Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 861

 

  

 

 

  

2018 оны 04 сарын 16 өдөр          Дугаар 181/ШШ2018/00861            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: С овогт ЛО-ийн Х /РД: /-ын нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: “ПЭД” ХХК /РД: /-д холбогдох,  

 

Барьцаанд бариулсан мөнгөн хөрөнгө 15,800,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, нарийн бичгийн даргаар Н.А нар оролцов.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Л.Х нь 2011-2016 онд БНСУ-д ажиллаж амьдарч байгаад ирсэн бөгөөд 2016 оны 2 дугаар сард хариуцагч байгууллага дээр очиж дүүгээ явуулахаар уулзсан. Гэтэл дүү нь дөнгөж 18 нас хүрсэн учир виз гарахад асуудалтай, боломжгүй гэсэн бөгөөд харин өөрт нь боломж байгаа гэсэн учир тус компаниар зуучлуулан явахаар болсон.

Улмаар 2016 оны 3 дугаар сард 3 сарын хугацаатай виз гарч, хариуцагч компанид 5,000,000 төгрөгийн барьцаа байршуулж, БНСУ-ын Юбик компанид 4,000,000 вон барьцаанд бариулахаас 2,300,000 воныг бэлнээр хариуцагчид өгч, БНСУ руу явсан бөгөөд үлдэх 1,700,000 воныг БНСУ-д байхдаа БНСУ-ын Юбик компанийн дансанд шилжүүлсэн байдаг.

Л.Х нь БНСУ руу эмнэлгийн шугамаар зуучлуулан 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр явсан бөгөөд түүнийг ямар нэгэн хүн тосоогүй, өөрөө эмнэлэгтээ очиж үзүүлсэн байдаг. Үүнээс зуучлалын үйл ажиллагаа хангалттай явагдаагүй гэж үзэхээр байгаа. Очоод эмнэлэгт үзүүлэхэд түүний тархины судсанд цүлхэн үүссэн байна, тодорхой хугацааны дараа хагалгаанд орох эсэх асуудлыг шийднэ гээд эмийн эмчилгээ бичиж өгсөн тул 3 сар ажиллаж байгаад 2016 оны 6 дугаар сарын 23-нд Монгол буцаж ирсэн. Ирээд хариуцагч компаниас барьцаа 5,000,000 төгрөгөө буцаан авсан, харин 4,000,000 воноо аваагүй. Хариуцагч компани хэлэхдээ Л.Хыг буцаад явах хүсэлтэй бол түр байж байг гэсэн байдаг.

Ингээд Л.Х дахин 2016 оны 8 дугаар сард зуучлуулан явахаар болж, виз 3 сараар гарч барьцаанд 5,000,000 төгрөгөө байршуулсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сард буцаж ирсэн. Зуучлуулах тоолондоо зуучлалын хөлс гэж 300,000 воныг хариуцагчид төлж байсан.

БНСУ-ын Юбик компанид барьцааны шилжүүлсэн 4,000,000 воноос эхний удаагийн эмнэлгийн төлбөрт 500,000 вон нь шилжсэн байсан дээр Л.Х өөрөөс нэмж 150,000 вон төлсөн бөгөөд 2 дахь удаагийн явалтдаа БНСУ-д байхдаа найзынхаа дансаар дамжуулан БНСУ-ын Юбик компанид 1,500,000 вон төлсөн. Тэгэхээр анх өгсөн 4,000,000 воноос буцаан өгөхөөр тохирсон 3,250,000 вон дээр нэмж 1,500,000 вон шилжүүлсэн учир 4,750,000 вон барьцаанд байсан гэсэн үг. Үүнээс 750,000 вон нь дахь удаагийн зуучлалын гэрээний дагуу эмчилгээнд хэрэглэгдсэн гэж үзвэл 4,000,000 воны үлдэгдэлтэй байх ёстой.

2016 оны 11 дүгээр сарын 06-нд буцаж ирээд барьцааны 5,000,000 төгрөгөөсөө 4,000,000 төгрөгийг буцаан авсан бөгөөд вон огт аваагүй. Миний биеийн эрүүл мэндийн байдал дахин эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байсан учраас буцаж явна гэсэн бодлоор үлдэгдэл 1,000,000 төгрөг болон 4,000,000 воноо аваагүй.

