Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01432

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00861 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Х,

Хариуцагч “П” ХХК-д холбогдох,

Барьцаанд бариулсан мөнгөн хөрөнгө 15 800 000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн, өмгөөлөгч Б.Сарнай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Х нь 2011-2016 онд БНСУ-д ажиллаж амьдарч байгаад ирсэн бөгөөд дүүгээ явуулахаар 2016 оны 02 дугаар сард хариуцагч байгууллага дээр очиж уулзсан. Гэтэл дүү нь дөнгөж 18 нас хүрсэн учир виз гарахад асуудалтай, боломжгүй гэсэн бөгөөд харин өөрт нь боломж байгаа гэсэн учир тус компаниар зуучлуулан явахаар болсон. Улмаар 2016 оны 3 дугаар сард 3 сарын хугацаатай виз гарч, хариуцагч компанид 5 000 000 төгрөгийн барьцаа байршуулж, БНСУ-ын Юбик компанид 4 000 000 вон барьцаанд бариулахаас 2 300 000 воныг бэлнээр хариуцагчид өгч, БНСУ руу явсан бөгөөд үлдэх 1 700 000 воныг БНСУ-д байхдаа Юбик компанийн дансанд шилжүүлсэн.

Л.Х нь БНСУ руу эмнэлгийн шугамаар зуучлуулан 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр явсан бөгөөд түүнийг ямар нэгэн хүн тосоогүй, өөрөө эмнэлэгтээ очиж үзүүлсэн. Очоод эмнэлэгт үзүүлэхэд түүний тархины судсанд цүлхэн үүссэн байна, тодорхой хугацааны дараа хагалгаанд орох эсэх асуудлыг шийднэ гээд эмийн эмчилгээ бичиж өгсөн тул 3 сар ажиллаж байгаад 2016 оны 6 дугаар сарын 23-нд Монгол Улсад буцаж ирсэн. Ирээд хариуцагч компаниас барьцаа 5 000 000 төгрөгөө буцаан авсан, харин 4 000 000 воноо аваагүй. Ингээд дахин 2016 оны 8 дугаар сард зуучлуулан явахаар болж, виз 3 сараар гарч барьцаанд 5 000 000 төгрөгөө байршуулсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сард буцаж ирсэн. Зуучлуулах тоолондоо зуучлалын хөлс гэж 300 000 воныг хариуцагчид төлж байсан.

БНСУ-ын Юбик компанид барьцааны шилжүүлсэн 4 000 000 воноос эхний удаагийн эмнэлгийн төлбөрт 500 000 вон нь шилжсэн бөгөөд Л.Х өөрөөсөө нэмж 150 000 вон төлсөн бөгөөд 2 дахь удаагийн явалтдаа БНСУ-д байхдаа найзынхаа дансаар дамжуулан БНСУ-ын Юбик компанид 1 500 000 вон төлсөн. Үүнээс 750 000 вон нь 2 дахь удаагийн зуучлалын гэрээний дагуу эмчилгээнд хэрэглэгдсэн гэж үзвэл 4 000 000 воны үлдэгдэлтэй байх ёстой. 2016 оны 11 дүгээр сарын 06-нд буцаж ирээд барьцааны 5 000 000 төгрөгөөсөө 4 000 000 төгрөгийг буцаан авсан бөгөөд вон огт аваагүй. Миний биеийн эрүүл мэндийн байдал дахин эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байсан учраас буцаж явна гэсэн бодлоор үлдэгдэл 1 000 000 төгрөг болон 4 000 000 воноо аваагүй. 2016 оны 11 дүгээр сард 3 дахь удаагаа зуучлуулан визэнд ороход 1 сараар виз гарсан бөгөөд би барьцаанд 4 000 000 төгрөг төлж БНСУ руу явсан. Очоод визний хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор ирэх боломжгүй, эмчлүүлэх шаардлага гарсан учир хариуцагч байгууллагаас визний хугацаа сунгуулахад туслахыг хүссэн. Хариуцагч байгууллага туслаагүй тул өөр боломж хайж, визээ БНСУ-д 2 сараар буюу 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгуулсан. Эмнэлгийн бичигтэй учир сунгагдсан, хариуцагч байгууллагаас туслалцаа хүссэн боловч туслаагүй.

