хариуцагч нь 750,000 вон нэхэмжлэгчээс бэлнээр авч, “Юбик” ХК-ийн Монгол дахь төлөөлөгч М.Гүмбэсайханд дамжуулан өгсөн, үлдэх хэсгийг Л  БНСУ-д байхдаа тус компанид төлсөн” гэж тус тус зөрүүтэй тайлбарласан боловч хэн алиных нь тайлбар баримтаар нотлогдсонгүй, "Барьцааны тодорхойлолт гаргах нь" гэх баримтын доод хэсэгт “1/. 1,300,000 вон Монголд авсан, 2/. 2,700,000 вон UBIQ данс руу шилжүүлнэ. Солонгосоос ...” гэж гараар бичиж тэмдэглэсэн байх тул шүүх нэхэмжлэгчийг энд заасан 1,300,000 воныг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж үзлээ, хариуцагч нь бэлнээр өгсөн 1,300,000 воныг БНСУ-ын “Юбик” ХК-ийн төлөөлөгчид дамжуулан өгсөн байдлаа баримтаар нотлоогүй тул энэ хэсэгт холбогдох шаардлагад “П ” ХХК-ийг хариуцагч болох үндэслэлтэй гэж дүгнэв   гээд, харин ... БНСУ-ын “Юбик” ХК-д нэхэмжлэгчээс шилжүүлсэн гэх 2,700,000 вонтой холбоотой хэсэгт “П ” ХХК нь хариуцагч болох үндэслэлгүй юм хэмээн үнэлж дүгнэсэн, нэхэмжлэгчээс бэлнээр өгсөн 1,300,000 вон нь зуучлалын хөлс, шагнал алинд ч хамаарахгүй тул шүүх энэ мөнгийг хариуцагч үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэж, нэхэмжлэгчээс бэлнээр хүлээн авсан 1,300,000 воныг бүгдийг түүний эмчилгээний зардалд зарцуулагдсан гэх байдлыг хариуцагч нотлоогүй, нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч хасаж тооцсон 539,000 воныг хасаж, үлдэх 761,000 вон буюу 1,643,760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.” гэж тус тус тухайн шаардлагын хувьд хариуцагч энэ вон-ыг аваагүй, хариуцах этгээд биш гэж шүүхүүд үнэлж дүгнэсэн нь нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй, хуулийг буруу хэрэглэсэн болно.

Шүүхийн энэхүү үнэлэлт дүгнэлт үндэслэлгүй болох нь:

1. Хариуцагч нь нэхэмжлэлд холбогдуулан 2017 оны 06 сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа “... Л  нь 4,000,000 вон-ы барьцаа байршуулснаас үйл ажиллагааны зардал 600,000 вон, түүний өмнөөс төлсөн эмчилгээний зардал 539,000 вон хасагдсан ба үлдэгдэл 2,861,000 вон-ыг эргэн олгогдох боломжгүй. Учир нь тус улсад хууль бусаар Text Box: >эр аа өн ая оршин суух тохиолдолд олгогдохгүй гэсэн тохиролцооны дагуу” гэж тайлбарласан байдаг. Хариуцагчийн төлөөлөгч мөн анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа “... Манай компани БНСУ-ын “Юбик” компанитай хамтран ажиллах гэрээгээр ажилладаг бөгөөд манайхаар зуучлуулж байгаа иргэд маань тус компанитай хамтран ажилладаг Чинбуг их сургуулийн эмнэлэгт эмчилгээ оношлогоо хийлгэдэг. Ингэхдээ эмнэлгийн төлбөр болон бусад шаардлагатай зардалд гэж “Юбик” компанид 4,000,000 вон байршуулдаг. Л ын хувьд 4,000,000 вон-оос 750,000 вон манай компанид өгснийг бид Монгол дахь төлөөлөгч М.Гүмбэсайханд өгч, үлдэгдэл 3,250,000 вон-ыг БНСУ-иас шилжүүлсэн байдаг. Эхний явалт дээр бид “Барьцааны тодорхойлолт”-ыг бичгээр үйлдэж БНСУ-д эмчилгээний визээр зорчин тухайн улсад зорчин шинжилгээнд нь 750,000 вон зарцуулна, үлдэх хэсгийг буцаж ирснийх нь дараа түүнд олгохоор тохирсон. БНСУ-ын “Юбик” компанид байршуулдаг 4,000,000 вон нь тухайн зуучлуулагчийн эмчилгээ шинжилгээний болон бусад гарч болзошгүй зардал төлөгдөхгүй байхаас сэргийлэх зорилготой...” гэж тус тус тайлбар гаргасан нь тухайн 4,000,000 вон авсан тухайд маргаагүй буюу авсан болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ ч учраас үлдэгдлийг нь буцаж ирснийх нь дараа олгоно гэсэн зэргээр тодорхой болно. Харин вон-ыг зарим хэсгийг бэлнээр зарим хэсгийг дансанд нь шилжүүлүүлсэн тухайд талууд зөрүүтэй мэдүүлдэг, маргаантай боловч нийт дүнгээрээ 4,000,000 вон авсан болох тухайд ямар нэгэн маргаагүй, улмаар энэ авсан 4,000,000 вон-оос юунд хэрхэн зарцуулсан, үлдэгдэл нь хэд болох, яагаад түүнийг буцаан өгөхгүй гэх тухайд хариуцагч тайлбар гаргадаг тул энэ вон-ы хувьд тус “П ” ХХК хариуцагч нь болох ба “Юбик” гэх компани манай хамтрагч гэж тайлбарладаг нь тухайн компани уг вон-ыг авсан гэх, хариуцагч нь байх үндэслэлгүй, тус “Юбик” гэх компанитай ямар нэг харилцаа үүсгэж, түүнд вон шилжүүлэхээр тохиролцсон зүйл огт байхгүй болно.