Ингээд 2016 оны 11 дүгээр сард 3 дахь удаагаа зуучлуулан визэнд ороход 1 сараар виз гарсан бөгөөд би барьцаанд 4,000,000 төгрөг төлж БНСУ руу явсан. Очоод визний хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор ирэх боломжгүй, эмчлүүлэх шаардлага гарсан учир хариуцагч байгууллагаас визний хугацаа сунгуулахад туслахыг хүссэн. Хариуцагч байгууллага туслаагүй тул өөр боломж хайж, визээ БНСУ-д 2 сараар буюу 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгуулсан. Эмнэлгийн бичигтэй учир сунгагдсан, хариуцагч байгууллагаас туслалцаа хүссэн боловч туслаагүй. Улмаар 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эмнэлэгт очих шаардлага гарч очиход хариуцагч компанийн орчуулагч ирээгүй, харин БНСУ-ын Юбик компанийн хүн цагаачлалын албаны 2 хүнтэй цуг очсон байсан. Энэ үед нь эмнэлэгт үзүүлж байсан учир виз сунгуулаагүй үндэслэлээр баривчлагдаж, тэр дороо Монголд ирсэн. Цагаачлалын алба нь Л.Хыг 1 жилийн хугацаагаар БНСУ руу зорчих эрхийг хассан байсан.

Л.Х буцаж ирээд барьцааны мөнгөө авах гэсэн боловч хариуцагч байгууллага үндэслэлгүйгээр мөнгийг өгөхөөс татгалзсан тул шүүхэд хандсан байгаа.

Л.Х нь визний хугацаагаа 14 хоног л хэтрүүлсэн, Монголд авч ирэхэд нь хариуцагч байгууллагаас ямар ч зардал гараагүй байхад барьцааны мөнгийг өгөхгүй гэж байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа явдал.

Иймд хариуцагч компанид барьцаанд шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг, БНСУ-ын Юбик компанийн барьцаанд төлсөн 4,000,000 воноос Л.Хын 3 дахь удаагийн явалтын эмчилгээнд зарцуулагдсан гэх 539,000 воныг хасаж, үлдэгдэл 3,461,000 вон буюу 7,475,760 төгрөгийн хамт нийт 12,475,760 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 3,324,240 төгрөгөөр багасгаж байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Л.Х 2016 оны 2 дугаар сард манай компанитай холбогдсон. Ингэхдээ БНСУ-д ажиллаж байхдаа өвчин туссан тул эмчлүүлмээр байна, зуучилж өгнө үү гэсэн.

Манай компани зуучлахыг зөвшөөрч, материалыг нь явуулахад 2016 оны 3 дугаар сард 3 сарын хугацаатай виз гарсан. Зуучлалын гэрээний дагуу өөрт нь орчуулагч авах эсэхийг санал болгоход тухайн улсад олон жил ажиллаж, амьдарсан болохоор орчуулагч хэрэггүй, эмнэлгийн хаягийг л өгчих гэсэн. Ингээд зуучлалын хөлсөнд 300,000 вон авч, барьцаанд 5,000,000 төгрөгийг байршуулж, түүнийг явуулсан.

Манай компани нь БНСУ-ын Юбик компанитай хамтран ажиллах гэрээгээр ажилладаг бөгөөд зуучлуулж байгаа иргэд маань тус компанитай хамтран ажилладаг Чүнбүг их сургуулийн эмнэлэгт эмчилгээ, оношлогоо хийлгэдэг. Ингэхдээ эмнэлгийн төлбөр болон бусад шаардлагатай зардалд гэж БНСУ-ын Юбик компанид 4,000,000 воныг байршуулдаг байгаа. Л.Хын хувьд БНСУ-ын Юбик компанид төлөх 4,000,000 воноос 750,000 воныг манай компанид өгснийг бид Монгол дахь төлөөлөгч М.Гүмбэсайханд өгч, үлдэгдэл 3,250,000 воныг Л.Х БНСУ-аас тус компани руу шилжүүлсэн байдаг.

