Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01848

 

Ч.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01556 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1609 дүгээр магадлалтай,

Ч.Т-ын нэхэмжлэлтэй,

Г.А-д холбогдох,

Түрээсийн төлбөрт 40.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 

Гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй иргэний хэргийг                                                                                                                  

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, хариуцагч Г.А , нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүрэг, 2 дугаар хорооллын хотхон Их тойруу гудамж, 56 тоот хаягт байрлах Г-5504025093 дугаартай 360 м.кв талбайтай гараашийг сарын 2.000.000 төгрөгөөр тооцон Г.А-д 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түрээслүүлсэн. Түрээсийн гэрээг бид амаар тохиролцсон бөгөөд бичгээр ямар нэгэн гэрээ хийгээгүй. Энэ хугацаанд Г.А  2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөг, дараа нь 4.000.000 төгрөг төлсөн. 2016 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл гараашийн төлбөр 24 сарын хугацаанд 48.000.000 төгрөг болсон. Би 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Г.А тай гэрийнх нь ойролцоо тааралдаж надад баталгаа болгож, 40.000.000 төгрөгийн төлбөрийг төлөх тухай бичиг хийж өгсөн. Иймд Г.А-ас гараашийн түрээсийн төлбөр 40.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                    Хариуцагч Г.А  шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Т-ын гараашийг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс манай үеэл н.Ангараг авто угаалгын чиглэлээр 2 сараар түрээсэлсэн. Тэгээд ашгаа олж чадахгүй байна гарлаа гэсэн тул 2014 оны 5 дугаар сарын 10-ны үеэс би ажиллуулж эхэлсэн. Би 2014 оны 6 дугаар сарын 1-нээс хойш 2 сарын мөнгө 4.000.000 төгрөгийг шилжүүлээд орсон. Тухайн үед байраа ББСБ-д зээлийн барьцаанд тавьж бэлэн мөнгөтэй байсан. Би 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллуулж байгаад 2014 оны 8 дугаар сарын 05-ны орчимд түрээсээ өгөөгүй гээд хүний янзлуулж байсан машинтай хамт гараашаа цоожилсон. 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр ББСБ-ын барьцаанаас байраа чөлөөлөөд Хас банкнаас 40.000.000 төгрөгийн зээл авч, 8.000.000 төгрөгийг өгч, ажиллаж байхдаа мөн 2.200.000 төгрөг өгсөн. Ч.Т- гараашид 2 залуугийн орж ирсэн бөгөөд манай гэр бүлд маань заналхийлэл үүсгэх юм байна гэж үзээд өөрийнх нь хэлснээр 40.000.000 төгрөг төлнө гэх бичиг хийж өгсөн нь хүч хэрэглэж хийсэн хэлцэл. Би гараашийг нь хариуцаж ажиллуулж тухай бүр мөнгө өгч байсан учраас нэг ч төгрөг төлөх тооцоо байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.А  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтыг зөрчсөн буюу 360 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй, гэрчилгээтэй объектыг надад түрээсэлсэн гэж байгаа тохиолдолд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүрэгтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байх тул 2014 оны 4 дүгээр сарын сарын 01-ний өдөр амаар байгуулсан гэх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Т- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хүч хэрэглэсэн нь тогтоогдоогүй, Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т зааснаар 1 жилийн хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.3, 60 дугаар зүйлийн 60.3 дэх хэсэгт заасныг үндэслэсэн хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01556 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.А-ас 1.900.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-т олгож, нэхэмжлэлээс 38.100.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан Ч.Т-, Г.А  нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А-ас улсын тэмдэгтийн хураамжид 45.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-т олгож, сөрөг нэхэмжлэлд хариуцагч Г.А-ас төлсөн 357.950 төгрөгийн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 287.750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Г.А-д олгож, нэхэмжлэгч Ч.Т-аас 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.А-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1609 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01556 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1.900.000” гэснийг “15.000.000” гэж, “38.100.000” гэснийг “25.000.000” гэж, 3 дахь заалтын “45.350” гэснийг “232.950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.А  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1609 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

2017 оны 01 сарын 16-ны өдрийн хэлцэл нь талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн болохыг нотлоогүй, улсын бүртгэлийн газарт түрээсийн гэрээг бүртгүүлэх шаардлагыг хангаагүй юм. Мөн түүнчлэн уг хэлцэлд хариуцагч Г.А ыг нэхэмжлэгч нь хүч хэрэглэн гарын үсэг зуруулсан. Тодруулбал, 2 залуугийн хамт ирж айлган сүрдүүлж, гарын үсэг зуруулсан болох нь сиди бичлэгээр тогтоогдоно. Мөн Г.А  нь уг гараашийг 2014 оны 11 сарын 01-ний өдрөөс хойш ашиглахгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн болохыг тэрээр хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан. Иймд уг хугацаанаас хойш Г.А  нь гараашийг ашиглаагүй, энэ талаар нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан тул үүнээс хойших төлбөр төлөх үүрэг үүсэхгүй юм. Иймд анхан шатны шүүх 2014.06.01-2014.11.01-ний өдөр хүртэл хугацааны төлбөр 10,000,000 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 8,100,000 төгрөгийг хасч үлдэх 1,900,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн давж заалдах шатны шүүх “хариуцагч нь 2016.04.01-ний өдөр хүртэл гараашийг ашигласан талаар маргаагүй” гэж илтэд талуудын маргасан үндэслэл дээр хууль бусаар дүгнэлт өгч, талуудын тайлбарыг гуйвуулан дүгнэсэн.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1609 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Нэхэмжлэгч Ч.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Г.А  нь 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр түрээсийн гэрээг амаар байгуулан гаражийг сарын 2.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон, 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр  хүртэлх төлбөр 48.000.000 төгрөг, үүнээс 8.000.000 төгрөг төлсөн, үлдэх 40.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж өгсөн боловч төлөөгүй тул гаргуулж өгнө үү” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Т- нь маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их тойруу, 56 тоотод байрлах гаражийн зориулалттай 576 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд энэ талаар маргаагүй байна.  

Талууд түрээсийн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргажээ.  

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3.-т “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан ба уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар мөн зүйлийн 318.4.-т зохицуулсан.

Зохигчид үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул түрээсийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус байна.

Харин хариуцагч гаражийг 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж, улмаар төлбөрт 8.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж байсан ба 2017 оны 1 дүгээр сарын 16-ний өдөр 1 жилийн дотор 15.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрчээ /хэргийн 4 дүгээр тал/.

Анхан шатны шүүх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь зөв боловч хариуцагч гаражийг 2014 оны 6 сарын 1-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд өөрийн эзэмшилд  байлгасан, энэ хугацаанд нэхэмжлэгч түрээсэлсэн бол сард 2.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөг олох боломжтой байсан дүгнэн үүнээс хариуцагчийн төлсөн төлбөрийг хасч, нэхэмжлэлээс 1.900.000 төгрөгийн шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.3.-т нийцээгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ хэлбэрийн шаардлага хангаагүй нь хариуцагч уг зүйлийг ашигласны хөлс төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн гаражийг эзэмшиж ашиглаж байснаа үгүйсгэж чадаагүйгээс гадна төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн,  давж заалдах шатны шүүх энэ байдлыг харгалзан нэхэмжлэлээс 15.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх” талаар гаргасан гомдлыг  хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1609 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Г.А ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