2. Нэхэмжлэгч Л  нь анх “П ” ХХК-тай буюу түүний захирал Ц.Отгонцэцэг гэж хүнтэй уулзсанаар тэдний хооронд “Зуучлалын гэрээ”-ний харилцаа үүсч, зуучлуулсан. Энэ үед захирал Ц.Отгонцэцэг нь энэхүү зуучлалын үйл ажиллагаагаа танилцуулахдаа Солонгос Улсад өөрийн компанийн хамтрагч “Юбик” компани байгаа гэж, зуучлахдаа “5,000,000 төгрөг болон 4,000,000 вон-ыг тус тус барьцаа болгож авна” гэж, эдгээр авах барьцаагаа зуучлуулагч хууль бусаар оршин суух, Солонгос улсын хууль дүрэм зөрчих, хууль бус ажил эрхлээд баригдах зэрэг тохиолдолд хохирол арилгах зорилгоор 5,000,000 төгрөгийг нь Монгол талд, харин эмчилгээ шинжилгээний зэрэг эмнэлэгтэй хамааралтай төлбөр тооцоо төлөгдөхгүй тохиолдолд хохирол арилгах зорилгоор 4,000,000 вон-ыг нь хамтрагч гэх “Юбик” компани руугаа шилжүүлэн байршуулна гэж, барьцааны төгрөг, вон бүрэн байршуулсан тохиолдолд л визэнд оруулна гэж, Барьцааг нь ийнхүү тохиролцсон ёсоор нэхэмжлэгч бүрдүүлэн байршуулсан тул 2018 оны 03 сарын 07-нд “Барьцааны тодорхойлолт” гэсэн бичгийн энэ баримт үйлдэж, 2 талаас баталгаажуулан, гэрээний буюу харилцан тохирсон гол нөхцөлөө бүрдүүлсний дараа визэнд орсон. “П ” ХХК-ийн албан бланк дээр үйлдсэн, 2016 оны 03 сарын 07-ны өдрийн 03/02 дугаартай “Барьцааны тодорхойлолт гаргах нь” гэх энэ бичгийн баримтыг 2 тал шүүхэд нотлох баримтаар гаргасан ба хариуцагчаас эх хувиар гаргасан баримтын доод хэсэгт гар бичмэлтэй, шүүх уг нотлох баримтын гараар бичсэн хэсгийг үнэлсэн ба харин нотлох баримт болох албан бичгийн Тодорхойлолтыг бүхэлд нь, утга агуулгаар нь, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь шүүх үнэлээгүй, судлаагүй. Энэхүү баримт энэ 4,000,000 воны хувьд үйлдэгдсэн, тухайн баримтад “ ...Хэрвээ визний хугацаандаа эргэж ирэхгүй Солонгос улсад хууль бусаар оршин суух тохиолдолд дээрх үнийн дүнг буюу 4,000,000 вон-ыг манай байгууллагаас шаардах эрхгүй болно" гэсэн агуулгатай тул үүгээрээ 4,000,000 воныг “П ” ХХК хүлээж авсан, мөн хариуцах үүрэгтэй болохоо нотолсон. “Манай байгууллагаас” гэж тодотгон бичиж үйлдсэн энэ үйл баримт, нотолгоог шүүх үнэлээгүйгээс хариуцагчийг уг вон-ы үнийн дүнгийн зарим хэсгийг хариуцах үндэслэлгүй гэж дүгнэн, ингэхдээ хэн хариуцах нь тодорхойгүй, ойлгомжгүйгээр орхигдуулан шийдвэрлэсэн нь энэ шаардлагын тухайд хариуцагчийг зуучлагч биш, мөн барьцаагаар авсан вон-ы шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай уулзаж түүгээр зуучлуулан талуудын хооронд зуучлалын харилцаа үүссэн ба өөр зуучлуулагч буюу “Юбик” гэх компанитай харилцаа үүсээгүй, түүнтэй уулзаж тохиролцож байгаагүй, иймээс