Эхний явалт дээр бид барьцааны тодорхойлолтыг бичгээр үйлдэж, БНСУ-д эмчилгээний визээр зорчин тухайн улсад эмчлүүлэхэд нь шинжилгээнд 750,000 вон зарцуулна, үлдэх хэсгийг буцаж ирснийх нь дараа түүнд олгохоор тохирсон.

 БНСУ-ын Юбик компанид байршуулдаг 4,000,000 вон нь тухайн зуучлуулагчийн эмчилгээ, шинжилгээний болон бусад гарч болзошгүй зардал төлөгдөхгүй байхаас сэргийлэх зорилготой, харин манай компанид байршуулдаг 5,000,000 төгрөгийн барьцаа нь зуучлуулагч хууль бусаар оршин суух, БНСУ-ын дүрэм журам зөрчих, хууль бусаар ажиллаж байгаад баригдах, визний хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин суух зэрэг үйлдлүүдийн улмаас байгууллагад үзүүлсэн хохирлыг барагдуулах зорилготой юм.

Л.Хын хувьд анх зуучлуулахдаа гэрээний хугацаандаа буцаж ирсэн учир дахин 2016 оны 8 дугаар сард түүнийг зуучилж, 3 сарын хугацаагаар БНСУ руу явуулсан. Ингэхдээ барьцаанд 5,000,000 төгрөг авсан, харин вон нэмж аваагүй. Түүний өмнө төлсөн 4,000,000 воноос үйл ажиллагааны зардалд 600,000 вон, эмчилгээний зардалд 539,000 вон зарцуулагдаж, 2,861,000 воны үлдэгдэл байсан.

Тэрээр 2016 оны 8 дугаар сарын эхээр яваад 2016 оны 11 дүгээр сарын эхээр ирсэн. Энэ удаагийн явалт дээрээ эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгтэй тэнцэх воны өртэй ирсэн байсан учир бид түүний барьцаа 5,000,000 төгрөгөөс суутгаж, үлдэх 4,000,000 төгрөгийг буцаан өгсөн.

Гэтэл Л.Х дахин зуучлуулахыг хүссэн. Бид материалыг нь бүрдүүлэн явуулахад БНСУ-ын Цагаачлалын албанаас түүнд 1 сарын хугацаатай виз олгосон байсан. 1 сараар виз гарсан байдалд Л.Х бидэнд уурласан. Уг нь виз гаргах хугацаа нь биднээс огт хамаарахгүй. Бид Л.Хын эмнэлгийн материалыг БНСУ-ын Юбик компани руу явуулж, тус компани эмнэлэгт материалыг шалгуулан судлуулж, шаардлагатай гэсэн хугацаагаар Цагаачлалын алба виз гаргадаг.

Ингээд 3 дахь удаагаа Л.Х манайхаар зуучлуулан 1 сарын визтэй 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буцаж ирэхээр БНСУ руу явсан. Энэ үедээ мөнгөний боломж тааруу гэсэн учир энэ байдлыг нь харгалзан, түүнд хүн ёсоор хандаж, БНСУ-ын Юбик компани барьцаа аваагүй, харин манай компани 4,000,000 төгрөгийн барьцааг авсан. Энэ 4,000,000 төгрөгийг нь 2,000,000 вон болгож, БНСУ-ын Юбик компанийн төлөөлөгчид өгсөн байгаа.

Гэтэл Л.Х зуучлалын гэрээний үүргээ зөрчиж, визний хугацаагаа хэтрүүлж, өөрөө түүгээрээ 2 сараар сунгуулж, сунгуулсан энэ хугацаагаа 14 хоногоор хэтрүүлэн хууль бусаар оршин суусан зөрчил гаргасны улмаас баривчлагдаж ирсэн.

Түүний энэ үйлдлээс болж БНСУ-ыг Цагаачлалын алба болон Хууль зүйн яам нь манай хамтрагч Юбик компанитай хариуцлага тооцож, үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцалснаас бид тус компанид 10,000,000 воны хохирол төлсөн. Цаашдаа зуучлалын үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөлд манай компани хүрч, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй хохирч байна.