Хариуцагч компанид барьцаанд шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг, БНСУ-ын Юбик компанийн барьцаанд төлсөн 4 000 000 воноос Л.Хын 3 дахь удаагийн явалтын эмчилгээнд зарцуулагдсан гэх 539 000 воныг хасч, үлдэгдэл 3 461 000 вон буюу 7 475 760 төгрөгийн хамт нийт 12 475 760 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 3 324 240 төгрөг гаргуулахаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь БНСУ-ын Юбик компанитай хамтран ажиллах гэрээгээр ажилладаг бөгөөд зуучлуулж байгаа иргэд маань тус компанитай хамтран ажилладаг Чүнбүг их сургуулийн эмнэлэгт эмчилгээ, оношилгоо хийлгэдэг. Ингэхдээ эмнэлгийн төлбөр болон бусад шаардлагатай зардалд гэж БНСУ-ын Юбик компанид 4 000 000 воныг байршуулдаг. Л.Хын хувьд БНСУ-ын Юбик компанид төлөх 4 000 000 воноос 750 000 воныг манай компанид өгснийг бид Монгол дахь төлөөлөгч М.Гүмбэсайханд өгч, үлдэгдэл 3 250 000 воныг Л.Х БНСУ-аас тус компани руу шилжүүлсэн байдаг. Эхний явалт дээр бид барьцааны тодорхойлолтыг бичгээр үйлдэж, БНСУ-д эмчилгээний визээр зорчин тухайн улсад эмчлүүлэхэд нь шинжилгээнд 750 000 вон зарцуулна, үлдэх хэсгийг буцаж ирснийх нь дараа түүнд олгохоор тохирсон.

