Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1609

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

Ч.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01556 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ч.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.А-ад холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

 

2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн амаар байгуулсан гэх үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Хариуцагч Г.А

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Ч.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүрэг, 2 дугаар хорооллын хотхон Их тойруу гудамж, 56 тоот хаягт байрлах Г-5504025093 дугаартай 360 м.кв талбайтай гараашийг сарын 2 000 000 төгрөгөөр тооцон Г.Аад 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түрээслүүлсэн. Түрээсийн гэрээг бид амаар тохиролцсон бөгөөд бичгээр ямар нэгэн гэрээ хийгээгүй. Энэ хугацаанд Г.А 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 4 000 000 төгрөг, дараа нь 4 000 000 төгрөг төлсөн. 2016 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл гараашийн төлбөр 24 сарын хугацаанд 48 000 000 төгрөг болсон. 2014 оноос 2016 оны хооронд Г.А мөнгийг чинь удахгүй төлнө, Хятадаас хөрөнгө оруулалт орж ирнэ гэсээр өдийг хүрч, сүүлдээ утсаа авахгүй, холбоо барихгүй байсан учир Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргаж, шалгуулж, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2198 дугаар тогтоолоор иргэд хоорондын маргаан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Би 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Г.Атай гэрийнх нь ойролцоо тааралдаж надад баталгаа болгож, 40 000 000 төгрөгийн төлбөрийг төлөх тухай бичиг хийж өгсөн. Одоог хүртэл гараашийн төлбөрийг өгөхгүй байгаа тул Г.Ааас гараашийн түрээсийн төлбөр 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Т-ын гараашийг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс манай үеэл н.Ангараг авто угаалгын чиглэлээр 2 сараар түрээслэсэн. Тэгээд ашгаа олж чадахгүй байна гарлаа гэсэн тул 2014 оны 5 дугаар сарын 10-ны үеэс би ажиллуулж эхэлсэн. Би 2014 оны 6 дугаар сарын 1-нээс хойш 2 сарын мөнгө 4 000 000 төгрөгийг шилжүүлээд орсон. Тухайн үед байраа ББСБ-д зээлийн барьцаанд тавьж бэлэн мөнгөтэй байсан. Түрээсийн хугацаандаа гэрээ хийе гэхэд тэгж байгаад болно гээд цааргалдаг байсан. Ихэвчлэн бэлэн мөнгө авдаг ч баримт өгдөггүй. Гарааш дээр, гэрийн гадаа нь очиж мөнгөө өгдөг байсан. Би 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллуулж байгаад 2014 оны 8 дугаар сарын 05-ны орчимд түрээсээ өгөөгүй гээд хүний янзлуулж байсан машинтай хамт гараашаа цоожилсон. Хүн нь машинаа авмаар байна гээд бөөн хэл ам болсон тул хамт ажиллаж байсан н.Гэрэлчулуунд өөрийнхөө киа бонго машиныг зараад 4 800 000 төгрөгийг өгсөн. 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр ББСБ-ын барьцаанаас байраа чөлөөлөөд Хас банкнаас 40 000 000 төгрөгийн зээл авч, 8 000 000 төгрөгийг өгч, ажиллаж байхдаа мөн 2 200 000 төгрөг өгсөн. Гараашийг 2015 оны 11 дүгээр сарын 01 хүртэл ажиллуулахад замаас хол, хүн мэдэхгүй, ашиг сайн олохгүй байсан учир түрээслэхээ болилоо гэхэд Ч.Т- “ахынхаа гараашийг хөл дээр нь босгоод өгөөч, хариуцаад ажиллуулаад өгөөч” гэсэн тул засвар хийдэг хүмүүст санал болгож хэсэгчлэн түрээсэлж, оройгоор гарааш, зогсоол болгосон. Мөн Вьетнам авчирч засварын ажил хийлгэж, аавынхаа түншээр дамжуулан машины салон доторлодог Хятад хүн урьж авчирсан. Хамгийн сүүлд Ц.П гэж түрээслэгчийг оруулсан. 2016 оны 02 дугаар сард Гадаадын иргэн харьяатын газар ажиллаж байгаад хэрэгт холбогдоод хоригдсон хугацаанд Ч.Т- цагдаад залилсан гэж хандсан. Намайг батлан даалтаар гараад удаагүй байхад Ч.Т- гараашид 2 залуугийн орж ирсэн бөгөөд манай гэр бүлд маань заналхийлэл үүсгэх юм байна гэж үзээд өөрийнх нь хэлснээр 40 000 000 төгрөг төлнө гэх бичиг хийж өгсөн нь хүч хэрэглэж хийсэн хэлцэл. Надаар бичиг хийлгэж авсныхаа маргааш нь намайг залилсан гэж Баянзүрх дүүргийн цагдаад гомдол өгсөнийг цагдаагийн байгууллага шалгаад хэрэгсэхгүй болгосон. Өмнө нь ямар нэгэн байдлаар айдастай байдал үүсгэж заналхийлж байсан учраас гэрээ хийсэн. Би гараашийг нь хариуцаж ажиллуулж тухай бүр мөнгө өгч байсан учраас нэг ч төгрөг төлөх тооцоо байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Амаар байгуулсан гэх түрээсийн гэрээг хүч хэрэглэж, хийсэн хэлцэл буюу түрээсийн гэрээ байгуулаагүй байхад амаар байгуулсан мэт болгож, гэрээний төлбөр төлөх тухай Батламж бичиг-ийг хүч хэрэглэж, айлган сүрдүүлж хийлгэсэн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтыг зөрчсөн буюу 360 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй, гэрчилгээтэй объектыг надад түрээсэлсэн гэж байгаа тохиолдолд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл түрээсийн харилцаанд хэзээнээс оролцсон нь тодорхойгүй, түрээсийн гэрээгүй, бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй атлаа, түрээсийн гэрээний дагуу 40 000 000 төгрөг шаардаж буй нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байх тул 2014 оны 4 дүгээр сарын сарын 01-ний өдөр амаар байгуулсан гэх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Т- сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Ч.Т-, Г.А нар уулзаад нийт 48 000 000 төгрөг болох бөгөөд үүнээс 8 000 000 төгрөгийг өгсөн гэж тооцоо нийлсэн. Тухайн үед Г.А одоогоор өгөх боломжгүй байна, энэ ондоо багтаавал 15 000 000 төгрөг өгөөд тооцоогоо дуусгая гэсэн бичиг өгсөн. Гэтэл 15 000 000 төгрөг өгөөгүй учраас 40 000 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. 40 000 000 төгрөгийн хэлцэл хийснээс хойш хүч хэрэглэсэн тухай гомдлоо гаргаж болох байсан. Хүч хэрэглэсэн нь тогтоогдоогүй, Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т зааснаар 1 жилийн хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.3, 60 дугаар зүйлийн 60.3 дэх хэсэгт заасныг үндэслэсэн хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ааас 1 900 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-т олгож, нэхэмжлэлээс 38 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан Ч.Т-, Г.А нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 45 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-т олгож, сөрөг нэхэмжлэлд хариуцагч Г.Ааас төлсөн 357 950 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 287 750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Г.Аад олгож, нэхэмжлэгч Ч.Т-аас 70 200 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Аад тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