Түүний байршуулсан 4,000,000 төгрөгөөр авч шилжүүлсэн 2,000,000 воноор эмнэлгийн төлбөрийг нь төлж, 3 дахь удаагийн зуучлалын төлөгдөөгүй хөлсийг нь суутгасан. Тиймээс гэрээний үүргээ зөрчсөн Л.Хд барьцааг буцаан төлөх үндэслэлгүй бөгөөд харин ч компанид учруулсан хохирлоо нэхэмжлээгүй өдийг хүрсэн байгаа.

Иймд анх гэрээ байгуулахдаа харласан тохиолдолд барьцаа буцааж олгохгүй гэж тохирсны дагуу барьцааг нэхэмжлэх үндэслэлгүй тул Л.Хын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч “ПЭД” ХХК-аас зуучлалын гэрээний үндсэн дээр барьцаалсан мөнгөн хөрөнгөд 12,475,760 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүхэд гаргасан анхны шаардлагаа 3,324,240 төгрөгөөр багасгасан байна.

 

Хариуцагч нь зуучлалын гэрээний үүргээ зөрчсөн, визний хугацаа хэтрүүлж өөрийн компанид хохирол учруулсан үндэслэлээр барьцаа хөрөнгийг буцаан олгох үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

 

Зохигчдын тайлбар, хэргийн баримтаар Л.Х нь “ПЭД” ХХК-аар зуучлуулан тус компанитай хамтран ажилладаг Бүгд Найрамдах Солонгос Улсын “Юбик” ХК-ийн хамтын үйл ажиллагаа бүхий Чүнбүг их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэх зорилгоор 2016 оны 3 дугаар сар, 2016 оны  8  дугаар сар, 2016 оны 11 дүгээр саруудад тус тус Бүгд Найрамдах Солонгос Улс /цаашид БНСУ гэх/-д зорчсон, зуучлалын хөлс нь тухай бүрт 300,000 вон байхаар талууд тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

Үүнээс гадна зуучлуулагч Л.Х нь зуучлалын гэрээний үндсэн дээр  зуучлагч “ПЭД” ХХК-д бий болж болзошгүй шаардлагыг барагдуулах зорилгоор барьцаанд мөнгөн хөрөнгө бариулахаар талууд тохиролцож, энэ дагуу Л.Хаас 2016 оны 3, 8 дугаар саруудад тус тус 5,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 4,000,000 төгрөгийг дансаар “ПЭД” ХХК-д шилжүүлсэн үйл баримт мөн тогтоогдсон.

 

Тогтоогдсон дээрх үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд 3 удаа Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 410 дугаар зүйлийн 410.1-д тус тус заасан барьцааны болон зуучлалын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Талууд зуучлалын болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэх, зуучлалын хөлсийг тухай бүр 300,000 вон, барьцааны зүйлийг мөнгөн хөрөнгө байхаар тохирсон байдал зэрэгт маргаагүй бөгөөд хэн аль нь зуучлалын үйл ажиллагаа болон хөлс төлөхтэй холбоотой аливаа шаардлагыг гаргаагүй байна.

 

Зуучлалын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдаагүй тул шүүх зохигчдын хооронд аман хэлбэрээр байгуулагдсан зуучлалын гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Харин барьцааны гэрээг бичгээр байгуулсан байх хэлбэрийн шаардлагыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх заалтаар шаарддаг тул хуулийн энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар мөн зүйлийн 156.3-т заажээ.

 

Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхийн тулд маргааны зүйл нь чухам аль гэрээний үндсэн дээр үүсэж байгаа, гэрээгээр хүлээсэн үүргээ хэн хэрхэн биелүүлсэн, хэн зөрчсөн, барьцааны гэрээ хуульд нийцсэн эсэхэд үнэлэлт өгөх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч нь зуучлалын гэрээний үндсэн дээр барьцаанд “ПЭД” ХХК-д төлсөн гэх 5,000,000 төгрөгийг, тус компаниар дамжуулан БНСУ-ын “Юбик” ХК-д төлсөн гэх 4,000,000 воноос эмчилгээний төлбөрт төлөгдсөн 539,000 воныг хасаж, үлдэх 3,461,000 вон буюу 7,475,760 төгрөгийн хамт буцаан гаргуулахаар шаардсан.