Л.Х анх зуучлуулахдаа гэрээний хугацаандаа буцаж ирсэн учир дахин 2016 оны 8 дугаар сард түүнийг зуучилж, 3 сарын хугацаагаар БНСУ руу явуулсан. Ингэхдээ барьцаанд 5 000 000 төгрөг авсан, харин вон нэмж аваагүй. Түүний өмнө төлсөн 4 000 000 воноос үйл ажиллагааны зардалд 600 000 вон, эмчилгээний зардалд 539 000 вон зарцуулагдаж, 2 861 000 воны үлдэгдэл байсан. Тэрээр 2016 оны 8 дугаар сарын эхээр яваад 2016 оны 11 дүгээр сарын эхээр ирсэн. Энэ удаагийн явалт дээрээ эмчилгээний зардалд 1 000 000 төгрөгтэй тэнцэх воны өртэй ирсэн байсан учир бид түүний барьцаа 5 000 000 төгрөгөөс суутгаж, үлдэх 4 000 000 төгрөгийг буцаан өгсөн. 3 дахь удаагаа Л.Х манайхаар зуучлуулан 1 сарын визтэй 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буцаж ирэхээр БНСУ руу явсан. Энэ үедээ мөнгөний боломж тааруу гэсэн учир энэ байдлыг нь харгалзан Юбик компани барьцаа аваагүй, харин манай компани 4 000 000 төгрөгийн барьцааг авсан. Энэ 4 000 000 төгрөгийг нь 2 000 000 вон болгож, БНСУ-ын Юбик компанийн төлөөлөгчид өгсөн. Гэтэл Л.Х зуучлалын гэрээний үүргээ зөрчиж, визний хугацаагаа хэтрүүлж, өөрөө түүгээрээ 2 сараар сунгуулж, сунгуулсан энэ хугацаагаа 14 хоногоор хэтрүүлэн хууль бусаар оршин суусан зөрчил гаргасны улмаас баривчлагдаж ирсэн. Түүний байршуулсан 4 000 000 төгрөгөөр авч шилжүүлсэн 2 000 000 воноор эмнэлгийн төлбөрийг нь төлж, 3 дахь удаагийн зуучлалын төлөгдөөгүй хөлсийг нь суутгасан. Тиймээс гэрээний үүргээ зөрчсөн Л.Хд барьцааг буцаан төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 156 дугаар зүйлийн 156.3, 410 дугаар зүйлийн 410.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагчаас 5 643 760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 832 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 105 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь хариуцагч компаниар зуучлуулахаар тус компанийн захирал Ц.Отгонцэцэгтэй уулзан тохиролцож, ингэхдээ барьцаа байршуул гэсний дагуу нь түүний хэлсэн 5 000 000 төгрөг болон 4 000 000 вон бүрдүүлэн, шаардлагыг нь биелүүлсэн байдаг тул 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 03/02 “барьцааны тодорхойлолт гаргах нь” гэсэн утга бүхий тус компанийн албан бланк дээр баримт үйлдэж, талуудын гарын үсгээр баталгаажуулан, компанийн тэмдэг дарж нэг хувь хадгалсныг талууд шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь нийт 3 удаа БНСУ руу явсан ба талууд хооронд Зуучлалын гэрээ, барьцааны гэрээ бичгээр байгуулаагүй, гэхдээ дахин давтах тухайд талууд тохиролцсон байсан тул эхний удаа 2016 оны 3 дугаар сард яваад 6 дугаар сард ирэхэд нь 5 000 000 төгрөгийн барьцааг буцааж дахин явах тул воны барьцаа үлдээчих гээд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4 850 000 төгрөг болон 150 000-аар тус тус нийт 5 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байдаг. 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 2 дахь удаагаа явахаар дээрх буцаан авсан 5 000 000 төгрөгийн барьцаагаа Ц.Отгонцэцэгийн данс руу шилжүүлэн виз нь гарч явсан ба 2016 оны 11 дүгээр сард буцаж ирэхэд нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 4 000 000 төгрөгийг Л.Хын дансанд нь шилжүүлсэн, ингэхдээ 1 000 000 төгрөг дутуу буцаан шилжүүлснээ хэлж дахин явах тул мөн воны барьцааны хамт үлдээчих, тэгээд дахин явахдаа энэ 4 000 000 төгрөгөө шилжүүлэхэд болно гэж тайлбарласан байдаг. Иймээс хариуцагчаас 1 000 000 төгрөг дутуу шилжсэн болох нь дансны хуулгаар тодорхой харагдаж байгаа ба үүний талаар хариуцагч шүүхэд “Л.Х эмчилгээний төлбөрөө төлөөгүй тул 1 000 000 төгрөгтэй тэнцэх зардал суутгасан” гэж тайлбарласан ба энэ нь ямарч нотлох баримт нотолгоогүй, талуудын хооронд ийм зүйл огт болоогүй байхад шүүх “Л.Х хүлээн зөвшөөрч” гэж илт үндэслэлгүй дүгнэсэн болох нь баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгчийн дансны хуулгаар харахад хариуцагчид нэхэмжлэгч барьцааны мөнгөө шилжүүлсэн нь дансны зарлагаар нь, харин хариуцагчаас барьцааг буцаахад нэхэмжлэгчид дансны орлогоор орж ирсэн харилцан шилжүүлэгдсэн энэ үйл баримтыг бусад бичгийн нотлох баримттай нь, мөн барьцаа гэж авсан өөр өөр зорилго зориулалт бүхий төгрөг, воны мөнгөн дүнгүүдийн үйл баримттай нь, түүнчлэн 1 000 000 төгрөгийг дутуу буцаан шилжүүлснээ “эмчилгээний зардалд суутгасан” гэх боловч энэ талаар нэг ч нотлох баримтгүй байгаа энэ байдлыг нь, мөн 5 000 000 төгрөгийн барьцаа авсны дараа визэнд оруулж виз гаргадаг байхад 4 000 000 төгрөг аваад визийг нь гаргасан гэх зэрэг үйл баримтуудыг тал бүрээс нь, эргэлзээгүй, үнэн зөв, бүрэн дүүрэн үнэлээгүй, үндэслэлгүй үнэлж дүгнэсэн болох нь нотлогдож байна.