шүүхийн "БНСУ-ын “Юбик” ХК-д нэхэмжлэгчээс шилжүүлсэн гэх 2,700,000 вонтой холбоотой хэсэгт “П ” ХХК нь хариуцагч болох үндэслэлгүй ...” гэсэн дүгнэлт огт үндэслэлгүй, нэхэмжлэгч нь “Юбик” компанитай харилцаагүй, вон шилжүүлээгүй, харин хариуцагч энэ компанийг хамтрагчаа гэж тайлбарлан, данс өгч вон авч, шилжүүлүүлсэн, энэ учраас тухайн вон-ыг өөрөө буцаан өгнө, хариуцна гэж тодорхойлолтдоо бичсэн байдаг. Шүүх мөн талуудыг зөрүүтэй тайлбарласан гэж дүгнэсэн, ингэхдээ “Барьцааны тодорхойлолт” гэх бичгийн нотлох баримтын доод хэсэгт гар бичмэлээр бичигдсэн “1/. 1 300 000 вон Монголд авсан, ...” гэх хэсгийг нь үнэлж дүгнэсэн нь үндэслэлгүй буруу бөгөөд уг бичгийн нотлох баримтыг бүрэн хэмжээгээр агуулгын хувьд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй нь шүүх алдаатай буруу дүгнэсэн буюу нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөвөөр үнэлж дүгнээгүй болохыг илэрхийлж буй юм. Учир нь уг “Барьцааны тодорхойлолт” гэх бичгийн нотлох баримт нь тухайн 4,000,000 вон-ыг авсан болохоо нотолж үйлдсэн, уг тодорхойлолтын агуулга нь вон-ыг буцаахдаа “П ” ХХК-иас Л  шаардах болохыг маш тодорхой, ойлгомжтой заасан байхад шүүх энэ үйл баримтыг үнэн зөвөөр үнэлээгүйгээс шүүхийн үнэлж, дүгнээгүй тэр хэсгээр нэхэмжлэгч илт хохироод байгаа болно. Иймээс нэхэмжлэгч нь Солонгосын “Юбик” гэх компанитай зуучлал барьцааны тухай харилцаа үүсгээгүй, түүнд барьцааны мөнгийг өгөөгүй тул, “П ” ХХК, түүний захирал гэх Ц.Отгонцэцэгт, тэр тусмаа 2016 оны 03 сарын 07-нд “Барьцааны тодорхойлолт” гэсэн бичгийн баримт үйлдэхээс өмнө 4,000,000 вон-ыг барьцаанд байршуулсан учраас уг тодорхойлолт үйлдэгдэж, визэнд орж, Солонгос улсад явсан байх тул “П ” ХХК-ийг хариуцагчаар татаж, түүнээс воныг шаардан шаардлагаа гаргасан учир анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэж, буруу үнэлж дүгнэснийг залруулан воны барьцааг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Барьцааны 5,000,000 төгрөгийн шаардлагын тухайд шүүх дүгнэхдээ: Л  барьцаа гэж “П " ХХК-д 2016 оны 03 сарын 07-ны өдөр өгсөн 5,000,000 төгрөгөө 2016 оны 06 сарын 23-ны өдөр буцаан авсан. 2016 оны 08 сарын 08-ны өдөр өгсөн 5,000,000 төгрөгөөс 2016 оны 11 сарын 17-ны өдөр буцаан авахдаа 1,000,000 төгрөг суутгасныг нь хүлээн зөвшөөрч 4,000,000 төгрөгийг буцаан авсан болох нь Хаан банк дахь Л ын 5007259586 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2016 оны 03 сарын 07-ны өдрийн Барьцааны тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байх тул зохигчдын хооронд үүссэн барьцаатай холбоотой үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй” гэж, хариуцагч уг 4,000,000 төгрөгийг гэрээний үүргээ зөрчсөн гэж буцаан олгохоос татгалзсан, шүүх визний хугацаа хэтрүүлсэн нэхэмжлэгчийн үйлдлийг гэрээний үүргийн зөрчил гэж үзэх боломжгүй, барьцааны гэрээг бичгээр байгуулах Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлага хангаагүй тул мөн зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу барьцаа гэж авсан 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Л д төлөх үүрэгтэй гэж үнэлж дүгнэжээ. Барьцааны 5,000,000 төгрөгийн тухайд шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болох нь нэхэмжлэгч нь хариуцагч “П " ХХК-иар зуучлуулахаар тус компанийн захирал Ц.Отгонцэцэгтэй уулзан тохиролцож, ингэхдээ барьцаа байршуул гэсний дагуу нь түүний хэлсэн 5,000,000 төгрөг болон 4,000,000 вон бүрдүүлэн, шаардлагыг нь биелүүлсэн байдаг тул 2016 оны 03 сарын 07-ны өдөр 03/02 “Барьцааны тодорхойлолт гаргах нь” гэсэн утга бүхий тус компанийн албан бланк дээр баримт үйлдэж, талуудын гарын үсгээр баталгаажуулж компанийн тэмдэг дарж нэг нэг хувь хадгалсныг талууд шүүхэд нотлох баримтаар гаргасан байдаг. Энэ тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь нийт 3 удаа БНСУ руу явсан ба талууд хооронд Зуучлалын гэрээ, Барьцааны гэрээ бичгээр байгуулаагүй, гэхдээ дахин давтан явах тухайд талууд тохиролцсон байсан тул эхний удаа 2016 оны 3 сард яваад 6 сард ирэхэд нь 5,000,000 төгрөгийн барьцааг нь буцааж, дахин явах тул вон-ы барьцааг үлдээчих гээд 2016 оны 06 сарын 23-нд 4,850,000 болон 150,000-аар тус тус нийт 5,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байдаг. 2016 оны 08 сарын 08-нд 2 дахь удаа явахаар дээрх буцаан авсан 5,000,000 төгрөгийн барьцаагаа Ц.Отгонцэцэгийн данс руу нь шилжүүлэн барьцааг өгч, виз нь гарч явсан ба 2016 оны 11 сард буцаж ирэхэд нь Ц.Отгонцэцэг нь 2016 оны 11 сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөгийг Л ын дансанд нь шилжүүлж, 1,000,000 төгрөг дутуу буцаан шилжүүлснээ хэлж дахин явах тул мөн вон-ы барьцааны хамт үлдээчих, тэгээд дахин явахдаа энэ 4,000,000 төгрөгөө нэмж шилжүүлэхэд болно” гэсэн. Иймээс хариуцагчаас 1,000,000 төгрөг дутуу шилжсэн болох нь дансны хуулгаар тодорхой харагдаж байгаа ба үүнийгээ хариуцагч шүүхэд “Л  эмчилгээний төлбөрөө төлөөгүй тул түүнээс 1,000,000 төгрөгтэй тэнцэх зардал суутгасан” гэж тайлбарласан нь ямар ч нотлох баримт нотолгоогүй, талуудын хооронд ийм зүйл огт болоогүй байхад шүүх “Л  хүлээн зөвшөөрч ...” гэж илт үндэслэлгүй дүгнэсэн болох нь дараах үйл баримтуудаар нотлогдох юм. Үүнд:

1. 5,000,000 төгрөгийн барьцаа нь эмчилгээний бус, хууль бус суухаас сэргийлэх зориулалттай,

2. Харин 4,000,000 воныг эмчилгээний төлөгдөөгүй зардлыг төлүүлэх зорилготой гэж хариуцагч өөрөө тайлбарладаг ба энэ барьцаа нь байхад яагаад өөр зориулалтын барьцаанаас авах вэ,

3. 5,000,000 төгрөгөөс эмчилгээний төлбөр суутгасан нотлох баримт нь байхгүй, гаргаагүй

4. 3 дахь удаа 2016 оны 11 сарын 29-нд явахад нь 5,000,000 төгрөгийн барьцаагаа яагаад аваагүй 4,000,000 төгрөгийн барьцаа аваад виз гаргасан бэ гэж шүүх асуухад хөнгөлөлт үзүүлсэн гэх. Хариуцагчийн эдгээр тайлбар үндэслэлгүй байхын зэрэгцээ шүүх нотлох баримтгүйгээр тухайн үйл баримтуудын агуулгын хувьд биш хэлбэрийн хувьд авч үзэж буруу дүгнэсэн байна. Нэхэмжлэгчийн дансны хуулгаас харахад хариуцагчид нэхэмжлэгч барьцааны мөнгөө шилжүүлсэн нь дансны зарлагаар нь, харин хариуцагчаас барьцааг буцаахад нэхэмжлэгчид дансны орлогоор орж ирсэн харилцан шилжүүлэгдсэн энэ үйл баримтыг бусад бичгийн нотлох баримттай нь, мөн барьцаа гэж авсан өөр өөр зорилго зориулалт бүхий төгрөг, вон-ы мөнгөн дүнгүүдийн үйл баримттай нь, түүнчлэн 1,000,000 төгрөгийг нь дутуу буцаан шилжүүлснээ "эмчилгээний зардалд суутгасан” гэх боловч энэ талаар нэг ч нотлох баримтгүй байгаа энэ байдлыг нь, мөн 5,000,000 төгрөгийн барьцаа авсны дараа визэнд оруулж виз гаргадаг байхад 4,000,000 төгрөг аваад визийг нь гаргасан гэх зэрэг үйл баримтуудыг тал бүрээс нь, эргэлзээгүй, үнэн зөв, бүрэн дүүрэн үнэлээгүй. үндэслэлгүй үнэлж дүгнэсэн болох нь нотлогдож байна. Барьцаанд авсан 5,000,000 төгрөг бүхэлд нь хариуцахаар байх тул залруулан шийдвэрлэж өгнө үү. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн шийдвэрлэсэн тул Давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрхийн хүрээндээ хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн дагуу зөвтгөж, өөрчлөлт оруулан гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л  нь хариуцагч “П ” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний дагуу барьцаалсан хөрөнгө болох 15,800,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 3,324,240 төгрөгөөр багасгажээ.

Хариуцагч “П ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж визний хугацаа хэтрүүлж хууль бусаар оршин сууж компанид хохирол учруулсан тул гэрээний дагуу барьцаалсан мөнгийг буцаан олгох боломжгүй гэж маргажээ.

Л  нь “П ” ХХК-аар зуучлуулан тус компанитай хамтран ажилладаг Бүгд Найрамдах Солонгос Улсын “Юбик” компанийн хамтын үйл ажиллагаа бүхий Чүнбүг их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэх зорилгоор 2016 оны 3 дугаар сар, 2016 оны 8 дугаар сар, 2016 оны 11 дүгээр саруудад тус тус Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчсон, зуучлалын хөлс нь тухай бүрт 300,000 вон байхаар тохиролцсон үйл баримт тогтоогджээ.

“П ” ХХК нь  болзошгүй шаардлагыг барагдуулах зорилгоор барьцаанд мөнгөн хөрөнгө бариулах шаардлага тавьсны дагуу Л  2016 оны 3, 8 дугаар саруудад тус тус 5,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 4,000,000 төгрөгийг дансаар “П ” ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь зуучлалын гэрээний үндсэн дээр барьцаанд “П ” ХХК-д төлсөн 5,000,000 төгрөгийг, тус компаниар дамжуулан БНСУ-ын Юбик компанид төлсөн  4,000,000 воноос эмчилгээний төлбөрт төлөгдсөн 539,000 воныг хасаж, үлдэх 3,461,000 вон буюу 7,475,760 төгрөг, нийт 12.475.760 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардсан.