 

Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Л.Х нь 2016 оны 3, 8, 11 дүгээр саруудад БНСУ-д зорчиж, Чүнбүг их сургуулийн эмнэлгийн эмчилгээ, шинжилгээнд хамрагдсан, 2016 оны 3 болон 8 дугаар саруудад зорчихдоо 3 сараар олгогдсон визний хугацаанд буцаж ирсэн байх ба эдгээр саруудад байгуулсан зуучлалын хөлс тус бүр 300,000 воныг хариуцагч “ПЭД” ХХК-д төлсөн болох нь тогтоогдсон тул шүүх тэдгээрийн хооронд 2016 оны 3, 8 дугаар саруудад амаар байгуулагдсан зуучлалын гэрээний үүргийг талуудын хэн аль нь зохих ёсоор биелүүлснээр эдгээр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэв.

 

Түүнчлэн Л.Х барьцаа гэж “ПЭД” ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өгсөн 5,000,000 төгрөгөө 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр буцаан авсан, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өгсөн 5,000,000 төгрөгөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг суутгасныг хүлээн зөвшөөрч 4,000,000 төгрөгийг буцаан авсан болох нь Хаан банк дахь Л.Хын 5007259586 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байх тул зохигчдын хооронд үүссэн барьцаатай холбоотой үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээрх гэрээнүүдтэй холбоотой аливаа шаардлагыг зохигчдын хэн аль нь гаргаагүй, одоо шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй тул шүүх эдгээртэй холбоотой дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

 

Харин 3 дахь удаагийн гэрээний хувьд шүүх хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сард хариуцагчаар зуучлуулан  2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1 сарын хугацаатай олгогдсон визээр БНСУ руу зорчихдоо барьцаа болгож 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөгийг “ПЭД” ХХК-д дансаар шилжүүлсэн бөгөөд БНСУ-д байхдаа визний хугацааг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгуулж, сунгасан уг хугацааг 14 хоногоор хэтрүүлж 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсад буцаж иржээ.

 

Нэхэмжлэгчийн визний хугацаа хэтрүүлсэн энэ байдлыг хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж, “ПЭД” ХХК-ийн “Үйлчлүүлэгчдэд зориулсан үйл ажиллагааны дотоод журам”-ын 12-т “Хэрэв ...визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суух зэрэг үйлдлүүдийн улмаас байгуулагад үзүүлсэн хохирлыг барьцааны хөрөнгө ...зэргээр барагдуулахыг анхаарна уу” гэж заасныг үндэслэн барьцаанд байршуулсан 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохоос татгалзсан байна.

 

Зохигчид 3 дахь удаагаа зуучлалын гэрээг аман хэлбэрээр байгуулсан нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг зөрчөөгүй бөгөөд энэ гэрээний үндсэн дээр ирээдүйд хариуцагчид бий болж болзошгүй аливаа шаардлагыг хангах зорилгоор нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийн барьцаа гаргуулсан явдал нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3-т нийцжээ.

 

Гэвч талууд зуучлалын гэрээг бичгээр байгуулаагүй учир шүүх визний хугацаа хэтрүүлсэн нэхэмжлэгчийн үйлдлийг гэрээний үүргийн зөрчил гэж үзэх боломжгүйн гадна зохигчид барьцааны гэрээг бичгээр байгуулах Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангаагүй тул 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4,000,000 төгрөгийн барьцааны гэрээ нь мөн зүйлийн 156.3-т зааснаар  хүчин төгөлдөр бус.

 

Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэгтэй.

 

Хэдийгээр “ПЭД” ХХК-ийн “Үйлчлүүлэгчдэд зориулсан үйл ажиллагааны дотоод журам”-ын 12 дахь заалтаар хариуцагч нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэгчээс барьцаалсан хөрөнгөөр барагдуулахаар зохицуулсан ч Дотоод журмын энэ заалт барьцааны гэрээг бичгээр хийсний хойно, нэхэмжлэгчийн буруутай ажиллагааны улмаас хариуцагчид хохирол учирсан нь тогтоогдсоны эцэст хэрэгжих боломжтой тул энэ маргаанд хариуцагчийн татгалзлын үндэслэл болж чадахгүй гэж үзнэ.