Л.Х нь анх “П” ХХК-ийн захиралтай уулзаж зуучлуулахаар тохиролцсон энэ үед Ц.Отгонцэцэг нь манай хамтрагч БНСУ-ны Юбик гэх компани байгаа гэж тайлбарласан байдаг ба тэр Юбик компанитай болон компанийг төлөөлсөн хэн нэгэнтэй огт уулзаагүй, ямар нэг харилцаа үүсгэх болон гэрээ хэлцэл хийгээгүй, хариуцагч үүнийг үгүйсгэж татгалзаагүй болно. Харин захирал гэх Ц.Отгонцэцэгийн хэлсний дагуу “Солонгос талд 4 000 000 вон, Монгол талд 5 000 000 төгрөгийн барьцаа авах ёстой” гэсний дагуу уг шаардлагыг нь биелүүлж, түүнд эдгээр  төгрөг болон вон бүрдүүлэн өгснийг үндэслэн тэрээр өөрийн “П” ХХК-ийн албан бланк дээр 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 03/02 барьцааны тодорхойлолт гаргах нь гэх бичиг баримтыг үйлдсэн. Уг бичгийг үндэслэн дараа нь визэнд оруулж виз гарснаар эхний удаа 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр явсан гэдгийг нотолж байгаа бөгөөд үүгээр мөн Л.Х болон Солонгосын Юбик гэх компанийн хооронд уулзалт, харилцаа байгаагүй болох нь нотлогдох ба түүнчлэн БНСУ-д очсоны дараа Юбик компанийн дансанд мөнгийг нь хийсэн биш явахаас өмнө Ц.Отгонцэцэгийн бичиж өгсөн дансанд нь зарим дүнг, заримыг нь бэлнээр өгч нийт 4 000 000 вон өгсөн болохыг нотолж тус “П” ХХК-ийн зүгээс тодорхойлолтоо гарган өгсөн болохыг бүрэн дүүрэн нотолж байхад шүүх үнэн зөв үнэлж, дүгнээгүй байна.

2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 03/02 “барьцааны тодорхойлолт гаргах нь” гэх бичгийн баримтыг нотлох баримт шинжлэхэд бүрэн хэмжээгээр бүхэлд нь уншуулан судлуулсан ба шүүх уг баримтыг утга агуулгаар нь тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь судлаагүй, өөрөөр хэлбэл энэхүү баримт нь 4 000 000 воны хувьд үйлдэгдсэн, энэ нь тухайн баримт дотор “хэрвээ визний хугацаандаа эргэж ирэхгүй Солонгос улсад хууль бусаар оршин суух тохиолдолд дээрх үнийн дүнг манай байгууллага шаардах эрхгүй болно” гэсэн өгүүлбэр байх бөгөөд үүгээрээ 4 000 000 воныг “П” ХХК хүлээж авсан учраас “манай байгууллагаас” гэж тодотгон бичиж үйлдсэн энэ үйл баримт, нотолгоог шүүх үнэлээгүй байна.

4 000 000 вон барьцааг бэлнээр 2 300 000 вон өгч, үлдэх 1 700 000 воныг Ц.Отгонцэцэгийн бичиж өгсөн данс руу шилжүүлсэн. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийг 750 000 вон бэлэн өгсөн, түүнийг нь Юбик компанийн Монгол Улсад байгаа төлөөлөгчид өгсөн гэж амаар тайлбар татгалзал гаргадаг боловч үүнийгээ нотлоогүй ба барьцааны тодорхойлолтын доод хэсэгт Ц.Отгонцэцэг өөрийн гараар “1 300 000 вон Монголд авсан, 2 700 000 воныг Юбик компанийн данс руу шилжүүлнэ, Солонгосоос” гэж бичсэн байдаг. Гэтэл шүүх зөвхөн 1 300 000 воныг авсан гэж үзэж, үүнээс эмчилгээнд зарцуулсан 539 000 воныг хасч үлдэх 761 000 вон буюу 1 643 760 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул нийт 4 000 000 воноос 539 000 вон хасч үлдэх 3 461 000 вон буюу 7 475 760 төгрөгийг гаргуулахаар залруулан зөвтгөж шийдвэрлэж өгөхийг хүсье.

Ийид давж заалдах шатны шүүхээс хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Бид Л.Хыг нийт 3 удаа зуучилсан бөгөөд эхний 2 удаагийн явалтаар ямар нэгэн маргаан гараагүй. Харин сүүлийн удаа явахад 1 сарын виз олгогдсон. Мэдсээр байж визний хугацаа хэтрүүлж барьцааны гэрээ буюу зуучлалын гэрээний үүргээ зөрчсөн. Нэгэнт гэрээний үүргээ зөрчиж хууль бусаар оршин суусан тул бид хохиролд тооцон 4 000 000 төгрөгийг авсан байхад шүүхээс 4 000 000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “барьцааны тодорхойлолт гаргах нь” гэх бичгийн харилцаа дуусгавар болсон гэж дүгнэсэн атлаа гараар бичсэн бичгийг үндэслэн 1 300 000 воныг Л.Хд төлөх ёстой гэж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний дагуу барьцаалсан хөрөнгө болох 15 800 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зуучлалын үйлчилгээний хөлсөнд төлсөн 3 324 240 төгрөгийг гаргуулахаас татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хариуцагч “П” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж визний хугацаа хэтрүүлж хууль бусаар оршин сууж компанид хохирол учруулсан тул гэрээний дагуу барьцаалсан мөнгийг буцаан олгох боломжгүй гэж тайлбарлан маргажээ.