2017 оны 01 дүгээр сарын 16-нд 1 жилийн хугацаанд багтаан 40 000 000 төгрөг төлье гэж "түрээсийн төлбөр төлөх тухай" хэлцэл хийж, тус хэлцлээр дээрх хугацаанаас 1 жилийн дотор төлвөл 15 сая төгрөг харилцан зөвшөөрч 2 тал гарын үсэг зурсан. Гэвч тус хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Мөн төлбөр төлөх хугацааг 1 жил гэж тохирсон байсан тул энэхүү хугацаанд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан. Энэ төлбөр нь 2014 оны 6 дугаар сараас 2016 оны 6 дугаар сар хүртлэх хугацаанд Ч.Т-ын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороолол, Их тойруу гудамж 56 тоот хаягт байрлах Г-5504025093 дугаартай 560 кв.м талбай бүхий гараашийн 360 м.кв талбайг 1 сарын 2 000 000 төгрөгөөр түрээслэж нийт 48 000 000 төгрөг болсоноос 8 000 000 төгрөг төлсөн. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хэлцлийн агуулга бүхэлдээ өмнөх түрээсийн гэрээний үүрэгт холбогдуулан хийсэн хэлцэл. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл юм. Үүргийн гүйцэтгэлийг өөрчлөөгүй, төлбөр дээр шинээр хугацаа тохирч, харилцан гарын үсэг зурсан бөгөөд гараашийн үлдэгдэл төлбөрийн тухай тодорхой оруулж, заасан. Гараашийг ашигласан хугацаа нь 2014 оны 6 дугаар сараас 2016 оны 6 дугаар сар хүртэл гэдэг нь талуудын тайлбар, мэдүүлэг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны баримт зэргээр нотлогддог. Г.А нь Ч.Т-т 15-18 сая төгрөг өгсөн гэдэг боловч түүнийг нотолж чадаагүй, мөн түрээсийн хугацааны хувьд маргаагүй, 2014 оны 11 дүгээр сар хүртэл ашигласан гэдгээ нотлоогүй.

Үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь үндэслэлгүй. Учир нь 2018 оны  4 дүгээр сарын 19-ний өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлээ дэмжсэн. Мөн гараашийг түрээслэх бичгийн гэрээгүй боловч 2017 оны 01 дүгээр сарын 18-нд талууд тус түрээсийн төлбөрийг төлөх тухай харилцан тохиролцсон. Хариуцагчаас тус хэлцлийг хүч хэрэглэн хийсэн тул хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч хүч хэрэглэсэн нь тогтоогдоогүй. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг үндэслэсэн нь буруу. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.7 дахь хэсэгт заасныг үндэслэн Г.А 40 сая төгрөгийг Ч.Т-т төлөх үүрэг үүссэн нь хуульд харшлаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Г.Ааас 40 000 000 төгрөг гаргуулан Ч.Т-т олгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ч.Т- нь хариуцагч Г.Ааас түрээсийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн амаар байгуулсан гэх үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршооллын хотхон /13361/, Их тойруу гудамж, 56 тоот хаягт байрлах, үл хөдлөх хөрөнгийн Г-2204025093 дугаар бүртгэлтэй, 360 м.кв талбайтай гараашийг нэг сарын 2 000 000 төгрөгөөр тооцож, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Г.Аад түрээслүүлж, түрээсийн гэрээг амаар байгуулсан” гэж тайлбарлан шүүхэд  2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гараашийн түрээсийн мөнгө өгөх талаар бичгийг гаргаж өгчээ. /хх-1, 4 дэх тал/

Талуудын байгуулсан дээрх гараашийн түрээсийн мөнгө өгөх талаарх бичиг нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй бөгөөд үүнийг 2017 оны 01 дүгээр сард нөхөн байгуулсан байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр түрээсийн гэрээ гэж үзэх боломжгүй.

Иймд дээрх гараашийг сарын 2 000 000 төгрөгөөр түрээслэхээр талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэлтэй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Мөн бусдын эд хөрөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр олж авсан этгээд нь уг эд зүйлийг буцаан өгөх үүрэгтэй.

Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгчийн эд хөрөнгө болох гараашийг хариуцагч нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан үйл баримтад талууд маргаангүй. Харин Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө.

Нэхэмжлэгч нь дээрх гараашийг 2 000 000 төгрөгөөр бусдад түрээслэх байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

Хэргийн 4 дэх талд зохигчдын хэн алины гарын үсэг бүхий гараашийн түрээсийн мөнгө өгөх талаарх 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн баримтад “...8 000 000 төгрөгийг төлсөн, 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр 1 жилийн дотор 15 000 000 төгрөг төлж барагдуулж ямар нэгэн санал, гомдолгүй болохоор тохиролцсон болно” гэсэн баримт авагдсан. Иймээс дээрх баримтыг үндэслэн хариуцагчаас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчтэй төрөл садангийн холбоотой гэрч Г.Түмэнжаргалын “цаасан дээр юм бичээд 40 сая, 15 сая гэж ярьж байсан” гэх мэдүүлгээр түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үнийг тодорхойлох боломжгүй, мөн гэрч Ц.Пүрэвбаярын “гараашийг сарын 500 000 төгрөгөөр түрээслэж байсан, төлбөрийг байнга бэлнээр хийж байсан, ... хажууд нь байгаагүй” гэх мэдүүлгийг шууд хэрэгт хамааралтайгаар үнэлж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хариу тайлбарын үндэслэл болгож, нотлогдсон гэж үзэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01556 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1 900 000” гэснийг “15 000 000” гэж, “38 100 000” гэснийг “25 000 000” гэж, 3 дахь заалтын “45 350” гэснийг “232 950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                 Ч.ЦЭНД