 

Иймд шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагч “ПЭД” ХХК-ийг барьцаа гэж шилжүүлэн авсан 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Хд буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр барьцаа гэж 4,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн учир хариуцагчаас 5,000,000 төгрөг бус харин 4,000,000 төгрөгийг хуулийн дээрх үндэслэлээр шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн энэ шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсэг нь үндэслэлгүй болно.

 

БНСУ-ын “Юбик” ХК-д шилжүүлсэн гэх 4,000,000 вонын үлдэгдэл 3,461,000 вонтой тэнцэх 7,475,760 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч БНСУ-ын “Юбик” ХК-д төлөх ёстой 4,000,000 воноос 2,300,000 воныг “ПЭД” ХХК-д бэлнээр өгсөн, үлдэх хэсгийг БНСУ-д байхдаа тухайн компанийн дансаар шилжүүлсэн гэж, хариуцагч нь 750,000 воныг нэхэмжлэгчээс бэлнээр авсныг БНСУ-ын “Юбик” ХК-ийн Монгол дахь төлөөлөгч М.Гүмбэсайханд дамжуулан өгсөн, үлдэх хэсгийг Л.Х БНСУ-д байхдаа тус компанид төлсөн гэж тус тус зөрүүтэй тайлбарласан боловч хэн алиных нь тайлбар баримтаар нотлогдсонгүй.

 

Хэргийн 120 дахь хуудаст авагдсан 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Барьцааны тодорхойлолт гаргах нь” гэх талуудын гарын үсэг зурж баталгаажуулсан эх баримтын доод хэсэгт “1.1,300,000 вон Монголд авсан, 2.2,700,000 вон UBIQ данс руу шилжүүлнэ, Солонгосоос....” гэж гараар бичиж тэмдэглэсэн байх тул шүүх нэхэмжлэгчийг энд заасан 1,300,000 воныг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж үзлээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс бэлнээр өгсөн 1,300,000 воныг БНСУ-ын “Юбик” ХК-ийн төлөөлөгчид дамжуулан өгсөн байдлаа баримтаар нотлоогүй тул шүүх энэ хэсэгт холбогдох шаардлагад “ПЭД” ХХК-ийг хариуцагч болох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Харин Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг тул БНСУ-ын “Юбик” ХК-д нэхэмжлэгчээс шилжүүлсэн гэх 2,700,000 вонтой холбоотой хэсэгт “ПЭД” ХХК хариуцагч болох үндэслэлгүй юм.

 

Зуучлалын гэрээгээр зуучлуулагч нь хөлс, эсхүл шагналыг зуучлагчид төлөх үүрэг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгчээс бэлнээр өгсөн 1,300,000 вон нь эдгээрийн алинд ч хамаарахгүй тул шүүх энэ мөнгийг хариуцагч үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэж, нэхэмжлэгчээс бэлнээр хүлээн авсан 1,300,000 воныг бүгдийг түүний эмчилгээний зардалд зарцуулагдсан гэх байдлыг баримтаар нотлоогүй хариуцагчаас нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч, хасаж тооцсон 539,000 воныг хасаж, үлдэх 761,000 вон буюу 1,643,760 төгрөг /761,000х2,16/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх хариуцагч “ПЭД” ХХК-аас нийт 5,643,760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Хд олгож, Л.Хын нэхэмжлэлийн шаардлагаас 6,832,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.


            Хариуцагч нь нэхэмжлэгчийн буруутай ажиллагааны улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл тусдаа нэхэмжлэл гаргах замаар энэ асуудлаа шийдвэрлүүлэхэд тухайн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 156 дугаар зүйлийн 156.3, 410 дугаар зүйлийн 410.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан “ПЭД” ХХК-аас 5,643,760 төгрөгийг гаргуулж Л.Хд олгож, Л.Хын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,832,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 105,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Ө.УЯНГА