Нэхэмжлэгч Л.Х нь БНСУ-ын Юбик компанийн хамтын үйл ажиллагаа бүхий Чүнбүг их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэх зорилгоор Монгол Улс дахь “П” ХХК-иар зуучлуулан, зуучлалын хөлсөнд тухай бүрт нь 300 000 воныг төлж, 2016 оны 3, 8, 11 дүгээр саруудад тус тус БНСУ-д зорчсон, зуучлалын гэрээний дагуу “П” ХХК-д 2016 оны 3, 8 дугаар саруудад нийт 10 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 4 000 000 төгрөгийг барьцаа болгож тус компанийн дансаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Иймд талуудын хооронд барьцааны болон зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Улмаар Л.Х нь 2016 оны 3, 8, 11 дүгээр саруудад БНСУ-д очиж Чүнбүг их сургуулийн эмнэлэгт эмчлүүлсэн, 3 болон 8 дугаар саруудад зорчихдоо визний хугацаанд буцаж ирсэн тул зохигчдын хооронд амаар байгуулагдсан зуучлалын гэрээний үүргийг талууд зохих ёсоор биелүүлсэн учир эхний 2 удаагийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж шүүх зөв дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сард БНСУ руу зорчихдоо 3 дахь удаа хариуцагч компаниар зуучлуулж барьцаанд 4 000 000 төгрөгийг төлсөн, 1 сарын хугацаатай олгогдсон визний хугацааг сунгуулсан боловч уг хугацааг хэтрүүлэн БНСУ-д хууль бусаар оршин сууж  2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсад буцаж ирсэн гэх үйл баримт тогтоогдсон. Гэвч хариуцагч компанид 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гаргасан барьцааны тодорхойлолт гэх баримтыг үндэслэн 4 000 000 төгрөгийг буцааж өгөхөөс татгалзах эрх үүсээгүй учир нь барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй, түүнчлэн “П” ХХК-ийн “үйлчлүүлэгчид зориулсан үйл ажиллагааны дотоод журам”-ын 12 дахь заалтын дагуу барьцаанд өгсөн 4 000 000 төгрөгийг буцааж өгөлгүй өөртөө үлдээх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. БНСУ-ын Юбик компанид учирсан хохирлыг нэхэмжлэгчээс шаардаж авах, түүнчлэн барьцаа мөнгөнөөс суутгаж авах эрхийг “П” ХХК-д олгосон талаарх баримт байхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу “П” ХХК-аас 4 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч Л.Х нь БНСУ-ын Юбик компанид эмчилгээний төлбөрт төлөх ёстой 4 000 000 воноос 2 300 000 воныг “П” ХХК-д бэлнээр төлж, үлдэх 1 700 000 воны БНСУ-д оршин суух найзаараа дамжуулан төлсөн, хариуцагч нь 750 000 воныг нэхэмжлэгчээс бэлнээр авсныг Юбик компанийн төлөөлөгчид дамжуулж өгсөн гэж тайлбарласан ч уг тайлбараа баримтаар нотлоогүй. 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр талуудын үйлдсэн “барьцааны тодорхойлолт гаргах нь” гэсэн агуулга бүхий баримтаар нэхэмжлэгч нь “П” ХХК-д 1 300 000 воныг бэлнээр хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон төдийгүй нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд бүгдийг нь зарцуулсан талаарх тайлбараа нотлоогүй тул Л.Х нь хариуцагч “П” ХХК-аас 1 300 000 воныг төлөхийг шаардах эрхтэй, харин нэхэмжлэгчийн эмчилгээний төлбөрт зарцуулсан гэх 539 000 воныг хасах үндэслэлтэй, үлдэх 761 000 вон буюу 1 643 760 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан шүүхийн дүгнэлт зөв байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч “П” ХХК-аас нийт 5 643 760 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00861 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 124 262 төгрөг, хариуцагчаас төлсөн 105 250 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