Хэрэгт авагдсан баримт  болон зохигчдын тайлбараар Л  нь 2016 оны 3, 8,11 дүгээр сард  БНСУ-д зорчиж, Чүнбүг их сургуулийн эмнэлгийн эмчилгээ, шинжилгээнд хамрагдсан, 2016 оны 3 болон 8 дугаар сард зорчихдоо 3 сараар олгогдсон визний хугацаанд буцаж ирсэн байх ба зуучлалын хөлсөнд  тус бүр 300,000 воныг хариуцагч “П ” ХХК-д төлсөн болох нь тогтоогдсон тул шүүх тэдгээрийн хооронд 2016 оны 3, 8 сард байгуулагдсан зуучлалын гэрээний үүргийг талуудын хэн аль нь зохих ёсоор биелүүлснээр эдгээр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д нийцсэн байна.

 Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сард хариуцагчаар дахин зуучлуулан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1 сарын хугацаатай олгогдсон визээр БНСУ руу зорчихдоо барьцаа болгож 4,000,000 төгрөгийг “П ” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дансаар шилжүүлсэн бөгөөд БНСУ-д байхдаа визний хугацааг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгуулж, сунгасан уг хугацааг 14 хоногоор хэтрүүлж 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсад буцаж иржээ.

Нэхэмжлэгчийн визний хугацаа хэтрүүлсэн үйлдлийг хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж, “Үйлчлүүлэгчдэд зориулсан үйл ажиллагааны дотоод журам”-ын 12-т Хэрэв ...визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суух зэрэг үйлдлүүдийн улмаас байгууллагад үзүүлсэн хохирлыг барьцааны хөрөнгө ...зэргээр барагдуулахыг анхаарна уу гэж заасныг үндэслэн барьцаанд байршуулсан 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохоос татгалзсан байна.

Зохигчид зуучлалын гэрээг аман хэлбэрээр байгуулсан нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг зөрчөөгүй боловч визний хугацаа хэтрүүлсэн нэхэмжлэгчийн үйлдлийг гэрээний үүргийн зөрчил гэж үзэх боломжгүй, түүнчлэн хариуцагч нь бий болж болзошгүй эрсдэлтэй холбоотой шаардлагаа хангах зорилгоор нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийн барьцаа авсан боловч энэ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангаагүй тул мөн зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг  Иргэний хуулийн хэлцэлд тавих шаардлагад нийцсэн гэж үзнэ. 

Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэгтэй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагч “П ” ХХК-ийг барьцаа гэж шилжүүлэн авсан мөнгийг нэхэмжлэгч Л д буцаан төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй боловч хариуцагчаас 4,000,000 төгрөгийг гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн байна.

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Л  нь “П ” ХХК-д барьцаа болгон 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өгсөн 5,000,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр буцаан авсан, харин 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өгсөн 5,000,000 төгрөгөөс хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг суутгаж, 4,000,000 төгрөгийг буцаан олгосон байна. Гэтэл энэ үйл баримтын тухай шүүх   “зохигчдын хооронд үүссэн барьцаатай холбоотой үүрэг дуусгавар болсон” гэж  дүгнэсэн нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын энэ хэсгийг хангаж, 1,000,000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч Л  нь БНСУ-ын “Юбик” компанид эмчилгээний төлбөрт төлөх ёстой 4,000,000 воноос 2.300.000 воныг “П ” ХХК-д бэлнээр төлж, үлдэх 1,700,000 воныг БНСУ-д оршин суух найзаараа дамжуулан төлсөн, хариуцагч нь 750,000 воныг нэхэмжлэгчээс бэлнээр авсныг “Юбик” компанийн төлөөлөгчид дамжуулж өгсөн тухай тайлбараа баримтаар нотлоогүй, БНСУ-ын “Юбик” компанид нэхэмжлэгчээс шилжүүлсэн 2,700,000 вонтой холбоотой хэсэгт хариуцагч “П ” ХХК хариуцагч болох үндэслэлгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлжээ.

2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр талуудын үйлдсэн барьцааны тодорхойлолт гаргах нь гэсэн агуулга бүхий баримтаар нэхэмжлэгч нь “П ” ХХК-д 1,300,000 воныг бэлнээр хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон, харин нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд бүгдийг нь зарцуулсан талаарх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй тул Л  нь хариуцагч “П ” ХХК -аас 1,300,000 воныг төлөхийг шаардах эрхтэй, үүнээс  нэхэмжлэгчийн эмчилгээний төлбөрт зарцуулсан гэх 539,000 воныг хасах үндэслэлтэй, үлдэх 761,000 вон буюу 1,643,760 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00861 дүгээр шийдвэрийн нэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1432 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5,  492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 6,643,760.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,832,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “105,250” гэснийг “121,250” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Л ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 124,262.00 /нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН